A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/25 дугаар зүйлийн 25.20-25.22 дахь хэсэг:

"25.20.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүчингүй болгоно:

25.20.1.энэ хуулийн 26.3-т заасны дагуу;

25.20.2.хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу;

25.20.3.зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд багц цагийг хангах үүргээ биелүүлээгүй;

25.20.4.зөвшөөрлийн шалгалтад ороогүй, эсхүл тэнцээгүй;

25.20.5.хуульд заасан үндэслэлээс бусад шалтгаанаар хоёр жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй;

25.20.6.улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн гэрээний үүргээ биелүүлээгүй;

25.20.7.хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

25.21.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг энэ хуулийн 25.20-д заасан эрх бүхий этгээд хүчингүй болгоно:

25.21.1.байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтний санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан;

25.21.2.байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

25.21.3.гадаадын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргасан нь холбогдох байгууллагын шийдвэрээр тогтоогдсон.

25.22.Энэ хуулийн 25.20.6-д заасан гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг сэргээж болно."

2/41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг:

"41.3.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх үйл ажиллагаатай холбоотой хэрэгцээний үнэлгээ хийх, мэргэжлийн үйл ажиллагааны төслийг үнэлэх болон хэрэгцээний тодорхойлолт гаргах шинжээч сонгон шалгаруулах, томилох, шинжээчийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хэрэгцээний тодорхойлолт олгохтой холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг, шинжээчид олгох зардлын жишгийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2 дахь заалтын "эм, эмнэлгийн хэрэгсэл" гэсний өмнө "хүний" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсэг:

"19.11.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 19.10-т заасан хүсэлт гаргагчийн баримт бичгийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх орон тооны бус шинжээчийн баг томилон ажиллуулах бөгөөд баримт бичигт тавигдах шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2/19 дүгээр зүйлийн 19.19 дэх хэсэг:

"19.19.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгах, татгалзах болон өргөдлийг магадлан шалгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5-д заасан хугацааг баримтална."

3/25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг:

"25.6.Гадаад улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн гадаадын иргэн Монгол Улсад резидент эмчийн сургалтад хамрагдах тохиолдолд энэ хуулийн 25.3-т заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна."

4/25 дугаар зүйлийн 25.9 дэх хэсэг:

"25.9.Энэ хуулийн 25.8-д заасан гадаадын иргэнд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр жил хүртэлх хугацаагаар дараах нөхцөлөөр хялбаршуулсан журмаар олгоно:"

5/25 дугаар зүйлийн 25.15 дахь хэсэг:

"25.15.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам, бүрдүүлэх баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар, холбогдох маягтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

6/41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг:

"41.1.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх үйл ажиллагаа, худалдах зөвшөөрлийг эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ."

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн "120" гэснийг "ажлын 10" гэж, 19.14.6 дахь заалтын "нэг жилийн" гэснийг "зургаан сарын" гэж, 19.15 дахь хэсгийн "10 хоногийн" гэснийг "ажлын хоёр өдрийн" гэж, 19.24 дэх хэсгийн "байгууллагад шийдвэр гарснаас хойш ажлын таван" гэснийг "байгууллага болон татварын албанд шийдвэр гарснаас хойш ажлын хоёр" гэж, 25 дугаар зүйлийн 25.3.1 дэх заалтын "үндсэн мэргэшлийн сургалтын" гэснийг "гурван жилийн" гэж, 25.17 дахь хэсгийн "бүртгэлийн хувийн" гэснийг "зөвшөөрлийн дахин давтагдашгүй" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20.1 дэх заалтын "хуулийн хүчинтэй" гэснийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг, 19 дүгээр зүйлийн 19.20.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР