A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүнсний тухай хуульд доор дурдсан агуулгатай 51 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"51 дүгээр зүйл.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох

Хэвлэх

зөвшөөрөл олгох журам

51.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг нэр төрлөөс нь хамааруулан дараах хугацаанд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд цахимаар хүргүүлнэ:

51.1.1.сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор;

51.1.2.малын махны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор;

51.1.3.гурил, тарианы үр, хүнсний улаан буудай, ундны усны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор.

51.2.Хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нэмэлт саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд оруулж болно.

51.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн хүнсийг экспортлох зөвшөөрөл олгоход зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 10 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлд нийлүүлэх, импортлох зөвшөөрлийг олгоход зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 50 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлээс худалдан авах шаардлагыг тавьж, хуулийн этгээдтэй энэ талаар гэрээ байгуулж болно.

51.4.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаар хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэсэн, эсхүл энэ хуулийн 51.22-т зааснаас бусад тохиолдолд стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.

51.5.Энэ хуулийн 51.4-т заасан сонгон шалгаруулалтыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг зохион байгуулна.

51.6.Энэ хуулийн 51.5-д заасан ажлын хэсэг стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын зар гаргах, урилга хүргэх, хариу илгээх, үр дүнг мэдээлэх ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.

51.7.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хуулийн этгээд дараах баримт бичгийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ:

51.7.1.экспортлох, эсхүл импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг заасан албан бичиг;

51.7.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

51.7.3.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрийн байртай болохыг нотолсон холбогдох хяналтын байцаагчийн тодорхойлолт;

51.7.4.экспортлогч, импортлогч улсын үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ;

51.7.5.шаардлагатай тохиолдолд импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн албаны эрх бүхий байгууллагын итгэмжлэл.

51.8.Энэ хуулийн 51.7-д заасан баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацааг цахим зар гаргасан өдрөөс эхлэн тооцож, ажлын 10 өдрөөр тогтооно.

51.9.Ажлын хэсэг хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй бөгөөд дутуу баримт бичгийг нөхөн бүрдүүлэхгүй. Хуулийн этгээдийн тамга, тэмдэггүй, гарын үсэггүй, огноо тодорхойгүй, шаардлага хангаагүй баримт бичиг ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах бөгөөд энэ талаар хүсэлт гаргагчид ажлын хоёр өдрийн дотор мэдэгдэнэ.

51.10.Ажлын хэсэг хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичигтэй холбоотой асуудлаар тайлбар болон энэ хуулийн 51.7-д зааснаас бусад баримт бичгийг энэ хуулийн 51.13-т заасан хугацаанд багтаан тухайн хуулийн этгээдээс нэмэлтээр шаардаж болно.

51.11.Ажлын хэсэг стратегийн хүнсийг экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох тоо хэмжээний зөвшөөрлийн дээд хэмжээг тогтоож болно.

51.12.Ажлын хэсэг хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан тоо хэмжээ болон энэ хуулийн 51.7, 51.10, 51.11-д заасан баримт бичгийг магадлан шалгасны үндсэн дээр уг хуулийн этгээдэд тухайн стратегийн хүнсийг экспортлох, эсхүл импортлох зөвшөөрөл олгох тоо хэмжээг тогтооно.

51.13.Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан сонгон шалгаруулалтыг явуулж, импортлох, эсхүл экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээ бүхий зөвшөөрөл олгох тухай мэдэгдлийг хүргүүлнэ.

51.14.Хуулийн этгээд энэ хуулийн 51.9-д заасан мэдэгдэл болон 51.13-т заасан тоо хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.

51.15.Энэ хуулийн 51.14-т заасан гомдлыг ажлын гурван өдөрт хянан шийдвэрлэнэ.

51.16.Хуулийн этгээдээс энэ хуулийн 51.14-т заасан хугацаанд гомдол ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж үзвэл хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шалгарсан хуулийн этгээдэд ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох шийдвэр гаргана.

51.17.Зөвшөөрлийн хугацаа нь энэ хуулийн 51.16-д заасан шийдвэр гарснаас хойш 12 сараас, энэ хуулийн 51.2-т заасан нэмэлт зөвшөөрлийн хугацаа нь зургаан сараас хэтрэхгүй.

51.18.Хүн амын хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний хязгаар тогтоохгүй, тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх зохицуулалтыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хийж болно.

51.19.Хуулийн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна энэ хуулийн 51.17-д заасан хугацааны дотор стратегийн хүнсийг экспортлоогүй, импортлоогүй тохиолдолд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгоно.

51.20.Энэ хуулийн 51.19-д заасны дагуу хүчингүй болгосон зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд ногдох стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг дахин сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгоно.

51.21.Хуулийн этгээд зөвшөөрлийг бусдад дамжуулах, шилжүүлэх, худалдахыг хориглоно.

51.22.Дараах тохиолдолд стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортолж, импортолж болно:

51.22.1.зах зээлд шинээр нэвтрэх, бүтээгдэхүүний дээж хүргүүлэх, туршилтын ачилт хийх;

51.22.2.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл энэ хуулийн 18.5.1-д заасан хугацаанд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаар зөвлөмж гаргаагүй.

51.23.Стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортлох, импортлох хуулийн этгээд энэ хуулийн 51.7.1, 51.7.2, 51.7.3, 51.7.4, 51.7.5-д заасан баримт бичгийг бүрдүүлж, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

51.24.Стратегийн хүнсийг нэг удаа экспортлох, импортлох зөвшөөрлийг энэ хуулийн 51.5-д заасан ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно."

2 дугаар зүйл.Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн "Засгийн газраас баталсан" гэснийг "энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР