- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 07
Төрийн ордон, Улаанбаатар хот
Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, "Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2001 оны 09 дүгээр тогтоол, "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоол, "Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2003 оны 01 дүгээр тогтоол, ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол, "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хотыг байгуулсугай.
2."Шинэ Хархорум" хотыг байгуулахтай холбогдуулан 2023-2030 он хүртэлх хугацаанд дараах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/"Шинэ Хархорум" хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах;
2/"Шинэ Хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах;
3/"Шинэ Хархорум" хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Мөнхбат/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A