- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЙМАГ, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ МӨРДӨХ ДЭГЛЭМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн
13/19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
АЙМАГ, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ
ГАЗАР НУТАГТ МӨРДӨХ ДЭГЛЭМ
Нэг. Дэглэмийн зорилго
Энэхүү дэглэмийн зорилго нь Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Орон нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн бүс , бүслүүрийн онцлог өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан усны сан бүхий газар болон түүх соёлын дурсгалт, үзэсгэлэнт газруудыг хамгаалах зорилгоор аймаг, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Ерөнхий зүйл
2.1 "Аймгийн тусгай хамгаалалттай газар" гэж байгаль экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй нутаг болон байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, онцлог байршил, түүх, соёлын дурсгал, амралт, аялал жуулчлал хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд ая холбогдол бүхий газар нутгийг хамгаалах байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор аймгийн хамгаалалтад авсан газрыг хэлнэ.
2.2 Аймгийн тусгай хамгаалалттай газар нь хориглолтын болон хязгаарлалтын бүстэй байна. Бүсийн заагийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс тогтооно.
2.3 Гол, нуур, цөөрөм, булаг шандны хамгаалалтын бүсийг тогтоох явцад хамгаалалтын бүсэд байгаа барилга байгууламж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь гол нуурын усны горим чанарт сөрөг нөлөө үзүүлж байвал тэдгээрийн үйл ажиллагааг зогсоох, ус хамгаалах нэмэлт арга хэмжээ авах тухай асуудлыг холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэнэ.
2.4 Аймгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд илэрвэл мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн газар нутгийг хамгаалалтаас буюу хэсэгчлэн чөлөөлж болно.
2.5 Байгалийн онцлог, үйл ажиллагааны зориулалтаас хамаарч аймгийн тусгай хамгаалалтад авсан бүс нутагт түүнд тохирсон журмаар үйл ажиллагааг нь зохицуулна.
2.6 Журмаар зохицуулагдаагүй бусад зүйлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Гурав. Аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөх үйл ажиллагаа
3.1 Аймгийн тусгай хамгаалалттай газрын хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулж болно.
3.1.1 Ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хохирлыг арилгах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авах
3.1.2 Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах
3.1.3 Шинжилгээ , судалгааны зорилгоор ан амьтан барих
3.1.4 Үйлдвэрийн бус ахуйн зориулалтаар ан хийх, загас барих, зөгийн аж ахуй эрхлэх
3.1.5 Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэн харъяалагдах сумтай гэрээ байгуулан байгаль орчинд сөрөг нөлөөгүй амралт, ачлал жуулчлалын бааз байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх
3.1.6 Рашааныг эмчилгээний зориулалтаар ашиглах
3.1.7 Судалгаа шинжилгээний ажил явуулах
3.1.8 Уламжлалт мал аж ахуй эрхлэх
3.1.9 Өвөлжөө хаваржаа барьж байнга оршин суух
3.1.10 Ахуйн хэрэгцээнд зориулж тариа тарих, жимс, ногоо, гахай, шувууны аж ахуй эрхлэх
3.1.11 Тодорхой хэмжээний байгалийн баялгийг нөхөрлөл хэлбэрээр хамтран хамгаалах, нөөцийг нь хомсдуулахгүйгээр ашиглах
3.1.12 Зураг авах, дууны болон бичлэг хийх, тэдгээрийн зохиол бүтээл туурвихад ашиглах
3.1.13 Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийг бусад ёслол хийх
3.1.14 Хөрс ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх
3.2 Аймгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулж болно. Үүнд:
3.2.1 Биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засах
3.2.2 тохижуулах Байгалийн дагалт баялгийг үйлдвэрлэлийн бус зориулалтаар ашиглах
3.2.3 Сум орон нутгийн хэрэгцээг хангах чиглэл бүхий байгаль орчинд халгүй жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ашигт малтмалын хайгуул хийх, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх
Дөрөв. Тусгай хамгаалалттай газар нутагт хориглох үйл ажиллагаа
4.1 Аймгийн тусгай хамгаалалттай газрын хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.1.1 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар хагалах, ухаж сэндийлэх, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, ашиглах
4.1.2 Гар аргаар ашигт малтмал олборлох
4.1.3 Мод, зэгс, бургасыг огтлох устгах
4.1.4 Хориотой болон ховордсон ан агнах
4.1.5 Машин зам шинээр гаргах, ургамлын нөмрөгийг талхлах, ан амьтныг үргээх тэдгээрийн үүр ичээ, нүх ноохойг хөндөж эвдэж сүйтгэх, дайжуулах аливаа үйл ажиллагаа явуулах
4.1.6 Хөрс ус агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах
4.1.7 Хортон шавж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх арга техник бодис хэрэглэх
4.1.8 Хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах
4.1.9 Дэглэм тогтоохоос өмнө хориглолтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага Байгаль орчин аялал жуулчлалын газартай гэрээ байгуулж орчныг бохирдуулсан төлбөрийг жил бүр Байгаль хамгаалах санд төвлөрүүлнэ. Төлбөрийн хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална.
4.2 Аймгийн тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно
4.2.1 Эртний амьтан ургамлын ховор олдворыг түүх, зарж борлуулах
4.2.2 Байгалийн дагалт баялаг, эмийн хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх
Тав. Аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дэглэмд тавих хяналт
5.1 Аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг харьяалагдаж байгаа сумын ИТХ, Засаг дарга хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна.
5.2 Хамгаалалттай газар нутагт дэглэм зөрчигдөж ноцтой үйл ажиллагаа гарсан тохиолдолд Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаа болон холбогдох хүчний байгууллагын хамтарсан шалгалт хийж зөрчил дутагдалыг таслан зогсооно.
5.3 Тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийн хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч идэвхтэн байгаль хамгаалагч ,Бөөнцагаан нуур- Байдраг голын талуудын оролцооны зөвлөл , олон нийтийн байцаагч хяналт тавьж ажиллана.
5.4 Аймгийн тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа иргэд, хамгаалалтын үйл ажиллагааг хариуцаж байгаа нөхөрлөлүүд, газар эзэмшиж байгаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хууль тогтоомж зөрчигчдийн талаар сумын удирдлага болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид нэн даруй мэдэгдэж арга хэмжээ авхуулах үүрэг хүлээнэ.
Зургаа. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
6.1 Аймгийн тусгай хамгаалалттай газарт Монгол Улсын хууль тогтоомж энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоолд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A