- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 02 дугаар
сарын 01 -ний өдрийн 39 дүгээр
тогтоолын хавсралт
ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ,
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ
АЖ АХУЙН НЭГЖИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Инновацийн тухай хуулийн 16.4.1-д заасны дагуу технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид төрөөс татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.
1.2.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан компани болон байгуулагдаад 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан компанийг гарааны компаниар бүртгэхгүй.
1.3.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.3.1."технологи дамжуулах төв" гэж Технологи дамжуулах тухай хуулийн 3.1.2-т заасан үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлдэг хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллагын харилцаа хамаарал бүхий нэгжийг;
1.3.2."хамтын оффис" гэж Инновацийн тухай хуулийн 16.4-т заасан хуулийн этгээдийг;
1.3.3."гарааны компани" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.8-д заасан компанийг;
1.3.4."программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж" гэж Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан 319/A/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ын 62-т заасан чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компанийг;
1.3.5."инновацийн төсөл" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.6-д заасан баримт бичгийг;
1.3.6."инновацийн төсөл cанаачлагч" гэж инновацийн төсөл боловсруулж хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд болон энэ журмын 1.3.3, 1.3.4-т заасан компанийг;
1.3.7."шинжээч" гэж Инновацийн тухай хуулийн 7.1.14-т заасны дагуу дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг.
Хоёр.Технологи дамжуулах төв, хамтын оффис,
тавигдах шаардлага
2.1.Энэ журмын дагуу татварын дэмжлэг эдлэх инновацийн төсөл санаачлагч (цаашид "төсөл санаачлагч" гэх) гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж энэ журмын 2.2, 2.3-т заасан шаардлага хангасан технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн байна.
2.2.Технологи дамжуулах төв дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.Технологи дамжуулах тухай хуулийн 8.1-д заасан технологи дамжуулалтыг гүйцэтгэдэг байх;
2.2.2.гишүүддээ зориулан зөвлөх, зуучлах үйлчилгээ болон хэрэглэгч, захиалагч нарт патентын мэдээллийн сан болон бусад мэдээллийн эх сурвалжид хайлт хийх үйлчилгээ үзүүлдэг байх;
2.2.3.энэ журмын 2.2.1, 2.2.2-т заасан үйл ажиллагааг явуулахад тохиромжтой өөрийн өмчлөлийн, эсхүл 3-аас доошгүй жилийн түрээсийн гэрээтэй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг байх;
2.2.4.энэ журмын 2.2.1, 2.2.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх.
2.3.Хамтын оффис нь дараах шаардлагыг хангасан байна:
2.3.1.хоорондоо хамааралгүй хэд хэдэн хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлсэн гишүүддээ зориулан зөвлөх, зуучлах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг хуулийн этгээд байх;
2.3.2.хамтын оффисын үйл ажиллагааг явуулахад тохиромжтой нийслэлд 200 м2, орон нутагт 100 м2-аас доошгүй талбайтай өөрийн өмчлөлийн, эсхүл 3-аас доошгүй жилийн түрээсийн гэрээтэй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг байх;
2.3.3.энэ журмын 2.3.1-д заасан үйлчилгээг үзүүлэх орон тооны мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх.
2.4.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлага хангасан технологи дамжуулах төв, хамтын оффистой гэрээ байгуулж хамтран ажиллана.
Гурав.Инновацийн төслийг бүртгэх
3.1.Инновацийн төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд инновацийн төсөл санаачлагч нь инновацийн төслөө бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ:
3.1.1.инновацийн төсөл бүртгүүлэх тухай хүсэлт (программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тухайд гарааны компаниар бүртгүүлэх эсэх талаар тусгах);
3.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний үнэмлэхийн лавлагаа);
3.1.3.энэ журмын 2.4-т заасан технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гишүүнчлэлийн гэрээний хуулбар, технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисоос гишүүнчлэлээр үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичиг;
3.1.4.инновацийн төслөөр бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтын мэдээлэл;
3.1.5.техник технологи, эдийн засаг, зах зээл, хууль, эрх зүй, үйл ажиллагааны судалгааг агуулсан техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа;
3.1.6.бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл;
3.1.7.бусад шаардлагатай мэдээлэл.
3.2.Энэ журмын 3.1.6-д заасан технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл нь программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хамаарахгүй.
3.3.Төсөл санаачлагч энэ журмын 3.1.4-т заасан оюуны өмчийн эзэмшигч, эсхүл оюуны өмч эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулж Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна.
3.4.Инновацийн төсөл хэрэгжүүлэх хугацаа төсөл бүртгүүлсэн өдрөөс эхлэн 5 хүртэл жил байна.
3.5.Инновацийн төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг төсөл санаачлагч хариуцна.
3.6.Инновацийн тухай хуулийн 7.1.14 дэх заалтын хүрээнд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталсан "Мэргэжлийн шинжээчдийн жагсаалт"-д орсон тухайн салбарын холбогдох шинжээч инновацийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Инновацийн тухай хууль болон энэ журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
3.7.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн энэ журмын 1.3.4-т заасан төсөл санаачлагчийн инновацийн төслийг мэдээллийн санд бүртгэж, ажлын 3 өдрийн дотор бүртгэсэн талаар төсөл санаачлагч болон Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус цахимаар мэдэгдэнэ.
Дөрөв.Гарааны компанийг бүртгэх
4.1.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн гарааны компанийг бүртгүүлэх төсөл санаачлагчийн инновацийн төслийг мэдээллийн санд бүртгэж, ажлын 3 өдрийн дотор бүртгэсэн талаар төсөл санаачлагч болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус цахимаар мэдэгдэнэ.
4.2.Гарааны компани бүртгүүлэх төсөл санаачлагч энэ журмын дагуу инновацийн төслөө хэрэгжүүлэх зорилго бүхий компанийг 5 хүртэлх жилийн хугацаатай Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ. Гарааны компанийн оноосон нэрийн өмнө "Гарааны" гэсэн тодотголыг оруулна.
4.3.Технологи дамжуулах төв, хамтын оффис нь гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компанийн талаарх мэдээллийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
4.4.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэгдсэн гарааны компанийн мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ.
4.5.Гарааны компанийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Татварын ерөнхий хуулийн 26.7-д заасан журмын дагуу бүртгэнэ.
Тав.Дэмжлэг үзүүлэх зохицуулалт
5.1.Дараах шаардлагыг хангасан инновацийн төсөл хэрэгжүүлэгч гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлнэ:
5.1.1.хуулийн этгээд нь улсын бүртгэл болон харьяа татварын албанд бүртгэгдсэн байх;
5.1.2.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ дотоодод шинээр бий болгосноо нотлох баримттай байх;
5.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нь Засгийн газрын баталсан инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтад бүртгэгдсэн байх.
5.2.Энэ журмын дагуу бүртгүүлсэн инновацийн төсөл хэрэгжүүлэгч гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хууль тогтоомжийн дагуу дараах татварын дэмжлэгийг үзүүлнэ:
5.2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.4-т заасны дагуу гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөх;
5.2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.19-д заасны дагуу гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;
5.2.3.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.14-т заасны дагуу гарааны компанийн болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисыг гаалийн татвараас чөлөөлөх;
5.2.4.2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу гарааны компанийн болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх.
5.3.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн дэмжлэг эдлэх инновацийн төсөл хэрэгжүүлэгч гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь Татварын ерөнхий хуулийн 10.2-т заасан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагаатай холбогдох журмыг баримтална.
5.4.Энэ журмын 5.2.2-5.2.4-т заасан тоног төхөөрөмж, түүхий эд, материал, урвалж бодис нь тухайн гарааны компанийн болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бүртгүүлсэн инновацийн төслөөр үйлдвэрлэл явуулахад чиглэсэн байна.
Зургаа.Тайлан, хяналт, хариуцлага
6.1.Төсөл санаачлагч нь төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ.
6.2.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн төслийн хэрэгжилтийн явц, хугацаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, үр дүнд хяналт тавина.
6.3.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий мэргэжлийн шинжээч ажиллуулж болно.
6.4.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн төслийн талаарх шаардлагатай мэдээллийг төсөл санаачлагчаас гаргуулан авах эрхтэй байна.
6.5.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах тохиолдолд инновацийн төслийн бүртгэлийг цуцалж Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус албан бичгээр болон цахимаар мэдэгдэнэ:
6.5.1.инновацийн төсөл нь анх мэдүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй нь хяналтаар тогтоогдсон;
6.5.2. энэ журмын 6.1-д заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй;
6.5.3.төсөл санаачлагчийн энэ журмын 3.3-т заасан шаардлага хангасан нөхцөл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болсон.
6.6.Энэ журмын 6.5-д заасны дагуу инновацийн төслийг цуцалж Татварын ерөнхий газарт мэдэгдсэн тохиолдолд мэдэгдэл хүргүүлсэн татварын жилд болон түүнээс хойших татварын жилүүдэд энэ журмын 5.2.1-д заасан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхгүй.
6.7.Энэ журмын 6.5-д заасны дагуу инновацийн төслийг цуцалж Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт мэдэгдсэн тохиолдолд мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш энэ журмын 5.2.2-5.2.4-т заасан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхгүй.
6.8.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Долоо.Бусад
7.1.Инновацийн төсөл хэрэгжүүлэгч гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь шинээр инновацийн төсөл санаачлах тохиолдолд энэ журмын гуравт заасны дагуу инновацийн төслөө бүртгүүлнэ.
7.2.Төсөл санаачлагчийн үйл ажиллагааны мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу зохицуулна.
7.3.Инновацийн төсөл болон оюуны өмчтэй холбогдон үүссэн маргааныг холбогдох гэрээ болон хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
7.4.Энэ журамд заасан шинжээчтэй холбогдон гарах зардлыг өндөр технологи, инновацын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
----o0o----
Текст томруулах
A
A
A