- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРЬС, ШИРНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 65
Улаанбаатар хот
АРЬС, ШИРНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор баталсан "Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 2.7.7 дахь заалтыг мөрдөхгүй байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн, дэл, сүүлгүйгээр арилжих ажлыг зохион байгуулахыг Хөдөө аж ахуйн бирж (О.Нарандэлгэр)-д, биржээр арилжсан арьс, ширийг экспортлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Техникийн зохицуулалт батлах тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолын 3 дахь заалтын "2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг "2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчилсүгэй.
2.Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг экспортлоход Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 2.7 дахь заалтыг мөрдөхгүй байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Арьс, ширний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A