A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам
Бүлэг: 1979

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 2023 оны 01 дүгээр сарын 04–ны өдрийн А/01 тоот тушаалын хавсралт

 

Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь гамшгийн болон онцгой байдлын үед аюулын дохио, сэрэмжлүүлгийг өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам нь /цаашид "журам" гэх/ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд хамаарна.

1.3. Гамшгийн болон онцгой байдлын үед өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр аюулын дохио, сэрэмжлүүлгийг дамжуулахдаа Онц байдлын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, заавар, энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

Хоёр. Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах мэдээ, мэдээлэл                                                                                                

2.1.Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулан дараах мэдээ, мэдээллийг "Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаа MNS6980:2022 стандартад заасны дагуу шууд дамжуулна:                                  
                                                                             

2.1.1.Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс "Газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулах систем"-ээр ирүүлсэн газар хөдлөлт болсон тухай мэдээлэл;
2.1.2.Цаг уур, орчны шинжилгээний газраас "Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх систем"-ээр ирүүлсэн цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тухай мэдээ, мэдээлэл;

 

2.1.3.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу  гамшиг, онц нөхцөл байдлын үед хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдал, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх  тухай мэдээлэл.
 

Гурав. Гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах

3.1.Гамшгийн болон онцгой байдлын үед аюулын дохио, сэрэмжлүүлгийг өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулахдаа дараах төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ашиглан дамжуулна:
 

           3.1.1. радио телевизийн газрын сүлжээний үйлчилгээ.
           3.1.2. олон суваг дамжуулах үйлчилгээ;

3.1.2.1.олон суваг дамжуулах хиймэл дагуулын сүлжээгээр (DTH);
3.1.2.2.интернэт протокол ашиглан олон суваг дамжуулах сүлжээгээр (IPTV);
3.1.2.3.кабелийн телевизийн үйлчилгээний сүлжээгээр (DVB-C2     технологи);
3.1.2.4. Олон суваг дамжуулах утасгүй технологийн сүлжээгээр (DVB-Т2 технологи);
3.1.2.5.олон суваг интернэтээр дамжуулах; (OTT)

3.1.3.Радиогийн үйлчилгээ;

 

3.2.Онцгой байдлын ерөнхий газраас энэ журмын 1.2-т заасан үйлчилгээ эрхлэгчдийн гамшгийн зарлан мэдээллийн системийн техникийн нөхцөл, тавигдах шаардлагыг MNS6979:2022 (Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системд тавих техникийн ерөнхий шаардлага) стандартад уялдуулан тодорхойлж, үйлчилгээ эрхлэгчид хүргүүлж, бэлэн байдлыг хангасан байна.
 

3.3.Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв нь энэ журмын 1.2-д заасан үйлчилгээ эрхлэгчдэд жилд нэгээс доошгүй удаа хяналт шалгалт  хийнэ.

3.4.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага"-ын 3.5-д2 заасан системийн найдвартай ажиллагаа техникийн стандартад нийцүүлэн бэлэн байдлыг хангасан байна.

3.5.Радио нь "радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага"-ын 3.15-д3 заасан системийн найдвартай ажиллагаа техникийн бэлэн байдлыг хангасан байна.

3.6.Радио телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь "Радио телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага"-ын 3.3-д1 заасан системийн найдвартай ажиллагаа техникийн стандартад нийцүүлэн бэлэн байдлыг хангасан байна.
 

3.7.Радио телевизийн газрын сүлжээ, Олон суваг дамжуулах болон радиогийн үйлчилгээ эрхлэгчид нь Гамшгийн зарлан мэдээллийн системийг хариуцан ажиллах чиг үүргийг холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгаж Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд хариуцах ажилтны талаарх мэдээллийг мэдэгдсэн байна.
 

Дөрөв. Бусад зүйл

4.1.Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн болон онцгой байдлын үед аюулын дохио, сэрэмжлүүлгийг саатуулах, дамжуулахгүй байх, мэдээллийг бизнесийн болон хувийн зорилгоор ашигласан байгууллага, албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага оногдуулна.



 

--- oOo ---

 

Тайлбар 1:"өргөн нэвтрүүлгийн сүлжээ" гэж радио, телевизийн үйлчилгээг олон нийтэд түгээх харилцаа холбооны сүлжээг ойлгоно.
Тайлбар 2:"гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах" гэж гамшгийн болон онцгой байдлын үед аюулын дохио, сэрэмжлүүлгийг өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэхийг ойлгоно.
Тайлбар 3:"шууд дамжуулах мэдээлэл" гэж гамшгийн болон онцгой байдлын үед аюулын дохио, сэрэмжлүүлгийг өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр олон нийтэд шууд дамжуулан хүргэхийг ойлгоно.


1 3.3 Үйлчилгээ эрхлэгч нь гамшгийн зарлан мэдээллийн системтэй байх ба эрх бүхий байгууллагаас тодорхойлсны дагуу гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд холбогдож, тавигдах шаардлагыг хэрэгжүүлнэ.
2 3.5 Үйлчилгээ эрхлэгч нь гамшгийн зарлан мэдээллийн системтэй байх ба эрх бүхий байгууллагаас тодорхойлсны дагуу гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд холбогдож, тавигдах шаардлагыг хэрэгжүүлнэ.
    3 3.15 Эрх бүхий байгууллагаас тодорхойлсны дагуу гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд холбогдож, тавигдах шаардлагыг хэрэгжүүлнэ.