A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Радио долгионы тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/51 дүгээр зүйлийн 51.1.11 дэх заалт:

"51.1.11.радио давтамжийн зурвасыг олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;"

2/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

"9.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна."

3/18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт:

"18.1.4.энэ хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан."

2 дугаар зүйл.Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь заалтын "батлах" гэсний дараа ", хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох" гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "зөвшөөрлийн хугацааг" гэсний дараа "анх олгосон хугацаагаар" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Радио долгионы тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/11 дүгээр зүйл:

"11 дүгээр зүйл.Зөвшөөрөл олгох

Хэвлэх

11.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8, 8.2 дугаар зүйлийн 8.3-т заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 10.1, 13.3-т заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянана.

11.2.Зохицуулах хороо радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авснаас хойш Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:

11.2.1.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох;

11.2.2.Харилцаа холбооны тухай хуулийн 14.2-т заасан үндэслэлээр, эсхүл тухайн радио давтамж нь тусгай хэрэглээний ангилалд орсон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглагдаж байгаа, радио давтамжийн үйлчлэх хүрээтэй давхацсан, радио давтамжийн нөөц байхгүй, харилцан нөлөөлөл үүсгэх бол радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах.

11.3.Тухайн радио давтамжийг ашиглах асуудлыг олон улсын байгууллага зохицуулдаг бол уг радио давтамжийг олон улсын байгууллагаас санал авсны үндсэн дээр энэ хуулийн 11.1-д заасны дагуу ашиглах зөвшөөрөл олгоно.

11.4.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсноос гадна ижил радио давтамжийг нэг нутаг дэвсгэрт ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгоно.

11.5.Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно.

11.6.Сонгон шалгаруулалтын үнэлгээнд дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

11.6.1.радио давтамж ашиглан байгуулах сүлжээ, үйлчилгээний төрөл, түүний хамрах нутаг дэвсгэр;

11.6.2.техник, технологийн сонголт, үзүүлэлт;

11.6.3.үйлчилгээ хүргэх хугацааны төлөвлөлт;

11.6.4.өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө;

11.6.5.санхүүгийн төлөвлөлт, чадавх;

11.6.6.хүний нөөцийн чадавх;

11.6.7.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага хангах байдал.

11.7.Энэ хуулийн 11.6-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.

11.8.Энэ хуулийн 11.7-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна.

11.9.Энэ хуулийн 11.5-д заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно.

11.10.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана:

11.10.1.энэ хуулийн 11.5-д заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй;

11.10.2.сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй;

11.10.3.энэ хуулийн 11.9-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй.

11.11.Энэ хуулийн 11.10.1-д заасны дагуу зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй.

11.12.Зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлж, гэрээ байгуулна. Жилийн төлбөр төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.

11.13.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд радио давтамж, радио давтамжийн зурвас, үйлчлэх нутаг дэвсгэр, ашиглах зориулалт, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, технологи, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага, төлбөрийн зохицуулалтыг тусгана."

2/13 дугаар зүйл:

"13 дугаар зүйл.Эрхийн бичиг

Хэвлэх

13.1.Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад зөвшөөрөл авах бөгөөд радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид "эрхийн бичиг" гэх/ олгоно.

13.2.Эрхийн бичиг авах өргөдөлд өргөдөл гаргагчийн нэр, албан ёсны хаяг, утас, факсны дугаар, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглалтын зориулалт, ашиглах радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт зэргийг тусгана.

13.3.Иргэн, хуулийн этгээд эрхийн бичиг хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, ажиллах зарчим, газар зүйн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвас, технологи, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг нотолсон баримт бичиг, радио төхөөрөмжийг баталгаажуулсан тухай эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг хавсаргана.

13.4.Зохицуулах хороо өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгаж, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл эрхийн бичиг олгох тухай шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь Зохицуулах хорооны даргын тушаал байна.

13.5.Эрхийн бичгийг гурван жилийн хугацаагаар олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

13.6.Эрдэм шинжилгээ, туршилт болон сонирхогчийн радио станцын зориулалтаар ашиглах эрхийн бичгийг гурван сарын хугацаагаар олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар нэг удаа сунгаж болно.

13.7.Эрхийн бичигт радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, радио давтамж, хүчин чадал, технологи, зөвшөөрлийн хугацаа, ашиглалтын зориулалтыг заана.

13.8.Ижил радио давтамж ашиглах эрхийн бичиг хүсэж хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд эхний ээлжид өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд олгоно.

13.9.Эрхийн бичиг олгох тухай шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрөл хүсэгч этгээд нь эрхийн бичгийн төлбөрийг жилээр, энэ хуулийн 13.6-д заасан зориулалтаар ашиглах бол зөвшөөрөлд заасан хугацаагаар эрхийн бичгийн төлбөрийг төлнө.

13.10.Эрхийн бичигт дараах тохиолдолд өөрчлөлт оруулна:

13.10.1.эрхийн бичиг эзэмшигч хүсэлт гаргасан;

13.10.2.эрхийн бичгийн төрөл, ангилал, радио давтамж, радио давтамжийн зурваст харилцан нөлөөлөл орсноос эрхийн бичигт зайлшгүй өөрчлөлт оруулахаар Зохицуулах хорооноос шийдвэрлэсэн.

13.11.Энэ хуулийн 13.10.1-д заасан хүсэлтэд тухайн эрхийн бичгээр эрхлэх үйлчилгээний хамрах хүрээ, техник, технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн тоо, ширхэг, радио давтамж болон радио давтамжийн зурваст өөрчлөлт оруулах саналыг тусгасан байна.

13.12.Зохицуулах хороо энэ хуулийн 13.10.2-т заасны дагуу өөрчлөлт оруулах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө өөрчлөлт оруулах шалтгаан, нөхцөлийн талаар эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэнэ.

13.13.Эрхийн бичиг эзэмшигч эрхийн бичгийг анх авсан зориулалтаар бусад этгээдэд шилжүүлж болно. Шилжүүлэн авах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, иргэн бол иргэний үнэмлэхийг магадлан шалгаж эрхийн бичгийг шилжүүлнэ."

4 дүгээр зүйл.Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.11 дэх заалтын дугаарыг "51.1.12" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "үйл ажиллагаа эхлэх дуусах" гэснийг "технологи, зөвшөөрлийн" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "20 хүртэл" гэснийг "таван" гэж, 12.2 дахь хэсгийн "60" гэснийг "30" гэж, 12.3 дахь хэсгийн "10 өдрийн дотор" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан" гэж, 14 дүгээр зүйлийн гарчгийн "давтамж" гэснийг "давтамжийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР