- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 8. 2023.03.16/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар А/02
Сүхбаатар сум
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйл 16.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйл 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдааны чиглэлийн супермаркет, хайпермаркет, бөөний төв, агуулах худалдаа, минимаркет, хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарыг 10.00-00.00 цаг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн зоогийн газар, баар, караоке, кафины үйлчлэх цагийн хязгаарыг 11.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэхээр тус тус тогтоосугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 3 хоног, сар бүрийн 01-ний өдрийн 00.00 цагаас 02-ны өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг тус тус хориглосугай.
3.Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрсүгэй.
4.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт, Сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст даалгасугай.
6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" А/59 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
Н.ЛХАГВАДОРЖ
Текст томруулах
A
A
A
