- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 10.1, 10.2, 10.3, 10.4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага
Эрүүгийн хэргийн танхимаас шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай болох нь дараах байдлаар тогтоогдсон гэж үзлээ.
2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас тайлбар гаргах шаардлагатай гэж үзсэн зүйл, хэсэг, заалтад санал авах тухай Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/3605 дугаартай албан бичгийн дагуу нийслэл болон орон нутгийн 28 шүүхээс гаргасан саналын үндэслэлийг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нэгтгэж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/668 дугаартай албан бичгээр Эрүүгийн хэргийн танхимд ирүүлсэн болно. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс гаргасан саналыг судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл, мөн зүйлийн 10.3 болон 10.4 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журмыг зохицуулсан зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулах саналыг 5 шүүх ирүүлжээ.
2.2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1638 дугаар албан бичгээр "Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон гурван шүүгчээс татгалзсан тохиолдолд уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэх эсэх" талаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/2891 дугаартай албан бичгээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ", мөн зүйлийн 6 дахь хэсэгт "... нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан бөгөөд дээрх зүйлд заасан нийт шүүгч гэдгийг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний бүх шүүгч, эсхүл тухайн шүүхийн нийт шүүгч гэж үзэн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхэд ойлгомжгүй байдал үүсэж байх тул дээрх хуулийн зүйл, хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх" талаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1003 дугаартай албан бичгээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "... энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл", мөн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "... нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах ..." гэснийг, мөн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4 болон 7 дахь хэсгийн заалттай уялдуулан татгалзагдсан шүүгч шүүгчдийн зөвлөгөөнд оролцож, санал өгөх эрхтэй эсэхийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулах хүсэлтийг тус тус Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд ирүүлсэн байна.
2.3. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2022 онд эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон үндэслэлээр шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоолгох талаар анхан болон давж заалдах шатны зарим шүүхээс ирүүлсэн 10 хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тухайлбал, хэргийн оролцогч нь шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс гадна томилогдоогүй шүүгчийг хамруулан тухайн шүүхийн нийт шүүгчээс хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөн хангаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл", мөн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "... нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт"-ийг шийдвэрлэх журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн харьяаллыг өөрчлөх хүсэлтийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болсон байна.
2.4. Эрүүгийн хэргийн танхимын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл, түүнийг шийдвэрлэх журмын талаар шүүхүүдээс ирүүлсэн саналыг хэлэлцээд, холбогдох шүүхийн шийдвэр, практикийг судлах шаардлагатай гэж үзэж, судалгаа хийлгэхээр захиалга өгсний дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс холбогдох судалгааг хийж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тайланг ирүүлжээ.
Судалгааны дүгнэлтээс үзэхэд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1.4-т заасан "... энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл" гэх заалтын агуулгыг хэт өргөжүүлэн ойлгож, хэрэглэх хандлага түгээмэл байна.
Түүнчлэн хүсэлт гаргагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль, дүрмүүдэд заасан тодорхой үндэслэлийг дурдахгүйгээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч шийдвэрлэх, энэхүү шийдвэртээ хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээний актуудад тодорхойлсон үндэслэлүүдийг баримтлахгүйгээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдол гарсан байна.
Иймд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэл, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд шүүхийн практикт үүссэн ойлголтын зөрүү, хуулийн буруу хэрэглээг арилгах, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс ирүүлсэн санал, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хийсэн судалгааны тайланг Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулахаар шийдвэрлэжээ.
2.5. Шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, бусад оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч хуульд заасан үндэслэлээр шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, бусад оролцогчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх журам болон хүсэлтийг шийдвэрлэсний дараах үр дагаврыг тус тус зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудын талаар шүүхүүдээс ирүүлсэн санал, судалгааны тайлан зэргээс үзэхэд, зарим нэр томьёоны ойлгомжгүй байдал, зүйл, заалт хоорондын уялдаа холбоо оновчтой биш, зохицуулалтын хийдэл, дутагдлын улмаас шүүхүүд "шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах (гарах)"-тай холбоотой энэ хуулийн зарим зохицуулалтыг шүүхийн практикт зөрүүтэй хэрэглэсэн байдал тогтоогдлоо.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан "...энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл" гэх зохицуулалтын шалгуурыг хэрхэн тогтоох, 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "...нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах..." гэсэн заалтад тухайн шүүх бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгчийг хамааруулан ойлгох эсэх, мөн шүүх бүрэлдэхүүнд томилогдсон бүх шүүгчээс татгалзсан тохиолдолд уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэх эсэх, түүнчлэн татгалзагдсан шүүгч шүүгчдийн зөвлөгөөнд оролцож санал өгөх эрхтэй эсэх талаар шүүхийн практикт нэгдсэн ойлголт байхгүйгээс шүүхүүд дээрх хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэгжүүлж байгаа нь холбогдох шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ.
2.6. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарыг гаргахад баримталсан зарчим, үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлд заасан ижил зохицуулалтыг тайлбарлахад жишиг болгон хэрэглэж, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд салбар эрх зүйн процессын хуулиудын нэгдмэл байдлыг хангах шаардлагатай гэж үзсэн болно.
Гурав. Тайлбарын цар хүрээ
3.1. Тайлбарын цар хүрээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн дараах хэсэг, заалтуудаар хязгаарлагдана.
3.1.1. 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "... хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол";
3.1.2. 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй";
3.1.3. 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно";
3.1.4. 10.4 дүгээр зүйлд заасан "Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх";
3.1.5. 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "... нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан";
3.1.6. 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "... тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ".
Дөрөв. Тайлбарын арга зүй
Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь тайлбарлах (authentic); хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах-structural), ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах (hermeneutic) болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар тус тус тайлбарлана.
Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл
5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим зохицуулалтыг хэрэглэхэд баримтлах нийтлэг зарчим, ерөнхий үндэслэлүүд:
5.1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй" гэж зааснаас үзвэл "татгалзан гарах", "татгалзан гаргах" ойлголт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааралтай бөгөөд хууль тайлбарлах системчлэлийн аргаар авч үзвэл, хуулийн бусад зүйл, заалтуудад байгаа "шүүгчийг татгалзах"-тай холбоотой агуулгад тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдоогүй шүүгч хамааралгүй, хамааралгүй шүүгчийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах" тухай хууль зүйн ойлголт үүсэхээргүй байна.
Иймд, "шүүгчийг татгалзан гаргах", "шүүгч өөрөө татгалзан гарах" ойлголтыг зөвхөн тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааруулан авч үзэхээр хуулийн зохицуулалтыг тайлбарлав.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу, хуулиар байгуулагдсан шүүхээс татгалзах ойлголт, боломжийг хуулиар тогтоогоогүй, хуульд заасан үндэслэлээр, хэргийг хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгч, шүүх бүрэлдэхүүний шүүгчийг нэрлэн зааж гаргаагүй буюу "шүүхээс татгалзах" агуулгатай хүсэлтийг хуульд нийцээгүй гэж үзэхээр тодруулав.
5.1.2. Хуульд заасан "шүүгчийг татгалзан гаргах", "шүүгч өөрөө татгалзан гарах" ойлголтыг зөвхөн тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааруулан авч үзэх зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан" гэх зохицуулалтыг тодруулах шаардлага үүсэв.
Тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдоогүй шүүгчийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах" ойлголт үүсэхгүй тул хуулийн "нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан" гэдгийг тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч нь бүрэлдэхүүний шүүгч болж байгаа тохиолдлыг ойлгохоор тайлбарлалаа.
5.1.3. Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, өөрөө татгалзан гарах нь тухайн шүүгчийн хувьд шүүн таслах чиг үүргээ тухайн хэргийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болох үр дагавартай тул шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, өөрөө татгалзан гарах хуульд заасан үндэслэл нь объектив шалгууртай байхаар байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан аль ч нөхцөлийг шүүх шалгахдаа түүний объектив байдлыг харгалзан үзэх, тухайн нөхцөлд, хүсэлтэд дурдсан үндэслэл нь бодитой байх шаардлагыг хангах ёстой гэж үзэв.
5.1.4. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нь шүүгчийн нэн тэргүүний үүрэг болохын хувьд шүүгч нь хэрэг, маргааныг Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн хэнээс ч хараат бусаар бие даан шийдвэрлэхээ илэрхийлж, тангараг өргөдөг ба шүүгч хуулиар хүлээсэн үүргээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх бодитой хүчин зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэлүүд хэмээн хуульчилсан болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заагаагүй үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд ийм хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шүүн таслах ажиллагааны зарчимд нийцнэ гэж үзлээ.
5.1.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "... шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх", мөн зүйлийн 7 дахь хэсэгт "Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй" гэж тус тус зааснаар хуульд заасан үндэслэлээр өөрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахаар прокурор, оролцогчийн гаргасан хүсэлтийг татгалзагдсан шүүгч, эсхүл Ерөнхий шүүгч өөрөө оролцож шийдвэрлэхгүй байх зарчмыг нэгэнт хуульчилсан байх тул хуулийг тайлбарлах системчлэлийн болон логикийн арга зүйн үүднээс авч үзвэл, "шүүгчийг татгалзан гаргах тухай" асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа бүх тохиолдолд уг шаардлага нь ижил тавигдах ёстой.
Иймд, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан бүх тохиолдолд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгч өөрөө оролцохгүй байх нийтлэг зарчмыг баримтлахаар тайлбарлалаа.
5.2. Хуулийг тайлбарлахад, дээр дурдсан ерөнхий үндэслэл, зарчмуудыг нийтлэг байдлаар баримтлахын зэрэгцээ зарим зохицуулалтын онцлог, тусгай байдалд нийцүүлэн дараах үндэслэл, зарчмуудыг баримтлан тайлбарлана.
5.2.1. Хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан "... хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол" гэх заалтын хууль зүйн агуулгыг тодорхойлохдоо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т заасантай агуулга, зорилгыг нь уялдуулан авч үзэв.
Шүүхийн шийдвэр, практикаас үзвэл "... хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол" гэх заалтын агуулгыг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, шүүгчийг татгалзах хүсэлтийг харилцан адилгүй шийдвэрлэж байна.
Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыгзохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилансэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан "олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал"-ыг "... хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэлд хамааруулан ойлгож, нэг нутгийн, эсхүл нэг ангид хамт сурч байсан гэх шалгуураар шүүгчийг татгалзан гаргах, мөн дээрх үндэслэлээр шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн тохиолдлууд гарсан байна.
Иймд, дээрх ойлголтын хууль зүйн агуулга, түүнд хамаарах "хувийн харилцаатай", "хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх", "ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй" зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгохоор тодорхойллоо.
5.2.2. Хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй" гэсэн заалтын "Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч", "уг хэргийг" гэх хууль зүйн ойлголтуудыг тайлбарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг болон тусгай ойлголт, зарчмуудад үндэслэж, үгийн шууд утгаар нь тайлбарлав.
Мөн зүйл, хэсэгт заасан "Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч ..." гэж тухайн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дангаар болон шүүх бүрэлдэхүүнд багтаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд оролцсон шүүгчийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаас бусад (хамтран ажиллах этгээдээр тогтоох) хуулиар харьяалуулсан асуудлыг хянан шийдвэрлэхэд оролцсон, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, оролцогчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгч хамаарахгүй болохыг тайлбарлав.
Мөн зүйл, хэсэгт заасан "уг хэргийг" гэдэг нь тухайн яллагдагч (шүүгдэгч)-д холбогдуулан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн агуулгаар тодорхойлогдоно гэж үзэв.
5.2.3. Хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно" гэж заасантай уялдуулан энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, эсхүл шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргах нь шүүх хуралдааныг хойшлуулж, уг хүсэлтийг мөн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэх үндэслэл болохгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд "татгалзал гаргаагүйд тооцох"-оор тайлбарлав.
Татгалзал гаргаагүйд тооцох нь эцсийн шийдвэр бөгөөд уг шийдвэрийг гаргасан үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаж болохгүй. Түүнчлэн, "шүүгч шийдвэр гаргах" агуулгын хүрээнд, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэлэлцүүлэгт үг хэлэх, илтгэл тавих, мөн шүүх хуралдааны явцад асуусан асуулт, харилцаа, хандлагын байдал зэрэг нь дангаараа тухайн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж тодруулав.
5.2.4. Хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан "Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх" журмын зарим заалтыг тайлбарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг болон тусгай ойлголт, зарчмуудад үндэслэж, системчлэх, логикийн болон хэл зүйн утгаар тайлбарлах аргуудыг ашиглалаа.
Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх нийтлэг журмыг шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд адил баримтална гэж үзэв.
5.2.5. Шүүхийн шийдвэр, практикаас үзэхэд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцоогүй, шүүх бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгчийг хамааруулан, нэг хүсэлтээр тухайн шүүхийн бүх шүүгчээс, эсхүл тухайн шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан тохиолдолд шүүх уг хүсэлтийг хүлээн авч, Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдол гарсан байх тул нийт шүүгчийг татгалзан гаргах ойлголтыг хуулийн холбогдох бусад зүйл, заалтуудтай уялдуулан тайлбарлах шаардлага үүссэн байна.
Иймд хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "... нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан" гэснийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 9 дэх хэсэгт зааснаар ойлгохоор тодорхойллоо.
5.2.6. Шүүгчдийн зөвлөгөөнөөр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэлэлцэхэд татгалзагдсан Ерөнхий шүүгч, бусад шүүгч ирц бүрдүүлж оролцох эсэх талаар хуульд нарийвчлан заагаагүй, энэ талаар шүүхүүд нэгдсэн ойлголтгүйгээс хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, зарим тохиолдолд татгалзагдсан шүүгч өөрийг нь татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаанд саналын эрхтэй оролцох явдал гарсан байна.
Иймд, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан бүх тохиолдолд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаанд шүүгч өөрөө оролцохгүй байх нийтлэг зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд бусад үндэслэлээр Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн, нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд уг хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "... тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ" гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 12 дахь хэсэгт зааснаар ойлгож хэрэглэхээр тайлбарлав.
Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд татгалзан гаргах (гарах) хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан (Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол тухайн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл сум буюу сум дундын шүүхээс дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шийдвэрээр, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, эсхүл өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ) журмыг адилтгаж хэрэглэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим заалтыг
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын: "... хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол" гэснийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгоно.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн:
"оролцсон шүүгч" гэж тухайн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дангаар болон шүүх бүрэлдэхүүнд багтаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэж шийдвэрлэхэд оролцсон шүүгчийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаас бусад (хамтран ажиллах этгээдээр тогтоох) хуулиар харьяалуулсан асуудлыг хянан шийдвэрлэхэд оролцсон, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, оролцогчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгч хамаарахгүй.
Мөн зүйл хэсэгт заасан "уг хэргийг" гэдэг нь тухайн яллагдагч (шүүгдэгч)-д холбогдуулан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн агуулгаар тодорхойлогдоно.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: "Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно" гэж заасантай уялдуулан уг хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, эсхүл шүүгч хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрөө татгалзан гарах хүсэлт гаргаж болохгүй.
Шүүгч шийдвэр гаргах агуулгын хүрээнд, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэлэлцүүлэгт үг хэлэх, илтгэл тавих, мөн шүүх хуралдааны явцад асуусан асуулт, харилцаа, хандлагын байдал зэрэг нь дангаараа тухайн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.
Татгалзал гаргаагүйд тооцох нь эцсийн шийдвэр бөгөөд уг шийдвэрийг гаргасан үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаж болохгүй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан "Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх" журмыг шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд адилтган хэрэглэнэ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "... нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан" гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 9 дэх хэсэгт зааснаар ойлгоно.
6. Хуульд заасан үндэслэлээр Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн, нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "... тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ" гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 12 дахь хэсэгт зааснаар ойлгоно.
Хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг адилтгаж хэрэглэнэ.
Шүүгчдийн зөвлөгөөн татгалзан гаргах (гарах) хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд дурдсан үндэслэл, тайлбар, түүнд холбогдох баримтыг үндэслэнэ.
7. Энэ тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
