- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ГАДААДАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн A/14 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ГАДААДАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх, зуучлагч болон зуучлуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Монгол Улсын иргэн /цаашид "зуучлуулагч" гэх/-ийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээг "Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл"-тэй хуулийн этгээд /цаашид "зуучлагч" гэх/ эрхлэн явуулна.
1.3.Зуучлагч хууль тогтоомж, энэ журам, хүлээн авагч улсын эрх бүхий этгээд, ажил олгогчтой байгуулсан гэрээ, тухайн зуучлах ажлын байранд тавигдах шалгуурт нийцүүлэн зуучлуулагчийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлахаар бүртгэх, сонгон шалгаруулалтад хамруулах, бэлтгэл хангуулах, зуучлалын гэрээ байгуулах, ажлын байранд зуучлуулагчид дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээг зохион байгуулна.
Хоёр.Зуучлуулагчийг бүртгэх, сонгон шалгаруулах
2.1.Зуучлагч Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 5.1.2-т заасан "гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ"-гээр тохирсон эдийн засгийн салбар, ажлын байр, ажил, мэргэжлийн захиалгад нийцүүлэн хүсэлт гаргасан зуучлуулагчийг бүртгэнэ.
2.2.Зуучлагч зуучлуулагчид ажлын байрны нөхцөл, цалин хөлс, тухайн улсад төлөх нийгмийн даатгал, татвар зэрэг хууль тогтоомжоор мэдээллэх үүрэг болгосон мэдээллийн талаар үнэн зөв зөвлөгөө, мэдээлэл өгнө.
2.3.Зуучлагч гадаадад ажиллах хүсэлтэй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсний үндсэн дээр энэхүү журмын хавсралтаар баталсан "Зуучлах үйлчилгээнд хамрагдах иргэнийг бүртгэх хуудас"-ыг зуучлуулагчаар бөглүүлнэ.
2.4.Зуучлагч зуучлуулагчийн хувийн хэргийг хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлэн хөтөлж, хүлээн авагч улсын ажил олгогчид зуучлахаар санал тавьж, сонгон шалгаруулалтад хамруулна.
2.5.Зуучлагч Монгол Улсын хууль, дүрэм, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалт зохион байгуулах дотоод журам баталж, мөрдөнө. Дотоод журамд зуучлагч зуучлах үйлчилгээг иргэнд адил тэгш, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор зуучлуулагчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт зохион байгуулах дараалал, шалгалт авах зохион байгуулалт, зуучлах дараалал, зуучлах боломжит хугацаа, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт зэргийг тодорхой тусгах ба журмыг олон нийтэд нээлттэй байршуулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.
Гурав.Зуучлалын гэрээ байгуулах, бэлтгэл хангах
3.1.Зуучлагч зуучлуулагчид хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, хангамж, нийгмийн даатгал, тухайн улсын татварын талаарх мэдээллийг өгч, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
3.2.Зуучлагч зуучлуулагчийг хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнтэй зуучлалын гэрээ байгуулна.
3.3.Зуучлалын гэрээнд дараах зүйлсийг тусгана:
3.3.1.Зуучлагчаас зуучлуулагчид үзүүлэх үйлчилгээ, нэр төрөл;
3.3.2.Зуучлагч болон зуучлуулагчийн буруугаас болж талуудад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах тухай;
3.3.3.Зуучлагч, зуучлуулагчийн хүлээх эрх, үүрэг, хариуцлага;
3.3.4.Зуучлуулагчийн хариуцах хууль тогтоомжоор зөвшөөрсөн шууд зардлын хэмжээ;
3.3.5.Зуучлагч болон зуучлуулагчийн хооронд байгуулсан гэрээний талаарх маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай;
3.3.6.Зуучлуулагчид тавигдах хэлний болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах нөхцөл;
3.3.7.Зуучлуулагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах тухай;
3.3.8.Зуучлуулагчийн гэр бүлд үзүүлж болох бусад үйлчилгээ;
3.3.9.Хуульд нийцсэн талуудын тохирсон бусад асуудал.
3.4.Зуучлагч Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу зуучлуулагчаас хуульд зааснаас бусад төлбөр хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч тал хариуцах зардлыг аливаа хэлбэрээр авахыг хориглоно.
3.5.Зуучлагч хүлээн авагч улсын ажил олгогчтой байгуулсан "Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ"-ний дагуу хүлээн авагч талаас зуучлалын хураамж авч болно.
3.6.Зуучлагч зуучлуулагчийг хүлээн авагч улсын хэлний болон гадаадад хөдөлмөр эрхлэхээр тохирсон ажил, мэргэжлийн чиглэлээр бэлтгэл хангуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, визэнд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулна.
3.7.Зуучлагч зуучлуулагчид явахын өмнөх бэлтгэл сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
3.8.Сургалтын агуулгыг "Бэлтгэл сургалтын жишиг хөтөлбөр"-ийн дагуу боловсруулна.
3.9.Зуучлагч бэлтгэл сургалтын зардлын хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон дээд хэмжээний дотор баталж, мөрдөнө.
Дөрөв.Зуучлуулагчид дэмжлэг үзүүлэх
4.1.Зуучлагч зуучлуулагчийг тухайн ажлын байранд тогтвортой ажиллах, зайлшгүй шалтгаанаар өөр ажилд шилжин ажиллах, аливаа эрсдэл, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилгоор өөрийн төлөөлөгчийг боломжит хэлбэрээр хүлээн авагч улсад ажиллуулна.
4.2.Зуучлагч гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа зуучлуулагчийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх болон холбогдох үйлчилгээг үзүүлнэ.
4.3.Зуучлуулагчийг хүлээн авагч улсад нийгмийн хамгааллын тогтолцоонд боломжит хэлбэрээр хамруулах, тухайн иргэнтэй холбоо харилцаатай байх зэргээр дэмжлэг үзүүлж, тэдний эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад хүлээн авагч байгууллагатай хэлэлцээ хийнэ.
4.4.Зуучлуулагчид болзошгүй эрсдэл учирсан тохиолдолд Монгол Улсаас хүлээн авагч улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний төвөөс дэмжлэг туслалцаа авч болно.
4.5.Зуучлагч зуучлуулагчийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд гэр бүлийн хамт, эсхүл гэр бүл нь тодорхой хугацааны дараа очих боломжийн талаар хүлээн авагч тал болон ажил олгогчтой зөвшилцөнө. Гэр бүл нь хамт очсон болон тодорхой хугацааны дараа очсон тохиолдолд гэр бүлийг зуучлуулагчийн нэгэн адил гэрээгээр хөдөлмөр эрхлэх болон нийгэм, хангамжийн бусад нөхцөлөөр хангахад анхаарч, дэмжлэг үзүүлж болно.
4.6.Зуучлагч зуучлуулагч бүрт хувийн хэрэг үүсгэн хөтөлж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасны дагуу буцан ирсэн иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулахад мэдээллээр хангаж, хамтарч ажиллаж болно.
4.7.Зуучлагч хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгоод буцаж ирсэн иргэнд хууль тогтоомж, хэлэлцээрт туссан бол нийгмийн даатгал, татварын буцаалтыг олгуулах арга хэмжээг авч ажиллана.
Тав.Бусад
5.1.Зуучлагч болон зуучлуулагч Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгтэй.
5.2.Зуучлагч зуучлалын гэрээний үүргийг зуучлуулагчийн зөвшөөрөлгүйгээр зуучлалын тусгай зөвшөөрөлтэй болон зуучлалын тусгай зөвшөөрөлгүй байгууллагад шилжүүлэхийг хориглоно.
5.3.Зуучлагч зуучлуулагч, бүртгүүлсэн иргэний мэдээллийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан бүртгэл, тайлангийн маягтын дагуу 6 сар тутам гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
Зургаа.Хариуцлага
6.1.Зуучлагч хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлгүйгээр болон тусгай зөвшөөрөлд зааснаас бусад улс, өөр чиглэлээр зөвшөөрлийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.13 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
6.2.Зуучлагч энэ журмыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 36 дугаар зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэх, тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл болно.
6.3.Зуучлуулагчаас төлбөр хураамж авсан, тусгай зөвшөөрлийг ашиглан залилан мэхэлсэн зэргээс үүдсэн аливаа хохирлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахгүй.
--- о0о ---
Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх
журмын хавсралт
ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭНИЙГ БҮРТГЭХ ХУУДАС
1.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлуулах үйл ажиллагааны шат дарааллын талаар тайлбар, мэдээлэл авсан
2.Гадаадын ажил олгогчоос ажлын байрны захиалга ирүүлсэн эсэхтэй танилцаж нягталсан
3.Ажлын байрны нөхцөл, цалин хөлс, тухайн улсад төлөх нийгмийн даатгал, татварын талаарх мэдээлэлтэй танилцсан
4.Зуучлуулагчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, шалгалт авах зохион байгуулалт, зуучлах дараалал, бүрдүүлэх бичиг баримтын талаарх мэдээлэлтэй танилцсан.
5.Зуучлуулагчаас гарах шууд зардлын талаарх мэдээлэлтэй танилцсан
6.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, зуучлах зөвшөөрөлтэй байгууллагын хооронд байгуулсан гэрээтэй танилцсан
7.Зуучлалын гэрээний шаардлагыг танилцуулж, гэрээ байгуулсан.
8.Зуучлах үйл ажиллагаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хяналтын эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан.
Иргэний овог, нэр ....................................../ /
/Гарын үсэг/
Гэрийн хаяг
Холбогдох утас:
И-мэйл:
Огноо:
Бүртгэсэн: .............................................../ /
/Гарын үсэг/
Текст томруулах
A
A
A