A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар А-26

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам"-д дор дурдсан агуулгатай 2.6.3.5 дахь дэд заалт, 3.13 дахь хэсэг, 7.2.6 дахь заалт, 9.5 дахь хэсэг, 12.22 дахь хэсэг, 18.1.1, 18.1.2, 18.1.3 дахь заалт тус тус нэмсүгэй:

1) Журмын 2 дугаар зүйлийн 2.6.3 дахь заалтын 2.6.3.5 дахь дэд заалт:

"2.6.3.5.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч /цаашид "ВХҮҮ" гэх/-ийн хувьд зохицуулалтгүй ВХҮҮ, бүртгэлгүй хэтэвч /unhosted wallet/-нээс хийгдсэн гүйлгээ."

2) Журмын 3 дугаар зүйлийн 3.13 дахь хэсэг:

"ВХҮҮ-д хийх харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа

3.13.ВХҮҮ нь харилцагчийг таньж мэдэх болон эцсийн өмчлөгчийг таньж мэдэх энэ журмын заалтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах үүргийг хэрэгжүүлнэ:

3.13.1.ВХҮҮ нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмын 3.2-т заасан үнийн дүнтэй тэнцэх виртуал хөрөнгийн гүйлгээ хийхийн өмнө харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэднэ;

3.13.2.ВХҮҮ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй гэж үзсэн виртуал хөрөнгийн хаягийн "хар жагсаалт"-ыг боловсруулж харилцагчийн хэтэвчний хаягийг "хар жагсаалт"-тай тулган байнгын хяналт тавина;

3.13.3.ВХҮҮ нь IP хаяг, газарзүйн байршлын мэдээлэл, хэтэвчний хаяг болон гүйлгээний дугаар, хөрөнгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл, бүртгэл, тусгай зөвшөөрөл зэрэг нэмэлт мэдээллүүдийг хянана."

3) Журмын 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалт:

"7.2.6.ВХҮҮ-ийн хувьд зохицуулалтгүй ВХҮҮ, бүртгэлгүй хэтэвч /unhosted wallet/ хооронд хийсэн гүйлгээг."

4) Журмын 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:

"9.5.ВХҮҮ корреспондент, хамтрагч /counterparty/, дундын /intermediary/ ВХҮҮ-д үйлчилгээ үзүүлэх тохиолдолд энэ журмын 9.1-9.4-т зааснаас гадна дараах арга хэмжээг авна:

9.5.1.Хил дамнасан корреспондент харилцаа тогтоож байгаа ВХҮҮ-ийн зохицуулалтын орчин болон бусад мэдээллийг цуглуулна;

9.5.2.Бусад ВХҮҮ-ийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоог үнэлнэ;

9.5.3.Шинээр корреспондент, хамтрагч /counterparty/, дундын /intermediary/ ВХҮҮ-тэй харилцаа холбоо тогтоохын өмнө дээд удирдлагаас зөвшөөрөл авна;

9.5.4.Корреспондент, хамтрагч /counterparty/, дундын /intermediary/ ВХҮҮ-д нь харилцагчыг таньж мэдэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг эсэх, шаардлагатай тохиолдолд тухайн мэдээллийг хууль тогтоомжид зөвшөөрсөн хэм хэмжээнд гаргаж өгдөг эсэхийг үнэлнэ."

5) Журмын 12 дугаар зүйлийн 12.22 дахь хэсэг:

"12.22.ВХҮҮ нь "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ын Гуравдугаар зүйлд заасан заалтуудыг нэмэлтээр дагаж мөрдөнө."

6) Журмын 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3 дахь заалт:

"18.1.1.Үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг чек, вексель, үнэт цаас ашиглаж хийсэн 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээ;

18.1.2.Монгол Улсын харьяат, харьяат бус банк, санхүүгийн байгууллагын хооронд хил дамнуулан хийсэн болон Монгол Улсын харьяат банк, санхүүгийн байгууллагын гадаад улсад хийсэн 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй гадаад шилжүүлэг, төлбөр тооцооны гүйлгээ (үүнд харилцагчийн болон тухайн банк, санхүүгийн байгууллагын өөрийн нэрийн өмнөөс хийсэн гүйлгээ, банкуудын данс зузаатгах гүйлгээ, Монголын банкууд хоорондоо ностро дансаар хийсэн гүйлгээ зэрэг орно);

18.1.3 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагааны виртуал хөрөнгийн гүйлгээ."

2.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "4.1.6" гэсний дараа ", 4.1.10" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн Хүснэгт 4-т заасан "Тохиолдлын чанартай гүйлгээ хийсэн бол гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил." гэсний дараа "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.10-д заасан этгээд нь 10-аас доошгүй жил." гэж, мөн Хүснэгтэд заасан "Харилцаа дуусгавар болсноос хойш 5-аас доошгүй жил." гэсний дараа "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.10-д заасан этгээд нь 10-аас доошгүй жил." гэж, мөн Хүснэгтийн сүүлийн мөрөнд заасан "Гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил." гэсний дараа "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.10-д заасан этгээд нь 10-аас доошгүй жил." гэж тус тус нэмсүгэй.

3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7) Журмын 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:

"18.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан дараах 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцоо, виртуал хөрөнгийн гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягтын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:

4.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 2.6.3.5 дахь дэд заалт, 3.13 дахь хэсэг, 7.2.6 дахь заалт, 9.5 дахь хэсэг, 12.22 дахь хэсгийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн мэдээллийн алба (Б.Батбаатар)-д даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН