- Нүүр
- Сайдын тушаал
- Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа /ИНД – 133/
Иргэний Нисэхийн Дүрэм 133
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны
02 дугаар сарын 04-ний өдрийн
А/16 тушаалын Нэгдүгээр хавсралт
ИНД - 133
Иргэний Нисэхийн Дүрэм
Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа
Зам, тээврийн хөгжлийн яам
ДҮРМИЙН ТАЙЛБАР
ИНД-133 нь нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээдийн, ИНД-91-д заасан нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрмийн үл хамаарах шаардлага болон нэмэлт шаардлагыг тогтооно.
ИНД-133 нь спортын, эсхүл сургалтын зорилгоор нисдэг тэрэгний доор хүн өргөх, эсхүл нисдэг тэргээр хүн чирэх үйл ажиллагаанд хамаарахгүй.
Энэ Дүрэм нь Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ИНД-133-ын цахим хувилбар бөгөөд зөвхөн ишлэл хийх зорилгоор хэрэглэнэ. Хүчин төгөлдөр ИНД-133, түүний нэмэлт, өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-аас, эсхүл www.mcaa.gov.mn веб сайтаас татаж авах боломжтой.
Мэдээлэл
Гишүүн улсуудын иргэний нисэхийн Дүрмийг сайжруулах замаар иргэний нисэхийн салбарт нэгдсэн нэг Дүрмийн зохицуулалтад шилжих Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1992 оны 29-р чуулганы А29-3 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улс болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хооронд 1999 оны 5 сарын 6-нд байгуулсан "Техникийн Хамтын Ажиллагааны Санамж Бичиг"-ийг үндэслэн Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийг боловсруулсан.
Өөрчлөлтийн түүх Хүчинтэй огноо
Анхны боловсруулалт 2001 оны 10 сарын 01
Нэмэлт, өөрчлөлт 1 2010 оны 05 сарын 07
Нэмэлт, өөрчлөлт 2 (Шинэчлэлт) 2020 оны ... сарын ...
Тэмдэглэл: ИНД-133-ын шинэчлэлтийг монгол, англи хэл дээр, NZ Part 133-ын 2007 оны 10 сарын 25-ны A.3-т үндэслэн боловсруулсан болно.
Гарчиг
133.3. Нэр томьёо болон товчлол
133.5. Нисгэгчийн үнэмлэхний шаардлага
B Бүлэг - Үйл ажиллагааны дүрэм болон холбогдох шаардлага
133.55. Гуравдагч этгээдийн эрсдэл
133.59. Ил харааны нислэгийн дүрэм (VFR)
133.69. Шигүү суурьшлын бүс дээгүүрх үйл ажиллагаа
133.71. Нисдэг тэрэгний доор хүн өргөх
133.75. Багийн гишүүдийн ур чадвар
F Бүлэг - Хэрэглэл болон Төхөөрөмж
133.255. Дүүжин ачааны төхөөрөмж
133.257. Түргэн салгах төхөөрөмж
133.303. Техник үйлчилгээний шаардлага
133.305. Техник үйлчилгээг гэрчилгээжүүлэх этгээд
133.307. Дүүжин ачааны төхөөрөмж
2020 он...сар...өдөр 1
Иргэний Нисэхийн Дүрэм 133
ИНД-133 Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа
A Бүлэг - Ерөнхий зүйл
133.1. Хамрах хүрээ
(a) ИНД-133 нь нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээдийн ИНД-91-д заасан нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрмийн үл хамаарах шаардлага болон нэмэлт шаардлагыг тогтооно.
(b) ИНД-133 нь спортын, эсхүл сургалтын зорилгоор нисдэг тэрэгний доор хүн өргөх, эсхүл нисдэг тэргээр хүн чирэх үйл ажиллагаанд хамаарахгүй.
133.3. Нэр томьёо болон товчлол
Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.
133.5. Нисгэгчийн үнэмлэхний шаардлага
(a) Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь дараах үнэмлэх, зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй:
(1) хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх (нисдэг тэрэг); эсхүл
(2) хүчинтэй хувийн нисгэгчийн үнэмлэх (нисдэг тэрэг), хэрэв нисгэгч нь ИНД-61.153-т шаардсан татлагаар хүн зөөх сургалтад амжилттай хамрагдсан болохыг Багш-нисгэгч (нисдэг тэрэг) нислэгийн дэвтэрт нь баталгаажуулсан бол.
(b) Энэ зүйлийн (а)(2)-ыг үл харгалзан, өргөгч-төхөөрөмжөөр өргөх, эсхүл буулгах, олсоор буулгах, эсхүл татлагаар хүн зөөх үйл ажиллагааг нисдэг тэргээр гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх (нисдэг тэрэг) эзэмшдэг байх үүрэгтэй.
(c) Энэ зүйлийн (a), (b)-г үл харгалзан, сургалтад хамрагдаж байгаа нисгэгч, хэрэв тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхийн өмнө Багш-нисгэгчийн зэрэглэл (нисдэг тэрэг) эзэмшигч зөвшөөрсөн бол хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх (нисдэг тэрэг), эсхүл хүчинтэй хувийн нисгэгчийн үнэмлэхгүйгээр (нисдэг тэрэг) нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх сургалтын үйл ажиллагаанд нисдэг тэрэгний даргын үүрэг гүйцэтгэж болно.
B Бүлэг - Үйл ажиллагааны дүрэм болон холбогдох шаардлага
133.51. Минимум аюулгүй өндөр
(a) ИНД-91.311-ийг үл харгалзан, хэрэв тухайн үйл ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай бол, нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга, гадаргуу дээрх хүн, эсхүл өмч хөрөнгөнд аюул учруулахгүй байх боломжит арга хэмжээг авсан тохиолдолд, ойртолт, хөөрөлт үйлдэх болон ачааг байрлуулах маневрыг багтаасан үйл ажиллагааг гадаргуугаас дээш 150 м-ээс (500 ft) бага өндөрт, хүн, усан онгоц, тээврийн хэрэгсэл болон байгууламжаас 150 м-ээс дотогш зайд гүйцэтгэж болно.
(b) Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь газар дээрх хүн, эсхүл өмч хөрөнгөнд аюул учруулахгүйгээр онцгой нөхцөлийн үед салгах боломжтой (jettisonable) дүүжин ачааг хаяж, буулт үйлдэх боломжтой өндөр болон замаар тухайн нислэгийг гүйцэтгэж байгааг бататгах боломжит арга хэмжээг авах үүрэгтэй.
133.53. Хүн зөөх
(a) Нисдэг тэрэгний дарга нь нисдэг тэргээр дүүжин ачаа чирэх үйл ажиллагаа гүйцэтгэхдээ, тухайн дүүжин ачаа чирэх үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай үүрэг гүйцэтгэдэггүй этгээдийг тухайн нисдэг тэргэнд тээвэрлэхгүй.
(b) Нисдэг тэргээр татлагаар хүн зөөх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь дараахаас бусад тохиолдолд, нисдэг тэргээр татлагаар хүн зөөх үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай үүрэг гүйцэтгэдэггүй этгээдийг тухайн нисдэг тэргэнд тээвэрлэхгүй:
(1) тухайн үйл ажиллагаа нь татлагаар хүн зөөх үйл ажиллагаа биш бол;
(2) тухайн этгээд нь татлагаар хүн зөөхтэй холбоотой газарт ажил үүрэг гүйцэтгэх шаардлагатай бол;
(3) тухайн үйл ажиллагааны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй бол.
(c) Нисдэг тэрэгний дарга нь өргөгч-төхөөрөмжөөр өргөх, эсхүл буулгах, олсоор буулгах, эсхүл татлагаар хүн зөөх үйл ажиллагааг гүйцэтгэхдээ, өргөгч-төхөөрөмжөөр өргөх, эсхүл буулгах, олсоор буулгах, эсхүл татлагаар хүн зөөх тухайн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай үүрэг гүйцэтгэдэггүй этгээдийг нисдэг тэргэнд тээвэрлэхгүй.
(d) Энэ зүйлийн (a), (b) болон (c)-г үл харгалзан, дараах тохиолдолд нисдэг тэрэгний дарга нь нислэгийн бүхээгт дадлага хийж байгаа тухайн үйл ажиллагаанд зайлшгүй үүрэг гүйцэтгэдэггүй багийн гишүүнийг нисдэг тэргэнд тээвэрлэж болно:
(1) тухайн нисдэг тэрэгний дарга нь гүйцэтгэх үйл ажиллагааны төрөлд зааварчилгаа өгөхөөр мэргэшсэн байх;
(2) тухайн үйл ажиллагааны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх.
133.55. Гуравдагч этгээдийн эрсдэл
(a) Нисдэг тэрэгний дарга нь нисдэг тэрэгний доор татлагаар дүүжилсэн ачааг дараах нөхцөлд тээвэрлэхгүй:
(1) тухайн этгээдээс зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд, аливаа хүн, эсхүл өмч хөрөнгөнд аюул учруулах хэлбэрээр; эсхүл
(2) олон хүн цугларсан задгай талбай дээгүүр.
(b) Энэ зүйлийн (с)-д зааснаас бусад тохиолдолд, дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаанд оролцон, агаарт тогтох нислэг үйлдэж байгаа нисдэг тэрэгний дарга нь, тухайн үйл ажиллагаанд оролцох зайлшгүй шаардлагатай бөгөөд дараах зааварчилгаа авснаас бусад этгээд нисдэг тэрэг агаарт тогтох тухайн нислэгийн бүсэд байхгүй болохыг бататгана:
(1) дүүжин ачаа тээвэрлэх хэвийн нөхцөлийн журам;
(2) онцгой нөхцөлийн үед бүх ажилтны мөрдөх журам;
(3) тухайн ачааны онцлог болон үйлчилгээний тусгай шаардлага;
(4) тухайн нисдэг тэрэгний өргөх чадал;
(5) тухайн үйл ажиллагаатай холбоотой гараар өгөх дохио, эсхүл радио дохио.
(c) Газар дээр байгаа гэмтэж бэртсэн хүнд тусламж үзүүлж байгаа тохиолдолд энэ зүйлийн (b)-г мөрдөхийг шаардахгүй.
133.57. Жингийн хязгаарлалт
Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга, тухайн тээвэрлэх ачааны жин нь 133.255(1)-д шаардсан ачааны өргөх дэгээ, эсхүл хэрэгслийн жингийн хязгаарлалтаас хэтрэхгүй байхыг бататгана.
133.59. Ил харааны нислэгийн дүрэм (VFR)
Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга, тухайн үйл ажиллагааг VFR-ийн дагуу гүйцэтгэдэг байхыг бататгана.
133.61. Шөнийн үйл ажиллагаа
Нисдэг тэрэгний дарга, нисдэг тэрэгний гэрэл, газрын гэрэл, эсхүл байгалийн гэрлээр хангалттай гэрэлтүүлсэн гадны баримжаат цэгээр тухайн нисдэг тэрэгний нислэгийн байрлал, өндөр болон байршлыг хадгалж чадахгүй тохиолдолд, шөнийн цагаар нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэхгүй.
133.63. Ачаа тээвэрлэх
Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь 133.255(1)-д шаардсан өргөх дэгээ, эсхүл хэрэгслийг ашиглан тухайн дүүжин ачааг тээвэрлэдэг болохыг бататгана.
133.65. Аюултай бараа
(a) Нисдэг тэрэгний дарга дараах тохиолдолд ИНД-92-ыг мөрдөхгүйгээр, Ангилал 1-ийн аюултай барааг нисдэг тэрэгний доор бэхэлсэн татлагаар тээвэрлэхээр хүлээн авч болно, хэрэв:
(1) тухайн аюултай барааг ИНД-92-т заасан зөвшөөрөгдсөн гүйцэтгэгч тээвэрлэхийг зөвшөөрсөн бол;
(2) тухайн аюултай барааг тээвэрлэх аюулгүй байдлын болон онцгой нөхцөлийн журмыг тогтоосон бол;
(3) тухайн аюултай бараа нь:
(i) агаараар тээвэрлэхэд тохиромжтой нөхцөлд байгаа бол;
(ii) аюулгүй тээвэрлэлтэд зориулан байрлуулсан ба бэхэлсэн бол.
(4) тухайн үйл ажиллагааг хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүсээс зайтай гүйцэтгэх бол.
(b) Нисдэг тэрэгний дарга дараах тохиолдолд ИНД-92-ыг мөрдөхгүйгээр, Ангилал 2-оос Ангилал 9-ийн аюултай барааг нисдэг тэрэгний доор бэхэлсэн татлагаар тээвэрлэхээр хүлээн авч болно, хэрэв:
(1) тухайн аюултай барааг тээвэрлэхийг Техникийн зааварчилгаагаар хориглоогүй бол;
(2) тухайн аюултай барааг тээвэрлэх аюулгүй байдлын болон онцгой нөхцөлийн журмыг тогтоосон бол;
(3) тухайн аюултай барааны хэсэг бүрийг таньж тогтоосон бол;
(4) тухайн аюултай барааны аюултай шинж чанарыг нисдэг тэрэгний даргад мэдэгдсэн бол;
(5) тухайн аюултай бараа нь:
(i) агаараар тээвэрлэх тохиромжтой нөхцөлд байгаа бол;
(ii) хэрэв хоорондоо урвалд орж аюултай байдал үүсгэх бол, тусгаарласан байх;
(iii) байрлуулсан, бэхэлсэн байх, хэрэв шаардлагатай бол нислэгийн үед асгарах, эсхүл гэмтэхээс сэргийлж савласан байх.
133.67. Нислэгийн үзүүлэлт
(a) Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь нисдэг тэрэг тухайн ачаалах талбайг орхихоос өмнө ачааг зөв тохируулсан, байрлуулсан болохыг бататгана.
(b) Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь нисдэг тэрэг болон ачааны бүрэн хяналтыг хадгалж байх нөхцөлд болон хэлбэрээр нислэг үйлдэнэ.
133.69. Шигүү суурьшлын бүс дээгүүрх үйл ажиллагаа
Хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс дээгүүр, эсхүл түүний дэргэд нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь дараах үүрэгтэй:
(1) тухайн үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэх ба үйл ажиллагаанд оролцох бүх хүнд дараах мэдээллийг багтаасан зааварчилгаа өгөх:
(i) нислэгийн зам болон түвшнийг харуулсан нислэгийн зураг;
(ii) нислэгт учирч болох саадаас зайлсхийх арга зам;
(iii) тухайн нисдэг тэргэнд ноцтой доголдол гарсан тохиолдолд авах арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл;
(iv) тухайн үйл ажиллагааг гадаргуу дээрх хүн, эсхүл өмч хөрөнгөнд аюул учруулахгүйгээр гүйцэтгэх боломжит арга хэмжээ авсан болохыг бататгах зорилгоор, Монгол Улсын Стандартын эрх бүхий байгууллагаас гаргасан Эрсдэлийн Удирдлагын Стандартын дагуу боловсруулсан эрсдэлийн үнэлгээ хийх болон эрсдэлийг бууруулах журам;
(v) НХУ-ын үйлчилгээтэй хийх шаардлагатай зохицуулалт;
(2) энэ зүйлийн (1)-д заасан төлөвлөгөөг, тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн өдрөөс хойш 6 сараас доошгүй хугацаанд хадгалах;
(3) холбогдох нутгийн захиргааны эрх бүхий байгууллагад бичгээр урьдчилан мэдэгдэх;
(4) нутгийн захиргааны эрх бүхий байгууллагын шаардлагыг мөрдөх;
(5) гүйцэтгэх үйл ажиллагааны талаар олон нийтэд үр дүнтэй хэлбэрээр урьдчилан мэдээлэх.
133.71. Нисдэг тэрэгний доор хүн өргөх
(a) Нисдэг тэрэгний доор хүн өргөх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга, дараах шаардлага хангасан болохыг бататгана:
(1) тухайн нисдэг тэрэг нь газрын нөлөөгүй агаарт тогтох нислэг (HOGE) үйлдэх жингийн 90%-иас хэтэрсэн жинтэй үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх;
(2) тухайн хүн тээвэрлэх зай нь, тухайн үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд шаардлагатай минимум зайд байх;
(3) тухайн хүнийг бэхэлсэн татлагат төхөөрөмжийг багийн гишүүн нисдэг тэрэгнээс салгах боломжтой байх ба салгах системийг түүнийг салгахын тулд хоёр тусдаа үйлдэл хийдэг байхаар бүтээсэн байх ёстой;
(4) тухайн хүнийг бэхэлсэн татлагат төхөөрөмжийг санамсаргүй салгах боломжгүй хэлбэрээр хийсэн байх;
(5) тухайн нисдэг тэрэг нь дараах аюулгүй маневрын талбайд үйл ажиллагаа гүйцэтгэх:
(i) диаметр нь тухайн нисдэг тэрэгний нийт уртаас хоёр дахин их;
(ii) тухайн нисдэг тэрэгний хамгийн доор бэхэлсэн хэсгээс доош, босоо тэнхлэгт нэг метрийн дотор аливаа саадгүй;
(iii) өргөгч-төхөөрөмжөөр өргөх, эсхүл буулгах, олсоор буулгах, эсхүл татлагаар хүн зөөхэд саадгүй талбай.
(b) Нисдэг тэрэгний дарга нь нисдэг тэргэнд бэхэлсэн өргөгч-төхөөрөмжөөр хүн өргөх, эсхүл буулгахдаа дараах шаардлагыг бататгана:
(1) тухайн буулгах хүнийг, суудлын бүсээ тайлахаас өмнө татлагад бэхэлсэн байх;
(2) дээш өргөн гаргаж авсан хүнийг, татлагаас тайлахын өмнө суудлын бүсийг бэхэлсэн байх;
(3) тухайн хүн ухаан алдсан, эсхүл ойлгох чадваргүй байхаас бусад тохиолдолд, нисдэг тэрэгний багийн гишүүн тухайн хүнд үйл ажиллагаатай холбоотой хэвийн болон онцгой нөхцөлийн журмын зааварчилгаа өгсөн байх .
(c) Нисдэг тэрэгний дарга нь бэртэж гэмтсэн хүнийг нисдэг тэрэгний доор бэхэлсэн даруулга бэхэлгээ, эсхүл дамнуургаар зөөх үед дараах нөхцөлийг бататгана:
(1) тухайн этгээдийг тээвэрлэх зай нь дараах ажиллагаанд шаардлагатай минимум зайд байх:
(i) тухайн этгээдийг илүү тохиромжтой тээврийн хэрэгсэлд шилжүүлэх; эсхүл
(ii) аюулгүй буулт үйлдэж, татлагаар бэхэлсэн хүнийг нисдэг тэргэн дотор шилжүүлэх.
(2) тухайн хүн ухаан алдсан, эсхүл ойлгох чадваргүй байхаас бусад тохиолдолд, нисдэг тэрэгний багийн гишүүн тухайн хүнд үйл ажиллагаатай холбоотой хэвийн болон онцгой нөхцөлийн журмын зааварчилгаа өгсөн болохыг.
(d) Нисдэг тэрэгний дарга олсоор буулгах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ, олсоор буух этгээдийг дараах шаардлага хангасан болохыг бататгана:
(1) тухайн гүйцэтгэж байгаа олсоор буулгах үйл ажиллагаатай холбоотой сургалтын курст амжилттай хамрагдсан байх;
(2) тухайн үйл ажиллагаатай холбоотой хэвийн болон онцгой нөхцөлийн журмын талаар багийн гишүүнээс зохих зааварчилгаа авсан байх;
(3) суудлын бүсээ тайлахаас өмнө олсонд бэхлэгдсэн байх.
133.73. Нэмэлт багийн гишүүн
(a) Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга, нэмэлт багийн гишүүн нь дараах шаардлага хангаж байгааг бататгана:
(1) нисдэг тэрэгний дарга дараах үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй үед:
(i) татлагаар өргөх, эсхүл буулгах төхөөрөмжийг ажиллуулах; эсхүл
(ii) ачааг хянах; эсхүл
(iii) ачааг салгах; эсхүл
(iv) зайг ажиглах; эсхүл
(v) хүмүүсийг суулгах, буулгах.
(2) хөөрөлт үйлдэхийн өмнө тухайн үйл ажиллагаа болон гүйцэтгэх тодорхой ажил үүргийн талаар бүрэн зааварчилгаа авсан байх;
(3) онцгой нөхцөлийн үед хялбар тайлах боломжтой, гэхдээ санамсаргүй байдлаар тайлагддаггүй даруулгаар бэхлэгдсэн байх;
(4) нисгэгчтэй хоёр талын холбоо барих боломжтой системээр хангагдсан байх.
133.75. Багийн гишүүдийн ур чадвар
(a) Багийн бүх гишүүд нь тухайн үйл ажиллагаа, агаарын хөлөг, тоног төхөөрөмжтэй холбоотой хэвийн болон онцгой нөхцөлийн маневрыг гүйцэтгэх чадвар, техникийн мэдлэг болон ур чадвараа харуулах шалгалт өгсөн, эсхүл шалгалтын нислэгийг амжилттай хийлгэсэн байхаас бусад тохиолдолд үйл ажиллагаа эрхлэгч нь өргөгч-төхөөрөмжөөр өргөх, эсхүл буулгах, олсоор буулгах, эсхүл татлагаар хүн зөөх үйл ажиллагаа гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй.
(b) Энэ зүйлийн (а)-д заасан шалгалт, эсхүл шалгалтын нислэгийг дараах шаардлагын дагуу гүйцэтгэнэ:
(1) дараах гэрчилгээ эзэмшигч:
(i) тухайн эзэмшигчийг шалгалт авах, эсхүл шалгалтын нислэг хийхийг зөвшөөрсөн, ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ; эсхүл
(ii) тухайн эзэмшигчийг шалгалт авах, эсхүл шалгалтын нислэг хийхийг зөвшөөрсөн, ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ;
(2) шаардлагатай маневрыг гүйцэтгэх багийн гишүүний ур чадварт зохих ёсоор үнэлгээ өгөх боломжтой агаарын хөлгөөр;
(3) нислэг үйлдэхийн өмнөх 24 сарын хугацаанд.
(c) Энэ зүйлийн (а)-д заасан шалгалт, эсхүл шалгалтын нислэг нь тухайн үйл ажиллагаанд гарч болох бүх хэвийн, онцгой нөхцөлийн болон дараах шаардлагыг багтаасан байна:
(1) нислэгт бэлтгэх;
(2) багийн удирдлагын менежмент;
(3) зорилгот байг тодорхойлох болон нисдэг тэргийг зөв байрлуулах;
(4) холбоо алдагдах;
(5) аюул тулгарсан ажилтанд тусламж үзүүлэх журам;
(6) нисдэг тэрэгний анхааруулах гэрэл;
(7) хөдөлгүүрийн чадал алдагдах;
(8) цахилгаан тэжээл татгалзах.
(d) Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэдэг үйл ажиллагаа эрхлэгч нь бүх шалгалтын болон шалгалтын нислэгийн бүртгэлийг 4-өөс доошгүй жил хадгална.
(e) Сургалтын зорилгоор, нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга хот, сум, эсхүл суурингийн дээгүүр, эсхүл түүний дэргэд тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг бататгана.
C Бүлэг - Нөөц
D Бүлэг - Нөөц
E Бүлэг - Нөөц
F Бүлэг - Хэрэглэл болон Төхөөрөмж
133.251. Хамрах хүрээ
Энэ Бүлэг нь ИНД-91-ийн шаардлага дээр нэмж, дүүжин ачаа тээвэрлэж байгаа нисдэг тэрэгний шаардлагатай хэрэглэл, төхөөрөмжийг тогтооно.
133.253. Ерөнхий зүйл
(a) Энэ Бүлэгт шаардсан хэрэглэл болон төхөөрөмж дараах шаардлага хангасан байхаас бусад тохиолдолд, нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа эрхлэгч тухайн нислэгийг эхлүүлдэггүй болохыг бататгана:
(1) дараах баримт бичигт заасан үзүүлэлт болон НТЧ-ын загварын стандартыг хангасан байх:
(i) энэ Бүлэг; эсхүл
(ii) тухайн үйл ажиллагааны хувьд, Даргын баталсан өөр орлох үзүүлэлт болон стандарт;
(2) үйл ажиллагааны болон НТЧ-ын шаардлагыг багтаасан, холбогдох шаардлагын дагуу суурилуулсан байх;
(3) ажиллагаатай нөхцөлд байх бөгөөд гүйцэтгэх үйл ажиллагааны төрөлд шаардлагатай тоотой байх.
133.255. Дүүжин ачааны төхөөрөмж
Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн нисдэг тэргийг дараах хэрэглэлээр тоноглосон болохыг бататгах үүрэгтэй:
(1) тухайн нисдэг тэргэнд ашиглахыг нисдэг тэрэгний үйлдвэрлэгч зөвшөөрсөн, эсхүл ИНД-21-ийн С Бүлгийн хүрээнд загварын өөрчлөлтийн дагуу зөвшөөрсөн ба суурилуулсан ачааны өргөх дэгээ, эсхүл түүнтэй төстэй төхөөрөмж;
(2) дараах дүүжин ачааны төхөөрөмж:
(i) өөрөө эвдрэх, эсхүл нисдэг тэргийг гэмтээхээс сэргийлсэн стандартын бөгөөд тохирсон;
(ii) тухайн төхөөрөмжийг ашиглан хүн зөөх тохиолдолд, даацын жингээс 3.75 дахин их ачаалал даах чадвартай.
133.257. Түргэн салгах төхөөрөмж
(a) Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн нисдэг тэргийг дараах төхөөрөмжөөр тоноглосон болохыг бататгана:
(1) түргэн салгах цахилгаан төхөөрөмж;
(2) механик, эсхүл бие даасан түргэн салгах цахилгаан төхөөрөмж.
(b) Үйл ажиллагаа эрхлэгч, энэ зүйлийн (a)-д шаардсан түргэн салгах төхөөрөмж нь тухайн нисдэг тэрэгний максимум дүүжин ачааг багтаасан бүх дүүжин ачааны даацад тохирч байгааг бататгана.
(c) Үйл ажиллагаа эрхлэгч, түргэн салгах систем нь дараах шаардлага хангасан болохыг бататгана:
(1) дараах үндсэн удирдлагатай байх:
(i) аль нэг нисгэгчийн үндсэн нислэгийн удирдлага дээр суурилуулсан;
(ii) онцгой нөхцөлийн үед нисгэгч түүнийг ажиллуулахад, тухайн нисдэг тэргийг удирдах нисгэгчийн чадварыг хязгаарлахгүй байхаар зохион бүтээгдэж, байрлуулсан.
(2) багийн гишүүн хялбар авч хэрэглэх боломжтой хоёрдогч удирдлагатай байх.
G Бүлэг - Техник үйлчилгээ
133.301. Хамрах хүрээ
Энэ Бүлэг нь дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглаж байгаа Монгол Улсын бүртгэлтэй нисдэг тэрэгний техник үйлчилгээний шаардлагыг тогтооно.
133.303. Техник үйлчилгээний шаардлага
Үйл ажиллагаа эрхлэгч нь 133.255(1)-д шаардсан ачааны өргөх дэгээ, эсхүл түүнтэй төстэй бусад төхөөрөмжийг багтаасан, тухайн нисдэг тэрэгний техник үйлчилгээг ИНД-91 болон энэ Дүрмийн дагуу хийдэг болохыг бататгана.
133.305. Техник үйлчилгээг гэрчилгээжүүлэх этгээд
Үйл ажиллагаа эрхлэгч, ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх этгээд нь зохих ёсоор сургалтад хамрагдаж, тухайн гэрчилгээжүүлэлтийг хийхээр мэргэшсэн болохыг бататгана.
133.307. Дүүжин ачааны төхөөрөмж
(a) Үйл ажиллагаа эрхлэгч, дүүжин ачааны төхөөрөмж нь дараах шаардлага хангасан болохыг бататгана:
(1) хэвийн бус байдлын шинж тэмдгийг шалгах нүдэн үзлэгийг өмнөх ашиглалтын 50 цаг тутамд хийсэн байх;
(2) өмнөх 12 сар, эсхүл ашиглалтын 500 цагийн аль түрүүлж болох хугацаанд, түүний тооцоот ачааллаас 1.25 дахин их ачаалал өгч шалгасан байх.
(b) Үйл ажиллагаа эрхлэгч нь, энэ зүйлийн (a)-д заасан, дүүжин ачааны төхөөрөмжийн үйлчилгээг орлох засвар үйлчилгээг дараах хуваарийн дагуу хийж болно:
(1) заавал мөрдөх солих хугацаа, үзлэг шалгалтын үечлэл болон үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний заавар, эсхүл НТЧ-ын байнгын хадгалалтын зааварчилгаанд заасан холбогдох журам; эсхүл
(2) ИНД-91, эсхүл ИНД-119-ийн дагуу баталсан техник үйлчилгээний хөтөлбөр.
--oOo--
2020 он...сар...өдөр 1
Текст томруулах
A
A
A