- Нүүр
- Сайдын тушаал
- Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт /ИНД – 171/
Иргэний Нисэхийн Дүрэм 171
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны
02 дугаар сарын 04-ний өдрийн
А/16 тушаалын Нэгдүгээр хавсралт
ИНД - 171
Иргэний Нисэхийн Дүрэм
Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт
Зам, тээврийн хөгжлийн яам
ДҮРМИЙН ТАЙЛБАР
ИНД-171 нь агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллага, нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны болон техникийн стандартыг тогтоох ба IFR нислэгт, эсхүл НХҮ-нд дэмжлэг үзүүлэх зорилгоор нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээгээр хангадаг байгууллагын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтооно.
Энэ Дүрэм нь Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ИНД-171-ийн цахим хувилбар бөгөөд зөвхөн ишлэл хийх зорилгоор хэрэглэнэ. Хүчин төгөлдөр ИНД-171, түүний нэмэлт өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-аас, эсхүл www.mcaa.gov.mn веб сайтаас татаж авах боломжтой.
Мэдээлэл
Гишүүн улсуудын иргэний нисэхийн Дүрмийг сайжруулах замаар иргэний нисэхийн салбарт нэгдсэн нэг Дүрмийн зохицуулалтад шилжих Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1992 оны 29-р чуулганы А29-3 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улс болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хооронд 1999 оны 5 дугаар сарын 6-нд байгуулсан "Техникийн Хамтын Ажиллагааны Санамж Бичиг"-ийг үндэслэн Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийг боловсруулсан.
Өөрчлөлтийн түүх Хүчинтэй огноо
Анхны боловсруулалт 2002 оны 12 сарын 20
Нэмэлт өөрчлөлт 1 2010 оны 03 сарын 22
Нэмэлт өөрчлөлт 2 (Шинэчлэлт) 2020 оны ... сарын ...
Гарчиг
171.3. Нэр томьёо болон товчлол
171.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах
171.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх
171.17. Таних код болон дуудлага
171.19. Нисэхийн байгууламжийн мэдээллийг хүргүүлэх
171.21. Нисэхийн байгууламжийн хангах мэдээлэл
B Бүлэг - Гэрчилгээжүүлэлтийн шаардлага
171.51. Ажилтанд тавих шаардлага
171.53. Нисэхийн байгууламжийн шаардлага
171.55. Аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр
171.59. Хуваарьт үзлэг шалгалт болон тест хийх
171.61. Нисэхийн байгууламжийн техникийн үзүүлэлт
171.63. Үзлэг шалгалт, хэмжилт болон тестийн төхөөрөмж
171.65. Нисэхийн байгууламжийн мэдээллийг хүргэх
171.67. Осол, эсхүл зөрчлийн дараа нисэхийн байгууламжийг шалгах
171.69. Байгууламжийн доголдлын зөрчил
171.73. Аюулгүй байдлын удирдлага
171.77. АНТҮБ-ын Ерөнхий заавар
C Бүлэг - Үйл ажиллагааны шаардлага
171.107. Техникийн ашиглалт болон үйлчилгээний зааварчилгаа
171.109. Дүрмийн шаардлагаас хазайх
171.111. Нисэхийн түр байгууламж
171.113. Гэрчилгээ эзэмшигчид тавих хязгаарлалт
171.115. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт
D Бүлэг - Байгууламжийн техникийн тодорхойлолт болон шаардлага
171.201. Нэмэлт техникийн тодорхойлолт болон шаардлага
E Бүлэг - Шилжилтийн зохицуулалт
171.251. АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт
171.253. АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн дотоод чанар баталгаажуулалт
2020 он...сар...өдөр 1
Иргэний Нисэхийн Дүрэм 171
Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт
A бүлэг - Ерөнхий зүйл
171.1. Зорилго
Энэ Дүрэм нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:
(1) нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээ болон тухайн байгууламжийн үйл ажиллагааны болон техникийн стандарт;
(2) IFR нислэгт, эсхүл НХҮ-нд дэмжлэг үзүүлдэг нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны.
171.3. Нэр томьёо болон товчлол
Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.
171.5. Гэрчилгээний шаардлага
(a) Энэ зүйлийн (b) болон (c)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын (цаашид "АНТҮБ" гэх) гэрчилгээний эрх болон нөхцөлд заагаагүй нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээ үзүүлэхгүй, эсхүл нисэхийн байгууламжийг ажиллуулахгүй байх үүрэгтэй.
(b) Хэрэв этгээд нь нисэхийн радио давтамж дээр нисэхийн байгууламжийг ажиллуулдаг ба дараах шаардлагыг хангасан бол энэ зүйлийн (а) нь хамаарахгүй:
(1) тухайн нисэхийн байгууламж нь:
(i) НХҮ-нд дэмжлэг үзүүлдэггүй радио холбооны дамжуулагч бол; эсхүл
(ii) IFR нислэгт, эсхүл НХҮ-нд дэмжлэг үзүүлдэггүй радио навигацийн туслах төхөөрөмж бол;
(2) тухайн нисэхийн байгууламж нь дараах шаардлагын дагуу ажилладаг бол:
(i) ICAO-гийн Хавсралт 10, Volume III, Part II, Chapter 2, эсхүл Хавсралт 10, Volume I, Chapter 3-т заасан холбогдох системийн үзүүлэлт;
(ii) ICAO-гийн Хавсралт 10, Volume II-т заасан холбогдох холбооны журам;
(3) тухайн нисэхийн байгууламж нь бусад нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээ, эсхүл нисэхийн байгууламжид нөлөөлдөггүй бол;
(4) Дарга тухайн нисэхийн байгууламжид радио төхөөрөмж ашиглах эрх олгосон бол;
(5) тухайн нисэхийн байгууламжид 171.17-гийн дагуу таних код, эсхүл дуудлага олгосон бол.
(c) Хэрэв этгээд нь нисэхийн радио давтамж дээр газрын хөдөлгөөнт радиог ажиллуулдаг ба дараах шаардлагыг хангасан бол энэ зүйлийн (а) нь хамаарахгүй:
(1) тухайн радио холбооны төхөөрөмжийг НХҮ-нд дэмжлэг үзүүлэхэд ашигладаггүй бол;
(2) тухайн радио нь ICAO-гийн Хавсралт 10, Volume II-т заасан холбогдох холбооны журмын дагуу ажилладаг бол;
(3) тухайн радио дамжуулалт нь бусад нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээ, эсхүл нисэхийн байгууламжид нөлөөлдөггүй бол;
(4) Дарга тухайн радио төхөөрөмж ашиглах эрх олгосон бол.
171.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах
АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь CAA 24171/01 маягтыг бөглөж, дараах баримтын хамт Даргад хүргүүлэх үүрэгтэй:
(1) хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар;
(2) хэрэв хамааралтай бол, 171.17-д шаардсан таних код, эсхүл дуудлага авах хүсэлт;
(3) хэрэв хамааралтай бол, зохих төлбөрийн баримт.
171.9. Гэрчилгээ олгох
Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагчид энэ Дүрмийн дагуу АНТҮБ-ын гэрчилгээг олгох үүрэгтэй:
(1) хүсэлт гаргагч B Бүлгийн шаардлага хангасан байх;
(2) хүсэлт гаргагч болон 171.51(a)(1), (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнууд нь тохирох зөв хүн байх;
(3) тухайн гэрчилгээг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.
171.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх
(a) АНТҮБ-ын гэрчилгээнд, тухайн гэрчилгээ эзэмшигчийг IFR нислэгт, эсхүл НХҮ-нд дэмжлэг үзүүлж ажиллахыг зөвшөөрсөн нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээ болон нисэхийн байгууламжийн төрлийг заана.
(b) Энэ Дүрмийн 171.113-ыг харгалзан, АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээнд заасан нисэхийн байгууламжийн төрлийг дараах тохиолдолд ажиллуулж болно:
(1) ажиллуулж байгаа нисэхийн байгууламж бүрийг гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан; эсхүл
(2) хэрэв тухайн нисэхийн байгууламжийг Ерөнхий заавартаа заагаагүй бол, түүний үйл ажиллагааг талбайн тест хийх зорилгоор 171.53(b)-д шаардсан журмаар хянадаг байх.
171.13. Гэрчилгээний хугацаа
(a) АНТҮБ-ын гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
(b) АНТҮБ-ын гэрчилгээ нь түүний хугацаа дууссан, түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос бусад тохиолдолд хүчинтэй хэвээр байна.
(c) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл хүчингүй болсон тохиолдолд гэрчилгээг Даргад нэн даруй хураалгах үүрэгтэй.
(d) Гэрчилгээг түдгэлзүүлсэн тохиолдолд АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь зохих баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр Даргад нэн даруй хүргүүлэх үүрэгтэй.
171.15. Гэрчилгээ сунгах
(a) АНТҮБ-ын гэрчилгээ сунгуулах хүсэлтийг CAA 24171/01 маягтын дагуу гаргах ёстой.
(b) Хүсэлтийг тухайн гэрчилгээнд заасан сунгах хугацаанаас өмнө, эсхүл хэрэв сунгах хугацааг заагаагүй бол тухайн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.
171.17. Таних код болон дуудлага
(a) Аливаа этгээд дараах шаардлага хангаагүй төхөөрөмжийг ажиллуулахгүй:
(1) энэ зүйлийн (c)-гийн дагуу Дарга таних код олгосноос бусад радио навигацийн туслах төхөөрөмж; эсхүл
(2) энэ зүйлийн (c)-гийн дагуу Дарга дуудлага олгосноос бусад тохиолдолд, 171.5(c)-д зааснаас бусад нисэхийн радио давтамж дээр ажилладаг радио холбооны дамжуулагч.
(b) Энэ зүйлийн (a)-гийн дагуу таних код, эсхүл дуудлага авах хүсэлт гаргагч нь CAA 24171/02 маягтыг бөглөж, Даргад хүргүүлэх үүрэгтэй.
(c) Хэрэв Дарга тухайн код, эсхүл дуудлага олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй гэж үзвэл, Дарга радио навигацийн туслах төхөөрөмжид таних код, эсхүл радио холбоо дамжуулах нисэхийн байгууламжид дуудлага олгож болно.
171.19. Нисэхийн байгууламжийн мэдээллийг хүргүүлэх
Нисэхийн байгууламж ажиллуулж байгаа этгээд нь дараах арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй:
(1) НМҮ-ний байгууллагад дараах мэдээллийг дамжуулах:
(i) AIP-д хэвлэн нийтлүүлэх зорилгоор, тухайн нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл;
(ii) NOTAM гаргах зорилгоор, тухайн нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны төлөв байдалд орсон аливаа өөрчлөлтийн мэдээлэл.
(2) хэрэв хамааралтай бол, энэ хэсгийн (1)-ийн дагуу дамжуулсан мэдээлэл нь үнэн зөв хэвлэн нийтлэгдсэн болохыг хянах.
(3) түгээгдсэн мэдээллийн зөрчлийг ИНД-12-ын дагуу Даргад мэдээлэх.
171.21. Нисэхийн байгууламжийн хангах мэдээлэл
Нисэхийн байгууламж ажиллуулж байгаа этгээд нь, хэрэв тухайн байгууламжийн хангаж байгаа мэдээлэл нь алдаатай гэж сэжиглэж байгаа, эсхүл сэжиглэх шалтгаан байгаа бол, тухайн байгууламжийг үргэлжлүүлэн ашиглахыг зөвшөөрөхгүй байх үүрэгтэй.
B Бүлэг - Гэрчилгээжүүлэлтийн шаардлага
171.51. Ажилтанд тавих шаардлага
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах ажилтныг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр ажиллуулах үүрэгтэй:
(1) Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон дараах үүрэгтэй удирдах ажилтан:
(i) тухайн байгууллагын гүйцэтгэж байгаа бүх үйл ажиллагааг санхүүжүүлэх ба энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартын дагуу гүйцэтгэж чадахаа хүсэлт гаргагчийн байгууллагын хүрээнд бататгах;
(ii) тухайн байгууллага нь энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартыг хангаж байгааг бататгах;
(2) Гүйцэтгэх захирлын өмнө дараах үүрэг хариуцлага хүлээсэн удирдах ажилтан болон удирдах ажилтнууд:
(i) тухайн хүсэлт гаргагчийн байгууллага нь Ерөнхий заавраа дагаж мөрдөж байгааг бататгах;
(ii) 171.73-т шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо;
(3) Ерөнхий заавартаа заасан байгууламжид үзлэг хийх, хянах болон засвар хийх хангалттай тооны ажилтан.
(aa) Энэ зүйлийн (a)(2)(ii)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнууд нь гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа болон аюулгүй байдлын удирдлагын тогтолцоотой холбоотой ур чадвар, туршлагаа харуулсан байх үүрэгтэй.
(b) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан байгууламжийг ашиглалтад оруулах эрхийг тухайн гэрчилгээ эзэмшигч олгосон ажилтанд зориулсан дараах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) эрх бүхий ажилтны ур чадварт үнэлгээ хийх;
(2) эрх бүхий ажилтны ур чадварыг хадгалах;
(3) эрх бүхий ажилтанд, түүний эрхийн хүрээг тодорхойлсон нотлох баримтыг бичгээр олгох.
171.53. Нисэхийн байгууламжийн шаардлага
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламж нь:
(i) тухайн байгууламжийн холбогдох үйл ажиллагааны тодорхойлолтод нийцэхээр зохион бүтээгдсэн, суурилагдсан ба ашиглалтад орсон байх;
(ii) ICAO-гийн Хавсралт 10 Volumes I, III болон IV-т заасан тохирох системийн үзүүлэлт болон тодорхойлолтын стандартыг хангасан байх;
(iii) D Бүлгийн холбогдох техникийн тодорхойлолт болон шаардлагыг хангасан байх;
(iv) хэрэв код, эсхүл дуудлагыг 171.17-д шаардсан бол, таних код, эсхүл дуудлага олгосон байх;
(2) аэродромд ойртолт, буулт болон хөөрөлт үйлдэхэд зайлшгүй шаардлагатай, хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан радио навигацийн туслах төхөөрөмжийн үйл ажиллагааны төлөв байдлын мэдээллийг дараах НХУ-ын нэгжийн үйл ажиллагааны хэрэгцээг хангах зорилгоор хүргүүлсэн байх:
(i) үйлчилгээ үзүүлж байх үедээ, тухайн аэродромыг аэродромын удирдлагын үйлчилгээгээр хангадаг;
(ii) үйлчилгээ үзүүлж байх үедээ, тухайн аэродромыг ойртолтын удирдлагын үйлчилгээгээр хангадаг;
(3) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламж бүрийг НХҮ, эсхүл радио навигацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа холбогдох үйл ажиллагааны тасралтгүй байдлыг бататгах зорилгоор тохиромжтой цахилгаан тэжээлийн эх үүсвэр болон арга хэлбэрээр хангасан байх;
(4) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламжийг эвдэх, гэмтээх, эсхүл үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа эрсдэлийг багасгах зорилгоор 171.55-д шаардсан аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн дагуу суурилуулсан байх;
(5) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламжийн эрсдэлтэй ажлын талбай бүрийг:
(i) тухайн нисэхийн байгууламжийн ажлын талбайн зурагт тодорхой заасан байх;
(ii) тухайн ажлын талбайд тохирох бичгэн тэмдэглэгээгээр хамгаалсан байх;
(iii) тухайн ажлын талбайн хориг, хязгаарлалт нь барилга, хашаа, тээврийн хэрэгсэл, машин төхөөрөмж, эсхүл агаарын хөлгөөр зөрчигдөхгүй байхыг бататгах зорилгоор тухайн ажлын талбайн өмчлөгч, аэродромын үйл ажиллагаа эрхлэгч болон НХУ-ын нэгжийн аль холбогдох байгууллагатай бичгээр гэрээ байгуулж хамгаалсан байх.
(b) Талбайн тест хийх зорилгоор нисэхийн түр байгууламж ажиллуулахыг зорьж байгаа АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь тухайн тестийг хийх журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(c) Энэ зүйлийн (b)-д шаардсан журам нь дараах шаардлагыг багтаасан байх ёстой:
(1) тухайн түр байгууламжийн үйл ажиллагаа нь бусад нисэхийн байгууламжийн үйл ажиллагаанд нөлөөлөх шалтгаан болдоггүй байх;
(2) тухайн түр байгууламжийн үйл ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллийг NOTAM гаргах, хэрэв AIP-ын Нэмэлт хавсралтаар хэвлэн нийтлэх нь тохиромжтой бол НМҮ-ний байгууллагад хүргүүлдэг байх;
(3) зохих NOTAM хэвлэн нийтэлдэг байх.
171.55. Аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан байгууламжийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрт эвдрэл, гэмтэл, эсхүл хууль бус үйлдэл нь тухайн агаарын хөлгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тохиолдолд, АНТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд ажиллаж байгаа нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны эвдрэл, гэмтэл, эсхүл хууль бус үйлдлийн эрсдэлийг багасгах зорилгоор аюулгүйн хамгаалалтын бодит шаардлага, дадлага сургуулилт болон журмыг заасан байх ёстой.
(c) Энэ зүйлийн (a)-д шаардсан аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрт дараах шаардлагыг бататгах зорилгоор шаардлагатай байж болох аюулгүйн хамгаалалтын бодит шаардлага, дадлага сургуулилт болон журмыг багтаасан байх ёстой:
(1) зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлэх зорилгоор нисэхийн байгууламж бүр нь байнга нэвтрэх хяналттай болохыг бататгадаг байх;
(2) нисэхийн байгууламжийг гэмтээх тэсрэх бөмбөгөөр заналхийлэх, эсхүл бусад заналхийллийн үед ажилчид дагаж мөрддөг байх;
(3) хяналтгүй орхисон нисэхийн байгууламжийн байранд хууль бусаар нэвтрэх, эсхүл үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдлийг шуурхай илрүүлдэг болохыг бататгах зорилгоор хяналт тавьдаг байх.
(d) Энэ зүйлийн (a)-д шаардсан аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр нь аюулгүйн хамгаалалтын зөрчлийн талаар ИНД-12-ын дагуу Даргад мэдээлэх, шинжлэн шалгах болон тайлан гаргах журмыг багтаасан байх ёстой.
171.57. Баримт бичиг
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан байгууламжийн хангалт болон үйл ажиллагаанд шаардагдах холбогдох төхөөрөмжийн заавар, техникийн стандарт, практик, зааварчилгаа болон бусад баримт бичгийн хувийг хадгалдаг байх үүрэгтэй.
(b) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (а) болон холбогдох бусад Дүрэмд шаардсан баримт бичгийг хянах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(c) Энэ зүйлийн (b)-д шаардсан журам нь дараах шаардлагыг багтаасан байх ёстой:
(1) бүх баримт бичгийг боловсруулж гаргахаас өмнө 171.51-д заасан холбогдох удирдах ажилтан хянаж, зөвшөөрдөг байх;
(2) нисэхийн байгууламжийн хангалт болон үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай холбогдох бүх баримт бичгийн хүчинтэй хувийг, тухайн баримт бичиг шаардлагатай бүх байрлалд ажилтан авч ашиглахад бэлэн байлгах;
(3) хүчингүй болсон баримт бичгийг боловсруулж гаргасан, эсхүл ашиглаж байгаа цэг бүрээс нэн даруй хураан авдаг байх;
(4) баримт бичигт орсон нэмэлт өөрчлөлтийг 171.51-д заасан эрх бүхий албан тушаалтан хянаж, баталгаажуулдаг байх;
(5) хугацаа нь дууссан хэвлэлтийг ашиглахаас сэргийлж, баримт бичгийн хуудас бүрийн хүчинтэй хувилбарыг таньж тогтоож болдог байх.
171.59. Хуваарьт үзлэг шалгалт болон тест хийх
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь, нисэхийн байгууламж бүрийг тухайн байгууламжийн холбогдох үйл ажиллагааны шаардлага болон техникийн үзүүлэлтийн тодорхойлолтыг хангасан болохыг бататгах, хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламжид хуваарьт үзлэг шалгалт болон тест хийх журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) газрын үзлэг шалгалт, тест, хэрэв шаардлагатай бол шалгалтын нислэгийг багтаасан байх;
(2) дараах мэдээллийг харгалзан, Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламж бүрийн хуваарьт тестийн хоорондох үечлэлийг тогтоох, эсхүл өөрчлөх шалгуурыг багтаасан байх:
(i) ICAO-гийн хэвлэн нийтэлдэг холбогдох мэдээлэл;
(ii) тухайн нисэхийн байгууламжийн холбогдох найдвартай ажиллагааны өгөгдөл;
(iii) тухайн нисэхийн байгууламж болон бусад ижил төрлийн нисэхийн байгууламжийн батлагдсан найдвартай ажиллагааны үзүүлэлтийн мэдээлэл болон тухайн нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны хүрээлэн буй орчны тогтвортой байдлын мэдээлэл;
(3) Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламж бүрийн хуваарьт тестийн хоорондох үечлэлийг тогтоох, эсхүл өөрчлөх үндэслэлийг баримтжуулсан болохыг бататгасан байх.
(c) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх үүрэгтэй:
(1) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламж бүрийн хуваарьт газрын үзлэг шалгалтын хөтөлбөр;
(2) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламж бүрийн хуваарьт газрын тестийн хөтөлбөр;
(3) тухайн нисэхийн байгууламжийн хувьд, агаарын навигацийн аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр хуваарьт газрын тест нь хуваарьт шалгалтын нислэгийг орлож чадахыг энэ зүйлийн (b)(2)-т заасан шалгуураар хүсэлт гаргагч тогтоож чаддаг байхаас бусад тохиолдолд, хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан радио навигацийн туслах төхөөрөмж бүрийн хуваарьт шалгалтын нислэгийн хөтөлбөр.
(d) Энэ зүйлийн (с)(2) болон (с)(3)-т шаардсан хөтөлбөр нь энэ зүйлийн (b)(2)-т шаардсан шалгуурт үндэслэсэн байх ёстой ба нисэхийн байгууламж бүрийн шалгалт хоорондын максимум үечлэлийг тогтоосон байх ёстой.
(e) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь хуваарьт шалгалтын нислэг хийх шаардлагагүй радио навигацийн туслах төхөөрөмжийг Даргад мэдэгдэх үүрэгтэй.
171.61. Нисэхийн байгууламжийн техникийн үзүүлэлт
АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах тохиолдолд, Ерөнхий заавартаа заасан нисэхийн байгууламжийг ашиглалтад шилжүүлдэг байхыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) нисэхийн байгууламжийг ашиглалтад оруулах этгээд нь 171.51(b)-д шаардсаны дагуу ур чадварын үнэлгээ хийлгэж, эрх олгогдсон байх;
(2) 171.107-д шаардсан техникийн ашиглалт болон үйлчилгээний зааварчилгаанд дэлгэрэнгүй заасан зохих шалгалтыг тухайн нисэхийн байгууламжийн техникийн үзүүлэлтийг бататгах зорилгоор хийсэн байх;
(3) тухайн нисэхийн байгууламжийн бүртгэлийг 171.71-д шаардсан журмын дагуу хөтөлсөн байх.
171.63. Үзлэг шалгалт, хэмжилт болон тестийн төхөөрөмж
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь холбогдох үзлэг шалгалт, хэмжилт болон тестийн төхөөрөмжийг Ерөнхий заавартаа заасан нисэхийн байгууламж бүрийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажилтнууд авч хэрэглэх боломжтой болохыг бататгах үүрэгтэй.
(b) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь хэмжилт болон тест хийхэд шаардлагатай төхөөрөмж бүр оновчтой ба нарийвчлалтай болохыг бататгах зорилгоор энэ зүйлийн (а)-д шаардсан бүх үзлэг шалгалт, хэмжилт болон тестийн төхөөрөмжийг хянах, тохируулах болон хадгалах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(c) Энэ зүйлийн (b)-д шаардсан журам нь техникийн эрсдэлтэй үзүүлэлтийг хэмжихэд шаардагдах тестийн төхөөрөмж бүр дараах шаардлага хангасан болохыг бататгах ёстой:
(1) хэрэглэхийн өмнө, эсхүл тогтоосон үечлэлд холбогдох үндэсний стандартад нийцүүлэн тохируулгыг эргэн тогтоох боломжтой хэлбэрээр хийдэг байх;
(2) тохируулгын төлөв байдлыг тохиромжтой хэлбэрээр таньж тогтоох боломжтой байх;
(3) дараах хяналтыг хийдэг байх:
(i) тохируулгын тохиргоо алдагдахаас хамгаалах;
(ii) тухайн тестийн төхөөрөмжийн арчилгаа, удаан хугацааны хадгалалтад шилжүүлэх болон хадгалалт нь түүний нарийвчлал болон ашиглахад тохиромжтой байдлыг хэвээр хадгалж байгаа болохыг бататгах.
(d) Хэрэв нисэхийн байгууламжийн техникийн үзүүлэлтийн тестийг хийхэд техник хангамж болон програм хангамж ашигладаг бол, нисэхийн байгууламжийн үнэн, зөв техникийн үзүүлэлтийг бататгах чадвартай шалгах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэ зүйлийн (b)-д заасан журам нь дараах нөхцөлд шалгах тогтолцооны ажиллагааг шалгахыг шаарддаг байх ёстой:
(1) ашиглалтад шилжүүлэхээс өмнө;
(2) тогтоосон үечлэлд.
171.65. Нисэхийн байгууламжийн мэдээллийг хүргэх
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан холбогдох нисэхийн байгууламж бүрийг 171.19-ийн шаардлага хангасан болохыг бататгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах шаардлагыг бататгах арга хэлбэрийг багтаасан байх ёстой:
(1) НМҮ-нд мэдэгдсэний дагуу нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг AIP-д үнэн зөв хэвлэн нийтэлсэн байх;
(2) нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны төлөв байдлын аливаа өөрчлөлтийг NОТАМ-д хэвлэн нийтэлсэн байх.
171.67. Осол, эсхүл зөрчлийн дараа нисэхийн байгууламжийг шалгах
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь осол, зөрчилд өртсөн агаарын хөлөг, эсхүл НХҮ-нд ашигласан байж болох тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэсэн нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны нөхцөлийг шалгах болон үнэн зөв бүртгэлийн журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах шаардлагыг багтаасан байх ёстой:
(1) нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны нөхцөлийн шалгалтыг осол, эсхүл зөрчлийн талаар АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчид мэдэгдсэний дараа цаг алдалгүй гүйцэтгэх;
(2) тухайн шалгалтын бүртгэл болон нисэхийн байгууламжийн түүхийн бүртгэлийг дараагийн аливаа осол, эсхүл зөрчлийн шинжлэн шалгах ажиллагаанд ашиглах боломжтой аюулгүй газар хадгалах;
(3) энэ зүйлийн (b)(2)-ын дагуу аюулгүй хадгалахыг шаардсан бүртгэлийг тухайн бүртгэлд хамгийн сүүлд оруулсан бичилтээс хойш 3 жил хадгалах.
171.69. Байгууламжийн доголдлын зөрчил
АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) байгууламжийн доголдлын зөрчлийн талаар ИНД-12-ын шаардлагын дагуу мэдээлэх, шинжлэн шалгах болон тайлан гаргах;
(2) байгууламжийн доголдлын зөрчлийн шалтгааныг арилгах болон давтан гарахаас сэргийлэх зорилгоор залруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх.
171.71. Бүртгэл
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах бүртгэлийг хөтлөхөд шаардлагатай бүртгэлийг таньж тогтоох, цуглуулах, индексжүүлэх, хадгалах, хөтлөх болон устгах журмыг тогтоосон байх үүрэгтэй:
(1) нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээг найдвартай хангах;
(2) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан нисэхийн байгууламжийн аюулгүй үйл ажиллагаа.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журамд дараах бүртгэлийг үнэн зөв хөтлөх, хадгалах шаардлагыг багтаасан байх ёстой:
(1) нисэхийн байгууламж бүрийн хувьд:
(i) тухайн нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны үзүүлэлтийг баримтжуулах бүртгэл;
(ii) бүртгэгдсэн үйл ажиллагаа бүрийг хариуцсан этгээд, эсхүл ажилтан эргэн тогтоох боломжтой, нисэхийн байгууламжийн хуваарьт үзлэг шалгалт, тест болон техник үйлчилгээний түүхийг багтаасан бүртгэл;
(2) нисэхийн байгууламж бүрийн хувьд, 171.59(a)-д шаардсан хуваарьт шалгалтын боловсруулалтын, эсхүл өөрчлөлтийн бүртгэл;
(3) нисэхийн байгууламжийн техникийн эрсдэлтэй үзүүлэлтийг хэмжихэд ашигладаг 171.63(a)-д шаардсан тестийн төхөөрөмж бүрийн хувьд, тестийн төхөөрөмж бүрийн байршил, техник үйлчилгээ болон тохируулгын шалгалтын эргэн тогтоох боломжтой түүхийг багтаасан бүртгэл;
(4) ИНД-12-ын дагуу мэдээлсэн байгууламжийн доголдлын зөрчил бүрийн хувьд, дараах мэдээллийг багтаасан бүртгэл:
(i) доголдлын шинж байдлын дэлгэрэнгүй мэдээлэл;
(ii) шинжлэн шалгах ажиллагааны үед илэрсэн зөрчил;
(iii) залруулах арга хэмжээг эргэн шалгах;
(iv) хэрэв хамааралтай бол, ИНД-12-ын дагуу ИНЕГ-т хүргүүлсэн тайлангийн хуулбар;
(5) [хүчингүй]
(6) 171.51(b)-гийн дагуу нисэхийн байгууламжийг ашиглалтад оруулах эрх олгогдсон этгээдийн хувьд, тухайн этгээдийн туршлага, мэргэшил, сургалт, ур чадварын үнэлгээ болон хүчинтэй эрхийг багтаасан бүртгэл.
(c) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах шаардлагыг багтаасан байх ёстой:
(1) бүх бүртгэл нь гаргацтай ба байнгын арилдаггүй хэлбэртэй байх;
(2) энэ зүйлийн (b)(1)-д шаардсан бүх нисэхийн байгууламжийн бүртгэлийг, дараах зорилгоор урт хугацаа шаардсанаас бусад тохиолдолд 3-аас доошгүй жил хадгална:
(i) Дарга шаардах; эсхүл
(ii) тухайн нисэхийн байгууламжийн техникийн үзүүлэлтийн түүхийг үүсгэх.
171.73. Аюулгүй байдлын удирдлага
АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь ИНД-100.3-ын дагуу аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа мөрддөг байх үүрэгтэй.
171.75. Холбооны журам
АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан байгууламжийн үйл ажиллагааны журам нь ICAO-гийн Хавсралт 10, Volume II-т тогтоосон холбогдох холбооны журмын дагуу байгааг бататгах үүрэгтэй.
171.77. АНТҮБ-ын Ерөнхий заавар
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг багтаасан Ерөнхий зааврыг Даргад хүргүүлэх үүрэгтэй:
(1) дараах шаардлагыг бататган, хүсэлт гаргагчийн байгууллагын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан мэдэгдэл:
(i) Ерөнхий заавар нь тухайн байгууллагыг тодорхойлох ба энэ Дүрмийн байнгын хэрэгжилтийг бататгах хэлбэр болон аргыг харуулах;
(ii) байгууллагын ажилтнууд Ерөнхий заавар, холбогдох бүх заавар, үйл ажиллагааны болон техник үйлчилгээний гар авлагыг байнга дагаж мөрддөг байх ёстой;
(1A) 171.73-т шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хувьд, ИНД-100.3(b)-д шаардсан бүх баримт бичиг:
(2) 171.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнуудын албан тушаал, нэр;
(3) 171.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнуудын дараах үүрэг, хариуцлага:
(i) тухайн байгууллагын нэрийн өмнөөс Дарга, эсхүл ИНЕГ-тай шууд харьцах тэдний хариуцсан асуудал;
(ii) аюулгүй байдлын удирдлагын үүрэг хариуцлага;
(4) 171.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнуудын болон энэ зүйлийн (a)(7)-д заасан байрлал бүрийг хамарсан үүрэг хариуцлагын шугаман хамаарлыг харуулсан байгууллагын бүтцийн зураг;
(5) энэ зүйлийн (a)(7)-д заасан байрлал бүрд ажиллах тухайн байгууллагын ажилтнуудын бүтцийн хураангуй мэдээлэл;
(5A) байгууллагын хүрээнд аюулгүй байдлын хариуцлагын шугаман хамаарлыг тодорхойлсон мэдээлэл;
(6) АНТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд ажиллах нисэхийн байгууламжийн жагсаалт;
(7) энэ зүйлийн (a)(6)-д заасан төрлийн байгууламжийн үйлчилгээ үзүүлэх, эсхүл хангах зорилгоор тухайн байгууллагын ажилтан байрласан байршил бүрийн үйл ажиллагааны цар хүрээний хураангуй мэдээлэл;
(8) энэ зүйлийн (a)(7)-д заасан байршилтай холбоотой нисэхийн байгууламж бүрийн үйл ажиллагааны хураангуй мэдээлэл;
(9) 171.55-д шаардсан аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл;
(10) [хүчингүй]
(11) дараах зүйлд шаардсан дэлгэрэнгүй журмыг агуулсан, баримт бичгийг тодорхойлох мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй журам, эсхүл журмын тайлбар:
(i) 171.51(b)(1) болон (2) - ажилтны ур чадварын хадгалалтын үнэлгээний талаар;
(ii) 171.53(a) - байгууламжийг зохион бүтээх, суурилуулах болон ашиглалтад оруулах талаар;
(iii) 171.53(b) - талбайн тест хийх зорилгоор түр байгууламж ажиллуулах талаар;
(iv) 171.57(b) - баримт бичиг хянах талаар;
(v) 171.59(a) - байгууламжийн хуваарьт үзлэг шалгалт болон тестийн талаар;
(vi) 171.61 - байгууламжийн техникийн үзүүлэлтийн талаар;
(vii) 171.63 - үзлэг шалгалт, хэмжилт болон тестийн төхөөрөмжийн хяналт, тохируулга болон засвар үйлчилгээний талаар;
(viii) 171.65(a) - байгууламжийн мэдээллийг мэдээлэх талаар;
(ix) 171.67(a) - осол, зөрчлийг мэдээлсний дараа байгууламжийг шалгах талаар;
(x) 171.69 - байгууламжийн доголдлын зөрчлийн талаар;
(xi) 171.71(a) - бүртгэлийг ангилах, бүрдүүлэх, индексжүүлэх, хадгалах, хөтлөх болон устгах;
(xii) 171.75 - холбооны журмын талаар;
(12) Ерөнхий зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт оруулах болон түгээх журам.
(b) Хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой.
C Бүлэг - Үйл ажиллагааны шаардлага
171.101. Байнгын хэрэгжилт
АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) энэ Дүрмийн дагуу гэрчилгээжүүлэлтэд тогтоосон B Бүлгийн шаардлага болон стандартыг байнга хангадаг байх;
(2) Ерөнхий заавартаа дэлгэрэнгүй заасан бүх журмыг дагаж мөрддөг байх;
(3) Ерөнхий заавартаа заасан ажлын байрлал тус бүрд, тухайн зааврын нэгээс доошгүй хүчинтэй, бүрэн хувийг хадгалдаг байх;
(4) Ерөнхий зааврын холбогдох бүлгийг шаардлагатай ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд ашиглах боломжтой байлгах;
(5) үйлчилгээ үзүүлэх хаяг, утасны дугаар, эсхүл факсын дугаарын аливаа өөрчлөлтийг тухайн өөрчлөлт орсноос 28 хоногийн дотор CAA 24171/01 маягтаар Даргад мэдэгддэг байх.
171.103. Нөөц
171.105. Нөөц
171.107. Техникийн ашиглалт болон үйлчилгээний зааварчилгаа
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) Ерөнхий заавартаа заасан нисэхийн байгууламж бүрийн үйл ажиллагааны болон техник үйлчилгээний шаардлагыг тогтоосон техникийн ашиглалт болон үйлчилгээний зааварчилгаатай байх;
(2) ажилтны хэрэглээ болон гарын авлага болох энэ хэсгийн (1)-д шаардсан техникийн ашиглалт болон үйлчилгээний зааварчилгаагаар хангах.
(b) Энэ зүйлийн (a)(1)-д шаардсан техникийн ашиглалт болон үйлчилгээний зааварчилгаа нь дараах мэдээллийг багтаасан байх ёстой:
(1) нисэхийн байгууламж бүрийн техникийн эрсдэлтэй үзүүлэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл;
(2) энэ зүйлийн (b)(1)-д заасан техникийн эрсдэлтэй үзүүлэлтийн холбогдох минимум үзүүлэлтийн түвшин;
(3) энэ зүйлийн (b)(1)-д заасан техникийн эрсдэлтэй үзүүлэлтийн хэмжилтэд шаардлагатай тестийн төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл;
(4) ашиглалтад оруулахад заавал хийх шаардлагатай үзлэг шалгалт болон тестийн журмын дэлгэрэнгүй мэдээлэл;
(5) нисэхийн байгууламж бүрийн үйл ажиллагаа болон техник үйлчилгээнд заавал хийх үзлэг шалгалт болон тестийн журмын дэлгэрэнгүй мэдээлэл.
171.109. Дүрмийн шаардлагаас хазайх
(a) Хэрэв хүний амь нас, эсхүл өмч хөрөнгийг хамгаалах онцгой нөхцөлийн арга хэмжээнд агаарын хөлгийн шуурхай оролцоо шаардлагатай бол, АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь 171.113(a)-г харгалзан, энэ Дүрмийн аливаа шаардлагаас хазайж болно.
(b) Энэ зүйлийн (а)-гийн дагуу энэ Дүрмийн шаардлагаас хазайсан, АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) тухайн онцгой нөхцөлийн дараа, тайланг бичгээр Даргад цаг алдалгүй хүргүүлнэ, гэхдээ аль ч тохиолдолд 14 хоногоос хэтрэхгүйгээр;
(2) энэ зүйлийн (b)(1)-д шаардсан тайланд тухайн дүрмийн шаардлагаас хазайсан тохиолдлын мөн чанар, хамрах хүрээ, үргэлжлэх хугацааг багтаах.
171.111. Нисэхийн түр байгууламж
Хэрэв талбайн тест хийх зорилгоор нисэхийн түр байгууламж ажиллуулдаг бол, АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийг 171.53(b) болон (c)-гээс бусад, B Бүлгийн шаардлагыг дагаж мөрдөхийг шаардахгүй.
171.113. Гэрчилгээ эзэмшигчид тавих хязгаарлалт
(a) Энэ Дүрмийн 171.53(b)-д шаардсан журмын дагуу талбайн тест хийх зорилгоор нисэхийн түр байгууламжийн үйл ажиллагаа гүйцэтгэж байхаас бусад тохиолдолд, хэрэв эзэмшигчид тухайн байгууламжийн хангаж байгаа мэдээллийн үнэн зөв байдалд эргэлзэх шалтгаан байгаа бол, АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний эрхийн хүрээнд тухайн нисэхийн байгууламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй.
(b) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь тухайн байгууламжид Дарга радио төхөөрөмж ашиглах эрх олгосноос бусад тохиолдолд, нисэхийн радио давтамж дээр радио нэвтрүүлэг хийдэг нисэхийн байгууламжийг ажиллуулахгүй.
(c) Хэрэв 171.109(a)-гийн дагуу дүрмийн шаардлагаас хазайх шаардлагатай, эсхүл 171.53(b)-д шаардсан журмын дагуу талбайн тест хийснээс бусад тохиолдолд, АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд дараах шаардлагыг хангаагүй нисэхийн байгууламжийг ажиллуулахгүй:
(1) тухайн нисэхийн байгууламжийг гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан байх;
(2) тухайн нисэхийн байгууламжийн техникийн үзүүлэлт нь 171.19-ийн дагуу тухайн байгууламжид зориулан хэвлэн нийтэлсэн холбогдох мэдээлэлд нийцсэн байх;
(3) нисэхийн байгууламжийн техникийн үзүүлэлт нь 171.53(a)-гийн холбогдох шаардлагад нийцсэн байх;
(4) нисэхийн байгууламжийн үйл ажиллагааны нэгдмэл байдлын хяналтын тогтолцоо нь бүрэн ажиллагаатай байх;
(5) нисэхийн байгууламжийн хуваарьт бүх тестийг 171.59(c)(2) болон (3)-т заасан хөтөлбөрийн дагуу хийсэн байх;
(6) хэрэв тухайн нисэхийн байгууламжийг эвдэх, гэмтээх, эсхүл үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл нь нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй бол, тухайн нисэхийн байгууламжийг 171.55(a)-д шаардсан гэрчилгээ эзэмшигчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрт багтаасан байх;
(7) хэрэв энэ зүйлийн (c)(6) хамаарах бол, тухайн нисэхийн байгууламжийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн шаардлагыг хангасан байх.
171.115. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт
(a) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) Ерөнхий зааврын нэмэлт өөрчлөлтийг тухайн гэрчилгээ эзэмшигчийн байгууллага, нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын техник үйлчилгээ болон байгууламжийн тодорхойлолт хүчинтэй хэвээр хадгалагдаж байхаар хийдэг болохыг бататгах;
(2) Ерөнхий заавартаа оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэ Дүрмийн холбогдох шаардлагад нийцэж байгааг бататгах;
(3) Ерөнхий заавартаа заасан нэмэлт өөрчлөлт оруулах журмыг дагаж мөрдөх;
(4) Ерөнхий заавартаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараа тухайн нэмэлт өөрчлөлтийн хувийг Даргын хэрэгцээнд зориулж цаг алдалгүй хүргүүлэх;
(5) нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж Даргын үзсэн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхий заавартаа оруулах.
(b) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг хийхийн өмнө Даргын зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай:
(1) Гүйцэтгэх захирал;
(2) жагсаалтад заасан удирдах ажилтнууд;
(3) аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр;
(4) тухайн гэрчилгээний эрхийн хүрээнд ажиллаж байгаа нисэхийн байгууламжийн төрөл;
(5) аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, хэрэв тухайн өөрчлөлт нь бодит өөрчлөлт бол.
(c) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (b)-гийн дагуу аливаа өөрчлөлт оруулах хүсэлтийг CAA 24171/01 маягтаар гаргах үүрэгтэй.
(d) Дарга нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж үзсэн, энэ зүйлийн (b)-д заасан өөрчлөлтийг хийж байх үед, эсхүл түүнийг хийсний дараа АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн дагаж мөрдөх ёстой нөхцөлийг тогтоож болно.
(e) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (d)-гийн дагуу Даргын тогтоосон нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.
(f) Хэрэв энэ зүйлийн (b)-д заасан өөрчлөлт нь АНТҮБ-ын гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бол гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд тухайн өөрчлөлтийг баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр Даргад цаг алдалгүй хүргүүлэх үүрэгтэй.
D Бүлэг - Байгууламжийн техникийн тодорхойлолт болон шаардлага
171.201. Нэмэлт техникийн тодорхойлолт болон шаардлага
Энэ Дүрмийн 171.53(a)(1)-д заасан нисэхийн байгууламжид дараах техникийн тодорхойлолт болон шаардлага хамаарна:
(1) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан NDB бүр нь ICAO-гийн Хавсралт 10, Volume I, section 3.4-т заасан тодорхойлолтын стандартаас гадна дараах техникийн тодорхойлолтын стандартад тохирсон байх ёстой:
(i) ICAO-гийн Хавсралт 10, Volume I, section 3.4.8.2 болон 3.4.8.4-т зөвлөсөн хяналтын ажиллагаа нь NDB-нисэхийн байгууламж бүрийн хувьд заавал мөрдөх техникийн тодорхойлолтын шаардлага байх;
(ii) NDB-нисэхийн байгууламж бүрийн хяналтын систем нь ICAO-гийн Хавсралт 10, Volume I, section 3.4.8.1 болон 3.4.8.2-т заасан аливаа нөхцөл илэрсэн үед анхааруулах дохиог хяналтын цэгт дамжуулдаг байх ба NDB-г унтраадаг байх ёстой;
(2) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан UHF DME нь ICAO-гийн Хавсралт 10, Volume I, section 3.5-д заасан тодорхойлолтын стандартаас гадна дараах тодорхойлолтын стандартад тохирсон байх ёстой:
(i) ICAO-гийн Хавсралт 10, Volume I, section 3.5.3.6.3(a)-д заасан дохиологчийн кодыг (beacon code) таних сигналыг 40 секунд тутамд нэгээс доошгүй удаа дамжуулдаг ёстой байх;
(ii) ICAO-гийн Хавсралт 10, Volume I, section 3.5.4.7.2.3-т зөвлөсөн хяналтын ажиллагаа нь DME-нисэхийн байгууламж бүрийн хувьд заавал мөрдөх техникийн тодорхойлолтын шаардлага байх;
(3) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааварт заасан радио навигацийн туслах төхөөрөмж бүрийг, дараах аль нэг нөхцөл үүссэн тохиолдолд, тухайн нисэхийн байгууламжийн үйл ажиллагаанаас гаргах ба анхааруулах дохиог холбогдох хяналтын цэгт дамжуулах хяналтын системээр хангасан байх ёстой:
(i) навигацийн мэдээлэл нь тухайн байгууламжид тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн;
(ii) дохиог таньж тогтоох систем татгалзах;
(iii) тухайн хяналтын систем татгалзах.
E Бүлэг - Шилжилтийн зохицуулалт
171.251. АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт
(a) Энэ зүйл нь дараах этгээдэд хамаарна:
(1) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч;
(2) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч.
(b) Энэ зүйлд хамаарах байгууллага нь энэ зүйлийн (e)(2)-ын дагуу тогтоосон хэрэгжүүлэлтийн хугацаанаас өмнө дараах заалтыг мөрдөхгүй байж болно:
(1) 171.51(a)(2)(ii), хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтны оронд дотоод чанар баталгаажуулалт хариуцсан удирдах ажилтантай бол;
(2) 171.73, хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх болон мөрдөхийн оронд 171.253-ыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн бол;
(3) 171.77(a)(1A)(i);
(4) 171.77(a)(3)(ii);
(5) 171.77(a)(5A).
(c) АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч болон АНТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь гүйцэд бөглөсөн CAA маягт болон хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг 2021 оны 4 сарын 1-нээс өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.
(d) Энэ зүйлийн (c)-д заасан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн санал болгосон хугацааг багтаасан байх;
(2) тухайн байгууллага 171.73-т шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг дүрслэн харуулсан байх.
(e) Хэрэв хүлээн зөвшөөрөхүйц бол, Дарга:
(1) тухайн байгууллагын хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг батална;
(2) аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн хугацааг тогтооно.
(f) Энэ зүйлийн (e)(2)-ын дагуу хугацааг тогтоохдоо, Дарга дараах нөхцөлийг тооцох үүрэгтэй:
(1) тухайн байгууллагын хүчин чадал;
(2) тухайн байгууллагын төвөгшил;
(3) тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрсдэл;
(4) гэрчилгээг сунгах хугацаа;
(5) тухайн байгууллага, эсхүл ИНЕГ, эсхүл хоёуланд нь хамаарах эх үүсвэр, эсхүл хуваарийн нөлөө;
(6) хэрэгжүүлэлтийн хугацаа нь 2022 оны 2 сарын 1-нээс хойш байж болохгүй.
(g) Энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтэд хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг хавсаргахгүй байж болно.
(h) Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.
171.253. АНТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн дотоод чанар баталгаажуулалт
(a) Энэ Дүрмээр шаардсан журам нь дүрмийн шаардлага хангасан ба тухайн байгууллага түүнийг хэрэгжүүлж байгааг бататгах зорилгоор, 171.251(b)(1)(ii)-т шаардсан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн байх ёстой.
(b) Дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоо нь дараах журмыг багтаасан байх ёстой:
(1) 171.69-д шаардсан байгууламжийн доголдлын зөрчлийг шинжлэн шалгах журмыг багтаасан, аюулгүй байдлын бодлого болон аюулгүй байдлын бодлогын журам;
(2) тухайн дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоонд оршин байгаа хүндрэлтэй асуудал, эсхүл хүндрэлтэй асуудлын боломжит шалтгааныг тогтоох зорилгоор төхөөрөмжийн хангамж, доголдол, алдаа болон ажилтан, үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг багтаасан, чанарын үзүүлэлтэд мониторинг хийдэг байхыг бататгах журам;
(3) дотоод чанар баталгаажуулалтын тогтолцооны хүрээнд илрүүлсэн хүндрэлтэй асуудлыг залруулсан болохыг бататгах, залруулах арга хэмжээний журам;
(4) дотоод чанар баталгаажуулалтын тогтолцооны хүрээнд илрүүлсэн хүндрэлтэй асуудлын боломжит шалтгааныг арилгасан болохыг бататгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам;
(5) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааврын журмын нийцлийг бататгах болон аюулгүй байдлын бодлогод тогтоосон зорилтод хүргэх хүсэлт гаргагчийн байгууллагын дотоод аудитын хөтөлбөр;
(6) энэ Дүрмийн шаардлагыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцооны байнгын тохиромжтой болон үр дүнтэй байдлыг бататгах, хэрэв тохирч байгаа бол, статистикийн дүн шинжилгээ ашиглахыг багтаасан удирдлагын дүгнэлт хийх журам.
(c) Энэ зүйлийн (b)(3)-т шаардсан залруулах арга хэмжээний журамд дараах үйл ажиллагааг хэрхэн хийхийг заасан байх ёстой:
(1) оршиж байгаа чанарын хүндрэлтэй асуудлыг залруулах;
(2) тухайн арга хэмжээний үр дүнг бататгах, залруулах арга хэмжээг эргэн хянах;
(3) залруулах арга хэмжээний үр дүнд үндэслэн энэ Дүрмээр шаардсан журамд нэмэлт өөрчлөлт оруулах;
(4) авсан залруулах арга хэмжээний үр дүнг удирдлага дүгнэх.
(d) Энэ зүйлийн (b)(4)-т шаардсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд дараах үйл ажиллагааг хэрхэн хийхийг заасан байх ёстой:
(1) боломжит чанарын хүндрэлтэй асуудлыг залруулах;
(2) тухайн арга хэмжээний үр дүнг бататгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эргэн хянах;
(3) урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд үндэслэн энэ Дүрмээр шаардсан журамд нэмэлт өөрчлөлт оруулах;
(4) авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг удирдлага дүгнэх.
(e) Энэ зүйлийн (b)(5)-д шаардсан дотоод аудитын хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) аудит хийх үйл ажиллагааны шинж чанарыг тооцож, аудит хийх байрлал болон давтамжийг тогтоодог байх;
(2) сүүлчийн аудитаас хойш, аудит хийгдсэн тухайн ажиллагааг хариуцсан ажилтны авсан урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах арга хэмжээний үр дүнг үнэлж, дүгнэдэг байх;
(3) хэрэв аудитаар хүндрэлтэй асуудал илэрсэн бол, аудит хийгдсэн ажиллагааг хариуцсан ажилтнаас урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах арга хэмжээ авахыг шаарддаг байх.
(f) Энэ зүйлийн (b)(6)-д шаардсан удирдлагын дүгнэлт хийх журам нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) тухайн тогтолцооны байнгын үр дүнтэй байх хэрэгцээ шаардлагыг үндэслэн дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоонд удирдлагын дүгнэлт хийх давтамжийг тодорхойлдог байх;
(2) энэ зүйлийн (f)(1)-д заасан удирдлагын дүгнэлт хийх хариуцлага хүлээсэн удирдах ажилтныг тодорхойлдог байх;
(g) Дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан нь дараах үүрэгтэй:
(1) тухайн НХНҮ-ний гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын бүх түвшинд тухайн аюулгүй байдлын бодлого болон аюулгүй байдлын бодлогын журмыг ойлгож, хэрэгжүүлж, мөрдөж байгааг бататгах;
(2) аудитыг тухайн үйл ажиллагаанд шууд хариуцлага хүлээдэггүй, сургалтад хамрагдсан аудитын ажилтан гүйцэтгэдэг болохыг бататгах;
(3) аудитын үр дүнг, аудит хийгдсэн ажиллагааг хариуцсан ажилтанд мэдээлдэг болохыг бататгах;
(4) авсан урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах бүх арга хэмжээний үр дүнд дүгнэлт хийх зорилгоор эргэн хянах аудит хийдэг болохыг бататгах;
(5) тухайн удирдлагын дүгнэлтийн үр дүнг дүгнэж, бүртгэл хөтөлдөг болохыг бататгах;
(6) АНТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд ажиллаж байгаа байгууламжийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд нөлөөлөх асуудлаар Гүйцэтгэх захиралтай шууд харьцдаг байх.
(h) Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.
--oOo--
2020 он...сар...өдөр 1
Текст томруулах
A
A
A