A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот


ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 84, 91, 92 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 -д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4 шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

Иргэний хэргийн танхимаас шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай болох нь дараах байдлаар тогтоогдов.

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас тайлбар гаргах шаардлагатай гэж үзэж буй, тухайлбал шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа зохицуулалтын практик хэрэглээг судлах зорилгоор Иргэний хэргийн танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3602 дугаар албан бичгийг Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хүргүүлж, 35 шүүхээс санал авсны дотор шүүгчийг татгалзан гаргах, шүүгч татгалзан гарах үндэслэл, хүсэлтийг шийдвэрлэх журмыг зохицуулсан хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулах саналыг 9 шүүх ирүүлжээ.

2.2. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135/ЗТ2022/00439 дүгээр тогтоолоор "...хэргийн оролцогчоос гаргасан аливаа хүсэлтийг шүүгч бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзах явдал түгээмэл байна. Энэ тохиолдолд шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах, эсхүл хүсэлтийг үндэслэлгүй гэж хуралдааныг үргэлжлүүлэх эсэх" талаар,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/1995 дугаар албан бичгээр "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасан "...шүүх хуралдаан эхлэхээс өмнө" болон "шүүх хуралдааны явцад тогтоогдвол" гэснийг шүүхүүд зөрүүтэй тайлбарлан хэрэглэдэг. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн ихэвчлэн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан шатанд татгалзах хүсэлт шийдвэрлэгдсэн гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгодог нь хууль зөрчсөн эсэх" талаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ЗТ2022/01764 дүгээр тогтоолоор "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар ...шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэдгийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх" талаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1136 дугаар албан бичгээр "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасан ...эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэснийг энэ талаар мэдэгдсэн бол татгалзлыг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах, эсхүл тэмдэглэлд тусгаад хурлаа үргэлжлүүлэх аль нь эсэх" талаар,

Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/57 дугаар албан бичгээр "Орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2-3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаатай холбоотойгоор хэргийг хянан шийдвэрлэх гэж байгаа нэг шүүгчээс бусад шүүгчдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлээр татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон үед татгалзлыг шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргадаг. Гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас өөр аймаг дахь анхан шатны шүүх рүү гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх шаардлага гардаг. Гэтэл тухайн шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэггүй. Учир нь гомдлыг шилжүүлэх зохицуулалт иргэний процессын хуульд байхгүй. Харин дээрх тохиолдолд зарим шүүхүүд хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэргээ шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг боловч тухайн хэргийг хянан шийдвэрлэх нэг шүүгч байгаа тохиолдолд хэргийг шилжүүлэх боломжгүй, эдгээр асуудлыг хэрхэн зохицуулах" талаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 131/ЗТ2022/00064 дүгээр тогтоолоор "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана гэжээ. Гэтэл практикт орон нутгийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа тохиолдолд Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг нөгөө шүүгч хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгчдийн зөвлөлгөөн хийх боломжгүй, бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсэж байх тул энэ байдлыг хэрхэн ойлгох талаар тодорхой болгох" талаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/560 дугаар албан бичгээр "...хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж, 92.8-д Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана гэж зохицуулсан. Харин шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч орсон тохиолдолд талууд бүрэлдэхүүнээр нь татгалзаж байна. Энэ тохиолдолд татгалзлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Шүүхийн практикт хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр татгалзлыг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэх эсэх" талаар тус тус албан ёсны тайлбар гаргуулах хүсэлтийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд ирүүлсэн байна.

2.3. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл, түүнийг шийдвэрлэх журмын талаар шүүхүүдээс ирүүлсэн саналыг хэлэлцээд, холбогдох шүүхийн шийдвэр, практикийг судлах шаардлагатай гэж үзэж, судалгааг Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтэстэй хамтран хийв.

2.4. Мөн "Шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа"-г Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээр хийлгэж, 2002 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдах үеийн хуулийн төсөл хэлэлцсэн болон хууль баталсан хуралдааны тэмдэглэл, төслийн танилцуулга, үзэл баримтлалд тусгагдсан энэ тайлбарлаж буй хуулийн зүйл заалтад хамааралтай хэсгийг судлав.

2.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92, 93 дугаар зүйлд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх журам болон хүсэлтийг шийдвэрлэсний үр дагаврыг тус тус зохицуулсан бөгөөд шүүхүүдээс ирүүлсэн санал, судалгааны тайлан зэргээс үзэхэд, тайлбарлаж буй зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёоны ойлгомжгүй байдал, зүйл, хэсэг, заалт хоорондын уялдаа холбоо оновчтой биш, зохицуулалтын хийдэл, дутагдалтай, үүний улмаас шүүхүүд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарахтай холбоотой энэ хуулийн зохицуулалтуудыг хэрэглэхдээ зөрүүтэй практик тогтоосон байдал түгээмэл байна.

Үүнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэр бүл, төрөл, садан гэх тусдаа бие даасан хууль зүйн ойлголтын хоорондын ялгааг гаргадаггүй, тухайн хэргийн оролцогч нь шүүгчтэй ямар байдлаар төрөл, эсхүл садан болж байгаа нь тодорхой бус, хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн ажиллагааг, 105 дугаар зүйлийн 105.1-д заасан шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулах, эсхүл шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах шүүгчийн ажиллагаанаас зааглаж, эдгээр хоёр субъектийн бүрэн эрхийн ялгамжтай байдлыг тодорхойлдоггүй, Ерөнхий шүүгч хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож түүнийг татгалзсан, түүнчлэн тухайн шатны бүх шүүгчдийг татгалзсан бол татгалзлыг хэрхэн шийдвэрлэх, татгалзлыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэх тохиолдолд татгалзан гаргагдаж буй Ерөнхий шүүгч, шүүгч өөрөө оролцох эсэх, санал гаргах эсэх нь тодорхойгүй, татгалзан гарах хүсэлт шийдвэрлэх шүүгчдийн зөвлөлгөөний ирц хүрэлцэхгүй үед татгалзлыг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүйгээс шүүхүүд хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэжээ.

Гурав. Тайлбарын цар хүрээ

3.1. Тайлбарын цар хүрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлүүдийн дараах хэсэг, заалтуудаар хязгаарлагдана.

3.1.1. 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан "анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх"; "уг хэрэг, маргаан";

3.1.2. 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан "гэр бүл"; "төрөл"; "садан";

3.1.3. 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан "шүүгчийг татгалзаж үл болно";

3.1.4. 92 дугар зүйлийн 92.5-д заасан "бусад шүүгч шийдвэрлэнэ";

3.1.5. 92 дугаар зүйлийн 92.6-д заасан "хэд хэдэн шүүгч";

3.1.6. 92 дугаар зүйлийн 92.8-д заасан "шүүгчдийн зөвлөлгөөн"; "бүх шүүгчдийг татгалзсан";

Дөрөв. Тайлбарын арга зүй

Тайлбарын холбогдох хэсэг бүрийг тухайн хэсэгт тохирох аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; суурь болон нарийвчилсан бусад хуулиар тогтоосон нэр томьёоны тодорхойлолтын агуулгаар; эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн өргөжүүлэн, эсхүл нарийвчлан тайлбарлах аргаар; хэм хэмжээний нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн аргыг хэрэглэж, ойлголтуудыг цэгцлэх; хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах аргуудыг тохируулан хэрэглэв.

Тав. Тайлбарын үндэслэл

Эрх зүйн ерөнхий онолын хувьд шүүгч өөрөө татгалзан гарах, шүүгчээс татгалзах зохицуулалтын зорилго нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хадгалах, хангах, аливаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдлаас сэргийлэх явдал байдаг.

Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн хамгаалалт юм.

Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн холбогдох хэм хэмжээг тайлбарлахдаа дараах нийтлэг болон тусгай зарчмын хүрээнд нэг мөр ойлгож, хэрэглэх үндэслэлийг анхаарч үзсэн болно. Үүнд:

5.1. Шүүгчийг татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах ойлголтын талаар

Энэ ойлголт нь хууль зүйн хувьд зөвхөн тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд оролцож буй шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамаарна. Уг зарчим нь "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзах" гэх ойлголтод мөн хамаарч, шүүгч бүр хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон, түүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан хуулийн урьдчилсан нөхцөл тогтоогдох үндэслэлийг тайлбарлав.

"Шүүхийг татгалзах", "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзах" хууль зүйн ойлголт байхгүй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр татгалзах боломжгүй тул хүсэлт гаргаагүйд тооцох ойлголтыг хууль хэрэглээнд нэг мөр болгоно.

5.2. Шүүгчийг татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлийн талаар

5.2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлд шүүгчийг татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлийг зохицуулсан.

Эдгээр үндэслэлүүдийг ангилж үзвэл:

1. Гэр бүл, төрөл, садан, хувийн харилцаа /ИХШХШТХ 91.1.2, 91.1.3/

2. Ашиг сонирхлын зөрчил /ИХШХШТХ 91.1.4/

3. Шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүсэх /ИХШХШТХ 91.1.3/

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үндэслэл /ИХШХШТХ 91.1.1, 84 дүгээр зүйл/ гэсэн төрөлд хуваагдаж байх ба үүнээс өөр үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно гэж хуульчилснаас үзэхэд шүүгчийг татгалзах үндэслэл нь императив хэм хэмжээний шинжтэй байна.

Түүнчлэн татгалзах үндэслэлийг тоочиж, жагсаалт хэлбэрээр хуульд тусгасан бөгөөд үүнээс хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан зарим зохицуулалтыг нарийвчилсан бусад хуулиар тогтоосон нэр томьёоны агуулга болон эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн өргөжүүлэн тайлбарлав.

5.2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т зааснаар шүүгч "уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүн хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал татгалзах үүрэгтэй" бөгөөд энэ тохиолдолд нотолгоо шаардахгүй. Уг зохицуулалтын "гэр бүл", "төрөл", "садан" гэх ойлголтуудыг тусад нь тайлбарлаж, үүнтэй холбоотой Улсын Дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тайлбарын 23 дахь хэсгийг хүчингүй болгоно. Гэр бүл гэх нэр томьёог Гэр бүлийн тухай хуульд тайлбарласан байдаг боловч шүүгчийн татгалзлын хүрээнд хамт амьдарч байгаагаас гадна тусдаа амьдарч буй гэрлэгчид, тэдгээрийн хүүхдүүдийг хамааруулж өөрөөр тайлбарлах үндэслэл, шаардлага байгаа, мөн төрлийг 4 үеэр хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн.

5.2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан "Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй" гэсэн зохицуулалтын "анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх" гэдэгт энэ хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 167 дугаар зүйлийн 167.1, 176 дугаар зүйлийн 176.2-т тус тус зааснаар шийдвэр, магадлал, тогтоолыг гаргасан гэж ойлгохыг тайлбарласнаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэрэг шийдвэр гаргасан шүүгч хамаарахгүй хуулийн үндэслэлийг тодорхой болгосон болно.

Харин хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүний хувьд шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэх аль ч шатны хуралдаанд оролцохгүй гэдгийг тодорхой, эргэлзээгүй заажээ.

Мөн "уг хэрэг, маргаан" гэдгийг тухайн иргэний хэрэг гэж ойлгох ба хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тохиолдолд уг хэрэгтэй өөр хэргийг нэгтгэсэн, эсхүл тухайн хэргийн хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласнаар тусдаа хэрэг үүсгэсэн бол тэдгээр хэргүүд мөн адил хамаарахыг тайлбарлав.

5.3. Шүүгчийг татгалзаж үл болох үндэслэлийн талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгохыг тайлбарлав.

Тухайлбал, тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна.

Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.

Энэхүү нөхцөл нь хуулийн 92 дугаар зүйлийн 92.5, 92.6, 92.8-д заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний бусад шүүгч, Ерөнхий шүүгч, шүүгчдийн зөвлөлгөөний ажиллагааг, хуулийн 105 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулах, эсхүл шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах шүүгч, шүүх бүрэлдэхүүний ажиллагаанаас зааглаж, эдгээр субъектүүдийн бүрэн эрхийн ялгамжтай байдлыг тодорхойлно гэж үзэв.

5.4. Татгалзан гаргах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д "Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэнэ. Санал тэнцвэл шүүгчийг татгалзан гаргасанд тооцно" гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д "Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана" гэж татгалзан гаргах асуудлыг хянан шийдвэрлэх журмыг заасан.

Хуулийн эдгээр зохицуулалтын "бусад шүүгч шийдвэрлэнэ" гэснийг болон "хэд хэдэн шүүгч"-ийг хэрхэн ойлгохыг тайлбарласнаар Ерөнхий шүүгч болон татгалзагдаагүй шүүх бүрэлдэхүүний зүгээс "татгалзан гаргах асуудлыг" хэрхэн шийдвэрлэх ялгаа заагийг тодорхой болгосон.

5.5. Татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөлгөөний эрх хэмжээний талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д "Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана." гэсэн заалтыг бүхэлд нь эрх зүйн онол нийтлэг зарчимд нийцүүлэн өргөжүүлэн тайлбарласан.

"шүүгчдийн зөвлөлгөөн" гэдэг нь тухайн шүүхийн болон адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн гэсэн агуулгатай болохыг, шүүгчдийн зөвлөлгөөнөөр шийдвэрлэгдэх татгалзлын асуудал, хүрээ хязгаар, адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр шийдвэрлүүлэх үндэслэлийг тайлбарлаж, татгалзан гаргагдаж байгаа шүүгчийн эрх, татгалзлыг хэрхэн шийдвэрлэх журмыг тайлбарлаж нэг мөр ойлгож хэрэглэх нөхцөлийг хангасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д шүүх бүрэлдэхүүний цөөнхийг татгалзах, 92.6-д шүүх бүрэлдэхүүний олонхийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзах, 92.8-д тухайн шатны бүх шүүгчдийг татгалзах тохиолдлыг ялгамжтай хуульчилж, шийдвэрлэх үр дагаврыг өөр өөрөөр зохицуулсан боловч шүүхийн практикт гарч буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүйн улмаас эдгээр хэм хэмжээг тус бүрээр тайлбарласан нь хууль хэрэглээнд ач холбогдолтой гэж үзлээ.

Адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр татгалзан гаргах асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлэхдээ тогтоолд хүсэлт, холбогдох баримтыг хавсаргаж хүргүүлэх, тухайн шүүхийг түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэх байдлыг нь харгалзан сонгохыг, түүнчлэн тогтоолын үндэслэл болон харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүйг тус тус тайлбарлав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг

ТАЙЛБАРЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн:

"анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх" гэдгийг энэ хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 167 дугаар зүйлийн 167.1, 176 дугаар зүйлийн 176.2-т зааснаар шийдвэр, магадлал, тогтоол гаргасан байхыг ойлгоно.

"уг хэрэг, маргаан" гэдэгт тухайн иргэний хэрэг гэж ойлгох бөгөөд хэргийг дахин шийдвэрлэх явцад нэгтгэсэн болон тусгаарласан бол тэдгээр хэргүүд мөн адил хамаарна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дахь заалтын:

"гэр бүл" гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн хамт, эсхүл тусдаа амьдарч буй төрсөн, дагавар болон үрчлэн авсан хүүхэд хамаарна.

"төрөл" гэдэгт гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгоно.

"садан" гэдэгт гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн:

"шүүгчийг татгалзаж үл болно" гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно.

Тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна.

Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5 дахь хэсгийн:

"бусад шүүгч шийдвэрлэнэ" гэдгийг анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний нэг шүүгчийг, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний хоёр хүртэл шүүгчийг татгалзсан бол уг хүсэлтийг бүрэлдэхүүний үлдэх шүүгчид хэлэлцэж тогтоол гаргахыг ойлгоно.

Хуулийн энэ хэсэгт заасан шүүгчийг, шүүгчид гэдэгт Ерөнхий шүүгч нэгэн адил хамаарна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсгийн:

"хэд хэдэн шүүгч" гэж хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүний олонхийг ойлгоно.

Хуулийн энэ хэсэг нь татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг зохицуулсан тул шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч оролцоогүй тохиолдол гэж үзнэ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсгийн:

"шүүгчдийн зөвлөлгөөн" гэдгийг тухайн шүүхийн болон адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн гэж ойлгоно.

Ерөнхий шүүгч оролцсон шүүх бүрэлдэхүүнийг бүхэлд нь, эсхүл бүрэлдэхүүний олонхийг татгалзсан, түүнчлэн Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр шийдвэрлэнэ.

Харин тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл нийт шүүгчийн олонхийг татгалзсанаас шүүгчдийн зөвлөлгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн хэлэлцэж шийдвэрлэнэ.

Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзан гаргагдаж байгаа шүүгч оролцохгүй. Энэ нь татгалзлын талаар тайлбар гаргах шүүгчийн эрхийг хязгаарлахгүй.

"бүх шүүгчдийг татгалзсан" гэдгийг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн бүх шүүгч оролцсон бөгөөд тэдгээрийг татгалзсаныг ойлгоно.

Хүсэлтийг шийдвэрлэх адил шатны өөр шүүхийг түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэх байдлыг нь харгалзан сонгож, шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолыг хүсэлт, холбогдох баримтын хамт хүргүүлнэ.

Адил шатны өөр шүүх татгалзан гаргах хүсэлтийг даруй шийдвэрлэж, шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолоо баримтуудын хамт холбогдох шүүхэд буцаан хүргүүлсний дараа үр дагаврыг энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

Тогтоолын үндэслэл болон харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй.

7. Тайлбар гаргасантай холбогдуулж Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 23 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

8. Энэ тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ