- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт:
"11.1.9.Энэ хуулийн 15.1-д заасан тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг батлах."
2/19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2 дахь заалт:
"19.2.1.Энэ хуулийн 15.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
19.2.1.а.олборлосон, эсхүл олборлох ураны хүдэр, ураны хүдрийн баяжмал болон бусад дагалдах бүтээгдэхүүний тоо, хэмжээ, агуулгын талаарх мэдээлэл;
19.2.1.б.цөмийн бодис дахь элементийн агуулга, тоо хэмжээг тодорхойлсон лабораторийн дүн шинжилгээ;
19.2.1.в.олборлолт болон боловсруулалтын үйл ажиллагаанаас үүссэн, эсхүл үүсэх хаягдлын талаарх мэдээлэл;
19.2.1.г.цөмийн бодис хадгалах байгууламжийн үндсэн мэдээлэл /ерөнхий зохион байгуулалт, газрын зураг, бүдүүвч зураг, байгууламжид нэвтрэх маршрут/, эзэмшигчийн нэр, хяналтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээлэл, тухайн байгууламжид гүйцэтгэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөө;
19.2.1.д.хяналтын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, эрх бүхий албан тушаалтны нэр болон холбоо барих мэдээлэл, баталгааны асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, түүний хүлээх үүрэг хариуцлагын талаарх мэдээлэл, холбогдох дүрэм, журам;
19.2.1.е.цөмийн бодис, цөмийн материалын биет хамгаалалтыг хангах талаарх мэдээлэл;
19.2.1.ё.цөмийн бодис, цөмийн материалын дотоод бүртгэлийн системийн мэдээлэл /мэдээллийн системийн аюулгүйн байдлыг хангах арга хэмжээ, аюулгүй байдлын зааварчилгаа, түүний хуулбар/;
19.2.1.ж.материалын тэнцлийн талбай байршил болон цөмийн материалын тооллого, урсгалыг хянах хэмжилтийн гол цэг болон стратегийн цэгийн мэдээлэл;
19.2.1.з.цөмийн бодис, цөмийн материалын тоо хэмжээг тодорхойлох үнэлгээний арга болон тооцоо, хэмжилт хийх үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
19.2.1.и.бүртгэлтэй холбоотой биет тооллого явуулах үйл ажиллагаа болон давтамжийн талаарх мэдээлэл;
19.2.1.й.цөмийн материалын багцыг тодорхойлох техникийн үзүүлэлт;
19.2.1.к.цөмийн материалын урсгалын хяналтыг хэрэгжүүлэхэд ашиглах хязгаарлалтын болон ажиглалтын системийн талаарх мэдээлэл;
19.2.1.л.баталгаатай холбоотойгоор байгууламжид дотоодын болон олон улсын байцаагч нэвтрүүлэх журам."
19.2.2.Энэ хуулийн 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
19.2.2.а.олборлосон, эсхүл олборлох ураны хүдэр, ураны хүдрийн баяжмал болон бусад дагалдах бүтээгдэхүүний тоо, хэмжээ, агуулгын талаарх мэдээлэл;
19.2.2.б.цөмийн бодис дахь элементийн агуулга, тоо хэмжээг тодорхойлсон лабораторийн дүн, шинжилгээ;
19.2.2.в.олборлолт болон боловсруулалтын үйл ажиллагаанаас үүссэн, эсхүл үүсэх хаягдлын талаарх мэдээлэл;
19.2.2.г.ачуулах цөмийн бодис, цөмийн материалын нийт хэмжээ, түүнд хамаарах материалын агууламжийг изотопоор, химийн найрлагаар, физик хэлбэрээр илэрхийлсэн мэдээлэл;
19.2.2.д.тээвэрлэлтийн чингэлгийн төрөл /экспортлох тохиолдолд битүүмжлэх боломжийн техникийн мэдээлэл/;
19.2.2.е.экспортлох тохиолдолд хүрэх газар, улс, импортлох тохиолдолд материалын сав баглааг задлах материалын тэнцлийн хэсэг болон байршлын талаарх мэдээлэл;
19.2.2.ё.тээвэрлэлтийн төрөл, маршрутын талаарх мэдээлэл;
19.2.2.ж.экспортлох тохиолдолд ачааг бэлтгэх газрын талаарх мэдээлэл;
19.2.2.з.тээвэрлэлтийн бүртгэлийн системийн талаарх мэдээлэл /экспортлох тохиолдолд цөмийн бодисыг тодорхойлох, тоо хэмжээ болон найрлагыг шалгах, импортлох тохиолдолд цөмийн бодис агуулсан ачааг буулгаж, задлан түүний хэмжээ болон найрлагыг магадлан шалгах үйл ажиллагаа/."
3/19 дүгээр зүйлийн 19.5.3 дахь заалт:
"19.5.3.шаардлагатай бол худалдах, худалдан авах гэрээний хуулбар."
4/25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг:
"25.3.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой гомдлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу гаргана."
5/36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг:
"36.3.Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс бусад этгээд ашиглахыг хориглоно."
2 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт:
"15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлах."
2/18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэг:
"18.9.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан дараах хугацаанд шийдвэрлэнэ:
18.9.1.энэ хуулийн 15.1, 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сарын дотор;
18.9.2.энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1-3 сарын дотор;
18.9.3.энэ хуулийн 15.3.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ажлын 3-14 өдрийн дотор."
3/18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг:
"18.11.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага шаардлагатай бол холбогдох байгууллагаар өргөдөл гаргагчийн баримт бичгийн магадлан шалгах ажиллагааг хийлгэж болно."
4/19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг:
"19.6.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага өргөдлийг хүлээн авч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу баримт бичгийн бүрдлийг шалгана."
5/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг:
"20.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө."
6/21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг:
"21.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.2.1, 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно."
7/22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг:
"22.3.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ."
8/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:
"23.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу түдгэлзүүлж, сэргээнэ."
9/26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг:
"26.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хүчингүй болгоно."
3 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтын дугаарыг "11.1.10" гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн "Захиргааны хариуцлагын тухай хууль" гэснийг "Зөрчлийн тухай хууль" гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "бусад шаардлагатай" гэснийг "шаардлага хангасан" гэж, 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн "ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 23 дугаар зүйлийн гарчгийн "Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх" гэснийг "Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4 дэх хэсгийн "хамгийн сайн" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2 дахь заалтыг, 20 дугаар зүйлийн 20.5, 20.6 дахь хэсгийг, 22 дугаар зүйлийн 22.5.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
