- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:
"5.2.Энэ хуулийн 5.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна."
2/9 дүгээр зүйлийн 9.1.9-9.1.16 дахь заалт:
"9.1.9.зөвшөөрөл хүссэн бодисын тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх боомт;
9.1.10.хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
9.1.11.үйлдвэрлэгч, эсхүл албан ёсны борлуулагчаас тухайн химийн бодисыг дагалдуулан өгсөн англи, эсхүл орос хэл дээрх хор аюулын лавлах мэдээлэл, бусад улсын хэлээр бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
9.1.12.зөвхөн шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглагдах Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон стандарт уусмал, бодис болон Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон химийн бодисын хувьд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт;
9.1.13.химийн хорт болон аюултай бодисыг экспортлох зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд тухайн бодисыг олон улсын хэмжээнд болон хоёр талын хооронд худалдаалж болох эрх зүйн үндэслэл, хортой, аюултай бүтээгдэхүүнийг хил дамжуулан тээвэрлэх олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хангасан тухай танилцуулга болон нийлүүлэгч, хүлээн авагч, тээвэрлэгч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь, түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
9.1.14.химийн хорт болон аюултай бодис импортлох зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
9.1.15.химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч, хүлээн авагч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан этгээдийн хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь болон түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
9.1.16.химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, улсын комиссын акт, дүгнэлтийн хуулбар, үйлдвэрлэх химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл."
2 дугаар зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"5.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно."
3 дугаар зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран" гэснийг, 6.1.2 дахь заалтын "тээвэрлэх," гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
