A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 479

Улаанбаатар хот

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.19, 9.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хяналт шалгалтын баримт бичгийн загвар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 23, 07 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Эрхэлсэн салбарын онцлогийг харгалзан салбарынхаа хэмжээнд мөрдөгдөх хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг хууль тогтоомж, энэ тогтоолын 1-д заасан нийтлэг журам, загварт нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг эрх бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдлагад тус тус даалгасугай.

3.Улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн хэвлэмэл хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэвлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар, "Загвар шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН