A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 230

Улаанбаатар хот

Хархорум хотыг сэргээн байгуулах тухай

Орхон голын сав нутаг буюу Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хотоос эхлэн монголын эртний төрт улсуудын нийслэл хотууд оршин тогтнож ирсэн соёл иргэншлийн зангилаа, өрнө, дорнын харилцааны төв болж байсныг гэрчлэх археологи-архитектурын дурсгал бүхий Монголын ард түмний ариун гал голомт, их өв соёлын өлгий нутаг билээ.

Эзэн Чингис хаан их ор суусны XV он, цагаан луу жил буюу нийтийн тооллын 1220 онд зарлиг буулган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өртөөлж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:

1.1.Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хотыг байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих;

1.2.Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, зам харилцаа, эрчим хүч, ус хангамж, инженерийн дэд бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулахдаа судалгаа шинжилгээ, дэлхий хотуудын чиг хандлага, монгол орны газар нутгийн өвөрмөц байдал, түүх соёлтой уялдуулан боловсруулах;

1.3.Шинэ хот байгуулах бодлого, төлөвлөлттэй уялдуулан хот байгуулах болон хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн шинэтгэлийг хийх.

2.ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар"-ын өв, соёлыг хамгаалах, Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэг, их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалсугай.

3.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ