- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.5 дахь хэсэг нэмсүгэй:
"13.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн "дээш боловсролтой," гэсний дараа "бага насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах, асрах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, зөв хооллох, бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжих" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/13 дугаар зүйлийн 13.2-13.4 дэх хэсэг:
"13.2.Иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах болон сунгуулах нөхцөл, шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар баг, хорооны Засаг даргад хүсэлт гаргана.
13.3.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлага болон баримт бичгийн бүрдлийг хангасан эсэхийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хянан, магадлан шалгах ажиллагааг хийнэ. Магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын гурван өдөрт багтаан дүгнэлтийг баримт бичгийн хамт сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. Сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг ажлын таван өдөрт багтаан гаргана.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасны дагуу баг, хорооны Засаг дарга дүгнэлт гаргахад орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана."
2/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:
"14.1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
14.1.1.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл;
14.1.2.иргэний бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байрны лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа;
14.1.3.түрээсийн байр, гэрт үйл ажиллагаа явуулах бол түрээслэгчтэй байгуулсан гэрээ;
14.1.4.хүүхэд харагчийн боловсролын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээний мэдээлэл;
14.1.5.хүүхэд харагчийг бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан тухай баримт бичиг;
14.1.6.халдварт болон сэтгэцийн өвчингүй болохыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт."
4 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн Зургадугаар бүлгийн, 13 дугаар зүйлийн гарчгийн "түдгэлзүүлэх," гэснийг "сунгах, түдгэлзүүлэх, сэргээх," гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A