- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 11.35 дугаар зүйл нэмсүгэй:
"11.35 дугаар зүйл.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль зөрчих
1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох арилжааны зуучлагч нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч нь биржийн арилжаанд оролцогчийн тухайн үйлчилгээнд хамаарах бүтээгдэхүүн болон мөнгөн хөрөнгийн бэлэн байдлыг хангаж чадаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжаанд оролцогчид нь хуульд заасан мэдээллийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөөгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Уул уурхайн бүтээгдэхүүний бирж, түүний удирдлага, холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаагүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч нь бүртгэлээс хасагдсан тохиолдолд харилцагчид нэн даруй мэдэгдээгүйгээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
