- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БАНКНААС БУСАД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДЭД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн
22 дугаар тогтоолын хавсралт
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БАНКНААС БУСАД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДЭД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан дараах мэдээлэх үүрэгтэй этгээд /цаашид "МҮЭ" гэх/ нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэхтэй холбогдох харилцааг энэ журмаар зохицуулна:
1.1.1.банк бус санхүүгийн байгууллага;
1.1.2.даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;
1.1.3.хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани;
1.1.4.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зохицуулалттай этгээд;
1.1.5.хадгаламж, зээлийн хоршоо;
1.1.6.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага;
1.1.7.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч;
1.1.8.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч;
1.1.9.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд.
1.2.МҮЭ-ийн хяналт шалгалтын болон эрсдэлийн үнэлгээний хувийн хэргийг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгж бүрдүүлж, хөтөлнө.
1.3.Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран нэгдсэн хяналт шалгалт хийхэд энэ журмыг баримталж болно.
ХОЁР.ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ, ХЭЛБЭР
2.1.Хорооноос хийх хяналт шалгалт нь дараах төрөлтэй байна:
2.1.1.зайны хяналт шалгалт;
2.1.2.газар дээрх хяналт шалгалт.
2.2.Зайны хяналт шалгалт нь дараах хэлбэртэй байна:
2.2.1.байнгын хяналт шалгалт;
2.2.2.тусгайлсан хяналт шалгалт;
2.2.3 өгсөн үүрэг даалгаврыг шалгах үзлэг.
2.3.Газар дээрх хяналт шалгалт нь дараах хэлбэртэй байна:
2.3.1.төлөвлөгөөт хяналт шалгалт;
2.3.2.төлөвлөгөөт бус хяналт шалгалт;
2.3.3 өгсөн үүрэг даалгаврыг шалгах үзлэг.
2.4.Хяналт шалгалтыг хянан шалгагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ. Газар дээрх хяналт шалгалтыг зөвхөн хянан шалгагч, улсын байцаагч хэрэгжүүлж, ажлын хэсгийг удирдана. Шаардлагатай гэж үзвэл бусад албан хаагчийг ажлын хэсгийн гишүүнээр ажиллуулж болно.
2.5.Хянан шалгагч, улсын байцаагч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм болон энэ журмын хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар хэрэгжүүлнэ.
ГУРАВ.ЗАЙНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
3.1.Зайны хяналт шалгалтаар МҮЭ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг хянах, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах замаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байна.
3.2.Зайны хяналт шалгалтыг дараах үндэслэл, арга хэлбэрээр хэрэгжүүлнэ:
3.2.1.эрсдэлийн үнэлгээ, асуулга;
3.2.2.тусгайлсан программ хангамж ашиглан;
3.2.3.МҮЭ болон холбогдох бусад этгээдээс ирүүлсэн тайлан, мэдээлэл;
3.2.4.хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад арга, хэлбэр.
3.3.Байнгын хяналт шалгалтыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
3.3.1.эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн оноо тооцох;
3.3.2.МҮЭ-ээс ирүүлсэн тайлан мэдээнд үндэслэн шаардлагатай тохиолдолд нэмэлт материал, баримт бичиг шаардах;
3.3.3.эрсдэлийн үнэлгээнд үндэслэн холбогдох зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгөх;
3.3.4.зөрчил дутагдлыг арилгуулахаар өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, үзлэг хийх.
3.4.Хороо нь дараах үндэслэлээр МҮЭ-д тусгайлсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж болно:
3.4.1.байнгын хяналт шалгалтын үнэлгээгээр энэ журмын 4.5.3-4.5.5-д заасан түвшний эрсдэлтэй гэж дүгнэгдсэн;
3.4.2.Хорооны хяналт шалгалт хариуцсан нэгжээс санал гаргасан;
3.4.3.олон улсын байгууллагаас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан үнэлгээний тайланд МҮЭ-ийг эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэж дурдсан;
3.4.4.эрх бүхий байгууллагаас бичгээр ирүүлсэн санал, дүгнэлт, зөвлөмж, мэдэгдэл, анхааруулга, тодорхойлолт;
3.4.5.иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээлэл.
3.5.МҮЭ нь дор дурдсан тайлан, мэдээг хагас жил тутам бэлтгэн 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор болон дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Хороонд цахим хэлбэрээр ирүүлнэ:
3.5.1.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан;
3.5.2.энэ журмын 4.6-д заасан эрсдэлийн үнэлгээний асуулга.
3.6.МҮЭ нь зайны хяналт шалгалтад шаардлагатай бусад тайлан, мэдээллийг тухай бүр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий Хорооны нэгжид хүргүүлнэ.
3.7.Зайны хяналт шалгалтад шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Хороо МҮЭ-ийн талаарх мэдээ, мэдээллийг авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу дотоодын болон гадаадын бусад эрх бүхий байгууллагуудад тавьж болно.
3.8.Зайны хяналт шалгалтын үр дүнг тухай бүр Хорооны удирдлага, шаардлагатай тохиолдолд Хорооны хуралдаанд танилцуулна.
3.9.Энэ журмын 3.4.4-т заасан үндэслэлээр тусгайлсан хяналт шалгалт хэрэгжүүлсэн тохиолдолд тухайн хяналт шалгалтын үр дүнг шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
ДӨРӨВ.ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
4.1.Хороо нь МҮЭ-ийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээг дараах төрлөөр хийж гүйцэтгэнэ:
4.1.1.салбарын эрсдэлийн үнэлгээ;
4.1.2.МҮЭ тус бүрийн эрсдэлийн үнэлгээ.
4.2.Энэ журмын 4.1.1-т заасан эрсдэлийн үнэлгээнд тухайн салбарын эрсдэл, эмзэг байдал, анхаарах асуудлыг хамруулсан байна.
4.3.Энэ журмын 4.1.1-т заасан эрсдэлийн үнэлгээг 2 жил тутам хийж, үнэлэх ба үр дүнг Хорооны удирдлагад танилцуулна.
4.4.Энэ журмын 4.1.2-т заасан эрсдэлийн үнэлгээнд харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүргэх арга, хэлбэр, газар зүйн байршлын эрсдэлт нөхцөлийг хамруулсан байна.
4.5.Энэ журмын 4.1.2-т заасан эрсдэлийг үнэлж, эрсдэлийн түвшинг дараах байдлаар ангилна:
4.5.1.эрсдэл багатай;
4.5.2.дунджаас доогуур эрсдэлтэй;
4.5.3.дунд эрсдэлтэй;
4.5.4.дунджаас дээгүүр эрсдэлтэй;
4.5.5.эрсдэл өндөртэй.
4.6.Хороо нь энэ журмын 4.1.2-т заасан эрсдэлийг үнэлэхдээ МҮЭ-ээс энэ журмын 4.7-д заасан тайлан мэдээний загварын дагуу эрсдэлийн үнэлгээний асуулгыг авна.
4.7.Энэ журмын 4.1.2-т заасан эрсдэлийг үнэлэх аргачлал, матриц, тайлан мэдээний загварыг Хорооны дарга батална.
4.8.Энэ журмын 4.1-т заасан эрсдэлийн үнэлгээ, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нийцүүлэн баталсан дотоод хяналтын хөтөлбөр, түүний хэрэгжилтэд үндэслэн зайны болон газар дээрх хяналт шалгалтын давтамж, цар хүрээг тодорхойлно.
ТАВ.ЗАЙНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ
5.1.Хяналт шалгалт хариуцсан нэгжээс зайны хяналт шалгалтын үр дүн, МҮЭ-ээс ирүүлсэн тайлан, мэдээний чанар, хугацаа, өгсөн үүрэг даалгаврын биелэлт зэрэгт үндэслэн дүгнэлт гаргана.
5.2.Зайны хяналт шалгалтын дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:
5.2.1.энэ журмын 3.5-д заасан тайлан, мэдээг МҮЭ ирүүлсэн эсэх;
5.2.2.МҮЭ-ийн эрсдэлийн үнэлгээний оноо, түвшин;
5.2.3.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журмыг баталж, дагаж мөрдөж буй эсэх;
5.2.4.МҮЭ-ийн үйл ажиллагаанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилсон эсэх;
5.2.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжийн санал;
5.2.6 шаардлагатай бусад мэдээлэл.
5.3.МҮЭ-д нэмэлт бүртгэл, зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд аливаа өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн хариуцсан нэгж нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжийн саналыг харгалзана. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгж нь зайны хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн санал өгнө.
5.4.Энэ журмын 5.3-т заасан саналыг дүгнэлт авсан нэгж Хорооны хуралдааны танилцуулгад тусгана.
ЗУРГАА.ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
6.1.Газар дээрх хяналт шалгалтыг зайны хяналт шалгалтын үр дүн, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл биелүүлээгүй тухай эрх бүхий байгууллага, иргэдээс ирүүлсэн зохих нотлох баримттай санал, дүгнэлт, гомдолд үндэслэн Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.
6.2.Газар дээрх хяналт шалгалтыг хийхийн өмнө тухайн шалгалтын хамрах хүрээ, үнэлэх үзүүлэлтийг харгалзан дараах баримт, мэдээлэлтэй танилцана:
6.2.1.зайны хяналт шалгалтын үр дүн, тэдгээртэй холбоотой материал;
6.2.2.өмнө хийгдсэн хяналт шалгалтын материал, тайлан;
6.2.3.өмнө хийгдсэн хяналт шалгалтаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлт;
6.2.4.МҮЭ-ийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн тоон болон чанарын статистик мэдээлэл;
6.2.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр МҮЭ-ийн боловсруулсан дотоод бодлого, дүрэм, журам, тэдгээрт орсон өөрчлөлт;
6.2.6.бусад.
6.3.Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус газар дээрх хяналт шалгалтыг Хорооны даргын баталсан удирдамжид заасан хугацааны дагуу хийнэ.
6.4.Газар дээрх хяналт шалгалтын удирдамжид заасан хугацааг Хорооны дарга нэг удаа сунгаж болно.
6.5.Газар дээрх хяналт шалгалтын удирдамжид шаардлагатай тохиолдолд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны улсын байцаагч болон холбогдох эрх бүхий бусад байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
6.6.Газар дээрх хянан шалгалтын удирдамжид нэр нь дурдагдаагүй албан тушаалтан газар дээрх хяналт шалгалтад оролцохгүй.
6.7.Газар дээрх хяналт шалгалтын үр дүнг шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэж болно.
ДОЛОО.ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭРЭГЖИЛТ, ҮНЭЛГЭЭ, ТАЙЛАН
7.1.Газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа ажлын хэсэг нь МҮЭ-ээс дараах баримт бичиг, мэдээллийг гаргуулна:
7.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах бүртгэл, зөвшөөрөл, хууль ёсоор итгэмжлэн төлөөлөх эрх олгосон баримт бичиг;
7.1.2.хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл болон удирдлага зохион байгуулалтад орсон өөрчлөлт, хувь нийлүүлсэн хөрөнгийн талаарх мэдээлэл, бусад холбогдох мэдээлэл;
7.1.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй хэрэгжилт хариуцсан ажилтан томилсон шийдвэр;
7.1.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж, дүрэм журмын дагуу МҮЭ батлан хэрэгжүүлж буй дотоод бодлого, журам;
7.1.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өмнө хийсэн хяналт шалгалтын тайлан, холбогдох материал;
7.1.6.өмнөх хяналт шалгалтаар өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврын биелэлт, холбогдох баримт бичиг;
7.1.7.МҮЭ-ийн гүйлгээний мэдээлэл, санхүүгийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримт бичиг;
7.1.8.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хэрэгжилт, холбогдох баримт бичиг;
7.1.9.МҮЭ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл;
7.1.10.харилцагч болон гуравдагч этгээдээс МҮЭ-д ирүүлсэн гомдол;
7.1.11.Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд илгээсэн гүйлгээний талаарх мэдээлэл;
7.1.12.сэжигтэй гүйлгээг илрүүлж мэдээлэх үйл ажиллагааны хэрэгжилт, холбогдох баримт бичиг;
7.1.13.Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээний хэрэгжилт, холбогдох баримт бичиг;
7.1.14.шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын явцад тулгарсан аливаа асуудлыг тодруулах зорилгоор МҮЭ-ийн эрх бүхий албан тушаалтнаас нэмэлт мэдээлэл;
7.1.15.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох бусад журмын хэрэгжилтийг хангахад чиглэсэн дотоод сургалтын төлөвлөгөө, тайлан;
7.1.16.хууль тогтоомжид заасан бусад баримт бичиг.
7.2.Газар дээрх хяналт шалгалтын нэгдсэн үнэлгээ өгөхдөө шалгалтын ажлын хэсэг дараах зарчмыг баримтална:
7.2.1.шалгалтын ажлын хэсгийн гишүүд МҮЭ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын бүрдэл, шалгуур тус бүрээр дараах үнэлгээг өгнө:
7.2.1.1.хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг үнэлэх боломжгүй;
7.2.1.2. хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангалтгүй;
7.2.1.3.хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай;
7.2.1.4.хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангагдсан.
7.2.2.шалгалтын ажлын хэсгийн ахлагч нь ажлын хэсгийн гишүүдээс бүрдэл тус бүрд өгсөн үнэлгээг нэгтгэж, нэгдсэн үнэлгээ гаргах ба гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
7.3.Газар дээрх хяналт шалгалтыг хийж дууссаны дараа хянан шалгагч, улсын байцаагч шалгалтаар илэрсэн нөхцөл байдал, алдаа дутагдал, нотлох баримт, үнэлгээ зэргийг багтаасан дэлгэрэнгүй тайланг гаргана. Тайланд дараах мэдээллийг тусгана:
7.3.1.хяналт шалгалт явуулах үндэслэл, хамрах хүрээ, хяналт шалгалт хийсэн хугацаа;
7.3.2.хяналт шалгалтад хамрагдсан этгээд, түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналт шалгалтын ажлын хэсгийн гишүүдийн нэрс;
7.3.3.хяналт шалгалтад хамрагдсан МҮЭ-ийн үйл ажиллагаанд холбогдуулан цуглуулсан мэдээлэлд хийсэн дүгнэлт;
7.3.4.илэрсэн алдаа, дутагдал, зөрчил, тэдгээрийн нотлох баримт;
7.3.5.шалгалтын үр дүн, нэгдсэн үнэлгээ;
7.3.6.зөвлөмж болон үүрэг даалгавар;
7.3.7.бусад.
7.4.Хяналт шалгалт дууссанаас хойш хяналт шалгалтын удирдамжид заасан хугацаанд багтааж тайланг Хорооны удирдлагад танилцуулна.
7.5.Шалгалтын тайланг МҮЭ хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шалгалтын тайлантай танилцсанаас хойш ажлын 10 өдрийн дотор Хорооны Ерөнхий байцаагчид бичгээр гомдол гаргаж болно.
7.6.Шалгалтын үр дүн, холбогдох материалыг тухайн МҮЭ-ийн хувийн хэрэгт хавсаргана.
7.7.Тодорхой мэдээллийн дагуу хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалтын дараа нэгдсэн үнэлгээ хийгдэхгүй. Зөвхөн мэдээлэлтэй холбоотой хяналт шалгалтын үр дүнд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авна.
НАЙМ.ХАРИУЦЛАГА
8.1.Зайны болон газар дээрх хяналт шалгалтын үр дүнд МҮЭ-ийн бүртгэл, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргах, эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг МҮЭ-д үүрэг болгох, шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг нээх, эсхүл гэмт хэргийн шинжтэй тохиолдолд харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлнэ.
Текст томруулах
A
A
A