A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн
 
          69 тоот тогтоолын хавсралт

 

РАДИО ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ САРНИУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Төрийн болон албаны нууц задрахаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж /цаашид "Сарниулах төхөөрөмж" гэх/-ийг ашиглах, тэдгээрт хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд тусгайлсан заасан хууль, дүрэм, журмын дагуу зохицуулагдаж байгаа гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах зэрэг нууц ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед энэхүү журмыг мөрдөхгүй.

1.3. Тусгайлан заасан хууль, дүрэм, журмаар зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагууд нь энэхүү журмын 1.2-т зааснаас бусад зорилгоор Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмжийг ашиглах тохиолдолд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.4. Сарниулах төхөөрөмжийг ашиглах зориулалт, хүчин чадал, хамрах хүрээнээс хамааран байнгын болон байнгын бус ажиллагаатай гэж хуваах бөгөөд  байнга, суурин ашиглах зорилгоор барилга байгууламж, тасалгааг тусгайлан тоноглохыг байнгын ажиллагаатай, тогтмол нэг байршилд бус, зөөврийн сарниулах төхөөрөмжийг барилга байгууламж, тасалгаанд зөөвөрлөн ашиглахыг байнгын бус ажиллагаатай гэнэ.
 

Хоёр. Сарниулах төхөөрөмж ашиглах хүсэлт гаргах, шийдвэрлэх

2.1. Сарниулах төхөөрөмж ашиглах хүсэлт гаргах.

2.1.1. Сарниулах төхөөрөмж ашиглахаар хүсэлт гаргагч этгээд нь Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/-нд албан хүсэлтээ энэхүү журмын хавсралт 1-д заасан  өргөдлийн маягтын хамт ирүүлнэ.

2.1.2. Зохицуулах хороо нь сарниулах төхөөрөмж ашиглах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Тагнуулын байгууллагаас санал авна.

2.1.3. Зохицуулах хороо нь энэхүү журмын 2.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, хариу хүргүүлнэ.

2.2.  Байнгын ажиллагаатай сарниулах төхөөрөмж ашиглах хүсэлтийг шийдвэрлэх.

2.2.1. Зохицуулах хороо нь ирүүлсэн хүсэлтэд үндэслэн дараах асуудлыг тодруулан хэмжилт хийж, үнэлгээ, дүгнэлт гаргана. Үүнд:

2.2.1.1. Хүсэлт гаргагч этгээд нь хууль тогоомжийн хүрээнд сарниулах төхөөрөмж ашиглах эрхтэй эсэх;

2.2.1.2. Сарниулах төхөөрөмж нь энэхүү журмын 4.1-т заасан ашиглалтын шаардлагыг хангаж байгаа эсэх;

2.2.1.3. Байнгын ажиллагаатай бүс, барилга байгууламж, тасалгаа нь радио долгион хаах, хязгаарлах материал, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болон газардуулга хийгдсэн эсэх;

2.2.2. Радио долгион сарниулах хүрээний хязгаарыг тогтоох зорилгоор тухайн байршлын бүс, барилга байгууламж, тасалгаанд суурилсан сарниулах төхөөрөмжийн чадлын хэмжилтийг хийж, энэхүү журмын 4.2-т заасан хэмжээгээр хангахаар чадлыг тохируулна. 2.2.3. Сарниулах төхөөрөмж ашиглах хүсэлт гаргасан этгээдийн материал нь энэхүү журамд заасан шаардлага хангахгүй тохиолдолд хүсэлтийг албан бичгээр дүгнэлтийн хамт буцаана.

2.2.4. Хүсэлтийг энэхүү журмын 2.2.3-т заасны дагуу буцаасан тохиолдолд тухайн хүсэлт гаргагч этгээд нь холбогдох шаардлагыг ханган, дахин хүсэлт гаргах эрхтэй.

2.2.5. Энэхүү журамд заасан шаардлага хангасан тохиолдолд Зохицуулах хороо нь тухайн этгээдэд сарниулах төхөөрөмж ашиглахыг зөвшөөрч радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй үүрэн холбоо, утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд сарниулах төхөөрөмж байршуулах нутаг дэвсгэр, барилга байгууламж, тасалгааны болон хамрах хүрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын 5 хоногт бичгээр хүргүүлнэ.

2.2.6. Зохицуулах хороо нь энэхүү журмын 2.2.5-д заасан сарниулах төхөөрөмжийн талаарх мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулна.

2.2.7. Байнгын ажиллагаатай сарниулах төхөөрөмжийг ашиглахгүй болсон, байршил өөрчлөгдсөн, ашиглагч этгээд нь эрх зүйн чадамжгүй болсон тохиолдолд Зохицуулах хороо нь хороо нь цахим хуудсанд байршуулсан тухайн мэдээллийг өөрчлөх, идэвхгүй болгох арга хэмжээг авч, ажиллахгүй болсон шалтгааныг дурдан, цахим санд хадгална.

2.3. Байнгын бус ажиллагаатай сарниулах төхөөрөмж ашиглах хүсэлтийг шийдвэрлэх.

2.3.1. Зохицуулах хороо нь ирүүлсэн хүсэлтэд үндэслэн дараах асуудлыг тодруулан хэмжилт хийж, үнэлгээ, дүгнэлт гаргана. Үүнд:

2.3.1.1. Хүсэлт гаргагч этгээд нь хууль тогоомжийн хүрээнд сарниулах төхөөрөмж ашиглах эрхтэй эсэх;

2.3.1.2. Сарниулах төхөөрөмж нь энэхүү журмын 4.1-т заасан ашиглалтын шаардлагыг хангаж байгаа эсэх;

2.3.1.3. Зөөврийн сарниулах төхөөрөмжийг зохицуулах хороонд авчирч сарниулах төхөөрөмжийн чадал, антенны үзүүлэлтийг тооцоолон хамрах хүрээний хэмжилт хийлгүүлж, ашиглаж болох хязгаарын хэмжээг энэхүү журмын 4.2-т тогтоосон хэмжээнээс хэтрэхгүйгээр чадлын тохиргоо хийгдсэн байна.

2.3.2. Тохиргоо хийгдсэн зөөврийн сарниулах төхөөрөмжийг ашиглах тохиолдолд ажиллуулах байршил, хугацааны талаарх мэдээллийг тухайн төхөөрөмжийг ашиглаж эхлэхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө Зохицуулах хороонд ирүүлнэ. Зохицуулах хороо нь шаардлагатай гэж үзсэн тохиолдолд газар дээр нь хэмжилт хийнэ.

2.3.3. Сарниулах төхөөрөмж ашиглах хүсэлт гаргасан этгээдийн материал нь энэхүү журамд заасан шаардлага хангахгүй тохиолдолд хүсэлтийг албан бичгээр дүгнэлтийн хамт буцаана.

2.3.4. Хүсэлтийг энэхүү журмын 2.3.3-т заасны дагуу буцаасан тохиолдолд тухайн хүсэлт гаргагч этгээд нь холбогдох шаардлагыг ханган, дахин хүсэлт гаргаж болно.

2.3.5. Сарниулах төхөөрөмж ашиглах хүсэлт гаргасан этгээдийн материал нь энэхүү журамд заасан шаардлага хангасан тохиолдолд Зохицуулах хороо нь тухайн этгээдэд сарниулах төхөөрөмж ашиглахыг зөвшөөрч, ашиглаж эхлэх хугацаанаас 3-аас доошгүй хоногийн өмнө радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй үүрэн холбоо, утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд зөөврийн сарниулах төхөөрөмж ажиллах нутаг дэвсгэр, барилга байгууламж, тасалгаа, хамрах хүрээний хязгаар болон түр ашиглах хугацааны талаарх мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлнэ.
 

Гурав. Сарниулах төхөөрөмжийг  захиалах, импортлох

3.1. Сарниулах төхөөрөмжийг ашиглах эрх бүхий этгээд нь тухайн сарниулах төхөөрөмжийг импортлох тохиолдолд Радио долгионы тухай хуулийн 19.2.1-д заасны дагуу Зохицуулах хороонд урьдчилан мэдэгдэж, техникийн үзүүлэлтийг хянуулсан байна.

3.2. Сарниулах төхөөрөмжийг ашиглах эрх бүхий этгээд нь өөрийн үйл ажиллагаанд ашиглагдах төхөөрөмжийг захиалах, импортлох, хүлээн авах ажиллагааг хариуцна.
 

Дөрөв. Сарниулах төхөөрөмжийн ашиглалтын шаардлага, техникийн үзүүлэлт, нэмэлт, өөрчлөлт оруулах

4.1. Сарниулах төхөөрөмж ашиглах эрх бүхий этгээд нь дараах ашиглалтын шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг сонгоно. Үүнд:

4.1.1. Сарниулах төхөөрөмжийн хаах радио давтамжийн зурвасыг сонгон тохируулах боломжтой байх;

4.1.2. Зурвасын шүүлтүүрийн үзүүлэлт нь сонгосон радио давтамжийн зурвасыг хаахаар тохируулагдсан ба зурвасын гаднах хажуугийн цацаргалтыг бүрэн хаасан байх;

4.1.3. Чадлыг тохируулах боломжтой байх;

4.1.4. Антенн нь аль болох чиглэлтэй байх;

4.1.5. Техникийн үзүүлэлтийг хавсаргасан байх.

4.2. Сарниулах төхөөрөмжийн хамрах хүрээний дохио бүрэн хаах хязгаарын хэмжээ нь талбайн хувьд зөвшөөрөгдсөн талбайн хэмжээ, хашаагаар, барилга байшингийн эргэн тойронд 20 метр, тасалгааны эргэн тойронд 10 метрээр тус тус тогтоогдоно.

4.3. Байнгын ажиллагаатай сарниулах төхөөрөмжийн байршлыг өөрчлөх, техникийн хүчин чадлыг нэмэх, шинэчлэх, нэмж суурилуулах, гэмтэл гарч, засуулсан тохиолдолд Зохицуулах хороонд тухай бүр мэдэгдэж дахин хэмжилт хийлгэж, тохируулна.

4.4. Сарниулах төхөөрөмжийн хамрах хүрээ, давтамжийн тохируулгыг хийх, харилцан нөлөөллийг арилгах асуудлыг тухайн байгуулага хариуцах ба шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

4.5. Сарниулах төхөөрөмж ашиглагчид нь үүрэн холбооны оператор компаниудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, радио давтамжийн харилцан нөлөөлөл үзүүлсэн тохиолдолд уг төхөөрөмжид тохиргоо хийж нөлөөллийг арилгахад зохицуулах хороотой хамтран ажиллах бөгөөд асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд дэмлэг үзүүлнэ.
 

Тав. Сарниулах төхөөрөмжийн үйл ажиллагаанд хяналт тавих

5.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.

5.2. Тагнуулын байгууллага нь сарниулах төхөөрөмжийг импортлох болон ашиглалттай холбоотой үйл ажиллагаанд  хяналт тавина.

5.3. Сарниулах төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ашигласан, ашиглахаар байрлуулсан эсхүл энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Радио долгионы тухай, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

- - - oOo - - -