A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журам
Бүлэг: 1979

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журам

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг болон холбогдох бусад хууль, дүрэм, журам, заавар, стандартын шаардлага, орд газрыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэрэгт үндэслэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглаж, ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлаа хангасан уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авахад оршино.

 

1.2.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн ашиглалтын өмнөх бэлтгэл ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн болон шаардлагатай бичиг баримтыг холбогдох төрийн байгууллагаар хянан шийдвэрүүлж, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "компани" гэх) болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах комисс (цаашид "Улсын комисс" гэх)-ын төслийн талбайд газар дээр нь болон цахимаар ажиллахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.3.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссыг дараах тохиолдолд ажиллуулна. Үүнд:

 

1.3.1.шинээр уурхай байгуулах;

1.3.2.шинээр баяжуулах үйлдвэр байгуулах;

1.3.3.шинээр уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн цогцолбор ажиллуулж эхлэх;

 

1.3.4.уурхайн ашиглалтын арга, уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үндсэн технологит өөрчлөлт орох;

 

1.3.5.түр хаагдсан уурхайг дахин ашиглалтад оруулах.

 

1.4. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглэн барьж байгуулсан уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар томилсон Улсын комисс ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргана.

 

1.5.Энэхүү журмын 1.4-т зааснаас бусад бүх төрлийн уурхай, уулын болон баяжуулах боловсруулах үйлдвэрт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Улсын комисс ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргана.

 

 

Хоёр.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг

байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлтгэх

 

2.1. Компани нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл хангагдсан үед Улсын комисс ажиллуулах хүсэлтийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр гаргана.

 

2.2.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхийн өмнө уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглах компани нь дараах бэлтгэлийг хангасан байна. Үүнд:

 

2.2.1.уурхайн үйл ажиллагаанд шаардагдах бичиг баримтын бүрдлийг холбогдох эрх зүйн актуудад нийцүүлэн хангах;

 

2.2.2.батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлд нийцүүлэн уулын ажлын төлөвлөгөөг батлуулж, түүний дагуу уурхайн байгууламжийн болон уулын бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

 

2.2.2.1.уурхайн үйл ажиллагаанд шаардагдах үндсэн, туслах барилга байгууламжууд (уурхайн захиргаа, засварын газар, авто гарааж, тэсрэх материалын агуулах, сэлбэг хэрэгслийн болон түүхий эд, бүтээгдэхүүний агуулах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн барилга, технологийн усан сан, хаягдлын далан), тэдгээрт шаардагдах дэд бүтэц (эрчим хүчний эх үүсвэр болон сүлжээ, гадаад болон дотоод тээврийн замын сүлжээ болон түүний тэмдэг, тэмдэглэгээ, далан, шуудуу, хэрэглээний усан хангамжийн эх үүсвэр, хадгалах сав, түгээх сүлжээ, гамшиг болон ослоос авран хамгаалах систем, гадаад болон дотоод харилцаа холбоо), нийгэм ахуйн байгууламжууд (ажиллагсдын амрах байр, хоолны газар, халуун ус, угаалга, нийтийн бие засах газар, эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг)-ыг холбогдох стандарт, норм, дүрэм, зааврын дагуу барьж байгуулах, шаардлагатай барилга байгууламжуудыг техникийн болон холбогдох Улсын комисст хүлээлгэн өгсөн байх;

 

2.2.2.2.техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан төслийн хүчин чадлыг хангахуйц техник, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг уурхайн талбайд угсарч суурилуулан туршилт тохируулгыг хийж хэвийн ажиллагаанд бэлтгэх;

 

2.2.2.3.уурхайд болон бусад холбогдох обьектуудын тухайн ажлын байр бүрт тохирох мэргэжил, мэдлэг, боловсрол, ур чадвар, дадлага бүхий ажиллах ажилтнууд (компанийн үндсэн болон гэрээт туслан гүйцэтгэгч)-ыг элсүүлэн авч тэдгээртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмын дагуу сургалтад хамруулан анхан шатны, ажлын байрны болон давтан зааварчилгааг тогтмол өгч хэвшүүлсэн байх, ажлын байрны нөхцөлд тохирох ажилтан нэг бүрийг хувийн хамгаалах хэрэгслээр хангасан байх;

 

2.2.2.4.уурхайг шинээр нээж байгаа бол нээгч малталтуудыг нэвтэрч, хөрс хуулалтыг хийсэн байх;

 

2.2.2.5.ашигт малтмал олборлон баяжуулах бол баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжийг бүрэн барьж дуусгаж, техник, эдийн засгийн үндэслэлээр сонгосон технологийн схемийн дагуу тоног төхөөрөмжүүдийг угсран химийн бодис, урвалжуудын зарцуулалт, бүтээгдэхүүний гарцыг тодорхойлох хагас үйлдвэрлэлийн туршилтыг хийсэн байх;

 

2.2.2.6.үйлдвэрлэлийн үндсэн болон туслах процесс (өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, олборлолт, тээвэр), ажил үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгч (харуул хамгаалалт, кэмпийн болон бусад сэрвис үйлчилгээ), ханган нийлүүлэгч хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээг байгуулах, тэдгээрийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангасан байх;

 

2.2.2.7.уурхайн үйлдвэрлэлийн үндсэн болон туслах үйл ажиллагаанд шаардагдах газар эзэмших, ашиглах гэрээ, ус ашиглах гэрээ, орон нутагтай хамтран ажиллах гэрээ, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээ зэргийг холбогдох төрийн байгууллагуудтай байгуулсан байх.

 

2.3.Улсын комисс уурхай, уулын үйлдвэрт цахимаар ажиллах тохиолдолд компани нь дараах бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

 

 2.3.1.энэхүү журмын 2.2-т заасан бүрдлийг хангасан байх;

 

2.3.2.компани нь Улсын комиссыг төслийг талбай, холбогдох байгууламжтай цахимаар танилцах боломжийг бүрдүүлсэн байх;

 

2.3.3.дроноор болон камераар хийсэн бичлэг нь техникийн шаардлага хангасан, тайлбартай байх.

 

Гурав.Улсын комиссын зохион байгуулалт, бүрэлдэхүүн

 

3.1.Улсын комиссын даргыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын удирдамжаар тухай бүр томилох ба Уул уурхайн асуудал хариуцсан нэгжийн дарга, хэлтсийн дарга, ахлах шинжээчийн аль нэгнээр ахлуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Уул уурхайн асуудал хариуцсан нэгжийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн байна..

 

3.2.Улсын комисс нь 5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй, сондгой тооны гишүүнтэй байна.

 

3.3.Улсын комиссын нарийн бичгийн дарга нь компанийн ирүүлсэн албан хүсэлтийг хүлээн авч уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар танилцуулга бүхий урьдчилсан тайлбар, энэхүү журмын 2.2.1-д заасан бичиг баримтын бүрдэл хангагдсан эсэхтэй танилцаад Уул уурхайн асуудал хариуцсан нэгжийн даргад танилцуулж, улмаар Улсын комиссыг ажиллуулах,  эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

3.4.Бичиг баримтын бүрдэл хангагдсан гэж үзвэл Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Улсын комиссын бүрэлдэхүүн, түүний ажиллах удирдамжийг батална.

 

3.5.Журмын 3.4-т заасан Улсын комиссын бүрэлдэхүүнд дараах төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулна. Үүнд: 

 

3.5.1.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

 

3.5.2.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.5.3.хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

 

3.5.4.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

 

3.6.Энэхүү журмын 3.5-т дурдсан байгууллагууд нь Улсын комиссын бүрэлдэхүүнд өөрийн байгууллагын бүтцэд шууд харьяалах тухайн уурхай, уулын болон баяжуулах үйлдвэр, төсөл хэрэгжүүлэх газар нутагт байрлах бүс, нутгийг хариуцсан салбар нэгж болон төлөөлөгчийн газраас төлөөлөл томилон ажиллуулж болно.

 

3.7.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн зарим тусгай технологи, мэргэжлийн нарийн онцлог шаардсан үйлдвэрт Улсын комисс томилох тохиолдолд Улсын комиссын даргын санал болгосноор холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг харилцан тохиролцсоны үндсэн дээр оролцуулж болно. Үүнд:

 

3.7.1.нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар;

 

3.7.2.эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.7.3.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага /Уул уурхайн аврах алба/;

 

3.7.4.гаалийн ерөнхий газар;

3.7.5.стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллага;

3.7.6.хил хамгаалах байгууллага;

3.7.7.холбогдох мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд.

 

 3.8.Улсын комиссын нарийн бичгийн дарга нь Улсын комиссын дарга, гишүүдээр "Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай" мэдэгдлийн хуудсыг бөглүүлж, холбогдох шийдвэрийн хамт хадгална.

 

Дөрөв.Улсын комиссын үйл ажиллагаа

 

4.1.Улсын комиссын бүрэлдэхүүн томилогдож бэлтгэл ажил хангагдсан гэж үзсэн тохиолдолд Улсын комиссын нарийн бичгийн дарга компанитай Улсын комиссыг ажиллуулах хугацааг тохирон гишүүдэд урьдчилан мэдэгдэнэ.

 

4.2.Компани нь Улсын комиссыг товлосон хугацаанд уурхайд хүргэх, ажиллах хугацаанд шаардлагатай бичиг баримт, техник хэрэгслээр хангах ажиллагааг Улсын комиссын нарийн бичгийн даргатай хамтран зохион байгуулна.

 

4.3.Улсын комисс уурхайд ажиллах бүхий л хугацаанд компани нь өөрийн болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн бичиг баримт, тоног төхөөрөмж, ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг байлцуулж, үйл ажиллагааны талаар холбогдох тайлбар тодруулга өгнө.

 

4.4.Улсын комисс уурхайд ажиллахдаа уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхлүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл ажил хангагдсан байдал, үндсэн болон туслах обьектууд, тэдгээрийн дэд бүтэц, нийгэм ахуйн байгууламжууд, тоног төхөөрөмж, ажиллах хүчин болон тэдгээрийн болон бусад холбогдох бичиг баримтууд, дагалдах эрх, зөвшөөрлүүдийн бүрдэл, дүрэм, заавар, журам, норм, стандартын хэм хэмжээ зэрэг бүх талаар уурхайг байнгын ашиглалтад хүлээн авах нөхцөл хангагдсан зэргийг нягтлан танилцана.

 

4.5.Компани нь Улсын комиссын гишүүдийн асуусан асуулт, тодруулга, лавлагаанд тухай бүрт нь хариулт өгч шаардсан мэдээ, мэдээлэл, материалыг гарган өгч танилцуулна.

 

4.6.Улсын комисс үзлэг, шалгалтыг хийж дуусгаснаар компанийн болон туслан гүйцэтгэгч компанийн удирдлагын төлөөллийг байлцуулан хуралдана.

 

4.7.Хуралдаанаар гишүүн бүр өөрийн ажил үүргийн холбоотой үзэж шалгасан асуудлуудынхаа талаарх дүгнэлт, зөвлөмж, зөвлөгөөг хуралд оролцогчдод танилцуулж, уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах эсэх саналаа Улсын комисст гаргана.

 

4.8.Улсын комиссын гишүүдийн олонхын саналаар уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах эсэхийг шийдвэрлэнэ.

 

4.9.Улсын комиссын хуралдаанаар дараах төрлийн шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Үүнд:

 

4.9.1.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс хуралдсан өдрөөр хүлээн авсан тухай шийдвэр бүхий "Улсын комиссын акт" гаргана. Ингэхдээ гишүүдийн саналд тулгуурлан уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах шаардлагатай зүйлсийг зөвлөмж болгон актад тусгаж болно.

 

4.9.2.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад даалгавартайгаар хүлээн авахдаа Улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийг нь эргэж тайлагнах гишүүн эсвэл албан тушаалтан, боломжтой бол биелүүлсэн байх хугацааг тодорхой заасан "Улсын комиссын албан даалгаврын хуудас"-ыг гаргана. "Улсын комиссын албан даалгаврын хуудас"-т заагдсан үүрэг даалгаврууд биелэгдэж, даалгаврын биелэлт хангагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн өдрөөр уурхайг хүлээн авсанд тооцох ба "Улсын комиссын акт"-ыг үйлдэж гишүүд гарын үсэг зурж албажуулна.

 

4.9.3.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авахаас татгалзаж, хүлээн авахаас татгалзсан шалтгааныг шийдвэрийн хэсэгт тодорхой заасан "Улсын комиссын хуралдааны тэмдэглэл"-ийг бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулан компанид хүлээлгэн өгнө. Энэ тохиолдолд татгалзсан тодорхой нөхцөл байдал арилах эсхүл эрх зүйн актуудаар хүлээсэн үүрэг даалгаврын шаардлага хангагдах боломжтой болсон үед Улсын комиссыг дахин ажиллуулах хүсэлтийг гаргах эрхтэй талаар заавал дурдана.

 

4.10.Улсын комиссын акт нь бүх гишүүдийн гарын үсэг зурагдаж, хүчин төгөлдөр болсон өдрөөр уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад оруулах эрх нээгдсэн гэж үзэх ба тухайн өдрөөс бүтээгдэхүүн борлуулах эрх мөн нээгдсэнд тооцно.

 

4.11.Улсын комиссын хуралдаанаар гаргасан дүгнэлттэй зарчмын зөрүүтэй саналтай гишүүд өөрийн саналаа хурлын тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлж болно.

 

4.12.Улсын комисс нь хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.

 

4.13.Улсын комиссын нарийн бичгийн дарга аливаа шийдвэрийг Улсын комиссын хэвлэмэл хуудсанд хэвлэн, Улсын комиссын тэмдэгийг дарж баталгаажуулна.

 

4.14.Улсын комиссын нарийн бичгийн дарга "Улсын комиссын акт"-ыг 3 хувь үйлдэж Улсын комиссын тэмдгийг дарж баталгаажуулж нэг хувийг компанид, нэг хувийг өөрийн байгууллагын албан хэрэгцээнд ашиглах ба нэг хувийг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Уул уурхайн хэлтэст хүргүүлнэ.

 

Тав. Компанийн эрх, үүрэг

 

5.1.Компани нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлэх ба энэхүү журмын 2.2-т заасан бэлтгэл ажлыг хангасан байна.

 

5.2.Компани нь Улсын комиссын нарийн бичгийн даргад энэхүү журмын хавсралтад заасан бүрдлийг Улсын комисс ажиллахаас ажлын 7 хоногийн өмнө урьдчилж хянуулсан байна.

 

5.3.Компани нь Улсын комиссын ирэх, буцах болон тухайн уурхай, үйлдвэрт ажиллах үеийн аюулгүй байдлыг бүрэн хангана.

 

5.4.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссын төслийн талбайд газар дээр нь ажиллах албан томилолтын нөхөх төлбөрийг Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-ын хүрээнд компани бүрэн хариуцна.

 

5.5.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссын цахимаар ажиллах үед Улсын комиссын гишүүдэд албан томилолтын нөхөх төлбөрийг олгохгүй.

Зургаа.Бусад

 

6.1.Энэхүү журам болон Улсын комисс, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн аливаа гомдлыг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болох ба түүнээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд холбогдох шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

 

6.2.Энэхүү журмыг зөрчсөн хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

----оОо---