- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн дараах зүйл, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/12 дугаар зүйлийн 12.1.22 дахь заалт:
"12.1.22.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрлийг олгох."
2/ 30 дугаар зүйл:
"30 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэл
30.1.Төсвийн хөрөнгө оруулалт болон төсвийн эрсдэлийн оновчтой удирдлагыг хангах зорилгоор нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж болно.
30.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.
30.3.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн үүрэг нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
30.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, төлбөрийн үүрэг, болзошгүй өр төлбөр, эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана.
30.5.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно."
3/32 дугаар зүйлийн 32.2.21 дэх заалт:
"32.2.21.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу түншлэлээр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан төслүүдийн танилцуулга, мэдээлэл, хэрэгжилт, үр дүн, төсөвтэй уялдсан байдал болон төсвөөс санхүүжүүлэх төрлөөр гэрээ байгуулсан төслүүдийн төсвөөс төлөх төлбөрийн хуваарь, төсвийн төсөлд тусгах саналыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлснээр хянаж тусгасан мэдээлэл."
4/33 дугаар зүйлийн 33.2.9 дэх заалт:
"33.2.9.Энэ хуулийн 32.2.21-д заасан мэдээллийг хавсралтаар /төслийн нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, гэрээний төрөл, хэлбэр, хувийн хэвшлийн түншлэгч болон түншлэлийн гэрээний мэдээлэл, төсөвт өртөг, тухайн жилд төсвөөс төлөх төлбөр, болзошгүй өр төлбөрийн мэдээлэл, дүн, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаарх мэдээлэл/."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.48 дэх заалтын "арга хэмжээтэй" гэснийг "арга хэмжээ болон төр, хувийн хэвшлийн түншлэлтэй" гэж, 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийн "концессын" гэснийг "төр, хувийн хэвшлийн түншлэлийн" гэж, 52 дугаар зүйлийн 52.6.3 дахь заалтын "Концессын" гэснийг "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
