- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
"19.3.Тусгай зөвшөөрлийг барилга байгууламжийн төвөгшил болон тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны төрөл, тогтвортой байдлыг харгалзан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу дараах зарчмаар шатлан ахиулж олгоно:
19.3.1.энэ хуулийн 33.1.15-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд бага төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
19.3.2.бага төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн ажлаа тогтоосон хугацаанд тайлагнадаг хуулийн этгээдэд дунд төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
19.3.3.дунд төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн ажлаа тогтоосон хугацаанд тайлагнадаг хуулийн этгээдэд өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
19.3.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
19.3.5.хуулийн этгээдийн барилгын материалын үйлдвэрийн бага, дунд, өндөр хүчин чадлыг нь харгалзан энэ хуулийн 19.3-т заасан зарчмын дагуу барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг;
19.3.6.энэ хуулийн 33.1.15-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд энэ хуулийн 19.3.1, 19.3.2, 19.3.3, 19.3.4-т зааснаас бусад ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг."
2/20 дугаар зүйлийн 20.3.5 дахь заалт:
"20.3.5.барилгын материал үйлдвэрлэгч хуулийн этгээдийн тухайд тохирлын гэрчилгээ."
3/20 дугаар зүйлийн 20.11-20.13 дахь хэсэг:
"20.11.Энэ хуулийн 4.1.24-т заасан ажлыг тухайн барилгын ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд гүйцэтгэнэ.
20.12.Энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан тусгай зөвшөөрлийн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг нэмэлтээр хавсаргана:
20.12.1.энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хянан баталгаажуулсан холбогдох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт;
20.12.2.энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан барилга байгууламжийн ажлын зураг төсөлд хийсэн магадлалын дүгнэлт;
20.12.3.өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл.
20.13.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээхтэй холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулна."
4/28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэг:
"28.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 28.5-д зааснаас гадна нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулж болно."
5/30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг:
"30.5.Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно."
2 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн "шийдвэрлэж," гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг:
"20.1.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэнэ."
2/20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг:
"20.6.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгах харилцааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна."
3/20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэг:
"20.8.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, олон нийтэд мэдээлнэ:
20.8.1.энэ хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөнийг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтны дүгнэлтээр тогтоосон;
20.8.2.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хоёр жил дараалан эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон."
4/27 дугаар зүйл:
"27 дугаар зүйл.Барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
27.1.Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно:
27.1.1.энэ хуулийн 32.1.5-д заасан зөвшөөрлийг Засгийн газар;
27.1.2.энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга.
27.2.Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно.
27.3.Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:
27.3.1.хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;
27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй;
27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон.
27.4.Энэ хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд магадлан шалгаж, холбогдох баримт бичгийг магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
27.5.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 20.1-д заасан хүсэлтийг ажлын таван өдрийн дотор хянаж, холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
27.6.Засгийн газар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн зөвшөөрөл олгох болон хүчингүй болгох саналыг ажлын 15 өдрийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ.
27.7.Энэ хуулийн 32.1.5-д заасан зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх эрх хэмжээг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
27.8.Энэ хуулийн 27.1.2, 27.1.3-т заасан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."
4 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "олгоно." гэснийг "олгох бөгөөд барилгын ажил гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна." гэж, мөн зүйлийн 20.9 дэх хэсгийн "байгууллагад" гэснийг "байгууллага болон чиг үүргийг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдэд" гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн "Энэ" гэснийг "Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ" гэж, мөн зүйлийн 28.6 дахь хэсгийн "35.1" гэснийг "27.1" гэж, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь заалтын "тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам батлах" гэснийг "тавих нөхцөл, шаардлага болон үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих журмыг батлах" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
