- Нүүр
- Монгол Улсын хууль
- КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Кино урлагийг дэмжих тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт:
"7.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх."
2/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн тайлбар:
"Тайлбар:"Кино зураг авалт хийх" гэдэгт бүрэн хэмжээний болон богино хэмжээний кино, бүх төрлийн кино бүтээх болон дүрс бичлэг хийх зорилгоор дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт нэгтгэн хураан авч тоног төхөөрөмжид хадгалах үйл явц буюу зураг авалт хийх ажиллагааг хамааруулна."
3/20 дугаар зүйлийн 20.2.5-20.2.11 дэх заалт:
"20.2.5.жүжигчид болон зураг авалтын багийн дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэний паспортын хуулбар;
20.2.6.зураг авалтын байршил, зураг авалтын хугацаа;
20.2.7.түр хугацаагаар оруулж ирэх тоног төхөөрөмжийн жагсаалт;
20.2.8.байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх мэдээлэл;
20.2.9.хамтран ажиллах этгээдтэй гэрээ байгуулсан бол гэрээний хуулбар;
20.2.10.зураг авалт, кино нь бодит амьдралаас сэдэвлэсэн, бодит хүнийг дүрсэлсэн бол тухайн хүн, холбогдох этгээдийн зөвшөөрөл, амьтан, тэсрэх бодис, галт зэвсэг, сум ашиглах, кино зураглал, тээврийн хэрэгсэл, тусгай эффект гэх мэт зураг авалтын онцлогоос хамааран шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл;
20.2.11.шаардлагатай тохиолдолд Зөвлөлөөс шаардсан нэмэлт мэдээлэл."
4/20 дугаар зүйлийн 20.9-20.12 дахь хэсэг:
"20.9.Зөвлөл кино зураг авалт хийх зөвшөөрөл, зураг авалтын багт ажиллах гадаадын иргэдийн мэдээллийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
20.10.Зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг гэрчилгээнд заасан хугацаа дуусахаас өмнө дараах хугацаанд багтан Зөвлөлд хүргүүлнэ:
20.10.1.зөвшөөрлийг таваас дээш хоногоор авсан бол гурваас доошгүй хоногийн өмнө;
20.10.2.зөвшөөрлийг таваас доош хоногоор авсан бол нэгээс доошгүй хоногийн өмнө.
20.11.Кино зураг авалт хийх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
20.12.Зөвшөөрөл олгосон кино зураг авалт хийх, кино бүтээхтэй холбоотой үүссэн хохирол, нөхөн төлбөрийг Зөвлөл хариуцахгүй."
2 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт:
"7.1.4.кино зураг авалтын үед баримтлах заавар батлах;"
2/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг:
"20.1.Гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл олгосныг зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээг олгож баталгаажуулна."
3/20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалт:
"20.2.4.хариуцлагын даатгалын баримт;"
4/20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг:
"20.3.Энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."
5/20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг:
"20.5.Зөвшөөрлийн үндсэн дээр кино зураг авалт хийж байгаа этгээд нь кино зураг авалт хийх зөвшөөрөлд заасан байршил, хугацаа, агуулгыг өөрчлөх тохиолдол бүрд Зөвлөлд мэдэгдэх бөгөөд Зөвлөл зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг оруулна."
3 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
