- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 08
Төрийн ордон, Улаанбаатар хот
Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтын талаар:
а/нүүрсний тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд гарсан зөрчлүүдэд дүн шинжилгээ хийн, шалтгаан, нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах арга хэмжээ авах, хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслөө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
б/нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх Засгийн газрын шалгалтын ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай уялдуулах, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл харилцан солилцох, нүүрсний тээвэрлэлт, экспортын хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд доголдол үүсгэхгүйгээр шалгалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллах;
в/байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар хүртээх, баялгийн ашиглалт, хуваарилалтын ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай горимоор өргөн мэдүүлэх, 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа Улсын Их Хуралд танилцуулах;
г/Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монголбанк болон холбогдох төрийн байгууллагуудын нүүрсний тээвэрлэлт, экспорт, үнийн талаар гаргаж байгаа статистик мэдээллийн зөрүүтэй байдлыг судлан үзэж, бодитой мэдээлэл гаргах чиглэлээр анхаарч ажиллах;
д/"Шинэ сэргэлт"-ийн бодлогод тусгагдсан "Боомтын сэргэлт"-ийн хүрээнд хилийн боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, боомт дагасан суурьшлын бүсүүдийн дэд бүтэц, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
е/Ерөнхий хяналтын сонсголын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах, явц байдлыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүр танилцуулах.
2/Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах чиглэлээр:
а/"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх хүрээнд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;
б/2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх.
3/Ард түмний мэдэх эрхийг хангах чиглэлээр:
а/нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой хяналт, шалгалтын ажлын үр дүн, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц байдал, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцсон талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүр шуурхай мэдээлж байх;
б/нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой оффтейк гэрээнүүд, түүнийг нууцад хамааруулсан шийдвэр, ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүд, 2010 оноос хойших 1072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбарыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтэд ил тод болгох;
в/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэх;
г/"Эрдэнэс-Таван толгой" ХК-иас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх.
2.Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох" үүрэг бүхий Хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсголыг Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо /Г.Ганболд/-нд даалгасугай.
3.Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах чиглэлээр оролцогчдын хамрах хүрээ, эрх, үүргийг тодорхой болгох, сонсголд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг оролцуулах, сонсголын үр дүнг мэдээлэх, сонсголын мөрөөр авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох байгууллагад үүрэг даалгавар өгөх, биелэлтэд хяналт тавьж ажиллах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд танилцуулахыг холбогдох Байнгын хороонд даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Мөнхбат/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
