- Нүүр
- Сайдын тушаал
- Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт /ИНД – 174/
Иргэний Нисэхийн Дүрэм 174
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны
02 дугаар сарын 04-ний өдрийн
А/16 тушаалын Нэгдүгээр хавсралт
ИНД - 174
Иргэний Нисэхийн Дүрэм
Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын
гэрчилгээжүүлэлт
Зам, тээврийн хөгжлийн яам
ДҮРМИЙН ТАЙЛБАР
ИНД-174 нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:
- иргэний нисэхэд цаг уурын үйлчилгээ үзүүлэх байгууллагын гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны;
- нисэхийн цаг агаарын үндсэн мэдээгээр хангах нөхцөлийн.
Энэ Дүрэм нь Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ИНД-174-ийн цахим хувилбар бөгөөд зөвхөн ишлэл хийх зорилгоор хэрэглэнэ. Хүчин төгөлдөр ИНД-174, түүний нэмэлт өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-аас, эсхүл www.mcaa.gov.mn веб сайтаас татаж авах боломжтой.
Мэдээлэл
Гишүүн улсуудын иргэний нисэхийн Дүрмийг сайжруулах замаар иргэний нисэхийн салбарт нэгдсэн нэг Дүрмийн зохицуулалтад шилжих Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1992 оны 29-р чуулганы А29-3 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улс болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хооронд 1999 оны 5 сарын 6-нд байгуулсан "Техникийн Хамтын Ажиллагааны Санамж Бичиг"-ийг үндэслэн Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийг боловсруулсан.
Өөрчлөлтийн дугаар Хүчин төгөлдөр болсон огноо
Анхны боловсруулалт 2001 оны 12 сарын 29
Нэмэлт өөрчлөлт 1 2005 оны 09 сарын 14
Нэмэлт өөрчлөлт 2 2010 оны 05 сарын 07
Нэмэлт өөрчлөлт 3 (Шинэчлэлт) 2020 оны ... сарын ...
Тэмдэглэл: ИНД-174-ийн шинэчлэлтийг монгол, англи хэл дээр, NZ Part 174-ийн 2017 оны 03 сарын 10-ны A.5-д үндэслэн боловсруулсан болно.
Гарчиг
174.3. Нэр томьёо болон товчлол
174.6. Цаг агаарын үндсэн мэдээ
174.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах
174.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх
B Бүлэг - Гэрчилгээжүүлэлтийн шаардлага
174.51. Ажилтанд тавих шаардлага
174.53. Ажиглалтын талбайд тавих шаардлага
174.55. Холбооны системийн шаардлага
174.57. Цаг уурын мэдээний өгөгдлийг цуглуулахад тавих шаардлага
174.59. Цаг уурын мэдээлэл боловсруулан гаргахад тавих шаардлага
174.61. Тоног төхөөрөмжид тавих шаардлага
174.65. Бататгах, хугацаат үзлэг шалгалт, тест болон тохируулга хийх
174.67. Цаг уурын мэдээлэл гаргах
174.69. Цаг уурын алба болон тоног төхөөрөмжийн төлөв байдлыг мэдээлэх
174.71. Осол, эсхүл зөрчлийн дараа цаг уурын мэдээллийг шалгах
174.73. Тоног төхөөрөмжийн доголдол болон алдаатай мэдээлэл
174.77. Аюулгүй байдлын удирдлага
174.79. НЦУҮБ-ын Ерөнхий заавар
C Бүлэг - Үйл ажиллагааны шаардлага
174.103. Үйл ажиллагааны заавар
174.107. Гэрчилгээ эзэмшигчид тавих хязгаарлалт
174.109. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт
D Бүлэг - Шилжилтийн зохицуулалт
174.151. НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт
174.153. НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн дотоод чанар баталгаажуулалт
2020 он...сар... 1
Иргэний Нисэхийн Дүрэм 174
Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт
A Бүлэг - Ерөнхий зүйл
174.1. Хамрах хүрээ
Энэ Дүрэм нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:
(1) нисэхэд цаг уурын үйлчилгээ үзүүлэх байгууллагын гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны;
(2) нисэхийн цаг агаарын үндсэн мэдээгээр хангах нөхцөлийн.
174.3. Нэр томьёо болон товчлол
Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.
174.5. Гэрчилгээний шаардлага
(a) Аливаа этгээд нь энэ Дүрмийн дагуу олгосон нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын (цаашид "НЦУҮБ" гэх) гэрчилгээний эрхийн хүрээ болон нөхцөлд заагаагүй нисэхийн цаг уурын үйлчилгээг үзүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) Дарга Монгол Улсын агаарын навигацийн системтэй харилцан ажиллах зорилгоор, цаг уурын албаны сүлжээгээр хангагдсан, цаг уурын нэг, эсхүл хэд хэдэн үйлчилгээ үзүүлэх чадвартай байгууллагыг нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, гэрчилгээ олгож болно.
174.6. Цаг агаарын үндсэн мэдээ
Цаг агаарын үндсэн мэдээгээр хангадаг этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) тухайн хийж байгаа ажиглалтад үзлэг шалгалт хийсэн төхөөрөмжийг ашиглах;
(2) тухайн төхөөрөмжийг шалгах тогтолцоог хэрэгжүүлэх;
(3) үнэн зөв цаг агаарын үндсэн мэдээгээр хангах сургалтад хамрагдсан байх.
174.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь CAA 24174/01 маягтыг бөглөж, дараах баримтын хамт Даргад хүргүүлнэ:
(1) 174.79-д шаардсан Ерөнхий заавар;
(2) зохих төлбөрийн баримт.
174.9. Гэрчилгээ олгох
Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагч нь НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших эрхтэй:
(1) хүсэлт гаргагч B Бүлгийн шаардлага хангасан байх;
(2) хүсэлт гаргагч болон 174.51(a)(1), (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнууд нь тохирох зөв хүн байх;
(3) тухайн гэрчилгээг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.
174.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх
(a) НЦУҮБ-ын гэрчилгээнд тухайн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгогдсон тоног төхөөрөмжийн төрлийг заана.
(b) Энэ Дүрмийн 174.107-г харгалзан, НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь цаг уурын үйлчилгээ, цаг уурын үйлчилгээнд ашигладаг цаг уурын мэдээлэл бүрийг болон цаг уурын үйлчилгээнд хамрагдах газар нутаг, агаарын зайг Ерөнхий заавартаа заасан бол тухайн гэрчилгээнд заасан цаг уурын үйлчилгээг үзүүлж болно.
174.13. Гэрчилгээний хугацаа
(a) НЦУҮБ-ын гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.
(b) НЦУҮБ-ын гэрчилгээ нь түүний хугацаа дууссан, түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос бусад тохиолдолд хүчинтэй хэвээр байна.
(c) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл хүчингүй болсон тохиолдолд Даргад нэн даруй хураалгана.
(d) Гэрчилгээг түдгэлзүүлсэн тохиолдолд НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь зохих баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр Даргад нэн даруй хүргүүлнэ.
174.15. Гэрчилгээ сунгах
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ сунгуулах хүсэлтийг CAA 24174/01 маягтын дагуу гаргах ёстой.
(b) Хүсэлтийг тухайн гэрчилгээнд заасан сунгах хугацаанаас өмнө, эсхүл хэрэв сунгах хугацааг заагаагүй бол тухайн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.
B Бүлэг - Гэрчилгээжүүлэлтийн шаардлага
174.51. Ажилтанд тавих шаардлага
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах ажилтныг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр ажиллуулах үүрэгтэй:
(1) Ерөнхий заавартаа заасан цаг уурын үйлчилгээ бүрийг санхүүжүүлэх ба энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартын дагуу гүйцэтгэж чадахаа хүсэлт гаргагчийн байгууллагын хүрээнд бататгах үүрэгтэй Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон удирдах ажилтан;
(2) дараах үйл ажиллагааны чиглэлээр Гүйцэтгэх захирлын өмнө эцсийн хариуцлага хүлээх удирдах ажилтан, эсхүл ажилтнууд:
(i) хүсэлт гаргагчийн байгууллага нь Ерөнхий заавраа дагаж мөрдөж байгааг бататгах;
(ii) 174.77-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо;
(3) цаг уурын алба болон тоног төхөөрөмжийг төлөвлөх, ажиллуулах, хяналт тавих, үзлэг шалгалт хийх, гэрчилгээжүүлэх болон хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан цаг уурын үйлчилгээг үзүүлэх хангалттай тооны ажилтан.
(aa) Энэ зүйлийн (a)(2)(ii)-т шаардсан удирдах ажилтан нь гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа болон аюулгүй байдлын удирдлагын тогтолцоотой холбоотой ур чадвар, туршлагаа харуулсан байх үүрэгтэй.
(b) Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:
(1) дараах ажиллагааг гүйцэтгэх хүсэлт гаргагчийн эрх бүхий ажилтанд ур чадварын үнэлгээ хийх журмыг тогтоох:
(i) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд оруулах;
(ii) цаг уурын мэдээллийг боловсруулах болон түгээхэд хяналт тавих;
(2) эрх бүхий ажилтны ур чадварыг хадгалах журмыг тогтоох;
(3) дээрх ажилтанд, түүний эрхийн хүрээг тодорхойлсон нотлох баримтыг бичгээр олгох.
174.53. Ажиглалтын талбайд тавих шаардлага
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг бататгах журмыг тогтоосон байна:
(1) Ерөнхий заавартаа заасан цаг уурын алба болон тоног төхөөрөмж бүрийг:
(i) хууль бус, эсхүл аюултай нөлөөллөөс урьдчилан сэргийлэхээр зохион байгуулагдсан ба аюулгүйн хамгаалалтын арга хэмжээний дагуу ажиглалтын талбайд байрлуулж, тохируулсан байх;
(ii) үйлчилгээний тасралтгүй байдлыг бататгах зорилгоор тохирсон цахилгаан хангамж болон хэрэгслээр хангасан байх;
(2) Ерөнхий заавартаа заасан цаг агаарыг зайнаас тандан мэдрэх тоног төхөөрөмж бүрийг орон нутгийн цаг уурын нөхцөлийг үнэн зөв харуулдаг байхыг бататгах техникийн шаардлага хангасан байршилд суурилуулсан ба засвар үйлчилгээ хийсэн байх.
174.55. Холбооны системийн шаардлага
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь, Ерөнхий заавартаа заасан цаг уурын алба болон тоног төхөөрөмж бүрийг төлөвлөсөн цаг уурын мэдээллээр хангаж чадахыг бататгах холбооны систем болон журмыг тогтоосон байна.
(b) Холбооны систем болон журам нь, дамжуулж байгаа цаг уурын мэдээллийн хэмжээ болон шинж чанарыг дамжуулалтын саатлаас шалтгаалан тухайн цаг уурын мэдээлэл хуучирч хүчингүй болдоггүй байхаар зохицуулах чадвартай байх ёстой.
174.57. Цаг уурын мэдээний өгөгдлийг цуглуулахад тавих шаардлага
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь үзүүлж байгаа цаг уурын үйлчилгээнд тохирсон цаг уурын мэдээний өгөгдлийг цуглуулах журмыг тогтоосон байна.
(b) Энэ зүйлийн (a)-д заасан журам нь дараах шаардлагыг бататгасан байна:
(1) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан урьдчилсан мэдээний үйлчилгээ үзүүлдэг цаг уурын алба болон тоног төхөөрөмж нь тухайн хүсэлт гаргагчийн хариуцсан урьдчилсан мэдээний бүсэд олон жилийн дундаж, бодит ажиглалтын болон бусад цаг уурын мэдээллийг байнга ашиглах боломжтой байх;
(2) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан цаг уурын зааварчилгаа өгөх үйлчилгээг биечлэн, эсхүл дүрслэн харуулах бусад хэрэгсэл ашиглан үзүүлдэг цаг уурын алба болон тоног төхөөрөмж нь тухайн зааварчилгааг өгөхөд тохирсон дэлгэц болон зааварчилгааны эх үүсвэрийг ашиглах боломжтой байх;
(3) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан цаг уурын мэдээний үйлчилгээ үзүүлдэг цаг уурын алба болон тоног төхөөрөмж нь тохирсон, үнэн зөв цаг уурын мэдээгээр цаг хугацаанд нь хангахад шаардлагатай ажиглалтын системтэй байх;
(4) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан цаг уурын ажиглалтын үйлчилгээ үзүүлдэг цаг уурын алба нь тохирсон, үнэн зөв цаг уурын ажиглалтын үйлчилгээгээр цаг хугацаанд нь хангахад шаардлагатай цаг уурын мэдээлэлтэй байх;
(5) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан уур амьсгалын мэдээний үйлчилгээ үзүүлдэг цаг уурын алба болон тоног төхөөрөмж нь уур амьсгалын мэдээ бэлтгэхэд шаардлагатай цаг уурын мэдээлэлтэй байх.
174.59. Цаг уурын мэдээлэл боловсруулан гаргахад тавих шаардлага
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) Ерөнхий заавартаа заасан цаг уурын үйлчилгээ бүрээр хангадаг боловсруулан гаргах цаг уурын мэдээллийг ангилах;
(2) боловсруулан гаргах цаг уурын мэдээллийн стандарт болон форматыг тогтоох.
(b) Хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан цаг уурын алба болон тоног төхөөрөмжөөс гаргасан цаг уурын мэдээлэл нь энэ зүйлийн (a)(2)-ын дагуу тогтоосон стандарт болон форматад нийцэж байгааг бататгах журмыг тогтоосон байна.
174.61. Тоног төхөөрөмжид тавих шаардлага
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь цаг уурын мэдээллийг олж авах, эмхэтгэх, тооцоолох, ашиглах, эсхүл түгээхэд хэрэглэдэг цахим өгөгдлийг боловсруулдаг бүх тоног төхөөрөмж нь цаг уурын болон холбогдох мэдээллийн таарц, нарийвчлал болон тухайн цаг хугацаандаа тохирсон болохыг бататгах шинж чанар, бүтэц болон хүчин чадалтай болохыг бататгах журмыг тогтоосон байна.
174.63. Баримт бичиг
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан цаг уурын үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах цаг уурын албаны журам, тоног төхөөрөмжийн заавар, техникийн стандарт болон зөвлөмж, үйл ажиллагааны заавар, бусад баримт бичгийн хувийг хадгална.
(b) Хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (a)-д шаардсан баримт бичгийг хянах журмыг тогтоосон байна. Энэ журам нь дараах шаардлагыг бататгасан байна:
(1) баримт бичгийг боловсруулж гаргахаас өмнө холбогдох ажилтан хянаж, зөвшөөрдөг байх;
(2) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан цаг уурын үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай холбогдох бүх баримт бичгийн хүчинтэй хувийг, тухайн баримт бичиг шаардлагатай бүх байрлалд ажилтан авч ашиглахад бэлэн байлгах;
(3) хүчингүй болсон баримт бичгийг боловсруулж гаргасан, эсхүл ашиглаж байгаа цэг бүрээс нэн даруй хураан авдаг байх;
(4) тухайн баримт бичгийн өөрчлөлтийг холбогдох ажилтан хянаж, зөвшөөрдөг байх;
(5) хугацаа нь дууссан хэвлэлтийг ашиглахаас сэргийлж, баримт бичгийн хуудас бүрийн хүчинтэй хувийг таньж тогтоож болдог байх.
174.65. Бататгах, хугацаат үзлэг шалгалт, тест болон тохируулга хийх
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:
(1) хүсэлт гаргагч цуглуулсан болон түгээж байгаа цаг уурын мэдээллээ байнга бататгадаг байх;
(2) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан цаг уурын алба бүрд хугацаат үзлэг шалгалт хийдэг байх;
(3) хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан тоног төхөөрөмж бүрд хугацаат үзлэг шалгалт, тест болон тохируулга хийдэг байх.
(b) Энэ зүйлийн (a)-д заасан журам нь дараах шаардлагыг бататгасан байна:
(1) цаг уурын мэдээллийг байнга бататгахад шаардлагатай тогтолцоо нь тухайн цаг уурын мэдээллийг бататгахад шаардлагатай хүчин чадалтай ба бүрэн ажилладаг байх;
(2) цаг уурын алба бүрд үзлэг шалгалт хийхэд шаардлагатай үзлэг шалгалтын төхөөрөмж, системийг ажилтан авч ашиглахад бэлэн байлгах;
(3) холбогдох үзлэг шалгалт, хэмжилт болон тестийн төхөөрөмж, систем нь тоног төхөөрөмжийн үзлэг шалгалт, тест болон тохируулга хийх ажилтан авч ашиглахад бэлэн байх;
(4) үзлэг шалгалт, хэмжилт болон тестийн төхөөрөмж, систем нь тухайн хийж байгаа үзлэг шалгалт, хэмжилт болон тестэд шаардлагатай оновчтой ба нарийвчлалтай байх;
(5) иж бүрдэлд орсон, эсхүл нэмж суурилуулсан хүрээлэн буй орчныг тандах мэдрүүр нь аль болох боломжит байдлаар найдвартай, үнэн зөв ба төлөөлөхүйц цаг уурын мэдээлэл өгдөг байхаар бүх цаг уурын тандан мэдрэх тоног төхөөрөмжид тохируулга хийж, ажлын горимд оруулсан байх.
174.67. Цаг уурын мэдээлэл гаргах
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:
(1) Ерөнхий заавартаа заасан цаг уурын алба бүрээс цаг уурын мэдээлэл гаргах;
(2) Ерөнхий заавартаа заасан тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд оруулах.
(b) Энэ зүйлийн (a)-д заасан журам нь үйл ажиллагааг хянах, цаг уурын мэдээллийг гаргах эрх бүхий этгээд болон цаг уурын тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд оруулах эрх бүхий этгээдийг 174.51(b)-д шаардсан журмын дагуу ур чадвартай болохыг үнэлгээ хийж бататгадаг байна.
174.69. Цаг уурын алба болон тоног төхөөрөмжийн төлөв байдлыг мэдээлэх
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан цаг уурын алба, эсхүл тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны төлөв байдлын өөрчлөлт болон холбогдох үйл ажиллагааны мэдээллийг тухайн цаг уурын үйлчилгээг хэрэглэгчдэд мэдээлэх журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Хүсэлт гаргагч, энэ зүйлийн (а)-ийн дагуу тогтоосон журам нь дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:
(1) Монгол Улсын агаарын навигацийн систем, эсхүл НХҮ-г дэмждэг хүсэлт гаргагчийн цаг уурын үйлчилгээ бүрийн үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын AIP-д хэвлэн нийтлүүлэх зорилгоор НМҮ-ний байгууллагад хүргүүлдэг байх;
174.71. Осол, эсхүл зөрчлийн дараа цаг уурын мэдээллийг шалгах
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь осол, эсхүл зөрчилд өртсөн агаарын хөлөг, эсхүл НХҮ-нд ашигласан байж болох өөрийн түгээсэн цаг уурын мэдээллийн таарц, нарийвчлал болон тухайн цаг хугацаандаа тохирсон болохыг шалгах журмыг тогтоосон байна.
(b) Энэ зүйлийн (a)-д заасан журам нь дараах шаардлагыг бататгасан байна:
(1) осол, эсхүл зөрчлийг хүсэлт гаргагчийн байгууллагад мэдэгдсэний дараа шалгалтыг нэн даруй гүйцэтгэх;
(2) цаг уурын мэдээллийн хувийг дараагийн шинжлэн шалгах ажиллагаанд ашиглахад боломжтой байлгах зорилгоор аюулгүй газар хадгалах.
174.73. Тоног төхөөрөмжийн доголдол болон алдаатай мэдээлэл
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:
(1) алдаатай цаг уурын мэдээллийг таньж тогтоох, бүртгэх, мэдэгдэх, шинжлэн шалгах болон залруулах;
(2) алдаатай цаг уурын мэдээллээр хангахад хүргэж болох, Ерөнхий заавартаа заасан тоног төхөөрөмж болон цаг уурын үйлчилгээнд илэрсэн доголдлыг таньж тогтоох, бүртгэх, мэдээлэх, шинжлэн шалгах болон залруулах;
(3) алдаатай цаг уурын мэдээллийг хүлээн авсан бүх хэрэглэгчдэд цаг алдалгүй мэдэгдэх;
(4) 72 цагийн дотор засаж залруулж чадахгүй тоног төхөөрөмжийн доголдлыг 12 цагийн дотор Даргад мэдэгдэх;
(5) Дарга шаардсан тохиолдолд, тухайн тоног төхөөрөмжийн доголдлын төлөв байдлын үргэлжлэлийг мэдээлэх.
174.75. Бүртгэл
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь Ерөнхий заавартаа заасан цаг уурын үйлчилгээгээр хангахад шаардлагатай бүртгэлийг таньж тогтоох, цуглуулах, индексжүүлэх, хадгалах, хөтлөх болон устгах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
(b) Энэ зүйлийн (a)-д шаардсан журам нь дараах шаардлагыг бататгах ёстой:
(1) 174.57-д шаардсан журмын дагуу цуглуулсан цаг уурын мэдээний өгөгдлийн бүртгэлтэй байх;
(2) 174.59-ийн дагуу тогтоосон, бүх боловсруулан гаргасан цаг уурын мэдээллийн бүртгэлтэй байх;
(3) энэ зүйлийн (b)(1) болон (2)-т заасан бүртгэлийг 60-аас доошгүй хоног, эсхүл Даргын шаардаж болох хугацаагаар хадгалдаг байх;
(4) цаг уурын алба болон тоног төхөөрөмж бүрийн гүйцэтгэлийг баримтжуулах, түүний техник үйлчилгээ, үйлчилгээ болон бүтээгдэхүүний чанар, хугацаат үзлэг шалгалт болон эдгээр ажиллагаа тус бүрийг хариуцсан ажилтны түүхийг эргэн тогтоох боломжоор хангах зорилгоор хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан цаг уурын алба болон тоног төхөөрөмж бүрийн бүртгэлтэй байх;
(5) 174.65-д шаардсан журмын дагуу бататгах, үзлэг шалгалт, тест болон тохируулга хийхэд ашигладаг төхөөрөмж болон системийн бүртгэлтэй байх. Бүртгэл нь тухайн төхөөрөмж болон системийн байрлал, техник үйлчилгээ, тохируулгын шалгалтын түүхийг эргэн тогтоох боломжоор хангах ёстой;
(6) 174.73-т шаардсан журмын дагуу мэдээлсэн алдаатай цаг уурын мэдээлэл болон илрүүлсэн тоног төхөөрөмжийн доголдол бүрийн бүртгэлтэй байх. Бүртгэл нь алдаатай цаг уурын мэдээлэл, эсхүл тоног төхөөрөмжийн доголдол болон шинжлэн шалгах ажиллагааны үед илрүүлсэн дутагдлын шинж чанар, залруулах арга хэмжээг эргэн шалгах талаар дэлгэрэнгүй заасан байх ёстой;
(7) [хүчингүй]
(8) хүсэлт гаргагчийн цаг уурын мэдээллийг боловсруулах болон түгээхэд хяналт тавих, тухайн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд оруулах эрх бүхий этгээдийн бүртгэлтэй байх. Бүртгэл нь тэдгээрийн ажлын туршлага, мэргэшил, сургалт, олгосон эрхийн мэдээллийг багтаах ёстой;
(9) бүх бүртгэл нь гаргацтай бөгөөд байнгын арилдаггүй хэлбэртэй байх;
(10) энэ зүйлийн (b)(1) болон (2)-т шаардсанаас бусад бүх бүртгэлийг 1 жилээс доошгүй хугацаагаар, эсхүл цаг уурын үйлчилгээний гүйцэтгэлийн түүхийг үүсгэх зорилгоор Даргын шаардаж болох хугацаагаар хадгалдаг байх.
174.77. Аюулгүй байдлын удирдлага
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь ИНД-100.3-ын дагуу аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа мөрддөг байх үүрэгтэй.
174.79. НЦУҮБ-ын Ерөнхий заавар
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг багтаасан Ерөнхий зааврыг Даргад хүргүүлэх үүрэгтэй:
(1) Ерөнхий заавар болон түүнд багтсан бусад заавар нь дараах шаардлагыг хангасан болохыг бататган, хүсэлт гаргагчийн байгууллагын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан мэдэгдэл:
(i) тухайн байгууллагыг тодорхойлох ба энэ Дүрмийн байнгын хэрэгжилтийг бататгах хэлбэр болон аргыг харуулсан байх;
(ii) хүсэлт гаргагчийн байгууллагын ажилтнууд түүнийг байнга дагаж мөрддөг байх;
(1A) 174.77-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хувьд:
(i) ИНД-100.3(b)-д шаардсан бүх баримт бичиг;
(ii) НЦУҮБ-ын гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргаагүй хүсэлт гаргагчийн хувьд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэхийг дүрслэн харуулсан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө;
(2) 174.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнуудын албан тушаал, нэр;
(3) 174.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнуудын дараах үүрэг, хариуцлага:
(i) тухайн байгууллагын нэрийн өмнөөс Дарга, эсхүл ИНЕГ-тай шууд харьцах тэдний хариуцсан асуудал;
(ii) аюулгүй байдлын удирдлагын үүрэг хариуцлага;
(4) 174.51(a)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл ажилтнуудын хариуцлагын шугаман хамаарлыг харуулсан байгууллагын бүтцийн зураг;
(5) энэ зүйлийн (a)(7)(i)-д заасан цаг уурын албанд ажиллах тухайн байгууллагын ажилтнуудын бүтцийн дэлгэрэнгүй мэдээлэл;
(5A) байгууллагын хүрээнд аюулгүй байдлын хариуцлагын шугаман хамаарлыг тодорхойлсон мэдээлэл;
(6) гэрчилгээнд тусгагдсан цаг уурын үйлчилгээний жагсаалт;
(7) дараах мэдээлэл бүхий жагсаалт:
(i) хүсэлт гаргагчийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа цаг уурын алба бүрийн байрлал;
(ii) хүсэлт гаргагчийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа, хэрэглэгчийг цаг уурын мэдээллээр шууд хангадаг тоног төхөөрөмж бүрийн байрлал;
(iii) эдгээр цаг уурын алба болон тоног төхөөрөмж бүрийн үзүүлдэг цаг уурын үйлчилгээ;
(iv) эдгээр цаг уурын үйлчилгээнд хамрагддаг нутаг дэвсгэр болон агаарын зай;
(8) 174.59(а)(1)-ийн дагуу ангилсан, хүсэлт гаргагчийн боловсруулан гаргасан цаг уурын мэдээллийн дэлгэрэнгүй болон 174.59(а)(2)-ын дагуу тогтоосон мэдээллийн стандарт болон формат;
(9) дараах зүйлд шаардсан хүсэлт гаргагчийн журам болон тогтолцооны дэлгэрэнгүй мэдээлэл:
(i) 174.51(b) - ажилтны ур чадвар;
(ii) 174.53 - ажиглалтын талбайд тавих шаардлага;
(iii) 174.55 - холбооны системийн шаардлага;
(iv) 174.57 - цаг уурын мэдээний өгөгдөл цуглуулахад тавих шаардлага;
(v) 174.59 - цаг уурын мэдээлэл боловсруулан гаргахад тавих шаардлага;
(vi) 174.61 - тоног төхөөрөмжид тавих шаардлага;
(vii) 174.63(b) - баримт бичгийг хянах;
(viii) 174.65 - бататгах, хугацаат үзлэг шалгалт, тест болон тохируулга хийх;
(ix) 174.67 - цаг уурын мэдээлэл гаргах ба тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд оруулах;
(x) 174.69 - цаг уурын алба болон тоног төхөөрөмжийн төлөв байдлыг мэдэгдэх;
(xi) 174.71 - осол, эсхүл зөрчлийн дараа цаг уурын мэдээллийг шалгах;
(xii) 174.73 - тоног төхөөрөмжийн доголдол болон алдаатай мэдээлэл;
(xiii) 174.75 - бүртгэлийг таньж тогтоох, цуглуулах, индексжүүлэх, хадгалах, арчлах болон устгах;
(10) Ерөнхий зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт оруулах болон түгээх журам.
(b) Хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой.
C Бүлэг - Үйл ажиллагааны шаардлага
174.101. Байнгын хэрэгжилт
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
(1) Ерөнхий заавартаа заасан цаг уурын алба бүрд, тухайн зааврын нэгээс доошгүй хүчинтэй, бүрэн хувийг хадгалдаг байх;
(2) Ерөнхий заавартаа дэлгэрэнгүй заасан бүх журам болон тогтолцоог дагаж мөрддөг байх;
(3) Ерөнхий зааврын холбогдох бүлгийг шаардлагатай ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ ашиглах боломжтой байлгах;
(4) энэ Дүрмийн дагуу гэрчилгээжүүлэлтэд тогтоосон B Бүлгийн шаардлага болон стандартыг байнга хангадаг байх;
(5) CAA24174/01 маягтад шаардсан үйлчилгээ эрхлэх хаяг, утасны дугаар, эсхүл факсын дугаарын аливаа өөрчлөлтийг тухайн өөрчлөлт орсноос хойш 28 хоногийн дотор Даргад мэдэгддэг байх.
174.103. Үйл ажиллагааны заавар
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь Ерөнхий заавартаа заасан цаг уурын алба бүрийг үйл ажиллагааны заавраар хангасан байна. Үйл ажиллагааны заавар нь цаг уурын алба болон холбогдох тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны болон техник үйлчилгээний журмыг тогтоох ба дараах мэдээллийн жагсаалтыг багтаасан байна:
(1) хангаж байгаа цаг уурын мэдээлэл болон үзүүлж байгаа цаг уурын үйлчилгээ;
(2) тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөх минимум үзүүлэлт болон стандарт;
(3) шаардлагатай цаг уурын мэдээний минимум өгөгдөл;
(4) боловсруулан гаргах цаг уурын мэдээлэл болон хангаж байгаа цаг уурын үйлчилгээний гүйцэтгэлийн болон чанарын минимум түвшин;
(5) энэ хэсгийн (4)-т заасан минимум түвшнийг хэмжихэд шаардлагатай тестийн төхөөрөмж болон систем;
(6) цаг уурын мэдээллийг гаргахад заавал мөрдөх шаардлагатай шалгалтын журам.
174.105. Хүчингүй
174.107. Гэрчилгээ эзэмшигчид тавих хязгаарлалт
НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах үйл ажиллагааг гүйцэтгэхгүй:
(1) тухайн цаг уурын мэдээг гаргахад шаардлагатай цаг уурын мэдээний өгөгдөл байхгүй тохиолдолд, цаг уурын мэдээллээр хангах; эсхүл
(2) тухайн цаг уурын алба, эсхүл тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны үзүүлэлт нь холбогдох шаардлага хангаагүй тохиолдолд цаг уурын мэдээллээр хангах; эсхүл
(3) тухайн цаг уурын мэдээллийн үнэн зөв байдлын хяналтын тогтолцоо нь бүрэн гүйцэд ажиллаагүй байх тохиолдолд цаг уурын мэдээллээр хангах; эсхүл
(4) тухайн цаг уурын мэдээлэлтэй холбоотой, шаардлагатай баталгаажуулалт, үзлэг шалгалт, тест, эсхүл тохируулгыг гүйцэд хийгээгүй тохиолдолд цаг уурын мэдээллээр хангах; эсхүл
(5) тухайн цаг уурын мэдээллийн үнэн зөв байдалд эргэлзэх аливаа шалтгаан байгаа тохиолдолд цаг уурын мэдээллээр хангах.
174.109. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт
(a) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь Ерөнхий зааврын нэмэлт өөрчлөлтийг тухайн байгууллага болон үзүүлж байгаа цаг уурын үйлчилгээний тодорхойлолт хүчинтэй хэвээр хадгалагдаж байхаар хийдэг болохыг бататгах үүрэгтэй.
(b) Гэрчилгээ эзэмшигч нь Ерөнхий заавартаа оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтийг энэ Дүрмийн холбогдох шаардлагад нийцэж байгаа ба тухайн зааварт заасан нэмэлт өөрчлөлт оруулах журмыг дагаж мөрдөж байгааг бататгах үүрэгтэй.
(c) Гэрчилгээ эзэмшигч нь Ерөнхий заавартаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараа тухайн зааврын нэмэлт өөрчлөлтийн хувийг Даргын хэрэгцээнд зориулж цаг алдалгүй хүргүүлэх үүрэгтэй.
(d) Гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг хийхийн өмнө Даргын зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай:
(1) Гүйцэтгэх захирал;
(2) жагсаалтад заасан удирдах ажилтнууд;
(3) гэрчилгээ эзэмшигчийн үзүүлж байгаа цаг уурын үйлчилгээ;
(4) гэрчилгээ эзэмшигчийн үзүүлж байгаа цаг уурын үйлчилгээнд хамрагддаг нутаг дэвсгэр болон агаарын зай;
(5) аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, хэрэв тухайн өөрчлөлт нь бодит өөрчлөлт бол.
(e) Энэ зүйлийн (d)-д заасан өөрчлөлтийг хийж байх үед, эсхүл түүнийг хийсний дараа тухайн гэрчилгээ эзэмшигчийн дагаж мөрдөх ёстой нөхцөлийг Дарга тогтоож болно.
(f) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (e)-гийн дагуу Даргын тогтоосон нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.
(g) Хэрэв энэ зүйлд заасан өөрчлөлт нь гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бол, гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд тухайн өөрчлөлтийг баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр Даргад цаг алдалгүй хүргүүлэх үүрэгтэй.
(h) Нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж Даргын үзсэн нэмэлт өөрчлөлтийг гэрчилгээ эзэмшигч Ерөнхий заавартаа оруулах үүрэгтэй.
D Бүлэг - Шилжилтийн зохицуулалт
174.151. НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт
(a) Энэ зүйл нь дараах этгээдэд хамаарна:
(1) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч;
(2) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч.
(b) Энэ зүйлд хамаарах байгууллага нь, энэ зүйлийн (e)(2)-ын дагуу тогтоосон хэрэгжүүлэлтийн хугацаанаас өмнө дараах заалтыг мөрдөхгүй байж болно:
(1) 174.51(а)(2)(ii), хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтны оронд дотоод чанар баталгаажуулалт хариуцсан удирдах ажилтантай бол;
(2) 174.77, хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх болон мөрдөхийн оронд, 174.153-ыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн бол;
(3) 174.79(a)(1A)(i);
(4) 174.79(a)(3)(ii);
(5) 174.79(a)(5A).
(c) НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч болон НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь гүйцэд бөглөсөн CAA маягт болон хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг 2021 оны 4 сарын 1-нээс өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.
(d) Энэ зүйлийн (c)-д заасан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө нь дараах шаардлага хангасан байх ёстой:
(1) аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн санал болгосон хугацааг багтаасан байх;
(2) тухайн байгууллага 174.77-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг дүрслэн харуулсан байх.
(e) Хэрэв хүлээн зөвшөөрөхүйц бол Дарга:
(1) тухайн байгууллагын хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг батална;
(2) аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн хугацааг тогтооно.
(f) Энэ зүйлийн (e)(2)-ын дагуу хугацааг тогтоохдоо Дарга дараах нөхцөлийг тооцох үүрэгтэй:
(1) тухайн байгууллагын хүчин чадал;
(2) тухайн байгууллагын төвөгшил;
(3) тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрсдэл;
(4) гэрчилгээг сунгах хугацаа;
(5) тухайн байгууллага, эсхүл ИНЕГ, эсхүл хоёуланд нь хамаарах эх үүсвэр, эсхүл хуваарийн нөлөө;
(6) хэрэгжүүлэлтийн хугацаа нь 2022 оны 2 сарын 1-нээс хойш байж болохгүй.
(g) Энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтэд хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг хавсаргахгүй байж болно.
(h) Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.
174.153. НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн дотоод чанар баталгаажуулалт
(a) Энэ Дүрмээр шаардсан журам нь дүрмийн шаардлага хангасан ба тухайн байгууллага түүнийг хэрэгжүүлж байгааг бататгах зорилгоор 174.151(b)(1)(ii)-т шаардсан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх ёстой.
(b) Дотоод чанар баталгаажуулалт хариуцсан удирдах ажилтан нь цаг уурын мэдээллийн таарц, нарийвчлал болон тухайн цаг хугацаандаа тохирсон байх шаардлагад нөлөөлөх асуудлаар Гүйцэтгэх захиралтай шууд харьцах эрхтэй байна.
(c) Энэ зүйл нь 2022 оны 2 сарын 1-нд хүчингүй болно.
--oOo--
2020 он...сар... 1
Текст томруулах
A
A
A