A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тамхины хяналтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:

Хэвлэх

1/71 дүгээр зүйл:

"71 дүгээр зүйл.Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Хэвлэх

71.1.Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох төсөл сонгон шалгаруулах зарыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарлах бөгөөд төсөл хүлээн авах хугацааг 30 ба түүнээс дээш хоногоор тогтооно.

71.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ Тамхины хяналтын суурь конвенц, холбогдох стандартын шаардлага болон дараах баримт бичгийн хамт хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

71.2.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

71.2.2.татварын өргүй болохыг нотлох баримт;

71.2.3.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон талаарх нотлох баримт;

71.2.4.аймаг, нийслэлийн Засаг даргын санал;

71.2.5.байгаль орчны нарийвчилсан үнэлгээ.

71.3.Сонгон шалгаруулалтад оролцох тусгай зөвшөөрөл хүсэгчээс ирүүлсэн баримт бичигт үнэлгээ өгөх ажлын хэсгийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно.

71.4.Энэ хуулийн 71.3-т заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрүүл мэнд, хууль зүй, хүнсний салбарын эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн байгууллагын төлөөллийг оролцуулна.

71.5.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг Тамхины хяналтын суурь конвенц, холбогдох стандартын шаардлагын дагуу дараах үзүүлэлт, оноогоор үнэлнэ:

71.5.1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээ 0-15 хүртэл оноо;

71.5.2.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт техник 0-10 хүртэл оноо;

71.5.3.үйлдвэрлэлийн технологи, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт технологи 0-15 хүртэл оноо;

71.5.4.эрүүл ахуйн нөхцөл 0-5 хүртэл оноо;

71.5.5.мэргэжлийн боловсон хүчний байдал 0-4 хүртэл оноо;

71.5.6.лаборатори болон технологийн хяналт 0-10 хүртэл оноо;

71.5.7.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл 0-8 хүртэл оноо;

71.5.8.галын аюулгүй байдлыг хангах нөхцөл 0-4 хүртэл оноо;

71.5.9.үйлдвэрлэлийн зураг төслийн иж бүрдэл 0-9 хүртэл оноо;

71.5.10.хайрцаг, сав, баглаа боодлын загвар /стандартын шаардлага, эрүүл ахуйн анхааруулгыг оруулна/ 0-6 хүртэл оноо;

71.5.11.баримт бичгийн бүрдэлт /өргөдөл, Засаг даргын санал, улсын бүртгэлийн гэрчилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ/ 0-14 хүртэл оноо.

71.6.Сонгон шалгаруулах төсөл бүрийн үзүүлэлтийг ажлын хэсгийн гишүүн бүр үнэлж, оноог гишүүдийн дундаж үнэлгээгээр гаргана.

71.7.Ажлын хэсэг шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.

71.8.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцсон төсөл бүрийг ажлын таван өдөрт, холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд ажлын найман өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гарган хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна."

2/72 дугаар зүйл:

"72 дугаар зүйл.Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам

Хэвлэх

72.1.Тамхи импортлох тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.

72.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд дараах баримт бичгийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

72.2.1.тусгай зөвшөөрлийн хүсэлт;

72.2.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

72.2.3.татварын албаны санал, тодорхойлолт;

72.2.4.тохирлын гэрчилгээний хуулбар;

72.2.5.тамхи худалдан авах гэрээ;

72.2.6.импортлох тамхийг үйлдвэрлэсэн болон экспортолсон улс орны чанар, стандартын шаардлага хангаж байгааг тодорхойлсон гэрчилгээ, баримт бичиг;

72.2.7.импортолсон бүтээгдэхүүнээ хадгалах агуулахын талаарх мэдээлэл;

72.2.8.импортын тамхи хадгалах барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаарх цагдаагийн байгууллагын санал;

72.2.9.аймаг, нийслэлийн Засаг даргын санал;

72.2.10.энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан импортлох тамхины төрөл тус бүрийн эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх дүгнэлт;

72.2.11.импортлох тамхины дээжийг гаалийн байгууллагын урьдчилсан шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан талаарх баримт."

2 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"7 дугаар зүйл.Тусгай болон энгийн зөвшөөрөл

Хэвлэх

7.1.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно.

7.2.Засгийн газар тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох эрхээ хүнс, хөдөө аж ахуйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд шилжүүлж болно.

7.3.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр жил, тамхи импортлох тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгана.

7.4.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийг хоёр жил, тамхи импортлох тусгай зөвшөөрлийг гурван жилээс дээш хугацаагаар сунгахгүй.

7.5.Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.

7.6.Хүнс, хөдөө аж ахуйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих, тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан магадлан шалгаж, Засгийн газарт хүргүүлнэ.

7.7.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хяналт тавих чиг үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тамхи импортлох тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хяналт тавих чиг үүргийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

7.8.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад энэ хуулийн 71.2.1, 71.2.2, 71.2.3, 71.2.4, 71.2.5-д заасан баримт бичгийг, тамхи импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад энэ хуулийн 72.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.9.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгоно.

7.10.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

7.10.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;

7.10.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

7.10.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;

7.10.4.худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар;

7.10.5.тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.

7.11.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

7.11.1.тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл;

7.11.2.цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

7.11.3.хяналтын улсын байцаагчийн дүгнэлт.

7.12.Тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдах, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР