- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Генетик нөөцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Иргэний хууль," гэсний өмнө "Зөвшөөрлийн тухай хууль," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Генетик нөөцийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх,
сэргээх, хүчингүй болгох
15.1.Энэ хуулийн 13.1-д заасан этгээд генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон ашиг олох зорилгоор ашиглах өргөдлийг төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана:
15.1.1.энэ хуулийн 16.1.2-т заасан мэдээлэл болон генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн танилцуулга;
15.1.2.хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
15.1.3.хуулийн этгээдийн танилцуулга;
15.1.4.гадаадын хуулийн этгээд бол дотоодын хуулийн этгээдтэй хийсэн хамтран ажиллах гэрээ;
15.1.5.энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлсэн баримт;
15.1.6.энэ хуулийн 14.1-д заасан урьдчилсан зөвшөөрөл;
15.1.7.энэ хуулийн 8.1.2-т заасан газар зүйн гарал үүслийн тодорхойлолт;
15.1.8.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалах, хамгаалах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээний танилцуулга.
15.2.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
15.3.Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргах бөгөөд мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаагаар олгоно.
15.4.Тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
15.5.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулна.
15.6.Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн тухай Монгол Улсын олон улсын гэрээнд заасан ургамлыг хүнс, тэжээлийн зорилгоор ашиглах бол тусгай зөвшөөрөл шаардахгүй.
15.7.Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.3-т заасан суурь судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийхэд энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл шаардахгүй.
15.8.Энэ хуулийн 15.7-д заасан судалгааны ажил эхлэхээс өмнө холбогдох мэдээллийг энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх бөгөөд судалгааны ажлын үр дүнг хагас жил тутамд шинэчлэн энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн санд тайлагнах үүрэгтэй.
15.9.Мэргэжлийн зөвлөл тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдөрт багтаан дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад танилцуулна.
15.10.Ургамал, амьтны биологийн нөөц бэлтгэх зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хуулиар тус тус зохицуулна.
15.11.Төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
15.11.1.Мэргэжлийн зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үр шимийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэлт гаргасан;
15.11.2.энэ хуулийн 15.1.4-т заасан хамтран ажиллах гэрээг цуцалсан, эсхүл дуусгавар болгосон;
15.11.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
15.11.4.хуулийн этгээд татан буугдсан;
15.11.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч генетик нөөцийг ашиглахаар заасан хувь, хэмжээг хэтрүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
15.12.Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг ашиг олох зорилгоор ашиглах бол дахин өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авна.
15.13.Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
15.14.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийцлийн гэрчилгээний үндэслэл болох бөгөөд тухайн генетик нөөцийн ашиглалт хуулийн дагуу хэрэгжиж байгааг хянах хэрэгсэл болно."
3 дугаар зүйл.Генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын "генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.8-д заасан" гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгийн "хүсэлт" гэснийг "өргөдөл" гэж, 14.6 дахь хэсгийн "Хүсэлт" гэснийг "Өргөдөл" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
