- Нүүр
- Сайдын тушаал
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДЭГ ОЛГОХ ЖУРАМ
Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар тушаалын
2 дугаар хавсралт
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой онцгой албан татварын тэмдэг (цаашид "тэмдэг" гэх)-ийг Монгол Улсад үйлдвэрлэх болон импортлох согтууруулах ундаа, тамхи, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулах согтууруулах ундаанд олгох үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Журамд заасан согтууруулах ундаа гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан бараа (цаашид "дарс" гэх), мөн зүйлийн 6.11 дэх хэсэгт заасан бараа (цаашид "архи" гэх)-г ойлгоно.
1.3.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
1.4.Журмын 1.3-т заасан санд бүртгэгдсэн мэдээллийг согтууруулах ундаа худалдан авсан этгээд цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан танилцах боломжтой байна.
Хоёр.Тэмдгийн нэр төрөл, түүнийг наах үүрэг бүхий этгээд
2.1.Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх болон импортлох, чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж (цаашид "тэмдэг наах үүрэг бүхий этгээд" гэх) нь тэмдгийг өөрийн үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхи, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундаа тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна.
2.2.Онцгой албан татварын тэмдэг нь дараах нэр төрөлтэй байна:
2.2.1.Монгол Улсад үйлдвэрлэсэн архины онцгой албан татварын тэмдэг;
2.2.2.Монгол Улсад үйлдвэрлэсэн дарсны онцгой албан татварын тэмдэг;
2.2.3.Монгол Улсад үйлдвэрлэсэн тамхины онцгой албан татварын тэмдэг;
2.2.4.импортолсон архины онцгой албан татварын тэмдэг;
2.2.5.импортолсон дарсны онцгой албан татварын тэмдэг;
2.2.6.импортолсон тамхины онцгой албан татварын тэмдэг;
2.2.7.чөлөөт бүсийн горимд байршуулсан архины онцгой албан татварын тэмдэг;
2.2.8.чөлөөт бүсийн горимд байршуулсан дарсны онцгой албан татварын тэмдэг;
2.2.9.татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг.
2.3.Согтууруулах ундаа, тамхины савлагаанд наасан тэмдгийг тухайн согтууруулах ундаа, тамхины гаалийн бүрдүүлэлтийн горим өөрчлөгдөхөд сольж наахгүй.
Гурав.Тэмдэг захиалах хүсэлт гаргах, түүнийг баталгаажуулах
3.1.Тэмдэг наах үүрэг бүхий этгээд нь журмын 2.2.1-2.2.3-т заасан тэмдгийг захиалах хүсэлтийг харьяа татварын албанд, журмын 2.2.4-2.2.9-т заасан тэмдгийг захиалах хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараах баримт бичгийн хамт Цахим татварын системээр хүргүүлнэ:
3.1.1.дараах мэдээллийг тусгасан тэмдэг захиалах тухай албан хүсэлт (хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэгтэй):
3.1.1.а.тэмдгийн нэр төрөл, тоо ширхэг;
3.1.1.б.согтууруулах ундаа, тамхины нэр төрөл, тоо хэмжээ (савлагаа тус бүрээр);
3.1.1.в.согтууруулах ундаа, тамхины зураасан код (GS1 систем, зураасан кодын дагуу);
3.1.1.г.тэмдэг хүлээн авах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл.
3.1.2.үйлдвэрлэх, импортлох, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулах согтууруулах ундаа, тамхины нэр төрөл, тоо хэмжээг нотлох лонх болон шошго худалдан авах гэрээ, эсхүл худалдааны гэрээний хуулбар (гадаад хэл дээрх баримт бичгийг баталгаат орчуулгаар монгол хэл рүү орчуулж, нотариатаар баталгаажуулсан байна);
3.1.3.олон улсын стандартын шаардлага хангасан, техникийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан чанарын болон тохирлын гэрчилгээний хуулбар;
3.1.4.тэмдгийн үнэ төлсөн баримт.
3.2.Татварын албанаас тэмдэг захиалах хүсэлтийг дараах үндэслэлээр буцаана:
3.2.1.журмын 3.1-д заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу;
3.2.2.журмын 3.1-д заасан баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан;
3.2.3.тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, холбогдох байгууллагаас зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;
3.2.4.татварын өртэй;
3.2.5.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль болон энэ журмыг зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон;
3.2.6.татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгоогүй, хуурамч тэмдгийг согтууруулах ундаа, тамхины савлагаанд наасан болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон;
3.2.7.хуурамчаар согтууруулах ундаа үйлдвэрлэсэн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон.
3.3.Харьяа татварын алба тэмдэг захиалах хүсэлтийг татварын хууль тогтоомжийн дагуу хянаж, шаардлага хангасан хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад Татварын удирдлагын нэгдсэн системээр хүргүүлнэ.
3.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тэмдэг захиалах хүсэлтийг татварын хууль тогтоомжийн дагуу хянан баталгаажуулна.
3.5.Тэмдэг захиалах хүсэлтийн үнэн зөв байдлыг тэмдэг наах үүрэг бүхий этгээд хариуцна.
Дөрөв.Тэмдэг хэвлүүлэх
4.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тэмдэг захиалах хүсэлтийг баталгаажуулсны дараа согтууруулах ундаа, тамхи тус бүрд нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код үүсгэж, тэмдэг хэвлүүлэх захиалгыг тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээдэд Татварын удирдлагын нэгдсэн системээр хүргүүлнэ.
4.2.Тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээд нь зөвхөн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой тэмдгийг хэвлэнэ.
4.3.Тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээд нь тэмдгийг захиалгын тоо хэмжээнээс хамаарч дараах хугацаанд хэвлэнэ:
4.3.1. 1 – 100,000 ширхэг хүртэлх тэмдгийг ажлын 5 өдөрт;
4.3.2. 100,001 – 5,000,000 ширхэг хүртэлх тэмдгийг ажлын 10 өдөрт;
4.3.3. 5,000,001 ширхгээс дээш тэмдгийг ажлын 15 өдөрт.
4.4.Тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээд нь хэвлэсэн тэмдгийг гэрээнд заасан цэгт хүргүүлж, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тэмдэг хүлээн авах эрх бүхий этгээдэд акт үйлдэн хүлээлгэн өгнө.
Тав.Тэмдэг олгох
5.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тэмдгийг тэмдэг наах үүрэг бүхий этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид акт үйлдэн хүлээлгэн өгнө.
5.2.Тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээд нь тэмдгийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр тэмдэг наах үүрэг бүхий этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид акт үйлдэн хүлээлгэн өгч болно.
5.3.Харьяа татварын алба тэмдгийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүлээн авч, тэмдэг наах үүрэг бүхий этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид акт үйлдэн хүлээлгэн өгч болно.
5.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тэмдгийг харьяа татварын албанд баталгаат шуудан, эсхүл эрх бүхий этгээдээр дамжуулан хүргүүлнэ.
Зургаа.Тэмдэг наах
6.1.Тэмдэг наах үүрэг бүхий этгээд нь тэмдгийг согтууруулах ундаа, тамхи тус бүрийн савлагаанд дараах шаардлагын дагуу салахгүй нааж бэхэлсэн байна:
6.1.1.согтууруулах ундаа, тамхины нэр төрөл, савлагааны хэмжээ болон холбогдох бусад мэдээллийг тэмдгийн цахим өгөгдөл бүхий кодын агуулсан мэдээлэлтэй тохируулж наах;
6.1.2.согтууруулах ундааны лонхны таг болон хоолой, тамхины хайрцагт салахгүй тогтохоор, лонх, хайрцгийг онгойлгох үед тэмдэг гэмтэж, дахин ашиглах боломжгүй болохоор наах;
6.1.3.тэмдгийн цахим өгөгдөл бүхий кодыг согтууруулах ундааны лонхны тагны төв хэсэгт тааруулж, лонхны хоолойг дагуулан салахгүй нааж бэхлэх;
6.1.4.татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундааны тэмдгийг лонхны ил харагдах хэсэгт салахгүй нааж бэхлэх;
6.1.5.тамхины тэмдгийг тамхины хайрцгийн нээгдэх хэсэг болон их биеийг холбож наах.
6.2.Тэмдэг наах үүрэг бүхий этгээд нь согтууруулах ундаа тус бүрийн савлагаанд наасан тэмдгийг Цахим татварын системд бүртгэж, холбогдох мэдээллийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.
6.3.Гаалийн байгууллага нь согтууруулах ундаа тус бүрийн савлагаанд наасан тэмдгийн цахим өгөгдөл бүхий кодын агуулсан мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.
6.4.Монгол Улсаас экспортолж буй согтууруулах ундаа, тамхины савлагаанд тэмдэг наахгүй.
Долоо.Тэмдгийг буцааж өгөх
7.1.Тэмдгийг дараах тохиолдолд буцаана:
7.1.1.алдаатай хэвлэгдсэн;
7.1.2.наах явцад гэмтсэн;
7.1.3.хагарсан согтууруулах ундааны савлагаанд наагдсан;
7.1.4.тухайн нэр төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл зогссон.
7.2.Тэмдэг наах үүрэг бүхий этгээд нь журмын 7.1-д заасны дагуу ашиглах боломжгүй болсон тэмдгийг нэгтгэн акт үйлдэж, дараах шаардлагын дагуу тухай бүр татварын албанд албан бичгээр хүргүүлнэ:
7.2.1.ашиглах боломжгүй болсон тэмдгийн мэдээлэл агуулсан хэсгийг харуулах байдлаар цаасан дээр тэгш, нугалаасгүй наасан байх;
7.2.2.тэмдэг урагдаж тасарсан тохиолдолд түүний тасархай хэсгүүдийг хооронд нь нийлүүлж наасан байх;
7.2.3.тэмдгийн мэдээлэл харагдахааргүй урагдаж тасарсан тохиолдолд түүнийг ашиглах боломжгүй болсон тэмдгийн жагсаалтад оруулахгүй байх.
7.3.Тэмдэг наах үүрэг бүхий этгээд нь ашиглах боломжгүй болсон тэмдгийг татварын албанд хүлээлгэн өгсний дараагаар тухайн тэмдгийг буцаах хүсэлтийг Цахим татварын системд бүртгүүлнэ.
7.4.Татварын алба тэмдэг наах үүрэг бүхий этгээдийн үйлдсэн актын дагуу тэмдгийг тоолж хүлээж авна.
7.5.Тэмдгийн тоо ширхэг үйлдсэн актаас зөрүүтэй тохиолдолд хүлээж авахгүй.
7.6.Харьяа татварын алба журмын 7.4-т заасны дагуу хүлээн авсан тэмдгийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажлын 5 өдрийн дотор албан бичгээр хүргүүлнэ.
Найм.Тэмдгийг хадгалах
8.1.Татварын алба нь тэмдгийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан зориулалтын өрөө, тасалгаанд хадгална:
8.1.1.шалнаас 20 сантиметрээс доошгүй өндөрт байрлах тавиуртай;
8.1.2.цонхтой бол төмөр хаалттай байх;
8.1.3.албаны бусад өрөөнүүдээс тусгаарлагдсан;
8.1.4.харуул хамгаалалттай, хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмжөөр тоноглогдсон.
8.2.Эрх бүхий ажилтан нь тэмдэг хадгалдаг өрөө, тасалгааны хаалгыг түгжин лацдаж, аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын албаны мэдэлд шилжүүлнэ.
8.3.Эрх бүхий ажилтан нь дохиоллын систем, цоож болон лацанд аливаа эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн байгааг нотолсны дараагаар тэмдэг хадгалдаг өрөөг нээнэ.
8.4.Эрх бүхий ажилтан нь дохиоллын систем, цоож болон лацанд аливаа эвдрэл гэмтэл учирсныг илрүүлбэл тухайн татварын албаны удирдлагад нэн даруй мэдэгдэж, түүний зааврын дагуу ажиллана.
Ес.Тэмдгийг устгах
9.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга ажлын хэсэг томилж, тэмдэг наах үүрэг бүхий этгээдээс хүлээн авсан ашиглах боломжгүй болсон тэмдгийг шатаах байдлаар устгана.
9.2.Тэмдгийг устгахтай холбогдон гарсан зардлыг татварын алба хариуцна.
9.3.Тэмдэг устгах ажиллагааг хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч байлцуулан дүрс бичлэг хийж, тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.
9.4.Тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:
9.4.1.тэмдэг устгах ажиллагааны эхэлсэн болон дууссан огноо, цаг;
9.4.2.устгах тэмдгийг зөөвөрлөсөн тээврийн хэрэгслийн улсын дугаар, өнгө, марк, жолоочийн мэдээлэл;
9.4.3.ажлын хэсгийн гишүүд болон хөндлөнгийн гэрчийн мэдээлэл;
9.4.4.дүрс бичлэгийн камерын загвар.
9.5.Тэмдэглэлд ажлын хэсгийн гишүүд болон хөндлөнгийн гэрч гарын үсэг зурснаар баталгаажна.
9.6.Тэмдэг устгасан тухай актыг 3 хувь үйлдэж, 1 хувийг тэмдэг наах үүрэг бүхий этгээдэд, 1 хувийг харьяа татварын албанд, үлдсэн хувийг тэмдэг устгасан ажлын тайлан болон журмын 9.3-т заасан материалтай хамт татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын архивын нэгжид хүлээлгэн өгнө.
9.7.Журмын 9.1-д заасан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга устгасан тэмдгийн бүртгэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас бүрэн устгаж, ажлын хэсгийн даргаар баталгаажуулна.
9.8.Устгасан тэмдгийн цахим өгөгдөл бүхий кодыг дахин ашиглахгүй.
Арав.Тэмдгийн хяналт
10.1.Татварын алба, гаалийн байгууллага нь тэмдэг наах үүрэг бүхий этгээдийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дахь тэмдгийн бүртгэлд хяналт тавьж ажиллана.
10.2.Гаалийн байгууллага нь импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан согтууруулах ундаа тус бүрийн савлагаанд тэмдгийг журмын 6.1-д заасан шаардлагын дагуу наасан эсэхэд хяналт тавьж ажиллана.
Арван нэг.Бусад
11.1.Тэмдэг үйлдвэрлэх хуулийн этгээд нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай сар бүр тооцоо нийлнэ.
--- оо00оо ---
Текст томруулах
A
A
A