- Нүүр
- Монгол Улсын хууль
- УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 21.5-21.8 дахь хэсэг нэмсүгэй:
"21.5.Усны мэргэжлийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ:
21.5.1.усны хайгуул, судалгаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул судалгаа хийх, газрын доорх усны регионал судалгаа, зураглал хийх, усны сав газрын нөөцийн судалгаа хийх, усны нөөцийн зөвлөлөөр судалгааны тайланг хэлэлцүүлж, нөөцийг баталгаажуулах, хайгуул судалгааны тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
21.5.2.усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 3.1.13-т заасан усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
21.5.3.цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах эрх бүхий мэргэжлийн байгууллага унд ахуйн болон үйлдвэрлэлийн ус хангамж, усны нөөцийн эрэл, хайгуул, газрын доорх усны хяналт шинжилгээ, усны түвшин бууруулах, шүүрүүлэх, тэсэлгээ хийх болон бусад зориулалтаар ашиглах цооног өрөмдөх, тоноглох, худгийн барилга барих, сэргээн засварлах, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
21.5.4.усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 3.1.13-т заасан усны барилга, байгууламжийг барих, сэргээн засварлах, шинэчлэх, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
21.5.5.усны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага усны нөөцийн ашиглалт, усны нөөцийн төлбөр төлөлт, усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлын гүйцэтгэлд аудит хийх, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх.
21.6.Усны мэргэжлийн байгууллагын эрхийг шинээр авах, сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
21.6.1.аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа;
21.6.2.тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөцийн жагсаалт, нотариатаар баталгаажуулсан диплом, сертификатын хуулбар, ажлын туршлага;
21.6.3.мэргэжлийн хүний нөөцийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
21.6.4.техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ, түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон техникийн бусад үзүүлэлт, фото зураг;
21.6.5.зураг төслийн эрх авах бол программ хангамжийн танилцуулга;
21.6.6.усны мэргэжлийн байгууллагын эрхээ сунгуулах бол дээрх баримт бичгээс гадна эрх авснаас хойш хийсэн ажлын тайланг жил бүрээр гаргах.
21.7.Усны мэргэшсэн хүний нөөцийн сургалтыг сонгон шалгаруулалт явуулж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, гидрологи, гидрогеологич, гидротехникч инженерд мэргэшсэн зэрэг олгоно.
21.8.Усны мэргэжлийн байгууллага зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татах нь мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах үндэслэл болно."
2 дугаар зүйл.Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтын "үндэслэн" гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т заасан" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "цооног өрөмдөх," гэсний дараа "сэргээн засварлах," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Усны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"5.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-т заасан зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно."
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
