- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:
"6.5.Энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагааны зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага болон 6.3-т заасан баримт бичгийн жагсаалт, агуулга, загварыг Монголбанк батална."
2/23 дугаар зүйлийн 23.5-23.8 дахь хэсэг:
"23.5.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу хянаж, 23.3-т заасан хугацаанд шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
23.6.Банк байгуулах, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан банкны эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг хугацаагүй олгоно.
23.7.Монголбанк зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан арга хэмжээг авна.
23.8.Зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монголбанк 30 хоногийн дотор магадлан шалгана."
3/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:
"24.2.Монголбанк дараах үндэслэлээр банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:
24.2.1.энэ хууль, Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаагүй, Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн банкинд урьдчилан сэргийлэх албадлагын арга хэмжээг авч байгаа бол;
24.2.2.тухайн үйл ажиллагааг эрхэлснээр банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөөлөх эрсдэлтэй болохыг Монголбанк тодорхойлсон бол;
24.2.3.Монголбанкнаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй бол."
4/26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:
"26.5.Банкны нэр, байршлыг өөрчлөхөд тавих шаардлагыг Монголбанк тогтооно."
5/36 дугаар зүйлийн 36.20 дахь хэсэг:
"36.20.Монголбанк дараах үндэслэлээр банк шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоос татгалзана:
36.20.1.энэ хуулийн 24.1-д заасан үндэслэл бүрдсэн;
36.20.2.энэ хууль болон санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй;
36.20.3.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг энэ хуулийн шаардлагыг хангаагүй, хувьцаа эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болох нь нотлогдоогүй;
36.20.4.Монголбанкнаас шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй;
36.20.5.банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг Монголбанк тодорхойлсон."
2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсгийн "өөрчлөлт орох," гэсний дараа "банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх," гэж, 48 дугаар зүйлийн 48.1.10 дахь заалтын "түдгэлзүүлэх," гэсний дараа ", зөвшөөрлийг хүчингүй болгох" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Банкны тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:
"20.4.Банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмших хязгаарлалтыг тооцох, тогтоох харилцаанд баримтлах нөхцөл, шаардлагыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно."
2/22 дугаар зүйл:
"22 дугаар зүйл.Банкны нэгж байгуулах, үйл ажиллагаанд
тавих шаардлага
22.1.Банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Монголбанк тогтооно.
22.2.Банкны салбар байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл энэ хуулийн 22.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийн жагсаалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцүүлэн Монголбанк батална.
22.3.Гадаадын банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хуулийн этгээд энэ хуулийн 19 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангаж, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд хүргүүлнэ:
22.3.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр;
22.3.2.харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр;
22.3.3.хуульд заасан бусад.
22.4.Хуульд заасны дагуу байгуулагдсан гадаадын банк, банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтооно."
3/23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг:
"23.4.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй хамт олгож болно."
4 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийн "Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох" гэснийг "Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох" гэж, 24 дүгээр зүйлийн гарчгийн "Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах" гэснийг "Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах" гэж, мөн зүйлийн 24.1 дэх хэсгийн "нөхцөлд" гэснийг "үндэслэлээр" гэж, 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсгийн "журмыг" гэснийг "нөхцөл, шаардлагыг" гэж, 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийн "цуцлана" гэснийг "хүчингүй болгоно" гэж, 68 дугаар зүйлийн 68.1.1 дэх заалтын "цуцалсан" гэснийг "хүчингүй болгосон" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн ", банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
