A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Төр, хувийн хэвшлийн түншлэл /цаашид "түншлэл" гэх/-ийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх түншлэлийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.

3.2.Энэ хуульд заасан түншлэлд дараах үйл ажиллагаа хамаарахгүй:

3.2.1.батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа;

3.2.2.банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа;

3.2.3.уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа;

3.2.4.хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.

3.3.Түншлэлийн төсвийн удирдлага, санхүүжилт, тайлагналт болон болзошгүй өр төлбөрийн хяналттай холбоотой энэ хуульд зааснаас бусад асуудлыг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна.

3.4.Түншлэлийн зүйлийн эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн, шинээр бий болсон хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх, төрийн болон орон нутгийн өмчид авахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.

3.5.Түншлэлийн хүрээнд бусдын эзэмшил газрыг нөхөх олговортой солих буюу эргүүлэн авах асуудлыг Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

3.6.Түншлэлийн хүрээнд ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг энэ хууль болон Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулна.

3.7.Түншлэлийн хүрээнд түншлэлийн төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг энэ хуульд зааснаар зохицуулах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй.

4 дүгээр зүйл.Түншлэлийн зарчим

Хэвлэх

4.1.Түншлэлд дараах зарчмыг баримтална:

4.1.1.түншлэлийн төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, олон нийтэд үйлчлэх зорилгыг дэмжсэн байх;

4.1.2.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсөв, санхүүгийн удирдлагад хяналт, зохицуулалтын тэнцвэрийг хангаж, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх;

4.1.3.түншлэл нь төр, хувийн хэвшлийн хооронд эрх, үүргийг тодорхойлж, эрсдэлийг оновчтой хуваарилах, сайн засаглалын зарчимд тулгуурлах, урт хугацаанд төсвийн зардлыг чанар, үр дүн, гүйцэтгэлд үндэслэн хуваарилах, төрийн үйлчилгээг хангах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх;

4.1.4.түншлэлд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр ашигтай байдал болон хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, урт хугацаанд гарах зардлын хэмнэлттэй хувилбарыг сонгон хэрэгжүүлэх;

4.1.5.хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж, сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлж байх;

4.1.6.хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт нь энэ хууль болон холбогдох бусад журам, аргачлалд бүрэн нийцсэн байх;

4.1.7.төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрт төсөвт үзүүлэх эрсдэлийг үнэлж, тогтоох, түншлэлийн төслийн хэрэгжилтийн явцад санхүүжилтийн гүйцэтгэлийн хяналтыг тогтмол хэрэгжүүлдэг байх;

4.1.8.түншлэл нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих, төсөв, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой байх;

4.1.9.түншлэлийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх.

Тайлбар: "Ногоон эдийн засаг" гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг ойлгоно.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."барилга байгууламж" гэж энэ хуулийн хамрах хүрээнд хэрэгжих Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

5.1.2."болзошгүй өр төлбөр" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.48-д заасныг;

5.1.3."Засгийн газрын өрийн баталгаа" гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.7-д заасныг;

5.1.4."төрөөс үзүүлэх дэмжлэг" гэж түншлэлд Засгийн газраас болон аймаг, нийслэл нь энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл, хөрөнгө болон газрын асуудлыг шийдвэрлэх, төрд төлөх хураамж, төлбөрийг бууруулах, эсхүл чөлөөлөх, тусгайлан тодорхойлсон нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварын болон татварын бус бусад нөхцөлөөр үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэгийг;

Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.5."Засгийн газрын зөвшөөрөл" гэж түншлэлийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагаас олгох шаардлагатай зөвшөөрөл, лиценз, тусгай зөвшөөрөл, бүртгэлийг;

5.1.6."санхүүжүүлэгч" гэж хувийн хэвшлийн түншлэгчид төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан зээл олгож байгаа болон түншлэлийн төсөлд санхүүгийн баталгаа гаргах, санхүүгийн бусад дэмжлэг үзүүлж байгаа хувьцаа эзэмшигчээс бусад банк, санхүүгийн байгууллагыг;

5.1.7."инноваци" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.1-д заасныг;

5.1.8."нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг;

5.1.9."мөнгөний үнэ цэн" гэж түншлэлийн төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд төслийн нийт өртгөөр төслийн үйлчилгээг чанар, хүртээмж, үр ашиг, өгөөжтэй байх хувилбарыг тогтоохыг;

5.1.10."санхүүгийн чадавхад нийцсэн" гэж түншлэлийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хэрэглэгчээс авах хураамж, төсвөөс санхүүжүүлэх санхүүжилт нь хэрэглэгчийн болон төсвийн чадавхад нийцсэн байх, төсвийн хувьд зардал болон болзошгүй өр төлбөрийг орлогоос шийдвэрлэх боломжтой байхыг;

5.1.11."төр, хувийн хэвшлийн түншлэл" гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй байгуулсан түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг;

5.1.12."төрийн түншлэгч" гэж түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга болон түншлэлийн гэрээнд заасны дагуу энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан бусад этгээдийг;

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.13."төрийн үйлчилгээ" гэж иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг;

5.1.14."төсөвт үзүүлэх нөлөө" гэж төслийг хэрэгжүүлэхэд төсөв, санхүүд үзүүлэх нөлөөллийг тооцох, шууд болон шууд бус байдлаар төлбөрийн үүрэг хариуцлагыг бий болгох болзошгүй нөхцөл байдлыг;

5.1.15."төсвийн эрсдэлийн үнэлгээ" гэж түншлэлийн төслийн төсөвт үзүүлэх нөлөө, болзошгүй өр төлбөрийг тооцсон төсвийн эрсдэлийг энэ хуулийн 9.2-т заасан загварын дагуу тооцож, судлах дүн шинжилгээг;

5.1.16."Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан" гэж төслийн урьдчилсан үнэлгээ, төслийн бүрэн шинжилгээ, түншлэлийн эх төсөл боловсруулах болон төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоо, шинжилгээ хийхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, төслийн бэлтгэл ажил, төлөвлөлт, сонгон шалгаруулалт, хэрэгжилт, хяналт, тайлагналттай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх зорилгоор хуульд заасан эх үүсвэрээр бүрдүүлсэн түншлэлийн санг;

5.1.17."төслийн баримт бичиг" гэж түншлэлийн гэрээ, барилгын гэрээ, ханган нийлүүлэх гэрээ, худалдан авах ажиллагааны баталгааны гэрээ, үйлчилгээний гэрээ болон бусад дагалдах гэрээ, барилга, ашиглалт, эрх бүхий байгууллагатай байгуулсан техник хяналтын гэрээ, засвар үйлчилгээ болон төслийн удирдлагатай холбоотой бүх баримт бичгийг;

5.1.18."төслийн орлого" гэж хэрэглэгчийн төлбөр, хураамж болон түншлэлийн гэрээний хүрээнд бий болсон төслийн орлогын эх үүсвэрийг;

5.1.19."тусгай зориулалтын компани" гэж түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчийн үүргийг хүлээж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтаар хувийн хэвшлийн түншлэгчээс үүсгэн байгуулсан төслийн компанийг;

5.1.20."түншлэлийн гэрээ" гэж төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талуудын хооронд түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын эрх, үүрэг болон холбогдох бусад асуудлыг тодорхойлж байгуулсан иргэний эрх зүйн гэрээг;

5.1.21."түншлэлийн зүйл" гэж түншлэлийн гэрээнд хамаарах эд хөрөнгийн эрх, ажил, үйлчилгээний үр дүн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;

5.1.22."түншлэлийн төсөл" гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалт хийх, зураг төсөл боловсруулах, дэд бүтцийн барилга, байгууламжийг барих, санхүүжүүлэх, сэргээн босгох, сайжруулах, засвар арчлалт хийх, төрийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний удирдлагыг хариуцах зэрэг үйл ажиллагааг багтаасан нийтэд чиглэсэн төслийг;

5.1.23."түншлэлийн эх төсөл" гэж түншлэлийн төслийн хувьд нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламж, нийгмийн суурь үйлчилгээг түншлэлээр үзүүлэхэд шаардагдах техник, эдийн засаг, санхүү, хууль, эрх зүй, нийгэм болон байгаль орчны үндэслэл, нотолгоо, тоон баримт зэргийг тусгасан төслийн баримт бичгийг;

5.1.24."түншлэлийн үе шат" гэж түншлэлийн төслийн урьдчилсан болон тохиромжтой байдлын үнэлгээ хийх, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон түншлэлийн эх төсөл боловсруулах, түншлэлийн төслийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах, гэрээний удирдлагыг хангах, төслийг хэрэгжүүлэх буюу гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг үзүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, мониторинг хийх, төслийн үйл ажиллагаа болон үр дүнд аудит хийх, тайлагнах, хувийн хэвшлийн түншлэгч түншлэлээс гарах, дэд бүтцийг төрийн түншлэгчид шилжүүлэх зэрэг түншлэлийн төслийн төлөвлөлт, хэрэгжилтийн бүх үе шатыг;

5.1.25."хөгжлийн бодлогын баримт бичиг" гэж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг;

5.1.26."хувийн хэвшлийн түншлэгч" гэж төрийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулж, энэ хуульд заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон хуулийн этгээдийн нэгдлийг;

5.1.27."хувийн хэвшлээс төсөл санаачлах" гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлээс энэ хуульд заасны дагуу санаачилсан төслийн саналыг;

5.1.28."хэрэглэгчийн төлбөр" гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг ашигласны төлөө хэрэглэгчээс төлөх төлбөр, хураамжийг;

5.1.29."эрсдэлийн шинжилгээ" гэж энэ хуульд заасан аргачлалын дагуу тухайн төслийн санхүү, хууль, нийгэм, байгаль орчин болон төсөвт үзүүлэх нөлөөлөл, тооцох үнэлгээ, шинжилгээг;

5.1.30."төслийн бүрэн шинжилгээ" гэж түншлэлээр хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл болон төслийн эрсдэлийг тооцох, түншлэлийн төрөл, төсөл хэрэгжих хэлбэр, хугацааг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 20.4-т заасан шинжилгээг;

5.1.31."Засгийн газрын баталгаа" гэж түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан Засгийн газрын хүлээсэн үүргийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТҮНШЛЭЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

6.1.Улсын Их Хурал түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн төслийг батлахдаа энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн зорилт, арга хэмжээг хэлэлцэж, хамт батлах;

Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.1.2.Түншлэлийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт хэлэлцэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

7.1.Засгийн газар түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээ хийгдсэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол түншлэлийг хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг батлах;

Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.3.түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын баталгааны асуудлыг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх;

7.1.4.түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах, чиглэл өгөх;

7.1.5.энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох;

Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.6.түншлэлийн тухай хууль тогтоомж, түншлэлийн хэрэгжилт, үр дүн, гэрээний биелэлтийн явцад төслийн эрсдэл болон төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх тайланг хэлэлцэж, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.7.түншлэлийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн төлбөрийг бодит зардалд нийцүүлэх зорилгоор хувийн хэвшлийн түншлэгчтэй тохиролцсоны дагуу зарим салбарт үнийн зохицуулалт хийх.

7.2.Засгийн газар түншлэлийн хүрээнд дараах журам, аргачлалыг баталж, мөрдүүлнэ:

7.2.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам;

7.2.2.хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичиг;

7.2.3.түншлэлийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичиг;

7.2.4.түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал;

7.2.5.түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журам;

7.2.6.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох журам;

7.2.7.түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам.

7.2.8.энэ хуулийн 13.3-т заасан журам.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Засгийн газар төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллана.

8 дугаар зүйл.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

8.1.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.1.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн авах, төслийн саналд хийсэн урьдчилсан үнэлгээг хянан баталгаажуулах;

8.1.2.урьдчилсан үнэлгээ хийсэн, түншлэлээр хэрэгжүүлэх төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах;

8.1.3.энэ хуулийн 20.4-т заасан төслийн бүрэн шинжилгээг хянаж, дүгнэлт гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авах;

8.1.4.Түншлэлийн төсөл хөгжүүлэх санг удирдах, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгуулах санал хүргүүлэх;

8.1.5.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах болон түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;

8.1.6.түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;

8.1.7.төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийн орчныг бэхжүүлэх, түншлэлийг хөгжүүлэх, түншлэлийн төсөлтэй холбогдуулан мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

8.1.8.түншлэлийн хууль тогтоомж, түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жилийн тайланг боловсруулж, Засгийн газарт жил бүр танилцуулах;

8.1.9.хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичгийг боловсруулах;

8.1.10.түншлэлийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичгийг боловсруулах;

8.1.11.түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлалыг боловсруулах;

8.1.12.түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журмыг боловсруулах;

8.1.13.түншлэлийн талаарх мэдээлэл, сурталчилгааг Түншлэлийн төвтэй хамтран зохион байгуулах, түншлэлийн ил тод байдлыг хангах, түншлэлийн төслийн талаарх мэдээллийг энэ хуульд зааснаар олон нийтэд хүргэх;

8.1.14.түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийг Түншлэлийн төв дээр тулгуурлан энэ хуульд зааснаар байгуулах;

8.1.15.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг энэ хуульд зааснаар байгуулах;

8.1.16.түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авах;

8.1.17.түншлэлийн дагуу бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх арга хэмжээг зохион байгуулах;

8.1.18.түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хяналт тавих.

8.2.Түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь түншлэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, тайлагнах журмыг баталж мөрдүүлнэ.

9 дүгээр зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

9.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсвийн эрсдэлийн үнэлгээг хянах, тухайн төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болон төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн талаар дүгнэлт гаргах;

9.1.2.түншлэлийн гэрээний төрлөөс хамаарч гэрээний дагуу төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийг хэрэгжилт, гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн төсвийн төсөлд тусгах, төслийн санхүүжилтийг төсөвтэй уялдуулах;

9.1.3.түншлэлийн төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн түншлэлийн гэрээний хүрээнд төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, Засгийн газрын өрийн баталгаа, нөхөх олговор, төсвийн эрсдэл, санхүүгийн чадавхын асуудал болон Засгийн газрын өрийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг тооцож, дүгнэлт гаргах;

9.1.4.түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн төсвийн эрсдэл, төсөвт үзүүлэх нөлөөлөл болон хөрөнгийн эх үүсвэрийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

9.1.5.түншлэлийн гэрээний төсөлтэй танилцах, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоо, шинжилгээг хянах, түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

9.1.6.түншлэлийн төслийн хүрээнд тухайн жилийн болон түншлэлийн төслийн нийт хугацаанд хүлээсэн санхүүгийн болон төлбөрийн нийт үүргийг хянах, төсвийн төлбөрийн үүрэг бүхий түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, дүгнэлт гаргах, түншлэлийн төслийн төсвийн төлөвлөлт, зардал, эрсдэлтэй холбоотой асуудлаар холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай мэдээллийг гаргуулж авах;

9.1.7.түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журмыг боловсруулах;

9.1.8.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох журмыг боловсруулах.

9.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түншлэлийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл тооцох загварыг баталж, мөрдүүлнэ.

10 дугаар зүйл.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн санал гаргах;

10.1.2.түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд урьдчилсан үнэлгээ хийх;

10.1.3.урьдчилсан үнэлгээний тайланг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

10.1.4.аймаг, нийслэл болон хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг хүлээн авах, энэ хуульд зааснаар урьдчилсан үнэлгээ хийх, тухайн төслийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, дүгнэлт гаргах;

/Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.5.урьдчилсан үнэлгээ нь хянан баталгаажсан төслийн саналыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах;

10.1.6.түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд ажиллах, төслийн багтай хамтран бүрэн шинжилгээ хийх;

10.1.7.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох;

10.1.8.хувийн хэвшлийн түншлэгчтэй төрийн түншлэгч талыг төлөөлж түншлэлийн гэрээг энэ хуульд зааснаар байгуулах;

10.1.9.түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрийн түншлэгчийн чиг үүргийг энэ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;

10.1.10.түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жил бүрийн тайланг бэлтгэх, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

10.1.11.түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.12.түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, төслийн баримт бичиг, түншлэлийн гэрээ, санхүүжилтийн талаарх мэдээллийг түншлэлийн мэдээллийн нэгдсэн санд оруулах, олон нийтэд мэдээлэх, ил тод байдлыг хангах;

10.1.13.түншлэлийн төсөлд оролцогчид шаардагдах мэдээлэл, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, заавар, маягт, түншлэлийн гэрээний стандарт маягт, холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулах, олон нийтэд ил тод, тогтмол, хүртээмжтэй хүргэх, мэдээлэх.

11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

11.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.түншлэлийн хууль тогтоомж, тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн түншлэлийн гэрээний биелэлтэд хяналт тавих;

11.1.2.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэх;

11.1.3.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг дэмжиж, хамтран ажиллах.

11.1.4.энэ хуулийн 13.2-т заасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.5.энэ хуулийн 13.2-т заасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгох;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.6.аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, тухайн жилийн орон нутгийн төсвийн төслийг батлахдаа орон нутагт хэрэгжүүлэх түншлэлийн зорилт, арга хэмжээг хэлэлцэж, батлах;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.7.түншлэлийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг орон нутгийн төсвийн гүйцэтгэлтэй хамт хэлэлцэх;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.8.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлэх.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;

11.2.2.түншлэлийн төслийн саналыг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

11.2.3.тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах, түншлэгч талуудад дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, түншлэлийн гэрээний биелэлтэд энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу хяналт тавих;

11.2.4.төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;

11.2.5.түншлэлээр бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх.

11.2.6.энэ хуулийн 13.2-т заасан төслийн түншлэлийн болон зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.7.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлэх;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.8.түншлэлийн хууль тогтоомж, түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг орон нутгийн төсвийн гүйцэтгэлтэй хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.3.Энэ хуулийн 13.3-т заасан журмыг аймгийн саналыг авсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга боловсруулна.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

12 дугаар зүйл.Түншлэлийн төв, түүний чиг үүрэг

Хэвлэх

12.1.Түншлэлийн төвийг Засгийн газрын шийдвэрээр түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулна.

12.2.Түншлэлийн төв түншлэлийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.2.1.түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хэрэгжүүлж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

12.2.2.түншлэлийн төслийн саналыг түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсэх судалгаа хийх, түншлэгч талуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

12.2.3.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээг төрийн түншлэгч болон мэргэжлийн зөвлөх, төслийн багтай хамтран боловсруулах;

12.2.4.энэ хуулийн 12.2.3-т заасан судалгаа, шинжилгээний үр дүнг салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, төслийг үнэлж, түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллээр хангах;

12.2.5.түншлэлийн төслийн боломжийг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоо, чадамж, сонирхлыг тандан судлах, хөрөнгө оруулагч болон бусад сонирхогч талуудад зориулсан танилцуулгыг боловсруулах;

12.2.6.судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийхэд мэргэжлийн шинжээч болон зөвлөхийн үйлчилгээ авах, гэрээ байгуулах;

12.2.7.хувийн хэвшлээс санаачилсан төсөлд тухайн хувийн хэвшлийн санхүүжилтээр төсөлд шаардлагатай дүн шинжилгээ хийж, үр дүнг салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;

12.2.8.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцоход санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

12.2.9.энэ хуулийн 49.3-т заасан журмын дагуу сангийн эх үүсвэрийг Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд төвлөрүүлэх;

12.2.10.төслийн хэрэгжилтийн санхүүгийн болон эрсдэлийн хяналт шинжилгээг тайлагнах;

12.2.11.түншлэлийн төсөлд шаардлагатай мэдээлэл, журам, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, зааварчилгаа, маягт, түншлэлийн жишиг гэрээний загвар, түншлэлд оролцогч этгээдэд шаардлагатай холбогдох баримт бичгийг боловсруулах, мэдээллийг түншлэлийн мэдээллийн нэгдсэн санд тогтмол байршуулах, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх.

12.3.Түншлэлийн төв нь аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар байгуулж, дүрмийг батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТҮНШЛЭЛИЙН ТӨРӨЛ, ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТАВИХ ШААРДЛАГА

13 дугаар зүйл.Түншлэлийг хэрэгжүүлэх салбар

Хэвлэх

13.1.Түншлэлийг энэ хуулийн 3.2-т зааснаас бусад салбарт хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг энэ хуулийн 7.1.2-т зааснаар Засгийн газар батална.

13.2.Нийслэл болон улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймаг дараах салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно:

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.1.эрчим хүч, дулаан хангамж;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.2.хог хаягдлын менежмент;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.3.гадаргын ус, саарал усны барилга байгууламж, менежмент;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.4.цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.5.хурдны зам, багтаамж ихтэй нийтийн тээвэр, тээвэр логистикийн төв;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.6.хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах барилга байгууламж;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.7.100 тэрбум төгрөг болон түүнээс доош өртөгтэй төсөл.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд хувийн хэвшлээс санаачлах, төсөлд урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийх, үнэлэх, төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээ байгуулах, хэлэлцээ хийж сонгон шалгаруулалтгүй гэрээ байгуулах, түншлэлийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлт, төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар батлах бөгөөд журмын дагуу түншлэлийн төслийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

14 дүгээр зүйл.Түншлэлийн төрөл

Хэвлэх

14.1.Түншлэлийг санхүүжилтийн хэлбэрээс нь хамааран дараах гурван төрлөөр хэрэгжүүлнэ:

14.1.1.түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх;

14.1.2.түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх;

14.1.3.энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасны дагуу холимог төрөл.

14.2.Энэ хуулийн 14.1.1-д зааснаар хувийн хэвшлийн түншлэгчээс түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор гэрээнд заасны дагуу санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.

14.3.Энэ хуулийн 14.1.2-т зааснаар хувийн хэвшлийн түншлэгчийн түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн үр ашиг, үйлчилгээний чанар, хүртээмж, гүйцэтгэлийн үнэлгээ, төлбөрийн хуваарьт үндэслэн төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.

14.4.Түншлэлийн төслийн бүрэн шинжилгээний дүгнэлтээр хэрэглэгчийн төлбөр, хураамжаар төслийн зардлыг дангаар санхүүжүүлэх боломжгүй, тодорхой хэсгийг төсвөөс зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 14.1.3-т заасан төрлийг хэрэгжүүлж болно.

14.5.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 14.1-д заасан түншлэлийн төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах түншлэлийн гэрээгээр тодорхойлно.

15 дугаар зүйл.Түншлэлийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний төрөл

Хэвлэх

15.1.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн онцлогоос хамаарч түншлэлийн гэрээ дараах төрөлтэй байна:

15.1.1.зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх;

15.1.2.барих, ашиглах, шилжүүлэх;

15.1.3.барих, шилжүүлэх, ашиглах;

15.1.4.барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх;

15.1.5.барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх;

15.1.6.түрээслэх болон түрээслүүлж төрийн үйлчилгээг үзүүлэх;

15.1.7.ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх;

15.1.8.сэргээн засварлах, эзэмших, ашиглах, шилжүүлэх;

15.1.9.удирдлагыг хэрэгжүүлэх;

15.1.10.төслийн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон түншлэлийн гэрээний бусад төрлүүд.

15.2.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 15.1-д заасан гэрээний төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах түншлэлийн гэрээгээр тодорхойлно.

15.3.Энэ хуулийн хүрээнд "барих-шилжүүлэх" төрлөөр барьж байгуулаад шууд шилжүүлэх нөхцөлтэй, богино хугацаанд хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаас үл ялгагдах төрлийн гэрээг байгуулах болон түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.

16 дугаар зүйл.Түншлэгч талууд

Хэвлэх

16.1.Дараах этгээд төрийн түншлэгч байна:

16.1.1.Монгол Улсын яам;

16.1.2.аймаг, нийслэлийн Засаг дарга;

16.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд.

16.2.Хувийн хэвшлийн түншлэгч нь энэ хуулийн 5.1.26-д заасан этгээд байна.

17 дугаар зүйл.Түншлэлийн төслийн үе шат

Хэвлэх

17.1.Түншлэлийн төсөл дараах үе шаттай байна:

17.1.1.төслийг төлөвлөх буюу төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэхийг судлан шинжлэх үе шат:

17.1.1.а.түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх;

17.1.1.б.урьдчилсан үнэлгээний дүгнэлтэд үндэслэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах.

17.1.2. түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээг хийх, үнэлэх үе шат:

/Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.2.а.түншлэлийн төслийн дүн шинжилгээг хийх;

17.1.2.б.түншлэлийн төслийн урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;

17.1.2.в.түншлэлийн эх төслийг боловсруулах;

17.1.2.г.түншлэлийн төслийн эрсдэлийг судалж тодорхойлох.

17.1.3.түншлэлийн төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

17.1.4.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах;

17.1.5.хэлэлцээр хийж, түншлэлийн гэрээ байгуулах;

17.1.6.түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, гэрээний удирдлагыг хангах төслийн хэрэгжилтийн үе шат;

17.1.7.түншлэлийн төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, мониторингийг хэрэгжүүлэх;

17.1.8.түншлэлийн гэрээ дуусгавар болох, түншлэлийн зүйлийг төрийн болон орон нутгийн өмчид авах, бүртгэх.

18 дугаар зүйл.Түншлэлийн төсөлд тавих шаардлага

Хэвлэх

18.1.Түншлэлийн төсөл дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

18.1.1.энэ хуульд заасан үнэлгээ, шинжилгээ, судалгаагаар төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тодорхойлогдсон байх;

18.1.2.хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, бүсчилсэнхөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;

18.1.3.хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл байх, энэ хуульд заасан түншлэлийн төрөл, хэлбэрт нийцэж байх;

18.1.4.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад үндэслэн дэд бүтцийг байгуулах, засвар үйлчилгээ үзүүлэх, нийтэд зориулсан төрийн үйлчилгээг гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой байх;

18.1.5.байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх;

18.1.6.тухайн төслийн хувьд хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгч талууд төслийг хэрэгжүүлэх сонирхолтой болохыг зах зээлийн судалгаагаар тогтоосон, өрсөлдөөнт шалгаруулалт явуулах нь тодорхой болсон байх.

18.2.Түншлэлийн гэрээ байгуулж, хэрэгжүүлэх төсөл нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:

18.2.1.төслийн төсөв, санхүүгийн үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байх;

18.2.2.төслийн хэмжигдэхүйц зорилтод үндэслэн төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байх;

18.2.3.хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж баталгаажсан байх;

18.2.4.төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлийн төслийн хүрээнд олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээ нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байх;

18.2.5.техникийн шаардлага, төслийн орц, гарц болон хүрэх үр дүнг тодорхойлсон байх;

18.2.6.хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэх төслийн үйл ажиллагаа, арга хэмжээ, хамрах хүрээг тогтоосон байх;

18.2.7.төслийн үйл ажиллагаанд шаардлагатай Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдох тусгай болон энгийн зөвшөөрлийг тодорхойлсон байх;

18.2.8.төслийн эрсдэлийг үнэлж, гэрээний хүрээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон байх;

18.2.9.төсөл хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх шаардлагатай дэмжлэгийн төрөл, хэлбэрийг тодорхойлсон байх;

18.2.10.төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоо, шинжилгээ нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;

18.2.11.төсөл хэрэгжих хугацаанд хувийн хэвшлийн түншлэгчийн үйл ажиллагаа, хэрэгжилт, гүйцэтгэлд гэрээний дагуу хяналт тавих, үнэлэх асуудлыг тусгасан байх;

18.2.12.түншлэлийн гэрээг байгуулахаас өмнө хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээний хэлэлцээр хийж, гол нөхцөлийг харилцан тохиролцсон байх;

18.2.13.төслийн нийт зардлыг тухайн төслийн үе шатны бүх зардлыг оролцуулан нэгдсэн дүнгээр тодорхойлсон байх;

18.2.14.түншлэлийн төслийн дагуу үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нийтэд зориулсан, төлбөр нь зах зээлийн үнэтэй уялдсан, бүртгэл хийх боломжтой байх;

18.2.15.байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн байх;

18.2.16.түншлэлийн өмчлөлийн зүйлийг зохистой удирдах зорилгоор түншлэлийн гэрээ болон төслийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагыг хангах.

18.3.Энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.

19 дүгээр зүйл.Түншлэлийн төслийн төлөвлөлт, урьдчилсан үнэлгээ

Хэвлэх

19.1.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл болон хувийн хэвшлээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцсэн төслийг түншлэлээр хэрэгжүүлэх санал гаргах эрхтэй.

19.2.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг түншлэлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг урьдчилсан үнэлгээгээр тогтооно.

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан төслийн саналыг хүлээн авснаас хойш салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Түншлэлийн төв хамтран урьдчилсан үнэлгээг 30 хоногийн дотор хийж, дүгнэлтийг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

19.4.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах асуудлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан цаглаврын дагуу хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.5.Энэ хуульд заасны дагуу урьдчилсан үнэлгээ хийгдээгүй төслийг түншлэлийн бүрэн шинжилгээнд хамруулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20 дугаар зүйл.Түншлэлийн төслийн бүрэн шинжилгээ

Хэвлэх

20.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн үр ашиг, ач холбогдлыг нарийвчлан судалж тогтоох, хэрэгжүүлэх боломжийн талаар дүгнэлт гаргах, түншлэлийн төрөл, төслийг хэрэгжүүлэх гэрээний төрөл, хэлбэрийг тодорхойлох зорилгоор төслийн бүрэн шинжилгээг хийнэ.

/Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.Түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийг Түншлэлийн төвийн дэргэд хамтран байгуулах бөгөөд бүрэн шинжилгээ хийх хугацааг холбогдох журамд заасан байна.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан төслийн багийн бүрэлдэхүүнд түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн төслөөс хамааран холбогдох төрийн байгууллага, төсөл хэрэгжих аймаг, нийслэлийн төлөөлөл байх бөгөөд шаардлагатай бол төслийн багийн бүрэлдэхүүнд санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх, хөндлөнгийн хараат бус зөвлөх гишүүн оруулж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.4.Төслийн баг холбогдох аргачлал, журмын дагуу дараах байдлаар тухайн төслийн хэрэгцээ, шаардлага, санхүү, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, санхүүгийн болон бусад нөөц, боломжийг бүрэн шинжилгээгээр тодорхойлж дүгнэлт гаргана:

20.4.1.мөнгөний үнэ цэнийн шинжилгээг хийх;

20.4.2.урьдчилсанболон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл;

20.4.3.түншлэлийн гэрээний төрөл, загвар, гол нөхцөл, төсөлд тавигдах шаардлагыг хангасан эсэх үнэлгээ;

20.4.4.хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ;

20.4.5.төслийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон эрсдэлийн шинжилгээний дүгнэлт;

20.4.6.төслийг хэрэгжүүлэх түншлэлийн төрөл, гэрээний хэлбэр, төсөл хэрэгжих хугацаа;

20.4.7.тухайн төсөлд шаардлагатай төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл.

20.5.Төслийн баг түншлэлээр хэрэгжүүлэхээр санал болгосон төслийн түншлэлийн эх төслийг боловсруулна.

20.6.Энэ хуулийн 7.2.4, 9.2-т заасан аргачлал, загвар, 20.4-т заасан эрсдэлийн шинжилгээний дүгнэлтийн дагуу түншлэлээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг үнэлэх, хуваарилах, бууруулах, хянах зэрэг эрсдэлийн удирдлагын арга хэмжээг төлөвлөсөн байна.

20.7.Төслийн баг төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг тооцохдоо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах ба энэ хуулийн 9.2-т заасан загварын дагуу төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг болон түншлэлийн гэрээний дагуу төсөвт шууд болон шууд бус төлбөрийн үүрэг, хариуцлагыг бий болгох эсэхийг тооцно.

20.8.Төслийн баг түншлэлийн төсөл нь төсвийн эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй, энэ хуулийн 20.4.7-д заасан дэмжлэгийг төрөөс үзүүлэх боломжгүй гэж дүгнэсэн тохиолдолд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг буцаах, хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн эх үүсвэрийг өөрчлөх талаар санал гаргана.

20.9.Төслийн баг тухайн төслийн талаар олон нийт, иргэд, төрийн болон бусад байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг авч болно.

20.10.Төслийн баг төслийн бүрэн шинжилгээний үр дүнгээс хамаарч түншлэлээр хэрэгжүүлэх зарим уялдаатай төслийг нэгтгэж нэг төсөл болгон хэрэгжүүлэх нь үр ашигтай гэж үзсэн тохиолдолд нэгтгэн хэрэгжүүлэх санал гаргаж болно.

21 дүгээр зүйл.Түншлэлийн төслийг тодорхойлж, шийдвэр гаргах

Хэвлэх

21.1.Түншлэлийн төслийн баг бүрэн шинжилгээгээр түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой гэж тодорхойлсон төслийг төслийн иж бүрэн баримт бичгийн хамт түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүрэн шинжилгээ хийгдэж, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүргүүлнэ.

21.2.Төслийн баг төслийн баримт бичгийн иж бүрдэлд доор дурдсан мэдээллийг тусгасан хяналтын хуудсыг хамт хүргүүлнэ:

21.2.1.энэ хуулийн 21.2-т заасан хяналтын хуудсанд төрийн түншлэгчид хамаарах дараах мэдээллийг тусгана:

21.2.1.а.санхүүгийн эх үүсвэрийн боломж, түншлэлд зөвлөгөө болон дэмжлэг үзүүлэх чадавх;

21.2.1.б.төрийн байгууллагын албан хаагч, мэргэжилтний мэдээлэл;

21.2.1.в.удирдлагын түвшинд түншлэлийг хэрэгжүүлэх сонирхол болон үзүүлэх дэмжлэгийн түвшин;

21.2.1.г.холбогдох бусад хүчин зүйл.

21.2.2.энэ хуулийн 21.2-т заасан хяналтын хуудсанд дараах түншлэлийн мэдээллийг тусгана:

21.2.2.а.төслийн мэдээлэл, танилцуулга, төсөл хэрэгжих бэлэн байдал, төслийн нийт өртөг, ашиглалтын хугацаа, хэрэгжүүлэх хуваарь;

21.2.2.б.төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, эрсдэлийн шинжилгээ, эрсдэлийг хуваарилах санал болон бусад бүх асуудлыг тусгасан түншлэлийн эх төсөл;

21.2.2.в.түншлэлийн төрөл, төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийн хуваарь, хэрэглэгчийн төлбөр, хураамжийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоолол, төслийн санхүүжилтийн мэдээлэл;

21.2.2.г.төслийн барилга байгууламж болон үйл ажиллагааны тодорхойлолт;

21.2.2.д.төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах төрийн байгууллага;

21.2.2.е.төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;

21.2.2.ё.нийгмийн хамгаалал, байгаль орчны нөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, цаг уурын эрсдэл болон сорилт, тэдгээрийг бууруулах арга хэмжээ;

21.2.2.ж.холбогдох бусад хүчин зүйл.

21.3.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн төслийн бүрэн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээний тайланд үндэслэн тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэх саналыг Засгийн газрын шийдвэрийн төслийн хамт ажлын 15 өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

21.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийн бүрэн шинжилгээний тайлан, дүгнэлт болон энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг ажлын 15 өдөрт багтаан түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

21.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгохдоо дараах тооцоо, судалгааг үндэслэл болгоно:

21.5.1.нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр батлагдсан ерөнхий нөхцөл, эрэлт, нийлүүлэлт, тариф, зах зээлийн хувьсагч үзүүлэлт, тэдгээрт хийгдсэн эрсдэлийн дүгнэлт;

21.5.2.төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт тусгах урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, хөнгөлөлт, тэдгээрийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн талаарх санал, дүгнэлт;

21.5.3.төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт үзүүлэх болзошгүй өр төлбөрийн шинжилгээ, Засгийн газрын баталгаа гаргах төрөл хэлбэр, түүний Төсвийн тогтвортой байдлын тухай болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх санал, дүгнэлт.

21.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн түншлэлийн төслийн саналыг ажлын 5 өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ.

21.7.Засгийн газар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл олгогдсон төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэр гаргана.

21.8.Түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.7-д заасны дагуу батлагдсан түншлэлийн төслийг зарлах, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

21.9.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны хугацааг энэ хуулийн 7.2.2-т заасан сонгон шалгаруулалтын журмаар зохицуулна.

21.10.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжгүй болох нь тогтоогдсон бол төслийг төсөл санаачлагчид буцаах шийдвэр гаргана.

22 дугаар зүйл.Хувийн хэвшлээс түншлэлийн төсөл санаачлах

Хэвлэх

22.1.Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлээс санал гаргаж болох бөгөөд төслийн саналаа салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

22.2.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн хэвшлээс гаргасан төслийн саналд урьдчилсан үнэлгээг хийж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

22.3.Хувийн хэвшлээс уг төсөлтэй холбогдуулан нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төсөл хэрэгжүүлэх зарчим, технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, түүнд үндэслэн тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг тогтоох бүрэн шинжилгээг энэ хуулийн 20.2-т заасан төслийн баг хийнэ.

22.4.Түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 22.3-т зааснаар төслийн саналыг үнэлэхдээ дараах асуудлыг судалж үзнэ:

22.4.1.төсөл санаачлагчийн оюуны өмч, бизнесийн нууц болон бусад тусгай эрхийг ашиглахгүйгээр үр дүнтэй хэрэгжих боломжтой төсөл эсэх;

22.4.2.төслийг хэрэгжүүлэхэд төсвөөс аливаа төлбөрийн болон болзошгүй төлбөрийн үүрэг, хариуцлага үүсэх эсэх;

22.4.3.төслийн технологийн шийдэл нь шинэлэг эсэх.

22.5.Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг үнэлэхдээ төслийн саналтай холбоотой оюуны өмч, бизнесийн нууц болон төсөл санаачлагчийн ирүүлсэн мэдээллийг зөвхөн үнэлгээ хийх албан хэрэгцээнд ашиглана.

22.6.Төсөл санаачлагч хувийн хэвшил нь төслийн саналд бүрэн шинжилгээ хийхтэй холбогдсон зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

22.7.Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналд энэ хуульд заасан шаардлага, нөхцөл, журам нэгэн адил үйлчилнэ.

22.8.Хувийн хэвшлээс санаачилсан төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлээр хэрэгжүүлэхэд ач холбогдолгүй, үр ашиггүй гэж үзсэн бол тухайн төслийн саналыг санал гаргасан этгээдэд буцаана.

22.9.Хувийн хэвшлийн санаачилсан төсөл нь түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тогтоогдвол тухайн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

22.10.Хувийн хэвшлийн төсөл санаачлагч этгээд сонгон шалгаруулалтын өрсөлдөөнд оролцохдоо бусад оролцогчийн нэгэн адил үнэлгээний шалгуурт хамаарах ба үнэлгээнд сонгон шалгаруулалтын журамд заасан давуу эрхийн оноог авах эрхтэй.

22.11.Сонгон шалгаруулалтын хугацаанд тодорхой санал ирээгүй тохиолдолд анх санал ирүүлсэн оролцогчтой хэлэлцээ хийх ба гэрээ байгуулах шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ хуульд зааснаар түншлэлийн гэрээ байгуулна.

22.12.Тухайн төсөл дэмжигдсэн эсэхээс үл хамааран энэ хуулийн 22.6-д заасан зардлыг буцаан олгохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ЗАРЛАХ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

23 дугаар зүйл.Түншлэлийн төслийг урьдчилан зарлах

Хэвлэх

23.1.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор урьдчилсан үнэлгээ хийгдэж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсанаас хойш 12 хүртэлх сарын хугацаанд түншлэлийн төслүүдийг нийтэд урьдчилан зарлаж болно.

23.2.Түншлэлийн төслийг урьдчилан зарлах нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийг сонирхож байгаа олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах зорилготой байна.

23.3.Урьдчилан зарласан түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан урьдчилсан үнэлгээг зайлшгүй хийсэн байх ба энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн шинжилгээ хийгдээгүй байж болно.

23.4.Түншлэлийн төслийг урьдчилан зарласан нь тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэр гарсанд тооцохгүй бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлах үүрэг хүлээхгүй.

23.5.Урьдчилан зарласан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшил нь энэ хуулийн 22.1-д заасны дагуу тухайн төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж болно.

23.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Түншлэлийн төвтэй хамтран түншлэлийн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.

24 дүгээр зүйл.Сонгон шалгаруулалт зарлах, олон нийтэд мэдээлэх

Хэвлэх

24.1.Энэ хуулийн 21.7-д заасан Засгийн газрын шийдвэрийн дагуу түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг /цаашид "ажлын хэсэг" гэх/-ийг тухай бүр байгуулах бөгөөд уг ажлын хэсэг түншлэлийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалт зохион байгуулна.

24.2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөндлөнгийн хараат бус гишүүн оруулж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.3.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг Засгийн газраас баталсан жишиг баримт бичиг, гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам, аргачлалын дагуу боловсруулна.

24.4.Ажлын хэсэг төслийн сонгон шалгаруулалтын урилгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд байршуулах, сонгон шалгаруулалтын талаар танилцуулга хийх, уулзалт зохион байгуулах зэргээр олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй.

24.5.Сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа оролцогчид харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллээр жигд хангах, шаардлага тавих, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтална.

24.6.Хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээн авах, үнэлэх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ба ажлын хэсэг сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг ил тод, нээлттэй зарлах, саадгүй олгох, өрсөлдөөний тэнцвэрийг хангах зорилгоор мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.

24.7.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын үр дүнг бусад оролцогчид болон олон нийтэд нээлттэй мэдээлж, танилцуулах үүрэгтэй бөгөөд сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангаж ажиллана.

25 дугаар зүйл.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шат

Хэвлэх

25.1.Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай байна:

25.1.1.урьдчилсан шалгаруулалт;

25.1.2.уралдаант шалгаруулалт.

25.2.Урьдчилсан шалгаруулалтын үе шатанд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:

25.2.1.ажлын хэсэг урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;

25.2.2.урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт холбогдох журамд зааснаас гадна дараах мэдээллийн талаарх шалгуур үзүүлэлтийг тусгана:

25.2.2.а.түншлэлийн төслийн танилцуулга, төслийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, жишиг маягт, төсөл хэрэгжүүлэх төрийн түншлэгчийн талаарх мэдээлэл, тайлбар;

25.2.2.б.түншлэлийн төслийн гол хүчин зүйл, хувийн хэвшлийн түншлэгчийн үзүүлэх үйлчилгээ, төрөөс үзүүлэх дэмжлэгийн тухай мэдээлэл;

25.2.2.в.төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн түншлэгчийн санхүү, удирдлага, хүний нөөцийн чадавх, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага;

25.2.2.г.сонгон шалгаруулалтын шалгуур, шалгаруулах үе шат, аргачлал, оролцогчдод өгөх зааварчилгаа, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа;

25.2.2.д.шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл.

25.2.3.урьдчилсан шалгаруулалтыг зарлах;

25.2.4.ажлын хэсэг төрийн түншлэгч байгууллагатай хамтран уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, төсөлтэй холбогдох баримт бичгийн талаар мэдээлэл өгөх;

25.2.5.урьдчилсан шалгаруулалтад оролцох хувийн хэвшлийн саналыг хүлээн авах, урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтын баримт бичгийг олгох;

25.2.6.урьдчилсан шалгаруулалтад хувийн хэвшлээс ирүүлсэн төслийн санал сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэх, шаардлага хангаагүй бол энэ хуулийн 25.2.7-д заасан хугацааны дотор оролцогчид мэдэгдэх;

25.2.7.түншлэлийн төслийг хэрэгжүүлэх шаардлага хангасан буюу урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцогчийн хураангуй жагсаалт гаргах, дараагийн шалгаруулалтад оролцох тухай мэдэгдлийг хураангуй жагсаалт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх.

25.3.Энэ хуулийн 25.1.1-д заасны дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн урьдчилсан шалгаруулалтад оролцох санал ирүүлэх хугацаа нь сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаас хойш 1 сараас доошгүй байна.

/Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.4.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан оролцогч урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэсэн төслийн саналаа битүүмжлэн ажлын хэсэгт ирүүлэх бөгөөд саналыг ирүүлсэн хугацааны дарааллаар бүртгэж авна.

25.5.Урьдчилсан шалгаруулалтын шалгуурыг хангасан оролцогчид уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлэх мэдэгдлийг энэ хуулийн 25.2.7-д заасны дагуу хүргүүлнэ.

25.6.Уралдаант шалгаруулалтын үе шатанд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:

25.6.1.түншлэлийн гэрээний загвар, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;

25.6.2.уралдаант шалгаруулалтын баримт бичигт холбогдох журамд зааснаас гадна дараах мэдээллийг тусгана:

25.6.2.а.түншлэлийн гэрээний гол нөхцөл;

25.6.2.б.оролцогчид тавих шаардлага;

25.6.2.в.сонгон шалгаруулалтын шалгуур болон шалгаруулах арга хэлбэр, аргачлал, оролцогчид өгөх заавар, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа;

25.6.2.г.шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл.

25.6.3.оролцогчид гэрээний нөхцөлийг тусгасан сонгон шалгаруулалтын баримт бичиг олгох;

25.6.4.оролцогч, ажлын хэсэг, төрийн түншлэгч байгууллага, санхүүжүүлэгч болон төсөлд хамаарах этгээдийн төлөөллөөс бүрдсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;

25.6.5.оролцогч гэрээний нөхцөлийг тусгасан төслийн баримт бичгийг энэ хууль, холбогдох журмын дагуу боловсруулж ирүүлэх;

25.6.6.оролцогчийн уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах;

25.6.7.ажлын хэсэг хувийн хэвшлээс ирүүлсэн саналыг үнэлж, хамгийн сайн нөхцөлтэй саналаас эхлэн дараалуулах байдлаар сонгон шалгаруулах;

25.6.8.уралдаант шалгаруулалтын саналыг үнэлэх, шаардлага хангасан болон хангаагүй оролцогчид мэдэгдэл хүргүүлэх;

25.6.9.ажлын хэсэг нь шалгарсан оролцогчтой гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээр хийх;

25.6.10.түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар мэдээлж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах зөвшөөрөл авах хүсэлтийг хүргүүлэх;

25.6.11.хэлэлцээрээр тохиролцсон төслийн саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрлийгтүншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба шаардлага хангаагүй тохиолдолд үндэслэлийг зааж, хүсэлтийг буцаах;

25.6.12.түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 25.6.11-д заасан гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон тохиолдолд түншлэгчтэй гэрээ байгуулах санал, дүгнэлтийг Засгийн газраар хэлэлцүүлэх;

25.6.13.Засгийн газрын шийдвэрийн дагуу хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээ байгуулах, олон нийтэд мэдээлэх.

25.7.Уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн оролцогчийн төслийн баримт бичгийг боловсруулах хугацааг төслийн баримт бичигт тусгана.

25.8.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хувийн хэвшлийн оролцогч талууд төслийн хэрэгцээ, шаардлагыг өөрчлөх, сайжруулах шаардлагатай гэж харилцан тохиролцсон тохиолдолд түншлэлийн төслийн энэ хуулийн 25.2.2, 25.6.2-т заасан мэдээлэлд дурдсан үндсэн шаардлага, талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөлийг өөрчлөхгүйгээр төслийн баримт бичгийг дахин боловсруулж болно.

25.9.Төслийн саналын баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл бүрдэл дутуу ирүүлсэн нь оролцогчийн төслийн саналыг буцаах үндэслэл болно.

26 дугаар зүйл.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах шийдвэр гаргах

Хэвлэх

26.1.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 25.1-д заасан сонгон шалгаруулалтын урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үр дүнг тухай бүр бусад оролцогчид болон олон нийтэд нээлттэй мэдээлэх, танилцуулах үүрэгтэй.

26.2.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтаар энэ хуулийн 25.6.7-д заасны дагуу хамгийн сайн нөхцөлтэй төслийн саналаар шалгарсан оролцогчоос эхлүүлэн хэлэлцээг хийж, үнэлгээ өгнө.

26.3.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хэлэлцээний үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохиролцсон нэг оролцогчтой түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гарган, ажлын 5 өдөрт багтаан дүгнэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

26.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сонгон шалгаруулалт, түншлэгчтэй хийсэн хэлэлцээний дүн, ажлын хэсгийн дүгнэлтийг төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн талаас хянаж, түншлэлийн гэрээ байгуулах эсэх зөвшөөрлийг ажлын 10 өдөрт багтаан олгоно.

26.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон тохиолдолд түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн гэрээ байгуулах тухай санал, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулан түншлэлийн гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргуулна.

27 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага

Хэвлэх

27.1.Хувийн хэвшлийн түншлэгчээр сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна:

27.1.1.төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн хүний нөөц, техник, технологийн чадвар, ажлын туршлагатай байх;

27.1.2.Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу энгийн болон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх;

27.1.3.тухайн хуулийн этгээдийг татан буулгах, дампуурлыг зарлах үйл ажиллагаа эхлээгүй, эд хөрөнгийг нь битүүмжлээгүй, үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зогсоогоогүй байх;

27.1.4.сүүлийн 3 жилийн хугацаанд түншлэлийн гэрээг биелүүлээгүй тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх;

27.1.5.хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан нь ял шийтгэлгүй, төрийн түншлэгч этгээдийн удирдах албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, эсхүл хамаарал бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчилгүй байх;

27.1.6.сонгон шалгаруулалтад оролцогч компанийн эцсийн өмчлөгч болон хараат, охин компани нь харилцан хамааралгүй байх;

27.1.7.сонгон шалгаруулалтад оролцогчид нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу харилцан хамааралгүй байх.

27.2.Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч этгээдэд түншлэлийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 27.1-д зааснаас бусад тусгайлсан шаардлагыг сонгон шалгаруулалтын баримт бичгээр тогтоож болно.

27.3.Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч энэ хуульд заасан шаардлагыг хангасан талаарх мэдээллийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу бүрдүүлнэ.

27.4.Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч этгээд сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь шүүхээр тогтоогдсон бол шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн хугацаанд түншлэлийн төсөл, үйл ажиллагаанд оролцох эрхгүй байна.

27.5.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ хуулийн 27.4-т заасан эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, байгууллагын цахим санд олон нийтэд нээлттэй байршуулна.

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

27.6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд тухайн этгээдийг түншлэлд оролцуулахгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТҮНШЛЭГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, ТҮНШЛЭЛИЙН БАТАЛГАА, ДЭМЖЛЭГ

28 дугаар зүйл.Түншлэгч талуудын чиг үүрэг

Хэвлэх

28.1.Түншлэлд төрийн түншлэгч нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:

28.1.1.хувийн хэвшлийн түншлэгчийн үйл ажиллагаанд төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих, түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу аудитын байгууллагыг оролцуулах;

28.1.2.түншлэлийн гэрээний хүрээнд шаардлагатай баримт бичгийг гаргуулж авах, тухайн объектод саадгүй нэвтрэх;

28.1.3.түншлэлийн төсөл, гэрээ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, үнэлэх, дүгнэлт өгөх;

28.1.4.дэд бүтцийн байгууламжийг хувийн хэвшлийн түншлэгчид түншлэлийн гэрээний дагуу эзэмшүүлж, ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх;

28.1.5.түншлэлийн гэрээнд заасан хугацаа, нөхцөлд үндэслэн түншлэлийн зүйлийн эрхийг хувийн хэвшлийн түншлэгчид олгох;

28.1.6.түншлэлийн гэрээнд заасны дагуу төслийн зардлыг төсвөөс санхүүжүүлэх;

28.1.7.түншлэлийн гэрээнд заасан тохиолдолд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрөөс үзүүлэх дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлэх;

28.1.8.түншлэлийн төслөөр үзүүлэх үйлчилгээний чанар, түвшин, тэдгээрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах;

28.1.9.түншлэлийн гэрээ болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

28.2.Түншлэлд хувийн хэвшлийн түншлэгч нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:

28.2.1.түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлд суурилсан, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;

28.2.2.түншлэлийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгө болон санхүүгийн бусад арга хэрэгслээр бүрдүүлэх;

28.2.3.үйл ажиллагаа, удирдлагын шилдэг туршлага, инноваци, ноу-хауг тухайн салбартаа нэвтрүүлэх;

28.2.4.өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх;

28.2.5.түншлэлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түншлэлийн зүйлтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэх;

28.2.6.түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн түншлэгч этгээдийг түншлэлийн төслийн үйлчилгээний чанар хүртээмж, санхүүгийн мэдээлэл, энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай тайлан, мэдээллээр хугацаанд нь хангаж, түүний үнэн зөв, найдвартай байдлыг хариуцах;

28.2.7.түншлэлийн гэрээ болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

28.3.Түншлэгч талууд нь эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж, эрсдэл хуваарилах нөхцөлийн дагуу түншлэлд тэнцвэртэй байдлыг хангаж ажиллана.

29 дүгээр зүйл.Түншлэлд оролцогч бусад этгээдийн чиг үүрэг

Хэвлэх

29.1.Түншлэлийн төслийг санхүүжүүлэгч, эсвэл санхүүжүүлэхийг сонирхогч тал нь түншлэлийн төслийг санхүүжүүлэх, татан төвлөрүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үүрэгтэй холбоотойгоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрхийг энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу хэрэгжүүлнэ.

29.2.Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад талууд нь холбогдох хууль, түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

30 дугаар зүйл.Түншлэлийн эрсдэлийн удирдлага

Хэвлэх

30.1.Түншлэлийн түншлэгч талууд нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг судалж тодорхойлох, хуваарилах, бууруулах болон хянах зорилгоор түншлэлийн төслийн эрсдэлийн удирдлагыг энэ хуулийн 7.2.4-т заасан аргачлалын дагуу хэрэгжүүлнэ.

30.2.Түншлэгч талуудын хооронд эрсдэлийг хуваарилах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн эрсдэлийг шийдвэрлэхтэй холбогдсон зохицуулалтыг түншлэлийн гэрээнд тусгана.

30.3.Эрсдэлийг хуваарилахад тухайн төслийн онцлогийг харгалзан үнэ болон чанарын харьцааг хадгалж, эрсдэлийг бага зардлаар илүү сайн шийдвэрлэх түншлэгч талд хуваарилах буюу эрсдэлийн хуваарилалтын зохистой байдлыг хангаж ажиллана.

30.4.Түншлэлийн төслийн онцлогоос хамаарч эрсдэлийн шинжилгээнд үндэслэн эрсдэлийг хувийн хэвшлийн түншлэгчид, эсхүл төрийн түншлэгчид, зарим хэсгийг хэрэглэгчдэд болон даатгалын компанид хуваарилж болно.

31 дүгээр зүйл.Засгийн газрын баталгаа

Хэвлэх

31.1.Засгийн газар төслийн бүрэн шинжилгээний үр дүнд үндэслэн түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд дараах баталгааг гаргаж болно:

31.1.1.түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа;

31.1.2.түншлэлийн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгаа.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан баталгааг гаргах, үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгчтэй холбогдох гэрээ байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

31.3.Энэ хуулийн 31.1-д заасан баталгаа нь Засгийн газрын өрийн баталгаанд хамаарахгүй бөгөөд уг баталгааг гаргах, гэрээ байгуулахтай холбогдсон асуудлыг энэ хуулийн 7.2.5-д заасан журмын дагуу зохицуулна.

31.4.Энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлд Засгийн газраас өрийн баталгаа гаргах тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчид Засгийн газрын өрийн баталгааг Өрийн удирдлагын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн гаргаж болно.

31.5.Энэ хуулийн 31.4-т зааснаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар зохицуулна.

32 дугаар зүйл.Төрөөс үзүүлэх дэмжлэг

Хэвлэх

32.1.Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын шийдвэрээр түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчид дараах дэмжлэгийг үзүүлж болно:

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.1.Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах;

32.1.2.төрийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох;

32.1.3.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;

32.1.4.түншлэлийн гэрээнд зааснаар төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг төсвөөс санхүүжүүлэх;

32.1.5.шаардлагатай тохиолдолд түншлэлийн зүйлийг даатгалд хамруулах;

32.1.6.түншлэлийн төслөөр бий болгохоос бусад төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээгээр хангах;

32.1.7.хуульд заасан бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх.

32.2.Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчид хамаарах оюуны өмчийн онцгой эрхийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар шилжүүлж болно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.3.Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлэх нийт дүн нь төслийн нийт зардлаас хэтэрч болохгүй.

32.4.Түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь холбогдох хууль тогтоомж болон түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжинэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ

33 дугаар зүйл.Түншлэлийн гэрээ

Хэвлэх

33.1.Түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулах гэрээнүүд нь тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний эрх зүйн гэрээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарна.

33.2.Түншлэлийн гэрээний талууд нь төрийн түншлэгч талаас тухайн төсөлд хамаарах салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжих орон нутгийн байгууллагын төлөөлөл, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга, нөгөө талаас хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани, төслийн санхүүжүүлэгч хуулийн этгээд байна.

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.3.Түншлэлийн гэрээнд төрийн түншлэгч талыг төлөөлж Засгийн газрын эрх олгосноор төсөл хэрэгжүүлэх салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төсөл хэрэгжих орон нутгийг төлөөлж аймаг, нийслэлийн Засаг дарга, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.4.Төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талууд энэ хуульд заасан нөхцөлийн дагуу түншлэлийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд гэрээнд түншлэгч талууд тэгш эрхтэй оролцоно.

33.5.Засгийн газар, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түншлэлийн гэрээг байгуулах эрх олгоно.

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.6.Түншлэлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, төслийн дагуу гүйцэтгэх ажлын онцлогт нийцүүлэн гэрээний төрөл, хэлбэрийг тодорхойлно.

33.7.Түншлэлийн гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг бүрэн хариуцаж, биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хууль болон гэрээнд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд тухайн түншлэлийн харилцаанд оролцоно.

33.8.Түншлэлийн гэрээг байгуулахдаа дагалдах гэрээ, төслийн үе шат, гэрээний төлбөр, санхүүжилтийн хуваарь болон хэрэгжилтийн төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичгийг хавсралтаар оруулахаар тусгах бөгөөд эдгээр нь түншлэлийн гэрээний салшгүй хэсэг байна.

33.9.Түншлэлийн гэрээний загварыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.

33.10.Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй болон энэ хуулийн 3.2-т заасан түншлэлд үл хамаарах салбарт хэрэгжих төсөлд түншлэлийн гэрээ байгуулахыг хориглоно.

34 дүгээр зүйл.Түншлэлийн гэрээний төсвөөс санхүүжүүлэх үүргийг төсөвт тусгах

Хэвлэх

34.1.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр түншлэгч талууд харилцан тохиролцож, түншлэлийн гэрээг байгуулсан болон иргэд, олон нийт түншлэлийн төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч эхэлсэн нь түншлэлтэй холбоотой төрийн түншлэгчийн хүлээх санхүүгийн болон холбогдох бусад үүргийг бүртгэх, төсвийн төсөлд тусгах үндэслэл болно.

34.2.Түншлэлийн гэрээ байгуулагдсанаар тухайн төслийн бүртгэлийг түншлэлийн мэдээллийн санд хэрэгжиж байгаа төслийн хэсэгт болон болзошгүй өр төлбөрийн бүртгэлд оруулна.

34.3.Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай хуульд заасны дагуу түншлэлийн гэрээний төлбөрийн үүргийг хэрэгжих хугацаатай уялдуулан болзошгүй өр төлбөрт бүртгэж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төсөлд тусгана.

34.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн түншлэлийн гэрээний мэдээлэл, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоо, шинжилгээг хянах ба түншлэлийн гэрээний дагуу төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийг төслийн хэрэгжилт, гүйцэтгэлд үндэслэн жил бүрийн төсвийн төсөлд тусгана.

35 дугаар зүйл.Түншлэлийн гэрээний нөхцөл

Хэвлэх

35.1.Түншлэлийн гэрээний нөхцөлийг түншлэгч талуудын чиг үүрэг, тухайн төслийг хэрэгжүүлэх салбарын онцлог, нөхцөл байдалд уялдуулан уян хатан тодорхойлох бөгөөд энэ хуульд заасан түншлэлийн зарчмыг удирдлага болгоно.

35.2.Түншлэлийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгасан байна:

35.2.1.түншлэлийн хамрах хүрээ, ажил, үйлчилгээний төрөл, хэмжээ, хувийн хэвшлийн түншлэгчийн эрх, үүрэг;

35.2.2.төслийн хугацаа, түншлэлийн зүйлийн талаарх мэдээлэл, төслийг хэрэгжүүлэх хугацаанд хамаарах эд хөрөнгийн эрх;

35.2.3.гэрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, гэрээнд хэрэглэгдэх нэр томьёоны тайлбар;

35.2.4.түншлэлийн гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага;

35.2.5.түншлэгч талуудын хооронд эрсдэл хуваарилах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

35.2.6.төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хэмжээ болон төлөвлөгөө;

35.2.7.түншлэлийн төрлийг тодорхойлох, төслийн зардлыг энэ хуулийн 14.1-т заасан хэлбэрээр санхүүжүүлэх;

35.2.8.төслийн зардлыг нөхөн төлөх болон орлого олох эх үүсвэр, талууд тохиролцсон тохиолдолд Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэмжээ, хугацаа, нөхцөл;

35.2.9.түншлэлийн гэрээний хугацаанд төрийн үйлчилгээг төрийн болон хэрэглэгчийн санхүүгийн чадавхад нийцсэн үнээр хүргэх нөхцөл;

35.2.10.төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг авахад төрөөс үзүүлэх дэмжлэг;

35.2.11.орлого бүрдүүлэх боломжтой төслийн хувьд түншлэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, эсхүл барилга байгууламж болон хөрөнгөөс орох орлогын талаар түншлэгч талуудын эдлэх эрх;

35.2.12.түншлэлийн хүрээнд бий болох бараа, ажил, үйлчилгээнд тавигдах чанарын шаардлага, стандарт нөхцөл;

35.2.13.төслийн хүрээнд бий болгож байгаа бараа, ажил, үйлчилгээнд хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээ тогтоох, батлах журам;

35.2.14.төслийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ;

35.2.15.туслан гүйцэтгэгч, түншлэлийн зүйлийн засвар, арчлалт, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх этгээдийг томилох, туслан гүйцэтгэх гэрээ байгуулах журам;

35.2.16.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл, норм, дүрэм, стандарт нөхцөлийн талаарх шаардлага;

35.2.17.хөрөнгө оруулалтаа хамгаалуулах, Монгол Улсад болон гадаад улс дахь банканд гадаад валютын данстай байх эрх, гадаад валютын арилжаа хийх, орлогыг татан төвлөрүүлэх, хөрвүүлэх нөхцөл;

35.2.18.түншлэлийн зүйлийн мөнгөний үнэ цэнийг тодорхойлох, дагалдах гэрээний нөхцөл, барилга, байгууламжийн өргөтгөл, засвар арчлалт болон үйлчилгээ нь батлагдсан загвар, тавигдсан шаардлага, чанарын стандартыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулах;

35.2.19.түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчийн эрх хэмжээ, үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл;

35.2.20.хувийн хэвшлийн түншлэгчээс түншлэлийг хэрэгжүүлэхэд гаргах төсөл хэрэгжүүлэх баталгаа, үнэт цаас, бусад баталгааны хэрэгсэл болон даатгалын гэрээ;

35.2.21.түншлэлийн гэрээний биелэлт, төслийн хэрэгжилт, үр дүнгийн хяналт шалгалт, мониторинг үнэлгээ хийх асуудал;

35.2.22.хувийн хэвшлийн түншлэгчийн гүйцэтгэх ажил, үйлчилгээнд холбогдох төрийн байгууллагаас тавих хяналт болон шаардлагатай тохиолдолд ажил, үйлчилгээний нөхцөлийг хязгаарлах үндэслэл;

35.2.23.түншлэлийн төслийг зүй зохистой хэрэгжүүлэх хүрээнд төрийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасан болон түншлэлийн гэрээнд тусгагдсаны дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээний зохицуулалт;

35.2.24.төслийн тогтвортой байдал, байгаль орчин, нийгэм, олон нийтэд хамаарах заалтууд;

35.2.25.хувийн хэвшлийн түншлэгчийн төрийн түншлэгч талд төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар тайлагнах, шаардлагатай мэдээлэл гаргаж өгөх үүрэг;

35.2.26.хувийн хэвшлийн түншлэгчийн түншлэлийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтай холбоотой их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл, хувьцаа эзэмшигчтэй, эсхүл бусад нэгдмэл сонирхолтой этгээдтэй байгуулах гэрээг төрийн түншлэгчийн зүгээс хянах болон зөвшөөрөх эрх;

35.2.27.түншлэлийн гэрээ болон төслийн хэрэгжилтийн мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээллийн нууцлалтай холбоотой талуудын эрх, үүрэг;

35.2.28.түншлэлийн гэрээний дагуу шилжүүлэх хөрөнгийг эзэмших, ашиглах хугацаа, нөхцөл;

35.2.29.түншлэл дуусгавар болсны дараах талуудын эрх, үүрэг, зөрчил гаргасан нөхцөлд талуудын авах арга хэмжээ, төрийн түншлэгч болон зээлдэгчийн бусдын өмнөөс үүрэг хүлээх эрх;

35.2.30.түншлэлийн хүрээнд маргаан шийдвэрлэх журам;

35.2.31.түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах нөхцөл, түншлэлийн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах үндэслэл;

35.2.32.түншлэлийн гэрээний дагуу талуудын хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэх шалгуур үзүүлэлт, үүргийг гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт;

35.2.33.түншлэлийн гэрээ дуусгавар болоход түншлэлийн зүйлийг буцаан шилжүүлэх, түншлэлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд талуудад олгох нөхөн төлбөрийг тооцох аргачлал;

35.2.34.түншлэлийн гэрээний талуудын бүтэн нэршил, оршин байгаа газар /хуулийн этгээдийн албан ёсны хаяг/, банкны мэдээлэл, талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл;

35.2.35.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүссэнээр гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан бол талуудын хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл;

35.2.36.түншлэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, нөхөн олговор олгох нөхцөл, хэмжээ;

35.2.37.гэрээнд шаардлагатай холбогдох бусад нөхцөл.

35.3.Түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх түншлэлийн тодорхой төрөлд тусгайлсан шаардлага тавигдах тохиолдолд уг шаардлагыг холбогдох хууль тогтоомжоор тодорхойлно.

36 дугаар зүйл.Түншлэлийн гэрээний хугацаа

Хэвлэх

36.1.Түншлэлийн гэрээний хугацааг төслийг хэрэгжүүлэх салбар, төслийн үндсэн шинж болон гэрээний төрлөөс хамаарч талуудын харилцан тохиролцсоноор тогтооно.

36.2.Түншлэлийн гэрээний хугацаа 30 жилээс илүүгүй байна.

36.3.Түншлэлийн гэрээний хугацааг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

36.3.1.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нөхцөл, хэмжээ;

36.3.2.төслийн хүрээнд дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглалтад оруулах, өргөтгөх, засаж сайжруулах хугацаа;

36.3.3.төслийн дэд бүтэц, барилга байгууламжийн элэгдлийн хугацаа;

36.3.4.хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын дагуу барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээнд тавигдах шаардлага;

36.3.5.хуулиар дэд бүтэц, үйлчилгээний салбарт тогтоосон өрсөлдөөн, зах зээлийн тогтолцоотой холбоотой бодлого.

37 дугаар зүйл.Хэлэлцээ хийж гэрээ байгуулах нөхцөл

Хэвлэх

37.1.Энэ хуулийн 13.2, 21.7-д заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчтэй дараах тохиолдолд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалтгүйгээр хэлэлцээ хийж гэрээ байгуулж болно:

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

37.1.1.оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар ажил, үйлчилгээг зөвхөн оюуны өмчийн эрх эзэмшигчээс, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны зөвхөн нэг этгээд гүйцэтгэх боломжтой болон тухайн ажил, үйлчилгээг зөвхөн нэг эх үүсвэрээс гүйцэтгэх боломжтой бусад тохиолдолд;

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.1.2.онц байдал тогтоосон, эсхүл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлснээс үүссэн хэрэгцээ, шаардлагыг хангахтай холбогдуулан төслийг нэн яаралтай хэрэгжүүлэх бол.

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

37.2.Энэ хуулийн 37.1.1, 37.1.2-т заасан саналыг түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд гэрээ байгуулах асуудлыг энэ хуулийн 7.2.3, 37.10-т заасан журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.3.Хэлэлцээ хийж гэрээ байгуулах нөхцөлтэй түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтаас бусад харилцаа энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

37.4.Энэ хуулийн 37.1-д зааснаас бусад тохиолдолд хэлэлцээ хийж гэрээ байгуулахыг хориглоно.

37.5.Энэ хуулийн 37.1-д заасныг зөрчиж гэрээ байгуулах шийдвэр гаргасан албан тушаалтан тухайн шийдвэртэй холбоотой хохирлыг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно.

37.6.Энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд энэ хуулийн 37.1.1, 37.1.2-т заасан саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.3-т заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.7.нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хангах нэн яаралтай нөхцөл үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан аргаар түншлэлийн төслийг зарлаж, сонгон шалгаруулах хугацааг мөрдөх боломжгүй тохиолдолд энэ хуулийн  37.1-д заасны дагуу хэлэлцээ хийж гэрээ байгуулж болох бөгөөд төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батална.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.8.Энэ хуулийн 37.7-д заасан түншлэлийн төслийг Засгийн газар хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.9.Засгийн газар энэ хуулийн 37.8-д заасан бүрэн эрхээ аймаг, нийслэлд шилжүүлж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.Энэ хуулийн 37.8-д заасан түншлэлийн төслийн хэлэлцээг хийх, гэрээ байгуулах асуудлыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулах ба дараах журмыг баримтална:

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.1.хэлэлцээ хийж,  дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.2.төслийг хэрэгжүүлэх 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид төслийн санал ирүүлэх урилга хүргүүлэх;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.3.хувийн хэвшлийн түншлэгчээс төслийн санал хүлээн авах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.4.төслийн санал ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийх;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.5.хамгийн сайн нөхцөл санал болгосон хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.6.энэ хуулийн 37.10.5-д заасан дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлж, түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.7.түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран түншлэлийн гэрээ байгуулах, энэ хуульд заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.11.Энэ хуулийн 37.9-д заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэгч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.Аймаг, нийслэлийн Засаг дарга хэлэлцээ хийж, гэрээ байгуулахад энэ хуулийн 13.3-т заасан журмаас гадна дараах журмыг баримтална:

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.1.хэлэлцээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.2.төслийг хэрэгжүүлэх 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид төслийн санал ирүүлэх урилга хүргүүлэх;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.3.хувийн хэвшлийн түншлэгчээс төслийн санал хүлээн авах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.4.төслийн санал ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийх;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.5.хамгийн сайн нөхцөл санал болгосон хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.6.энэ хуулийн 37.12.5-д заасан дүгнэлтийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.7.түншлэлийн гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

38 дугаар зүйл.Түншлэлийн гэрээний нууцлал

Хэвлэх

38.1.Төрийн түншлэгч байгууллагын холбогдох албан тушаалтан түншлэлийн гэрээ байгуулах болон хэлэлцээ хийх явцад хувийн хэвшлийн этгээдээс ирүүлсэн хуулиар хамгаалагдсан нууцыг хадгалах үүрэгтэй.

39 дүгээр зүйл.Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг сунгах

Хэвлэх

39.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлд үндэслэн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналаар дараах тохиолдолд түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ:

39.1.1.түншлэлийн гэрээний агуулгын ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ, мэдэгдэхүйц өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй болох нь тогтоогдсон бөгөөд талуудаас түншлэлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан бол;

39.1.2.гэнэтийн болон давагдашгүй, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас төслийн техникийн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын тохиролцсон нийт хэмжээ өөрчлөгдсөн, хуульд зааснаар нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн тайланд өөрчлөлт орсон, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс бий болсон бөгөөд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд харилцан тохиролцсон бол;

39.1.3.төрийн түншлэгчээс түншлэлийн гэрээний хамрах хүрээг өргөжүүлэн анхны гэрээнд тусгаагүй боловч зайлшгүй шаардлагатай ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн түншлэгчээр нэмэлтээр хийлгэх шаардлагатай болсон бол.

39.2.Энэ хуулийн 39.1.3-т заасан түншлэлийн төслийн нэмэлт ажил, үйлчилгээ дараах шаардлагыг хангасан байна:

39.2.1.эдийн засаг, техникийн шийдлийн хувьд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж, анхны гэрээний хүрээнд хийсэн ажил, үйлчилгээтэй уялдаатай, харилцан хамааралтай, сэлгэн ажиллуулах боломжтой байх;

39.2.2.хувийн хэвшлийн өөр түншээр хийлгэх нь нийтийн ашиг сонирхолд үл нийцэх, төрийн түншлэгчийн хувьд илүү их ажиллагаа, хугацаа шаардах, нэмэлт зардал гарахаар бол.

39.3.Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь анх тохирсон гэрээний үнийн дүнг 15-аас дээш хувиар өсгөхөөр бол, эсхүл анхны гэрээнд заагаагүй ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн түншлэгч нэмэлтээр үзүүлэх үр дагавартай бол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

39.4.Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа түншлэлийн гэрээний гол нөхцөлийг өөрчлөхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

39.5.Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээг дахин сунгахгүйгээр дуусгавар болгох эрхтэй бөгөөд дараах тохиолдолд гэрээний хугацааг сунгахаар талууд зөвшилцөж болно:

39.5.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг талын хяналтаас давсан нөхцөл байдал үүссэнээс төслийн үйл ажиллагаа зогссон;

39.5.2.төрийн түншлэгчээс гаргасан түншлэлийн гэрээнд тусгагдаагүй шаардлагыг хангахад төслийн нийт өртөг өссөн бөгөөд хувийн хэвшлийн түншлэгч уг зардлыг гэрээний хугацаа сунгахгүйгээр нөхөх боломжгүй болсон.

39.6.Энэ хуулийн 36.2-т заасан хугацааг энэ хууль болон гэрээнд заасан шаардлага, үндэслэлээр Засгийн газрын зөвшөөрлийн үндсэн дээр талууд гэрээний хугацааг нэг удаа 10 хүртэлх жилээр сунгаж болно.

40 дүгээр зүйл.Түншлэлийн гэрээг цуцлах, дуусгавар болгох

Хэвлэх

40.1.Түншлэлийн гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно:

40.1.1.түншлэлийн гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон бөгөөд талууд сунгах хүсэлт гаргаагүй;

40.1.2.түншлэлийн гэрээний нэг тал гэрээний үүргийг зөрчсөн, зөрчлийг арилгах үр дүнтэй арга хэмжээ аваагүй;

40.1.3.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон бөгөөд арилгах боломжгүй болсон;

40.1.4.хууль болон түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгч төлбөрийн чадваргүй болсон буюу татан буугдсан;

40.1.5.энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан.

40.2.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн гэрээг дараах тохиолдолд төрийн түншлэгчийн санаачилгаар цуцална:

40.2.1.хувийн хэвшлийн түншлэгч гэрээг ноцтой зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон;

40.2.2.хувийн хэвшлийн түншлэгч татан буугдсаны улмаас түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг арилгах зорилгоор;

40.2.3.түншлэлийн гэрээг энэ хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан нь тогтоогдсон бол.

40.3.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж болно:

40.3.1.төрийн түншлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж түншлэлийн төслийг түр зогсоосон;

40.3.2.төрийн түншлэгч байгууллага хувийн хэвшлийн түншлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хувийн хэвшлийн түншлэгчийг түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид биелүүлэх боломжгүйд хүргэсэн хууль бус шийдвэр гаргасан, эсхүл хориглосон арга хэмжээ авсан;

40.3.3.түншлэлийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан хувийн хэвшлийн түншлэгчид эзэмшүүлж, ашиглуулсан газар, бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөд гэрээ байгуулахаас өмнө өр төлбөр байсан нь илэрсэн, эсхүл гэрээг байгуулах үед хувийн хэвшлийн түншлэгчид мэдэгдээгүй зөрчил илэрсэн бөгөөд эдгээр нь гэрээг хэвийн үргэлжлүүлэхэд боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн бол.

40.4.Түншлэлийн гэрээг цуцлахад талуудад олгох нөхөн төлбөрийг хэрхэн тооцохыг гэрээнд заах ба түншлэлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зохих үнэ цэн, гарсан зардал, тухайн талд учирсан бодит хохирлыг оруулж болно.

40.5.Энэ хууль болон түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болсноор эрх шилжүүлэх, түншлэлийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдох асуудлыг энэ хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар зохицуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

41 дүгээр зүйл.Төсөл хэрэгжих газрын эрхийн асуудал

Хэвлэх

41.1.Хувийн хэвшлийн түншлэгч төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах эрхийг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эдэлнэ.

41.2.Түншлэлийн гэрээнд төсөл хэрэгжих газрын эрх, түүнийг шилжүүлэх асуудлыг нарийвчлан тусгах бөгөөд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарахаас өмнө төслийг хэрэгжүүлэх газрын боломжит байдлыг судалж, шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжүүлэх газрыг солих буюу эргүүлэн авах эсэхийг шийдвэрлэсэн байна.

41.3.Төрийн түншлэгч төсөл хэрэгжүүлэх газартай холбоотой дараах үүргийг хүлээнэ:

41.3.1.төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрыг холбогдох хуульд заасны дагуу нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, шаардлагатай тохиолдолд худалдан авах;

41.3.2.төрийн өмчийн газрыг тодорхой болзол, гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэлд ашиглуулах;

41.3.3.хувийн хэвшлийн түншлэгчийг гуравдагч этгээдийн эзэмшил газарт нэвтрэх, дамжин өнгөрөх, эзэмшил газар дээр ажил, засвар үйлчилгээ хийх нөхцөл боломжоор хангах;

41.3.4.төсөл хэрэгжүүлэх газрын нийтийн эзэмшлийн газарт түр хугацаанд сервитут тогтоох;

41.3.5.хувийн хэвшлийн түншлэгч газрыг түншлэлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад саад учруулахгүй байх, тухайн газар дээр ажил, үйлчилгээгээ явуулах нөхцөл, боломжоор хангах;

41.3.6.төсөл хэрэгжүүлэх газрын эзэмших, ашиглах эрхийг төрийн бусад байгууллагаас хууль бусаар хураан авахгүй байх.

41.4.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн газрыг төслийн хамрах хүрээнээс гадуур нэмэлт ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд хэсэгчлэн түрээслэх, шилжүүлэн ашиглахыг хориглоно.

42 дугаар зүйл.Хувийн хэвшлийн түншлэгч, төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалттай компанийн бүтэц, зохион байгуулалт

Хэвлэх

42.1.Түншлэлийн гэрээнд хувийн хэвшлийн түншлэгч, эсхүл түүний нэр дэвшүүлсэн бусад компани нь төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зориулалтын компани байгуулахаар зааж болно.

42.2.Төслийн тусгай зориулалтын компанийг Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулж, бүртгүүлсэн байна.

42.3.Гадаад улсад бүртгэлтэй, гадаадын хуулийн этгээд төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалттай компанийн хувьцааны зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь эзэмшиж болно.

42.4.Гадаад улсад бүртгэлтэй, гадаадын хуулийн этгээд нь Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтад оролцож, саналаа ирүүлж болно.

42.5.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй байна.

42.6.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд хувийн хэвшлийн түншлэгч компани, эсхүл тусгай зориулалттай компанийн хувьцаа эзэмшигч байж болно.

/Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.7.Төслийн хэрэгжилтийн явцад тусгай зориулалтын компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагатай болсон, эсхүл компанийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд төрийн түншлэгчид мэдэгдэж зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрлийг үндэслэлгүйгээр хойшлуулж болохгүй.

42.8.Тусгай зориулалтын компанийг хуулийн этгээдээр бүртгүүлснээс хойших хугацаанд компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төрийн түншлэгчээс зөвшөөрөл авах дүрэм, журам, эдгээрт зарчмын өөрчлөлт оруулах нөхцөлийг түншлэлийн гэрээнд заах ба эдгээр нөхцөл, журам нь анхны сонгон шалгаруулалтын баримт бичигт заасантай ижил байна.

43 дугаар зүйл.Төслийн хөрөнгийн өмчлөл, бүртгэл

Хэвлэх

43.1.Төслийн хөрөнгийн өмчлөлийн асуудлыг холбогдох хууль тогтоомж болон түншлэлийн гэрээгээр зохицуулах бөгөөд дараах байдлаар гэрээнд тусгаж болно:

43.1.1.төрийн түншлэгч этгээдэд шилжүүлэх хөрөнгө;

43.1.2.төрийн түншлэгч этгээд өөрийн сонголтоор худалдан авах хөрөнгө;

43.1.3.хувийн хэвшлийн түншлэгчийн эзэмшилд үлдэх хөрөнгө.

43.2.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн зүйл нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарна.

43.3.Түншлэлийн зүйлийг ашиглах явцад бий болсон биет эд хөрөнгө болон оюуны өмч, оюуны үнэт зүйл нь төрийн, эсхүл орон нутгийн өмчид хамаарна.

43.4.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн зүйлийг эзэмших, ашиглах хугацаанд олсон энэ хуулийн 43.3-т зааснаас бусад ашиг, орлого нь түншлэлийн гэрээний хугацаанд хувийн хэвшлийн түншлэгчийн өмчид хамаарна.

43.5.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгчид ашиглуулахаар шилжүүлсэн түншлэлийн зүйл, газар ба бусад эд хөрөнгө нь гэрээнд заасан зориулалтаар цаашид ашиглагдах боломжгүй, эсхүл шаардлагагүй болсноос бусад тохиолдолд төрийн түншлэгч болон төрийн бусад байгууллага, албан тушаалтан түншлэлийн гэрээ дуусгавар болохоос өмнө түүнийг буцаан авах, эсхүл захиран зарцуулах шийдвэр гаргахыг хориглоно.

43.6.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн зүйлийг гэрээнд заасан тохиолдолд гэрээний хугацаа, нөхцөл, журмын дагуу эзэмшиж, ашиглаж, барьцаалж болно.

43.7.Түншлэлийн гэрээний нөхцөлөөс хамаарч гэрээний хугацаа дуусахад хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн хүрээнд бий болсон, эсхүл түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид гэрээнд заасны дагуу шилжүүлнэ.

44 дүгээр зүйл.Төслийн хөрөнгө оруулалт, барьцаа, төсөл хэрэгжүүлэх баталгаа

Хэвлэх

44.1.Хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн төслийн хөрөнгө оруулалтыг дараах эх үүсвэрээр санхүүжүүлж болно:

44.1.1.хувийн хэвшлийн түншлэгчийн өөрийн хөрөнгө;

44.1.2.өрийн санхүүжилт;

44.1.3.төсвөөс тодорхой санхүүжилтийг гаргах;

44.1.4.бусад санхүүгийн эх үүсвэр.

44.2.Энэ хуулийн 44.1.4-т заасан эх үүсвэрт Монгол Улсын Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт хамаарахгүй.

44.3.Хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалтын болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой нийт зардлыг энэ хуулийн 14.2, 14.3, 14.4-т заасны дагуу санхүүжүүлнэ.

44.4.Түншлэлийн гэрээнд түншлэлийн төслийн барьцааны зүйлийн талаар зохицуулж болох бөгөөд барьцааны зүйл нь нийтийн өмчийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл борлуулалтын авлага байж болно.

44.5.Хувийн хэвшлийн түншлэгч энэ хуулийн 44.4-т заасны дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн түншлэгчид тухай бүрд мэдэгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааны эрх, төсөл хэрэгжүүлэх зорилгоор авсан тусгай зөвшөөрлийг барьцаалахыг хориглоно.

44.6.Хувийн хэвшлийн түншлэгч компанийн хувьцаа эзэмшигч төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааг төрийн түншлэгч зөвшөөрсөн тохиолдолд барьцаалуулж болно.

44.7.Хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан хугацаа, стандарт болон зардлын дагуу түншлэлийн төслийг хугацаанд нь гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх баталгааг гаргаж, төлбөрийг гэрээнд заасны дагуу Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймгийн орон нутгийн сан болон нийслэлийг хөгжүүлэх санд гэрээ байгуулахаас ажлын 5 өдрийн өмнө шилжүүлнэ.

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

44.8.Төсөл хэрэгжүүлэх баталгааны хувь хэмжээг төслийн төрөл, гэрээний хэлбэрээс хамаарч түншлэгч талууд гэрээнд тусгаж тохиролцох бөгөөд энэ нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас илүүгүй байна.

44.9.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн гэрээний дагуу нийтэд зориулсан барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой түрээс, төлбөр, хураамж авах эрхтэй бөгөөд төлбөр, хураамжийн хэмжээ тогтоох, түүнийг өөрчлөх аргачлалыг түншлэлийн гэрээнд тодорхой заана.

44.10.Төрийн түншлэгч нийтэд зориулсан барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хэрэглэгчээс төлсөн төлбөр, хураамжийг түншлэлийн гэрээнд заасны дагуу хувийн хэвшлийн түншлэгчид шилжүүлнэ.

45 дугаар зүйл.Хэрэглэгчийн төлбөрийг тогтоох

Хэвлэх

45.1.Түншлэлийн гэрээ болон түүний хавсралт баримт бичгүүдэд тухайн төслийн онцлогоос хамаарч хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээг хэрхэн тогтоох, энэ талаарх түншлэлийн талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой тусгах бөгөөд хэрэглэгчийн төлбөрийн хэмжээ тогтоосон шийдвэр нь нийтэд ил тод байна.

45.2.Төрийн түншлэгч нь тухайн төслийн онцлогоос хамаарч хувийн хэвшлийн түншлэгчтэй урт хугацаанд, тогтвортой байдлыг хангаж ажиллах зорилгоор түншлэлийн гэрээнд тусгах хэрэглэгчийн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож энэ хуулийн 7.1.7-д заасны дагуу шийдвэрлүүлж болно.

45.3.Төрийн түншлэгч нь төслийн онцлогт нийцүүлэн хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээг тогтоох аргачлалыг өгөөжийн түвшин тооцох болон үнийн хязгаарлалтын, эсхүл энэ хоёрын холимог аргын хүрээнд боловсруулж, түншлэлийн гэрээнд тусгана.

45.4.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн гэрээгээр тогтоосон төлбөр, хураамж, тарифын хэмжээний хязгаарлалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.

45.5.Хэрэглэгчийн төлбөр, хураамжийг түншлэлийн гэрээнд тогтоохдоо нийтэд ил тод мэдээлж, хэрэгжүүлнэ.

46 дугаар зүйл.Түншлэлийн гэрээний хувийн хэвшлийн хяналтын эрхийг шилжүүлэх

Хэвлэх

46.1.Хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчийн зөвшөөрөлгүйгээр түншлэлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэхийг хориглоно.

46.2.Хувийн хэвшлийн түншлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрийн түншлэгчээс гэрээг цуцлах эрхтэй болох, эсхүл гэрээг цуцлах болон гэрээнд заасан бусад нөхцөл үүссэн тохиолдолд төслийн санхүүжүүлэгч, эсхүл зээлдүүлэгч нь гэрээнд заасны дагуу санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрхийг хэрэгжүүлж болно.

Тайлбар: "Санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрх" гэдэгт санхүүжүүлэгч, эсхүл зээлдүүлэгч нь түншлэлийн гэрээний үүргээ зөрчсөн хувийн хэвшлийн түншлэгчийн эрх, үүргийг энэ хуульд заасан шаардлагыг хангасан өөр этгээдэд төрийн түншлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлэхийг ойлгоно.

46.3.Түншлэлийн гэрээнд заасан тохиолдолд гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас олон нийт, хэрэглэгчдэд эрсдэл учирсан, эсхүл төрийн түншлэгчээс түншлэлийн гэрээг цуцлах нөхцөл бий болсон тохиолдолд төрийн түншлэгч нь хувийн хэвшлийн түншлэгчийн үйлчилгээ үзүүлэх эрхийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг уг нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд шилжүүлж авах эрхтэй.

46.4.Хувийн хэвшлийн түншлэгч компанийн хувьцаа эзэмшигч нь төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш түншлэлийн гэрээнд тусгагдсаны дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийн ажил дууссанаас хойш төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг төрийн түншлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гуравдагч этгээдэд шилжүүлж болно.

46.5.Энэ хуулийн 46.2-т заасан тохиолдолд түншлэлийн гэрээнд төрийн түншлэгчээс гуравдагч этгээдэд эрх, үүрэг шилжүүлэх зөвшөөрөл өгөх нөхцөл болзол, гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн авсан шинэ түншийг хүлээн зөвшөөрөх, үйлчилгээ үзүүлэхэд хангалттай техникийн болон санхүүгийн чадавхтай эсэхийг нотлох шаардлагыг тодорхой заана.

46.6.Төрийн түншлэгч нь түншлэлийн төслийн бүх үе шатанд түншлэлийн гэрээнд заасан хяналтын эрхийг хэрэгжүүлнэ.

47 дугаар зүйл.Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалт

Хэвлэх

47.1.Түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийг хүлээн авах, ашиглахтай холбогдсон харилцааг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.

47.2.Түншлэлийн төслийн нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглалтад оруулах, турших, ашиглах, засвар үйлчилгээ болон аюулгүй байдал, чанар, стандарттай холбоотой асуудлыг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.

47.3.Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалтад төрийн түншлэгч болон тухайн салбарын мэргэжлийн байгууллага хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

47.4.Түншлэлийн гэрээнд нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийн төслийн ашиглалттай холбоотой дараах асуудлыг тусгана:

47.4.1.хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулан үйлчилгээний төрлийг өөрчлөх нөхцөл;

47.4.2.үйлчилгээний тасралтгүй, хүртээмжтэй байдлыг хангах шаардлага;

47.4.3.бүх үйлчлүүлэгчдэд ижил тэгш нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх.

47.5.Хувийн хэвшлийн түншлэгчийн хариуцаж байгаа нийтийн зориулалттай дэд бүтцийн болон барилга байгууламжийн сүлжээнд бусад хэрэглэгч холбогдоход хязгаарлалт тогтоохыг хориглоно.

47.6.Төрийн түншлэгчийн зөвшөөрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь нийтийн зориулалттай дэд бүтцийн болон барилга байгууламжийн ашиглалтын дүрэм тогтоох, мөрдүүлэх эрхтэй.

47.7.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ тухайн дэд бүтэц, төрийн үйлчилгээнд үр дүнгийн үзүүлэлтийг хангаж ажиллах үүрэгтэй.

Тайлбар: "Үр дүнгийн үзүүлэлт" гэж түншлэлийн төслийн хүрээнд үзүүлэх үйлчилгээ, стандарт болон шаардлагыг ойлгоно.

47.8.Хувийн хэвшлийн түншлэгч нь техникийн аюулгүй байдал болон түншлэлийн гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас гарсан аливаа хохирлыг бие даан хариуцаж, өөрийн хөрөнгөөр барагдуулах үүрэгтэй.

48 дугаар зүйл.Түншлэлийн гэрээ дуусгавар болоход санхүүжилт болон эрх шилжүүлэх асуудал

Хэвлэх

48.1.Түншлэлийн гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн хүрээнд эзэмшиж, ашиглаж байсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, инноваци, ноу-хау, оюуны өмч, техникийн бичиг баримт, төслийн үйл ажиллагаатай холбоотой эрхийг төрийн түншлэгчид шилжүүлэн өгнө.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан ажиллагааг түншлэлийн гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу хамтарсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд хамтарсан ажлын хэсгийг түншлэл болон тухайн төслийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулна.

48.3.Түншлэлийн гэрээ дуусгавар болсонтой холбоотой түншлэгч талууд болон санхүүжүүлэгч талын хүлээх санхүүгийн эрх, үүргийг түншлэлийн гэрээнд тодорхойлох бөгөөд хөрөнгө оруулалт, өр төлбөр, нөхөх олговор, нэмэлт санхүүжилт, зардлын хэтрэлт, санхүүгийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байна.