- Нүүр
- Сайдын тушаал
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ЗАГВАР
Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ЗАГВАР
Нэг.Тэмдгийн загвар
1.1.Энэ загварт заасан согтууруулах ундаа гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан бараа (цаашид "дарс" гэх), мөн зүйлийн 6.11 дэх хэсэгт заасан бараа (цаашид "архи" гэх)-г ойлгоно.
1.2.Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхи, чөлөөт бүсийн горимд байршуулсан согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг (цаашид "тэмдэг" гэх) нь тэгш өнцөг хэлбэртэй, 48 миллиметрийг харьцах 16 миллиметрийн хэмжээтэй байна.
1.3.Татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундааны тэмдэг нь дугуй, эсхүл зууван хэлбэртэй, дугуй нь 30 миллиметрийг харьцах 30 миллиметр, зууван нь 40 миллиметрийг харьцах 30 миллиметрийн хэмжээтэй байна.
1.4.Тэмдэг нь үнэт цаасны зориулалтын программ хангамжаар бүтээсэн математик, геометр өгөгдөл бүхий нууцлалтай, үндэсний агуулга шингээсэн иж бүрдэл хээтэй байх ба согтууруулах ундаа, тамхины нэр төрөл, үйлдвэрлэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоос хамаарч дараах бичвэртэй байна:
1.4.1.Монгол Улсад үйлдвэрлэсэн архины тэмдэг нь "АРХИ", дарсны тэмдэг нь "ДАРС", тамхины тэмдэг нь "ТАМХИ";
1.4.2.импортолсон архины тэмдэг нь "ИМПОРТЫН АРХИ", дарсны тэмдэг нь "ИМПОРТЫН ДАРС", тамхины тэмдэг нь "ИМПОРТЫН ТАМХИ";
1.4.3.чөлөөт бүсийн горимд байршуулсан архины тэмдэг нь "ЧӨЛӨӨТ БҮС АРХИ", дарсны тэмдэг нь "ЧӨЛӨӨТ БҮС ДАРС";
1.4.4.татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундааны тэмдэг нь "МОНГОЛЫН ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР" буюу "MONGOLIAN DUTY FREE".
1.5.Тэмдэг нь дахин давтагдашгүй 10 оронтой дугаартай, согтууруулах ундаа, тамхины дэлгэрэнгүй мэдээллийг тодорхойлох 10 миллиметрийг харьцах 10 миллиметрийн хэмжээтэй өндөр нууцлал бүхий дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байх ба согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоос хамаарч дараах серитэй байна:
1.5.1.Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон тохиолдолд тэмдэг наах үүрэг бүхий этгээдийн улсын бүртгэлийн нэрийг товчилсон давтагдашгүй 3 үсэг;
1.5.2.чөлөөт бүсийн горимд байршуулсан тохиолдолд "ЧБ";
1.5.3.татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан тохиолдолд "ТБД".
1.6.Тэмдгийн дэвсгэр нь үйлдвэрлэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоос хамаарч ялгаатай өнгөтэй байна.
1.7.Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхи, чөлөөт бүсийн горимд байршуулсан согтууруулах ундааны тэмдэг нь тусгай нууцлал бүхий хэсэгчилсэн металл оруулга агуулсан, гэрлийн нөлөөгөөр өнгө солигдож харагддаг суурьтай, 4 болон түүнээс дээш төрлийн өнгө агуулсан холограммтай байна.
Хоёр.Нууцлал
2.1.Тэмдэг нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан мэдээллийг агуулсан, нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна.
2.2.Дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодыг зөвхөн татварын албаны зөвшөөрсөн төхөөрөмж, цахим төлбөрийн баримтын системээр тайлж уншуулна.
2.3.Согтууруулах ундаа худалдан авсан этгээд нь тэмдгийн кодыг ашиглан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан мэдээлэлтэй цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан танилцах боломжтой байна.
2.4.Дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодыг хуулбарлах боломжгүй байдлаар нууцлалыг хангасан байна.
2.5.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ загварт нийцүүлэн тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд тэмдгийн нууцлалыг задруулахгүй байх үүрэг, хариуцлагыг тусгайлан зааж өгнө.
Гурав.Тэмдгийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага
3.1.Тэмдгийг хэвлэх цаас нь дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1.үнэт цаасны зориулалттай;
3.1.2.үйлдвэрийн аргаар боловсруулсан, тусгайлан захиалж хийлгэсэн дахин давтагдашгүй хээтэй;
3.1.3.нүдэнд үзэгдэх 2 ба түүнээс дээш төрлийн өнгийн хялгастай;
3.1.4.нүдэнд үл үзэгдэх, хэт ягаан туяаны гэрэлд 3 ба түүнээс дээш төрлийн өнгөөр тодорч харагдахуйц, зүүгээр салган авч, шалгаж болохуйц хялгастай;
3.1.5.микро зүсэлт агуулсан загвартай;
3.1.6.хэт ягаан туяаны гэрэлд гэрэлтэхгүй.
3.2.Тэмдгийг орчин үеийн үнэт цаасны үйлдвэрлэлийн технологид ашиглагдаж буй олон улсын стандартаар баталгаажсан өндөр нууцлал бүхий, тусгай болон энгийн төхөөрөмжөөр шалгах боломжтой будгаар хэвлэнэ.
3.3.Тэмдгийн цавуу нь олон улсын стандартаар баталгаажсан, шилэн, цаасан, модон, хуванцар, хөнгөн цагаан, гялгар буюу бүх төрлийн гадаргууд салахгүй наалддаг, наасан тохиолдолд дахин ашиглах боломжгүйгээр хуурч гэмтдэг байна.
Дөрөв.Бусад
4.1.Тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээд нь татварын албыг тэмдгийн нууцлалыг шалгах багаж, хэрэгслээр хангана.
--оо00оо--
Текст томруулах
A
A
A