A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 497 дугаар

 тогтоолын хавсралт                            

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГААС ТЭТГЭЛЭГ ОЛГОХ,

САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ,

ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид "Сан" гэх)-аас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

 

Хоёр.Сангийн удирдлага, зохион байгуулалт

 

2.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан удирдана.

 

2.2.Сангаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.1-д заасан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл, арга хэмжээ (тэтгэлэг, грант)-г хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

 

2.3.Хууль болон Засгийн газрын шийдвэрээр тусгайлан зааснаас бусад тохиолдолд сангаас энэ журмын 2.2-т заасан санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Мэргэжлийн хорооны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

 

2.4.Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т заасны дагуу Ажлын албатай байна.

 

2.5.Ажлын алба нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

 

2.6.Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, захирлыг томилж, чөлөөлнө.

 

2.7.Захирал нь сангийн өдөр тутмын үйл ажиллагаа болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллагын өгсөн ажил, үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах, Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрх болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

 

Гурав.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт

 

3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.1-д заасны дагуу Төрийн сангийн тусгай дансанд байршуулна.

 

3.2.Сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1-д заасан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

      3.2.1.улсын төсвийн хөрөнгө;

 

      3.2.2.хандив, тусламж;

 

      3.2.3.тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;

 

      3.2.4.зээлийн хүүгийн орлого.

 

3.3.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг түүний төрөл, үр дүнг ашиглах хэлбэр, худалдан борлуулах боломж зэргийг харгалзан дараах хэлбэрээр санхүүжүүлнэ:

 

      3.3.1.буцалтгүй;

 

      3.3.2.эргэн төлөгдөх нөхцөлтэй;

 

      3.3.3.зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх.

 

3.4.Энэ журмын 3.3-т заасан санхүүжилтийн хэмжээ, хугацаа, хэлбэрийг тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд нарийвчлан тусгана.

 

3.5.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.3-т заасны дагуу доор дурдсан холбогдох төсөл, арга хэмжээ, зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:

 

      3.5.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний "суурь судалгааны төсөл";

 

      3.5.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.3.2-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд чиглэсэн "улсын захиалгат төсөл";

 

      3.5.3.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.1.3-т заасан шинэ мэдлэгийг ашиглахад чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэнтэй хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэх "хавсарга судалгааны төсөл";

 

      3.5.4.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2, Инновацийн тухай хуулийн 6.1.2-т заасан тэргүүлэх чиглэлд хамаарах эрдэм шинжилгээний ажлын "цөм технологийн төсөл";

 

      3.5.5.Инновацийн тухай хуулийн 3.1.9-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний ажлын "технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл";

 

      3.5.6.Инновацийн тухай хуулийн 3.1.7-д заасан "инновацийн грант";

 

      3.5.7.докторын зэрэг хамгаалсан залуу судлаачид бие даан хийх судалгаа, туршилт, зохион бүтээх ажлыг нь дэмжиж олгох "докторын дараах судалгаанд олгох сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг";

 

      3.5.8.залуу судлаачид эрдмийн зэрэг хамгаалах бүтээлээ боловсруулах, судалгааны онол, арга зүй, туршилт, үйлдвэрлэлийн үр дүнгээ бататгахад зориулан олгох "сайдын нэрэмжит залуу судлаачдын грант";

 

      3.5.9.эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд үзүүлэх дэмжлэг;

 

      3.5.10.сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардал;

 

      3.5.11.хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг.

 

3.6.Энэ журмын 3.5.1-3.5.5-д заасан төслийг Монгол Улсын Засгийн газар, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сангаас гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ (хэлэлцээр)-ний хүрээнд гадаад улстай хамтран хэрэгжүүлэх тохиолдолд сангаас санхүүжүүлнэ.

 

3.7.Сангийн санхүүжилтийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.5-д заасны дагуу Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хийнэ.

 

3.8.Сангийн хөрөнгөөс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.4-т заасны дагуу аливаа татаас, урамшуулал олгох, батлагдсан төсвөөс хэтрүүлэх, бусад холбогдох хууль, энэ журамд зааснаас өөр зориулалтаар ашиглах, бусад үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

 

3.9.Энэ журмын 3.5.6-д заасан грантыг Засгийн газраас баталсан "Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ын дагуу, мөн 3.5.7, 3.5.8-д заасан тэтгэлэг, грантыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам" болон "Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, грант олгох                    журам"-ын  дагуу  тус тус санхүүжүүлнэ.

 

3.10.Энэ журмын 3.5-д заасан төсөл, арга хэмжээний саналын бүрдэл, түүнд тавигдах шаардлага, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг төсөл, арга хэмжээний төрлөөр ангилан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батална.

 

Дөрөв.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг

сонгон шалгаруулах

 

4.1.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах Мэргэжлийн хороо (цаашид "Хороо" гэх)-г шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна. 

 

4.2.Энэ журмын 3.5-д заасан төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах болон хэрэгжүүлэх үйл ажиллагаа дараах үе шаттай байна:

 

      4.2.1.захиалах, дэвшүүлэх, нээлттэй зарлах;

 

      4.2.2.боловсруулах, мэдүүлэх;

 

      4.2.3.сонгон шалгаруулах;

 

      4.2.4.гэрээ байгуулж баталгаажуулах;

 

      4.2.5.санхүүжүүлэх;

 

      4.2.6.хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих;

 

      4.2.7.үр дүнг мэдээлэх, тайлагнах, баталгаажуулах;

 

      4.2.8.үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн тооцоо хийх.

 

4.3.Төслийн захиалагч (цаашид "Захиалагч" гэх) нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна.

 

4.4.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага нь дангаар болон аж ахуйн нэгжтэй хамтран төсөл захиалж болно.

 

4.5.Төслийн гүйцэтгэгч нь эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, судлаачдын баг, Монгол Улсын харьяалалтай иргэн, судлаач байна.

 

4.6.Төслийн удирдагч (цаашид "Удирдагч" гэх) нь докторын зэрэгтэй байна. Удирдагчийг гүйцэтгэгчийн хүсэлтээр захиалагчтай зөвшилцөн өөрчилж болно. Удирдагчид олгох нэмэгдэл цалин, урамшууллын хэмжээг төсөл хэрэгжүүлэх гэрээнд заасан байна.

 

4.7.Энэ журмын 3.5.2, 3.5.4-т заасан төсөлд захиалагчийн санал авах бөгөөд санал нь доор дурдсан бүрдэлтэй байна:

 

      4.7.1.шийдвэрлүүлэх асуудлын нэр, сэдэв;

 

      4.7.2.үндэслэл, хэрэгцээ шаардлага;

 

      4.7.3.үр дүнг хүлээн авах хугацаа;

 

      4.7.4.захиалагчаас санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээ;

 

      4.7.5.үр дүнгийн даалгавар, шалгуур үзүүлэлт;

 

      4.7.6.үр дүнг нэвтрүүлэх, ашиглах, борлуулахад захиалагчийн хүлээх үүрэг, хариуцлага;

 

      4.7.7.үр дүнг нэвтрүүлж ашигласнаас олох эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын талаарх төсөөлөл.

 

4.8.Захиалагч нь энэ журмын 4.7-д заасан бүрдлийн дагуу төслийн саналыг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор санд ирүүлнэ.

 

4.9.Энэ журмын 4.1-д заасан хороо нь 4.8-д заасан захиалагчийн саналыг жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэлэлцэн дүгнэлт гаргаж, дэмжигдсэн захиалагчийн санал, шийдвэрлүүлэх асуудлын сэдвийг 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлана. Төслийн саналыг хэлэлцэхэд захиалагчийн төлөөллийг саналын эрхгүйгээр оролцуулна.

 

4.10.Энэ журмын 4.5-д заасан төслийн гүйцэтгэгч нь төслийн саналаа журмын 4.9-д заасны дагуу тогтоосон хугацаанд цахим хэлбэрээр санд хүргүүлнэ.

 

4.11.Энэ журмын 3.5.1, 3.5.5-д заасан төслийг хэрэгжүүлэх нөхцөл, шаардлагыг тухайн жилийн 01 дүгээр сард багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлана. Төслийн гүйцэтгэгч нь төслийн саналаа тухайн жилийн 02 дугаар сард багтаан санд цахимаар мэдүүлнэ.

 

4.12.Энэ журмын 3.5.1 болон 3.5.5-д заасан төслийг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын баг, судлаач дэвшүүлнэ.

 

4.13.Энэ журмын 4.10-4.11-д заасан төслийн саналын бүрдэл, агуулга, үр дүнг, даалгаврын давхардал, гүйцэтгэгч, удирдагчийн өмнө нь хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлийг сангийн Ажлын алба хянана.

 

4.14.Өмнө хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хүлээлгэн өгөөгүй байгаа гүйцэтгэгч, төслийн удирдагчийн мэдүүлсэн саналыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Мөн бүрдэл дутуу, шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

 

4.15.Төслийн санал тус бүрд дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчийн баг ажиллана. Шинжээчийн баг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталсан аргачлалын дагуу ажиллана.

 

4.16.Шинжээчийн багийг сангийн цахим мэдээллийн сангаас шинжлэх ухааны салбар, төслийн сэдэв, агуулга, түлхүүр үгийн илэрцийг үндэслэн санамсаргүй түүврийн аргаар сонгоно.

 

4.17.Санхүүгийн хувьд хянан магадлах шаардлагатай гэж үзсэн саналд санхүүгийн шинжээч томилон ажиллуулж болно.

 

4.18.Шинжээчийн олонхын саналаар дэмжигдсэн төслийн саналыг дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар хороонд хүргүүлэх бөгөөд төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг төслийн удирдагч биечлэн танилцуулна. Удирдагч хүндэтгэн үзэх шалтгаанаар танилцуулах боломжгүй тохиолдолд багийн гишүүн танилцуулж болно.

 

4.19.Хороо нь мэргэжлийн шинжээчийн үнэлгээ, төслийн талаарх мэдээллийг үндэслэн үнэлгээ, дүгнэлт гаргах бөгөөд хорооны нийт гишүүдийн олонхын санал авсан төслийн саналыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

4.20.Энэ журмын 4.19-д заасан төслийн саналын үр дүнгийн даалгавар, төсөвт өртгийг сан хянан магадална.

 

4.21.Тухайн жилд шинээр эхлүүлэн хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батална.

 

4.22.Энэ журмын 3.5.9, 3.5.11-д заасан сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалт, санхүүжилтийн хэмжээ, хэлбэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

 

4.23.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.7-д заасны дагуу      сан нь сонгон шалгаруулалтыг цахимаар болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зарлаж, зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын үе шат бүрд тухайн төслийн шалгаруулалтын явцын талаар төслийн удирдагч нарт цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

 

4.24.Төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй төслийн саналыг сангийн нууцын асуудал хариуцсан ажилтан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулна. Энэ төслийн үр дүнг захиалагч бүрэн хариуцна.

 

4.25.Төслийн санал болон холбогдох материалын үнэн зөв байдлыг төсөл мэдүүлэгч бүрэн хариуцна.

 

Тав.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх,

       санхүүжүүлэх гэрээ байгуулах

 

5.1.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талууд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн загварын дагуу байгуулна.

 

5.2.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг эзэмших, өмчлөх талаар гэрээнд заавал тусгана.

 

5.3.Гэрээг энэ журмын 4.21-д заасан жагсаалт батлагдсанаас хойш            30 хоногт багтаан байгуулна.

 

5.4.Гэрээг 4 хувь үйлдэж, захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч тус бүр нэг хувь хадгална.

 

5.5.Энэ журмын 3.5.1-д заасан төслийг хэрэгжүүлэх гэрээний хугацаа           3 хүртэл, бусад төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээний хугацаа 2 хүртэл жил байна. Гэрээний хугацааг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцно.

 

5.6.Энэ журмын 3.5-д заасан төсөл, арга хэмжээ нь гэрээнд заасан хугацаанд хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээний хугацааг сунгах хүсэлтээ бичгээр гаргана. Гүйцэтгэгчээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хэрэгжүүлэх хугацааг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр 1 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

 

Зургаа.Төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, үр дүнгийн

хяналт шинжилгээ, хариуцлага

 

6.1.Сан нь дангаараа болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран энэ журмын 3.5-д заасан төсөл, арга хэмжээний арга зүйн түвшин, хэрэгжилтийн явц, хугацаа, үр дүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, дүгнэлт гаргана. Хяналтын зардал нь төслийн нийт зардлын нэг хувиас хэтрэхгүй байна.

 

6.2.Хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явцад түүний үр дүн, санхүүжилтэд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу өөрчлөлт оруулна.

 

6.3.Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц захиалагч, санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах, үр дүн нь гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд захиалагч, санхүүжүүлэгч нь хугацаанаас өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлнэ.

 

6.4.Шаардлагатай тохиолдолд төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих орон тооны бус шинжээчийн багийг ажиллуулж болно.

 

6.5.Журмын 3.5.2, 3.5.4-т заасан төслийн захиалагч нь төслийн үр дүнг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шинжээчээр хянан магадалгаа хийлгэнэ.

6.6.Төсөл, арга хэмжээг зарлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнтэй нь танилцах, шинжээч ажиллуулахтай холбогдон гарах зардлыг сан хариуцна.

 

6.7.Журмын 3.5.2-т заасан төслийн захиалагч нь хүлээн авсан үр дүнгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаагүй, эсхүл ашиглах бололцоогүй үр дүн захиалсан бол төсөлд зарцуулсан хөрөнгийг санд буцаан төлнө. 

 

6.8.Гэрээнд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр захиалагч төслийн эцсийн үр дүнг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд уг ажлыг дахин гүйцэтгүүлэх, эсхүл санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна.

 

Долоо.Төсөл, арга хэмжээний үр дүнг

           хүлээлгэж өгөх, тайлагнах

 

7.1.Гүйцэтгэгч нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш            60 хоногт багтаан түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө.

 

7.2.Гүйцэтгэгч нь үр дүнг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт"-ын үлгэрчилсэн загварын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулна.

 

7.3.Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг дараах хэлбэрээр тайлагнана: 

 

      7.3.1.гүйцэтгэлийн эцсийн үр дүн, санхүүжилтийн талаар холбогдох хууль, журмын дагуу бичсэн төслийн тайланг захиалагч, санхүүжүүлэгчид тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх;

 

      7.3.2.гүйцэтгэсэн ажлын тайланг Монгол Улсын холбогдох стандартын дагуу бичиж, төсөл дууссанаас хойш 2 сарын дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр санд хүлээлгэн өгч, хадгалуулах.

 

7.4.Хэрэгжилтийн явцад бий болсон оюуны өмчийг өмчлөх, эзэмших асуудлыг Инновацийн тухай хуулийн 27.1-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

7.5.Захиалагч нь сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашигласан талаар Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлд хоёр жил тутамд тайлагнана.

 

Найм.Сангийн хөрөнгийн санхүүжилт,

зарцуулалтад хяналт тавих

 

8.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хяналт тавьж ажиллана.

 

8.2.Сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш          20 хоногийн дотор байгууллагын цахим хуудас болон шилэн дансанд байршуулна.

 

8.3.Сан нь гүйцэтгэсэн ажлын үр дүн, төсвийн зарцуулалтын нэгдсэн тайланг холбогдох хууль, журамд заасан хугацаанд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

8.4.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

8.5.Сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжилт авсан арга хэмжээний мэдээллийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлж, тогтмол шинэчилнэ.

 

Ес.Бусад

 

9.1.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, сонгон шалгаруулах, хяналт тавих журам зөрчсөн холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

9.2.Сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулахад оролцох албан тушаалтан холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

 

9.3.Төслийн гүйцэтгэгч энэ журмын 7.1-7.3-т заасныг зөрчсөн тохиолдолд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр уг ажлын удирдагчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг 3 хүртэл жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.

 

9.4.Төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

 

 

---о0о---