- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР" ТӨХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 82
Улаанбаатар хот
"МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР" ТӨХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 59.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийг тогтоосугай.
2."Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулсугай.
3."Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, стратеги болон бизнес төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах, удирдлага, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрчис ойл" ХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (Ж.Ганбаатар)-нд даалгасугай.
5.Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрчимжүүлэхийг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгт, ажлын явц, гүйцэтгэл, зээлийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт тус тус даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 323 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
