- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ҮЙЛДВЭРИЙН РЕНТГЕН РАДИОГРАФИЙН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Цөмийн энергийн комиссын 2022 оны
12 дугаар сарын 26-ны өдрийн
11 дүгээр тогтоолын хавсралт
ҮЙЛДВЭРИЙН РЕНТГЕН РАДИОГРАФИЙН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Зорилго
1.1.1. Үйлдвэрийн рентген радиографтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах, үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, хүн ам, цацрагтай ажиллагчдыг цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хязгаараас илүүгээр шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 Хамрах хүрээ
1.2.1. Энэхүү дүрмийн шаардлагыг материал болон бүтээгдэхүүнд чанарын хяналт хийх зориулалттай, 600 кВ-оос ихгүй хүчдэл бүхий үйлдвэрийн рентген радиографийн аппарат (цаашид рентген аппарат гэх) үйлдвэрлэгч, нийлүүлэгч, түүнийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, ажилтан, албан хаагч заавал мөрдөнө.
1.2.2. Энэхүү дүрэм нь үйлдвэрийн радиографийн зориулалтын бус рентген хоолой бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй.
Хоёр. Үйлдвэрийн рентген радиограф хэрэглэгчид
тавигдах шаардлага
2.1. Рентген хоолойд өндөр хүчдэл өгөх үед тухайн рентген аппарат цацрагийн үүсгэгч болох бөгөөд өндөр хүчдэлд залгаагүй үед рентген аппаратыг зөөвөрлөх, хадгалах нь цацрагийн аюулгүй байна. Иймд хамгаалалтын тусгай арга хэмжээ авах шаардлагагүй ба зөвшөөрөлгүй этгээд ашиглахаас сэргийлсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.2. Рентген аппаратыг хэрэглэх аргаар нь суурин ба зөөврийн гэж ангилна.
а) Суурин рентген аппаратуудыг тусгай хамгаалалттай байр, зориулалтын лабораторид ашиглах ба рентген аппараттай ажиллах үед хүмүүсийг байранд нэвтрүүлэхийг хориглох арга хэмжээ авч, ажилтныг цацрагийн хамгаалалтын хэрэгслээр хангана.
б) Зөөврийн рентген аппаратуудыг ажлын талбарт зөөвөрлөн ашиглах бөгөөд ингэхдээ хүн ам, цацрагтай ажиллагчийг үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлж, цацрагийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ажлын үед цацрагтай ажиллагчийг рентген цацрагийн үүсгэгчээс аль болох хол зайд байлгах замаар хамгаалалтын арга хэмжээг авна.
2.3. Рентген аппаратыг хүлээж авах, хадгалах, тэдгээрийг ашиглах, ажил үйлчилгээ явуулахдаа Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн аюулгүйн норм, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн холбогдох заалтууд, энэхүү дүрмийн шаардлагыг хангасан байна.
2.4. Рентген аппаратыг суурилуулах, засвар үйлчилгээ хийхэд тусгайлан бэлтгэгдсэн, ийм төрлийн ажил гүйцэтгэх эрх авсан, эсвэл тухайн төрлийн багажтай 3-аас дээш жил ажилласан ажлын дадлага туршлагатай, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан хүнийг ажиллуулна.
2.5. Байгууллагын захиргаа нь Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, энэ дүрмийн холбогдох шаардлагад нийцсэн цацрагийн аюулгүй нөхцөлийг хангана.
2.6. Цацрагийн аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгаа ба рентген аппарат ашиглах ажлын онцлогийг тооцсоны үндсэн дээр рентген зураг авах ажлын дарааллыг тогтоосон цацрагийн аюулгүй ажиллагааны нарийвчилсан зааварчилгааг боловсруулж батална. Ажлын нөхцөл өөрчлөгдөх бүрд батлагдсан зааварчилгад зайлшгүй нэмэлт засварыг оруулна.
2.7. Рентген зураг авах ажил үйлчилгээ явуулж эхлэхийн өмнө цацрагийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж, рентген аппаратын бүртгэл ба хадгалалт хариуцсан ажилтныг томилно.
2.8. Байгууллагын цацрагийн аюулгүйн дотоод хяналтыг ионжуулагч цацрагийн үүсгүүртэй ажиллах ажлын нөхцөл, шинж чанар ба цацрагийн хэмжээг харгалзан цацрагийн хяналтын ажилтан /ЦХА/, эсвэл цацрагийн аюулгүйн алба /ЦАА/ гүйцэтгэнэ.
2.9. ЦХА эсвэл ЦАА нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа болон рентген аппаратын аюулгүй байдалд байнгын хяналт тавина.
2.10. Зөөврийн рентген аппаратуудыг хадгалах байрнаас ажлын объектод гаргахдаа байгууллагын удирдлагын томилсон ЦХА эсвэл ЦАА-ны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. ЦХА эсвэл ЦАА нь рентген аппаратыг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан бүртгэлийг хөтөлнө.
2.11. Рентген аппаратыг хүлээж авах болон өөр байгууллагад шилжүүлэх ажлыг холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу гүйцэтгэнэ.
2.12. Рентген аппаратад эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд оператор нь ЦХА эсвэл ЦАА-нд яаралтай мэдэгдэнэ.
Гурав. Рентген зураг авах лабораторийн байранд
тавигдах шаардлага
3.1. Радиографийн ажил гүйцэтгэн явуулж байгаа албан байгууллага нь зориулалтын лабораторитой байна.
3.2. Лабораторийн бүтэц, байрны хэмжээ нь рентген аппаратын зориулалт, тэдгээрийн техникийн үзүүлэлт, түүнчлэн гүйцэтгэж байгаа ажлын онцлог болон хэмжээнээс хамаарна. Лабораторийн бүтцэд дараах өрөө, байр орно:
а) Радиографийн ажил гүйцэтгэхэд зориулагдсан хамгаалалтын байр (суурин рентген аппарат хэрэглэх үед);
б) 10 м2-аас доошгүй талбайтай удирдлагын өрөө (суурин рентген аппарат хэрэглэх үед);
в) Зургийн өрөө (зайлшгүй тохиолдолд) 10 м2-аас доошгүй талбайтай;
г) Хяналтын үр дүнг боловсруулах ба хальс хадгалах ажилтанд зориулсан ажлын байр;
д) Эрүүл ахуй – хангамжийн байр;
е) Лабораторид ЦХА эсвэл ЦАА байрлахад зориулсан байр;
3.3. Хамгаалалтын байрны хэмжээг рентген аппаратаас хана хүртэл 1 м-ээс доошгүй зайтай, харин түүний талбайг технологийн төхөөрөмжүүд (рентген аппарат, зураг авах бүтээгдэхүүн, туслах багаж төхөөрөмжүүд) чөлөөтэй байрлахаар 10 м2-аас доошгүйгээр сонгож авна. Хамгаалалтын байранд хэд хэдэн суурин рентген аппаратуудыг ашиглах үед түүний талбайг суурилуулсан нэмэлт рентген аппарат бүрд 10 м2-аас доошгүй хэмжээгээр тооцож нэмэгдүүлнэ.
3.4. Зөөврийн рентген аппарат ашиглан суурин нөхцөлд зураг авалтын ажлыг гүйцэтгэх тохиолдолд лабораторид рентген аппаратыг хадгалах бөгөөд хадгалах талбайг 10 м2-аас доошгүй байхаар тооцно.
3.5. Ажлын ба удирдлагын байрны шал нь цахилгаан тусгаарлагч материал буюу диэлектрик хучилтаар хучигдсан байна.
3.6. Зураг авалтын явцыг тасралгүй ажиглах тохиолдолд ажлын байранд хамгаалалтын цонх болон хяналтын дэлгэц бүхий видео камер ашиглана.
3.7. Лабораторийн бүх өрөө, байр нь холбогдох эрүүл ахуйн шаардлагыг хангасан агааржуулалтын системээр тоноглогдсон байна. Агааржуулалтын системийн агаар сэлгэлтийн хэмжээ нь холбогдох эрүүл ахуйн норм, дүрмийн шаардлагыг хангасан байх бөгөөд зураг авах хамгаалалтын байрны агааржуулалтын систем нь лабораторийн ерөнхий агааржуулалтын системээс тусдаа хийц, ажиллагаатай байна.
Дөрөв. Рентген аппаратад тавигдах шаардлага
4.1. Рентген аппаратыг хамгаалалт, дохиоллын найдвартай системээр хангах талаар зураг төсөлд тусгана.
4.2. Хамгаалалтын блокийн аливаа эвдрэлийн үед өндөр хүчдэлийг автоматаар салгах аюулгүйн хамгаалалтын төхөөрөмжийг урьдчилан тооцно.
4.3. Рентген аппаратын удирдлагын хэсэг нь өндөр хүчдэл залгах болон салгах үед асч, унтардаг гэрлэн дохиололтой байна.
4.4. Рентген аппаратыг зохион бүтээхдээ дохиолол ба хамгаалалтын системд эвдрэл гарсан үед түүнийг асаахаас сэргийлж, энэ тухай мэдээлэл рентген аппаратын удирдлагын самбарт ирдэг функцээр хангасан байна.
4.5. Рентген аппаратыг тусгай түлхүүр ашиглахгүйгээр асаах боломжгүй хийцтэй байна.
4.6. Рентген аппаратын бүрдэл хэсгүүдийн үйлдвэрлэгчийн лацыг эвдэхгүйгээр тэдний аюулгүй байдалд нөлөөлж, рентген аппаратын шинж чанарыг өөрчлөх боломжгүйгээр лацдаж битүүмжилнэ.
Тав. Рентген аппаратыг байрлуулахад тавигдах шаардлага
5.1. Суурин аппаратуудыг тусгай хамгаалагдсан байранд цацрагтай ажиллагч болон хүн амын шарлагын тунг Цацрагийн аюулгүйн нормд заасан тунгийн хязгаараас хэтрэхгүй байхаар тооцож байрлуулна
5.2. Зөөврийн ба хөдөлгөөнт рентген аппаратуудаар зураг авах ажил явуулахдаа цацрагийн аюултай бүсийн хэмжээг багасгах, цацрагтай ажиллагч ба хүн амд Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн нормд харгалзах шаардлагад нийцсэн хамгаалалтын арга хэмжээ авахын тулд хэрэгслийг (хамгаалалтын дэлгэц, хаалт ба бусад) ашиглана.
5.3. Рентген аппаратуудын ашиглалтын дурын горимын үед рентген цацрагийн тунгийн чадал байрны гадна гадаргуугийн дурын боломжит цэгээс 10 см зайд 2.5 мкЗв/ц-аас ихгүй байна.
5.4. Рентген аппаратыг ажиллуулах үед хүн нэвтрүүлэхгүй арга хэмжээг авсан байх бөгөөд рентген цацрагийн тунгийн чадал нь хамгаалалтын гаднах гадаргуугийн дурын боломжит цэг эсвэл эргэн тойрноос 10 см зайд 2.5 мкЗв/ц-аас ихгүй байна.
5.5. Рентген цацрагийн тунгийн чадал хамгаалалтын шилэн цонхны гаднах гадаргуугаас 10 см зайд 20 мкЗв/ц-аас ихгүй байна.
5.6. Нэгдүгээр давхарт байрлах хамгаалалтын байрны шаланд (түүний дор хонгил байрлаагүй үед) цацрагийн хамгаалалт шаардлагагүй.
5.7. Зураг авах байршил эсвэл хэсгийн ажлын байранд рентген цацрагийн тунгийн чадал 2.5 мкЗв/ц-аас ихсээгүй нөхцөлд хамгаалалтын байранд деталийн зураг авалтыг хамгаалалтгүйгээр хийж болно.
5.8. Суурин рентген аппаратуудыг ашиглахдаа байрны хаалгыг хаасны дараа удирдлагын хэлхээнд холбох ба байрны аль нэг хаалгыг онгойлгох үед өндөр хүчдэлийг салгасан байна.
5.9. Хамгаалалтын байр ба удирдлагын байрны хаалгыг цоожтой байлгах ба түлхүүр нь бүртгэл хяналттай, зөвхөн ашиглах эрх бүхий хүмүүс онгойлгох эрхтэй байна.
5.10. Хамгаалалтын байрны орох хаалга нь хамгаалалтын байрны дотроос гадагш чиглэлд онгойх ба хаалгыг онгойлгох бариул хаалганы хоёр талд заавал байна.
5.11. Ослын үед өндөр хүчдэлийг хамгаалалтын байрнаас салгах тод өнгө бүхий салгуурыг хялбар хүрч болохоор байрлалд, нүдэнд ил харагдахуйцаар байрлуулна. Салгуур нь өндөр хүчдэлийг залгасан, зураг авалтын ажил хэвийн явагдаж байгаа үед хаалттай горимд (гар ажиллагаатай) ажиллаж, нээгдсэний дараа гараар буцаан залгагддаг байна.
5.12. Хамгаалалтын байрны хаалганы гадна талд «Анхаар! Рентген зураг авч байна» гэсэн анхааруулах тэмдэг болон зураг авах асаж, дуусах үед унтардаг гэрэл бүхий дохиолол, самбар байрлуулна.
5.13. Рентген аппаратыг ажиллуулахын өмнө хамгаалалтын байрыг орхин гарахыг анхааруулах дуут буюу гэрлэн дохиоллыг хамгаалалтын байранд байрлуулна.
5.14. Бүх суурин хамгаалалтын төхөөрөмжийг рентген аппарат, тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа энэхүү дүрэм ба Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн шаардлагын дагуу шалгасан байна.
Зургаа. Суурин нөхцөлд рентген зураг авахад тавигдах шаардлага
6.1. Ажил эхлэхийн өмнө (ээлж бүрд) ажилтан рентген аппаратын бүрэн бүтэн байдал (хөдөлгөөнт хэсэг, цахилгаан холболтууд, өндөр хүчдэлийн кабелууд, ажлын байрны газардуулгын холболт ба бусад), болон цахилгаан хэлхээний хүчдэлийг шалгаж, рентген аппаратын туршилтын асаалт хийнэ.
6.2. Зураг авалтын өмнө хамгаалалтын байранд хүн байгаа эсэхийг урьдчилан шалгана.
6.3. Зураг авч байх үед оператор нь удирдлагын самбарын дэргэд байнга байна. Оператор хамгаалалтын байранд орох, рентген аппаратын дэргэд очих шаардлагатай үед удирдлагын самбарын хамгаалалтын түлхүүрийг биедээ байнга авч явна.
6.4. Рентген аппаратыг зөвхөн техникийн үзлэгийн акт эсвэл тэдгээрийн техникийн баримт бичгийг урьдчилан танилцсан тохиолдолд ашиглалтад оруулна.
6.5. Рентген аппаратыг ажиллуулахаас өмнө болон ажиллуулах бүх хугацаанд агааржуулалтын системийг тогтмол ажиллуулна.
6.6. Ээлж дууссаны дараа бүх рентген аппаратыг өндөр хүчдэлээс салгаж унтраах ба гар удирдлагыг хурааж авна. Рентген аппаратын удирдлагын самбар, ажлын байрыг түгжиж, түлхүүрийг рентген аппарат ашиглалт хариуцсан ажилтанд хүлээлгэн өгч, бүртгэл хөтөлнө.
6.7. Рентген аппарат, төхөөрөмжид засвар хийх тохиолдолд рентген аппаратыг бүрэн унтраасан, удирдлагын самбарт ажиллах эрх бүхий оператор байгаа үед засварын ажилчид засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.
6.8. Рентген аппараттай төхөөрөмж бүхий хамгаалагдсан хэсгийн гаднах гадаргууд ба ажлын байрны орох хаалгануудад цацрагийн аюулын анхааруулах тэмдгийг байрлуулна.
Долоо. Зөөврийн болон хөдөлгөөнт рентген аппарат ашиглан
рентген зураг авахад тавигдах шаардлага
7.1. Зөөврийн болон хөдөлгөөнт рентген аппарат ашиглан үйлдвэрлэлийн байр, задгай талбай ба хээрийн нөхцөлд рентген зураг авах үед цацрагийн хяналтын бүсийг тогтоож, 3 метр зайнаас тод харагдах анхааруулсан бичиг бүхий туузаар ажлын бүсийг тэмдэглэж, цацрагийн анхааруулах тэмдгийг байрлуулна. Зураг авалтыг аль болох ажлын бус цагаар эсвэл зураг авч буй талбайн ойролцоо хүмүүс аль болох бага ажиллаж байгаа үед явуулна.
7.2. Үйлдвэрлэлийн байр, задгай талбай ба хээрийн нөхцөлд зураг авалтын ажлыг хоёроос доошгүй ажилтан гүйцэтгэнэ. Тэдний аль нэг нь цацрагийн хяналтын бүсэд гадны хүн байгаа эсэхийг шалгаж мөн гадны хүн нэвтрэхээс сэргийлж хяналт тавина.
7.3. Зураг авалтын үед оператор хяналтын бүсийн гадна (хамгаалалтын төхөөрөмжийн ард эсвэл цацрагийн тунгийн чадал аль болох бага зайд) байх ба Цацрагийн аюулгүйн нормд заасан цацрагтай ажиллагчдын жилд авах зөвшөөрөгдөх тунгийн хязгаараас хэтрэхгүй байх нөхцөлийг хангана.
7.4. Зөөврийн ба хөдөлгөөнт рентген аппаратууд ашиглан ажил гүйцэтгэх үед операторын цацрагийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагатай. Үүнд:
а) Зураг авахдаа сарнисан цацрагийн хэмжээг аль болох бага байлгахын тулд рентген аппаратын бүрэлдэхүүнд орох коллиматор (чиглүүлэгч), хоолойн хаалтыг (хязгаарлагч хоолой) ашиглана.
б) Арын сарнил ихтэй орчинд зураг авч байгаа тохиолдолд зураг авч буй бүтээгдэхүүний ар талд цацрагийг хаах хамгаалалтын хар тугалган дэлгэц байрлуулна.
в) Рентген цацрагийн чиглэлийг хүмүүс байж болох газрын эсрэг тал руу чиглүүлэх ба аль болох зузаан хана эсвэл нягт ихтэй саад байрлуулна.
г) Өсгөгч дэлгэц, өндөр мэдрэмжтэй хальс зэргийг ашиглан бүтээгдэхүүнийг шарах хугацааг багасгана.
д) Зөөврийн ба хөдөлгөөнт рентген аппаратуудын удирдлагын самбарыг рентген үүсгэгчээс операторуудын цацрагийн аюулгүйн нөхцөлийг хангахуйц зайд эсвэл 15 м-ээс багагүй зайд байрлуулна. Энэ нөхцөл биелэх боломжгүй үед тусгай хамгаалалтын дэлгэц, эсвэл автомат функцтэй төхөөрөмжүүдийг ашиглан цацрагтай ажиллагчдыг аюулгүй газарт байх боломжийг хангана.
7.5. Рентген аппаратаар ажил гүйцэтгэх үед оператор удирдлагын самбарыг орхиж явахыг хориглох бөгөөд шаардлагатай тохиолдолд оператор удирдлагын самбараас хараа хяналтаа салгахгүйгээр алсаас хянаж болно. Оператор рентген аппаратын дэргэд очих шаардлагатай үед удирдлагын самбарын хамгаалалтын түлхүүрийг биедээ байнга авч явна.
7.6. Ажил дууссаны дараа оператор рентген аппаратыг унтраан, удирдлагын самбар дээрх цоожлох төхөөрөмжийг хааж, рентген аппарат ашиглалтын дэвтэрт бичиж, рентген аппаратыг түлхүүрийн хамт хадгалалт хариуцсан албан хаагчид шилжүүлнэ.
Найм. Суурилуулах, ашиглах, засвар үйлчилгээний ажлын
үед тавигдах шаардлага
8.1. Рентген аппаратын засварын ажлыг урьдчилан төлөвлөж, батлагдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ.
8.2. Лабораторид рентген аппаратыг суурилуулах, ашиглалтад оруулах ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрсний дагуу аюулгүйн шаардлагыг хангаж, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод журам зааврыг мөрдлөг болгон гүйцэтгэнэ.
8.3. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл эсвэл техникийн аюулгүйн заавар, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, журамгүй тохиолдолд үйл ажиллагааг гүйцэтгэхийг хориглоно.
8.4. Суурилуулах, ашиглалтад оруулах, засвар үйлчилгээний ажлыг хоёроос доошгүй хүн нэгэн зэрэг гүйцэтгэнэ.
8.5. Суурилуулах, ашиглалтад оруулах болон засвар үйлчилгээний ажлын явцад рентген аппаратыг цахилгаан тэжээлээс салгасан байх ба "Залгахыг хориглоно.", "Хүмүүс ажиллаж байна" зэрэг зохих анхааруулах санамж тэмдэг байрлуулна.
Хэрвээ заагдсан ажлыг хийх үед өндөр хүчдэл залгах зайлшгүй шаардлага гарвал түүнийг залгахын өмнө энэ тухай ажилчдад анхааруулж, тэдэнд байрыг орхин гарах шаардлага өгөх ба зөвхөн ажилчид байрыг орхин гарсны дараа өндөр хүчдэлийг залгана.
8.6. Рентген аппаратын суурилуулах, тохируулах болон засвартай холбоотой бус (барилга, цахилгаан гэх мэт) үйл ажиллагааны үед хамгаалалтын өрөө ба удирдлагын байранд зөвхөн рентген аппаратыг унтраасны дараа рентген аппаратын ашиглалтыг хариуцсан ажилтнаас зөвшөөрөл авч орно. Энэ ажлуудыг рентген аппаратын үйлчилгээ хариуцсан ажилтныг байх үед гүйцэтгэнэ.
8.7. Рентген аппаратын техникийн үзлэгийг сард 1-ээс доошгүй удаа үйлдвэрлэгчийн паспорт, техникийн бусад баримт бичигт заасны дагуу хийнэ. Рентген аппаратыг ашиглаагүй 1 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд ашиглахын өмнө техникийн үзлэгийг зайлшгүй хийсэн байна.
8.8. Байгууллагын техник аюулгүйн хэлтэс, ЦХА эсвэл ЦАА-ны төлөөллийг байлцуулан рентген аппаратыг шалгалт, цахилгааны туршилтад жилд нэгээс доошгүй удаа хамруулна. Энэ тохиолдолд цахилгаан хэмжих хэрэгслийн багажууд, газардуулгын байдал, тусгаарлалт, дохиолол хамгаалалтын системийн найдвартай ажиллагаа ба рентген аппаратын нөхцөл байдал (трансформатор, рентген хоолой, хамгаалалтын тоног төхөөрөмж гэх мэт) зэргийг шалгана.
Энэ шалгалт, туршилтын (гарсан дутагдлыг арилгах шийдлийг илэрхийлсэн) үр дүнгээр 2 хувь акт үйлдэнэ. Нэг хувийг лабораторид нөгөө хувийг байгууллагын ЦХА (ЦАА, техник аюулгүй байдлын хэлтэст) хадгална.
Ес. Цацрагийн дотоод хяналт
9.1. Рентген зураг авах үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага нь дотоод хяналтыг "Цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм"-ийн шаардлагуудын дагуу гүйцэтгэнэ.
9.2. Ажлын шинж чанар ба хэмжээнээс хамаарч цацрагийн дотоод хяналтын ажлыг зохион байгуулна.
9.3. Байгууллагын захиргаа нь цацрагийн дотоод хяналтын төлөвлөгөөг боловсруулан баталж, цацрагийн дотоод хяналтын давтамж, хүрээг тогтооно.
9.4. Цацрагийн дотоод хяналтын төлөвлөгөөнд дараах зүйлсийг оруулна. Үүнд:
9.4.1. Зураг авалтын нөхцөл өөрчлөгдөх бүрд (рентген аппаратын ажлын хүчдэл буюу чадал ихсэх, түүний ашиглалтын ажлын горим өөрчлөгдөх, хамгаалалтын төхөөрөмжийн бүтцэд өөрчлөлт гарах болон бусад) операторын ажлын байранд рентген цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийнэ.
9.4.2. Оператор, туслах ажилтнуудыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилтэд тогтмол хамруулна.
9.4.3. Зөөврийн ба хөдөлгөөнт рентген аппаратууд ашиглан ажил явуулах үед:
а) Рентген хоолойн гаралтын цонх хаалттай үед рентген аппаратын гадаргуугаас 1 м зайд рентген цацрагийн тунгийн чадлыг жилд 2-оос доошгүй удаа хэмжих;
б) Хамгаалалтын хэрэгсэлд (хаалт, дэлгэц ба бусад) эвдрэл гэмтэл гарсан эсэхийг жилд 2-оос доошгүй удаа шалгах;
в) Цацрагийн аюултай бүсийн хэмжээг улиралд нэг удаа, түүнчлэн зураг авалтын нөхцөл өөрчлөгдөх бүрд тодорхойлно.
9.4.4. Хамгаалалтын байранд байрлуулсан суурин рентген аппараттай ажил явуулах үед:
a) Хамгаалалтын суурин төхөөрөмжийн хэвийн ажиллагааг жилд 1-ээс доошгүй, засвар ба барилгын ажлын дараа тухай бүрд шалгана;
б) Дохиолол ба хамгаалалтын системийн эвдрэлийг ажил эхлэхийн өмнө ээлж бүрд шалгана.
9.5. Хамтарсан хамгаалах төхөөрөмжтэй цацрагийн хамгаалалтын тоног төхөөрөмж, технологийн нүх, гэрэлтэгч дэлгэцийг улиралд 1-ээс доошгүй удаа шалгана.
9.6. Рентген цацрагийн тунгийн чадал хамгаалалтын төхөөрөмжийн гаднах гадаргуу, хамгаалалтын байр, дэлгэцүүд, бусад хэсэгт зөвшөөрөгдөх түвшинг давсан үед хамгаалалтын доголдлыг яаралтай арилгаж, давтан хэмжилт хийнэ.
9.7. Суурин хамгаалах хэрэгслийн шалгалтын үр дүнгээр 3 хувь тэмдэглэл үйлдэнэ. Хувийг байгууллагын ЦХА (ЦАА), эрх бүхий хяналтын алба, лабораторийн удирдлага тус тус хадгална.
9.8. Цацрагийн дотоод хяналтын үр дүнг бүртгэлжүүлнэ. Цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунг сар бүр бүртгэнэ. Цацрагтай ажиллагчийн улирал, жилийн авсан тун болон нийлбэр тунг 30 жилийн турш байгууллагад хадгалах ба хувийн тунгийн бүртгэлийн картад бүртгэнэ.
Текст томруулах
A
A
A