- Нүүр
- Монгол Улсын хууль
- МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Музейн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.8-5.11 дэх хэсэг нэмсүгэй:
"5.8.Иргэн, хуулийн этгээд музей байгуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
5.8.1.музей байгуулах үндэслэл хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон албан бичиг;
5.8.2.музейн зориулалтаар ашиглах барилга байгууламжийн мэдээлэл;
5.8.3.музейн зориулалтаар ашиглах соёлын үнэт зүйлийн жагсаалт;
5.8.4.музей байгуулахыг дэмжсэн аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолт.
5.9.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ.
5.10.Иргэн, хуулийн этгээд музейн зориулалтаар ашиглах соёлын биет өвийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
5.11.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хангахаас татгалзаж, холбогдох баримт бичгийг буцаан хүргүүлнэ:
5.11.1.соёлын биет өвийн гарал үүсэл тодорхойгүй;
5.11.2.соёлын үнэт зүйл зохиогчийн эрхийн зөрчилтэй болох нь тогтоогдсон;
5.11.3.соёлын үнэт зүйл гэмт хэрэг, зөрчлийн нотлох баримтад тооцогдсон;
5.11.4.эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийг ашиглахыг хориглосон дүгнэлт гаргасан."
2 дугаар зүйл.Музейн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"5.3.Музейн үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.5-д заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
