A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 01 дүгээр

сарын 04ий өдрийн 05 дугаар

тогтоолын хавсралт

 

 

 

ХӨДӨЛМӨРИЙН АРБИТРЫН ДҮРЭМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Хөдөлмөрийн арбитр (цаашид "арбитр" гэх)-ын үйл ажиллагааны зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.12-т заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан (цаашид "сонирхлын маргаан" гэх)-ыг мөн хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхэд оршино.

 

1.2.Арбитр нь үйл ажиллагаандаа хөдөлмөрийн болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.

 

1.3.Арбитр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28.2, 151.1-д тус тус заасан дараахь сонирхлын маргааныг маргалдагч талын гаргасан хүсэлтийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ:

 

      1.3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1-д заасан нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гарсан сонирхлын маргаан;

 

      1.3.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллагад үүссэн хөдөлмөрийн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэж чадаагүй сонирхлын маргаан.

 

1.4.Арбитрын шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй.

 

Хоёр.Сонирхлын маргааныг арбитраар шийдвэрлүүлэх

хүсэлт гаргах, түүнийг хэлэлцэх арбитрыг байгуулах

 

 2.1.Энэ дүрмийн 1.3-т заасны дагуу маргалдагч тал сонирхлын маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 151.1-д заасны дагуу тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хүсэлт гаргана.

 

2.2.Тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан тухайн сонирхлын маргааныг хэлэлцэх арбитрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 151.2-т заасны дагуу гурван арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, энэ тухай маргалдагч талуудад бичгээр мэдэгдэнэ.

 

2.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 151.3-т заасны дагуу хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооноос томилсон арбитрчаас маргалдагч талууд татгалзах эрхгүй.

 

2.4.Сонирхлын маргаанд оролцогч талуудын төлөөлөгчийг арбитрын бүрэлдэхүүнд оруулахгүй.

 

2.5.Энэ дүрмийн 2.2-т заасны дагуу томилогдсон арбитрч тухайн сонирхлын маргааныг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл энэ талаар тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд тухай бүр мэдэгдэж, уг маргааныг хэлэлцэхээс татгалзах үүргийг хүлээх бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо нь арбитрчийг нөхөн томилж, маргалдагч талуудад мөн дүрмийн 2.2-т заасан журмаар мэдэгдэнэ.

 

Гурав.Арбитрын үйл ажиллагаа, түүний хэлбэр

 

 3.1.Арбитр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 151.5-д заасны дагуу байгуулагдсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан сонирхлын маргааныг талуудын төлөөлөгчийг оролцуулан хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд арбитрын ажиллагааг ажлын 5 хүртэл өдрөөр сунгаж болно.

 

3.2.Арбитр нь байгуулагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

      3.2.1.сонирхлын маргааны агуулга, холбогдох баримт бичиг, хөдөлмөрийн зуучлагчийн тэмдэглэл, маргалдагч талуудын ирүүлсэн бусад баримт бичигтэй танилцах;

 

      3.2.2.маргалдагч талууд, тэдгээрийн төлөөлөгчөөс тайлбар, тодруулга авах, шаардлагатай бол нэмэлт баримт бичиг гаргуулах;

 

      3.2.3.арбитрын бүрэлдэхүүний олонх нь шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сонирхлын маргааны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг нарийвчлан шинжилж тогтоох зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авах;

 

      3.2.4.арбитрын хуралдааны тов, байршлыг хэлэлцэн тогтох, хуралдааныг танхим, эсхүл цахим хосолсон хэлбэрээр явуулах бол бэлтгэл хангуулах.

 

 3.3.Сонирхлын маргааныг хэлэлцэн шийдвэрлэх арбитрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан (цаашид "хуралдаан" гэх) байна.

 

 3.4.Хуралдаан даргалагч арбитрч (цаашид "хуралдаан даргалагч" гэх)-ийг тухайн арбитрын бүрэлдэхүүний олонхын саналаар сонгоно.

 

 3.5.Хуралдаан даргалагч энэ дүрмийн 3.2.4-т заасан тов, байршлын талаар маргалдагч талуудад тухай бүр мэдэгдэж, талуудыг хуралдаанд оролцох боломжоор хангах бөгөөд хуралдаанд арбитр бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

 

 3.6.Хуралдааны тэмдэглэлийг хуралдаан даргалагчийн сонгосон арбитрч хөтөлнө.

 

 3.7.Хуралдаан даргалагч хуралдааны эхэнд арбитрын бүрэлдэхүүн, маргалдагч талууд болон тэдгээрийн сонирхлын маргааны агуулгыг хуралдаанд оролцогчдод танилцуулах бөгөөд хуралдаанд маргалдагч талууд сонирхлын маргааны талаарх өөрсдийн байр суурь, үндэслэлийг тус тус танилцуулж, чөлөөтэй хэлэлцэх боломжийг олгох хэлбэрээр удирдан явуулна.

 

3.8уралдааны явцад хөдөлмөрийн арбитрч сонирхлын маргаантай холбоотой энэ дүрмийн 3.2-т заасны дагуу бүрдүүлсэн холбогдох баримт бичиг, зөвлөгөөг маргалдагч талуудад танилцуулна.

 

3.9.Маргалдагч тал сонирхлын маргаантай холбоотой мэргэжлийн туслалцаа авах, эсхүл баримт бичиг нэмж гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд ажлын 1 өдрөөс хэтрэхгүй хугацаагаар хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

 

3.10.Хуралдаан хойшлогдсон тохиолдолд дараагийн хуралдааны тов, байршлын талаар энэ дүрмийн 3.5-д заасны дагуу мэдэгдэнэ.

 

3.11.Хуралдааны явцад маргалдагч талууд сонирхлын маргааныг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон бол энэ тухай хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгах бөгөөд маргалдагч талууд хуралдаан дууссанаас хойш ажлын   2 өдөрт багтаан тохиролцоогоо бичгээр үйлдэж, талуудын төлөөлөл гарын үсэг зурна.

 

3.12.Хуралдааны явцад энэ дүрмийн 3.11-д заасны дагуу маргалдагч талууд харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд арбитр мөн дүрмийн 1.2-т заасныг баримтлан сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

 

3.13.Арбитр нь холбогдох баримт бичиг, дүгнэлтийг судалж, маргалдагч талуудын үндэслэл, шаардлагыг сонссоны дараа маргалдагч талуудыг байлцуулалгүйгээр зөвлөлдөж, нууц санал хураалт явуулан олонхын саналаар шийдвэрээ гаргана. Хөдөлмөрийн арбитрч нь хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар шийдвэр гаргахад түдгэлзэх эрхгүй.

 

3.14.Хуралдаан даргалагч арбитрын шийдвэрийг хуралдаанд оролцогчдод уншиж танилцуулж, хуралдаан дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж маргалдагч талуудад хүргүүлснээр сонирхлын маргааныг арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болно.

 

3.15.Арбитр нь хуралдаан болон тухайн сонирхлын маргаан шийдвэрлэхтэй холбоотой бусад үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө.

 

Дөрөв.Арбитрын шийдвэр, түүний агуулга

 

4.1.Арбитрын шийдвэрийг монгол хэлээр, бичгээр үйлдэж, арбитрын бүрэлдэхүүнд томилогдсон арбитрч тус бүр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

4.2.Арбитрын шийдвэрийн агуулга нь маргалдагч талуудын арбитрт хандсан сонирхлын маргааны хүрээнд гарна.

 

4.3.Арбитрын шийдвэр нь дор дурдсан агуулгатай байна:

 

      4.3.1.арбитрын бүрэлдэхүүн, уг бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийн огноо;

 

      4.3.2.маргалдагч талууд, тэдгээрийн төлөөлөгчдийн нэр, сонирхлын маргааны үндсэн агуулга, хамрах хүрээ, хамтын гэрээ болон хамтын хэлэлцээрийн төслийн заалт;

 

      4.3.3.арбитрын хуралдааны явцын талаарх хураангуй тэмдэглэл;

 

      4.3.4.нотлох баримтын хураангуй (шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага, мэргэжилтний дүгнэлтийн хураангуй);

 

      4.3.5.сонирхлын маргаантай холбоотой арбитрын гаргасан шийдвэр.

 

4.4.Арбитрын үйл ажиллагааны явцад маргалдагч талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоонд хүрсэн бол тохиролцооны хувийг хөдөлмөрийн арбитрт ажлын 1 өдөрт багтаан хүргүүлнэ. Арбитр уг тохиролцоог хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан үзэж, нийцсэн бол арбитрын шийдвэр гэж үзнэ.

 

4.5.Арбитрын шийдвэр нь тухайн сонирхлын маргааны хувьд эцсийнх байна. Маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 151.6-д заасны дагуу арбитрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд гомдол гаргахгүй.

 

4.6.Арбитрын шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хүргүүлнэ.

 

Тав.Хөдөлмөрийн арбитрч болон

маргалдагч талуудын эрх, үүрэг

 

5.1.Хөдөлмөрийн арбитрч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 152 дугаар зүйлд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

 

      5.1.1.хөдөлмөрийн арбитрчийн ёс зүйн дүрмийг баримтлах;

 

      5.1.2.арбитрын үйл ажиллагааны тэмдэглэл болон энэ дүрмийн 3.6-д заасны дагуу хуралдааны тэмдэглэл хөтлөх.

 

5.2.Маргалдагч талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 153 дугаар зүйлд заасан үүргийг хүлээхээс гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

 

      5.2.1.хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл хуралдааны явцад сонирхлын маргаантай холбоотой мэргэжлийн туслалцаа авах, эсхүл баримт бичиг нэмж гаргуулах хүсэлтийг арбитрт гаргах;

 

      5.2.2.хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл хуралдааны явцад сонирхлын маргаанаа шийдвэрлэхээр хоорондоо харилцан тохиролцох;

 

      5.2.3.маргаантай холбоотой баримт бичиг нэмж гаргах;

 

      5.2.4.арбитрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах.

 

Зургаа.Бусад

 

6.1.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага арбитрын үйл ажиллагаанд дараахь байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана:

 

      6.1.1.хуралдаан зохион байгуулах байршил, хуралдааны явцад шаардагдах техник, тоног төхөөрөмжийг ашиглах асуудлыг судлах зэргээр ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэж, арбитрын ажиллагааг хэвийн явуулахад захиргааны болон техникийн бусад дэмжлэг үзүүлэх;

 

      6.1.2.арбитрын үйл ажиллагааны тайланг нэгтгэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 01 дүгээр сарын     15-ны өдөрт багтаан хүргүүлэх.

 

 

 

---о0o---