- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/21 дүгээр зүйл:
"21 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1."тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө" гэж тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд болон ойрын хугацааны төлөвлөгөө бүхий баримт бичгийг;
2."тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэл" гэж дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын байгалийн хэв шинжийг төлөөлөх онцлог, ховор, нэн ховор амьтан, ургамал, түүх, соёлын дурсгалт зүйлийн байршлыг харгалзан тогтоосон өөр өөр хамгаалалтын дэглэм бүхий газар нутгийн хуваарийг."
2/6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-9 дэх заалт:
"5/Засгийн газрын тусгай санд төвлөрүүлсэн тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн нөөц ашиглах, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж болон тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил, үйлчилгээний нэг удаагийн төлбөрийн орлого;
6/тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц ашигласны төлбөр;
7/тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээр ашигласны төлбөр;
8/тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого;
9/тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр."
3/61 дүгээр зүйл:
"61 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент
1.Тусгай хамгаалалттай газар нутаг нь тусгай хамгаалалттай газрын менежментийн зорилго, зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүжилт, үр дүнгийн шалгуурыг тодорхойлсон менежментийн төлөвлөгөөтэй байна. Менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатайгаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж болох газар нутгийн хэсгийг тодорхойлж, төлөвлөсөн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны саналыг авсны үндсэн дээр батална.
3.Энэ зүйлийн 2-т заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлагдсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
4.Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр ашиг, үр нөлөөг үнэлэх журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг журмын дагуу менежментийн төлөвлөгөөг хоёр жил тутамд үнэлж, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулна.
5.Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг менежментийн төлөвлөгөөтэй байж болох бөгөөд төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална."
4/27 дугаар зүйлийн 12-18 дахь заалт:
"12/Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох;
13/Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасан тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах зөвшөөрөл олгох;
14/газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах журмыг батлах;
15/улсын тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэл тогтоох;
16/улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
17/тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал, үр ашигт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах;
18/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 7, 8-д заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох."
5/28 дугаар зүйлийн 4 дэх заалт:
"4/орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг батлах, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт тусгах."
6/29 дүгээр зүйлийн 4, 5 дахь заалт:
"4/байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг эрхлэх;
5/орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг гэрээгээр хариуцах байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах."
7/30 дугаар зүйлийн 11 дэх заалт:
"11/тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг хангах."
8/35 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн саналд тухайн газар ашиглах зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжээгүй тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдийг сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзаж болно."
9/361 дүгээр зүйл:
"361 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах
эрх олгох сонгон шалгаруулалт
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна.
2.Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг ашиглах хүсэлтийг хоёр ба түүнээс дээш хүн, хуулийн этгээд ирүүлсэн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдийн ирүүлсэн төслийг харьцуулан үнэлж, газар ашиглах зөвшөөрөл олгож болно.
3.Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүн, хуулийн этгээдийн тухайн тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх төслийг үнэлсний үндсэн дээр хамгийн сайн үнэлэгдсэн төсөл ирүүлсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгоно.
4.Сонгон шалгаруулалтад оролцогчид болон ирүүлэх төсөлд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлсон журмыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
10/362 дугаар зүйл:
"362 дугаар зүйл.Сонгон шалгаруулах үйл ажиллагааны дараалал
1.Сонгон шалгаруулалтыг дараах дарааллын дагуу явуулна:
1/төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх;
2/төслийг хүлээн авах;
3/сонгон шалгаруулалтад оролцогч этгээдийн талаар энэ хуулийн 35 дугаар зүйлийн 2-т заасан саналыг авах;
4/төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
5/шалгарсан этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах.
2.Сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх:
1/төсөл сонгон шалгаруулалтын зар /цаашид "зар" гэх/-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ;
2/сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх зард төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар, төслийг ирүүлэх сүүлийн хугацаа, газар ашиглалтын зориулалт, газрын талбайн хэмжээ, газар ашиглуулах хугацаа, газрын байршил, хилийн заагийг харуулсан зургийг тусгана;
3/тухайн газрын онцлог, шинж чанараас шалтгаалан нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл сонгон шалгаруулалтын зард тусгана.
3.Төслийг хүлээн авах:
1/оролцогч битүүмжилсэн төслөө тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өөрийн биеэр, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн хүргүүлэх, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүргүүлэх боломжгүй тохиолдолд зард заасан хугацаанд шуудангаар хүргүүлж болно;
2/тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төслийг зард заасан хугацаанд хүлээн авч бүртгэнэ;
3/төслийг ирүүлсэн дарааллын дагуу он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэн бүртгэж, тусгай тэмдэглэл үйлдэн архивын нэгж үүсгэн хадгална;
4/зард заасан хугацаа дууссаны дараа ирүүлсэн төсөлд хоцорсон тухай тусгай тэмдэглэл үйлдэн, хүлээн авахаас татгалзаж буцаана;
5/төсөл сонгон шалгаруулалтад оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг урьдчилан төлнө;
6/төслийг тусгай программ хангамж бүхий цахим хуудсаар хүлээн авч болно.
4.Сонгон шалгаруулалтад оролцогчийн төслийг дараах шалгуур үзүүлэлт нэг бүрээр үнэлнэ:
1/газар ашиглалтын зориулалт нь энэ хууль болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцсэн эсэх;
2/тухайн хэрэгжүүлэх төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл;
3/төсөл хэрэгжүүлэгч ашиглахаар хүсэлт гаргасан газарт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний төлөвлөлт, түүнд зарцуулах зардлын тооцоолол."
11/40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
"3/тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон."
12/40 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:
"3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ.
4.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:
1/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;
2/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй."
2 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Соёлын өвийг хамгаалах тухай хууль," гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль," гэж, 12 дугаар зүйлийн 1 дэх заалтын "олборлох," гэсний дараа "геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах," гэж, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "үүрэг" гэсний дараа ", төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа" гэж, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "хамгаалалтын" гэсний дараа "дэглэм," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно."
2/34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно."
3/35 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
"1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
2.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналыг энэ хуулийн 361 дүгээр зүйлийн 2-т заасан сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас, хамгаалалтын захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргаас авна."
4/36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана."
5/37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ."
4 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хамгаалалтын захиргаа буюу зохих шатны Засаг даргатай тохиролцон тогтооно" гэснийг "Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална" гэж, 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтын "зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" гэснийг "зориулалттай орон байр барих, ашиглах" гэж, 40 дүгээр зүйлийн гарчгийн "эрх дуусгавар болох," гэснийг "зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох," гэж, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "төрийн захиргааны төв байгууллагаас" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасан" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "уламжлалт" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг, 30 дугаар зүйлийн 10 дахь заалтыг, 36 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
