A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ХЭВЛЭХ БОЛОН ТЭДГЭЭРИЙГ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31ий өдрийн А/120 дугаар тушаалын хавсралт

 

 

ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ,

ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ХЭВЛЭХ

БОЛОН ТЭДГЭЭРИЙГ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд /цаашид "гадаадын иргэн" гэх/ Монгол Улсад оршин суух үнэмлэх /цаашид "оршин суух үнэмлэх" гэх/, харьяалалгүй хүнд гадаад улсад зорчих үнэмлэх /цаашид "зорчих үнэмлэх" гэх/ олгох, хэвлэх, эзэмших, хадгалах, ашиглахад энэхүү журмыг баримтална.

1.2.Оршин суух үнэмлэх, зорчих үнэмлэх хэвлэх, олгох, дахин олгох, солих, хураан авах, хүчингүй болгох болон эдгээр үнэмлэхийн нэгдсэн бүртгэл хөтлөх үйл ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Газар" гэх/ эрхэлнэ.

1.3.Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас оршин суух үнэмлэхийн лавлагааг олгож болно.

 Хоёр.Оршин суух үнэмлэх хэвлэх

2.1.Газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан мэдээлэл тусгасан, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-аас тогтоосон стандарт, шаардлагыг хангасан оршин суух үнэмлэхийг хэвлэнэ.

Гурав.Оршин суух үнэмлэхийг олгох, дахин олгох

3.1.Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тушаалаар баталсан "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-д заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн Газар оршин суух үнэмлэх олгоно.

3.2.Гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаагаар оршин суух үнэмлэхийн хугацаа тодорхойлогдоно.

3.3.Оршин суух үнэмлэхийг дараах тохиолдолд дахин олгоно:

3.3.1.паспорт, паспортыг орлох баримт бичиг солигдсон;

3.3.2.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн;

3.3.3.дүр төрхийн өөрчлөлт орсон;

3.3.4.уригч байгууллага солигдсон;

3.3.5.иргэний харьяалал, овог, нэр, төрсөн огноо, хүйс  өөрчлөгдсөн;

3.3.6.оршин суух зөвшөөрлийн хэлбэр, төрөл өөрчлөгдсөн, хугацаа дууссан.

 

3.4.Оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

3.4.1.паспорт, паспортыг орлох баримт бичиг;

3.4.2.оршин суух үнэмлэх дахин авах тухай албан бичиг /өргөдөл/;

3.4.3.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай баримт болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тодорхойлолт;

 

3.4.4.тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт.

3.5.Газар нь энэ журмын 3.4-т заасан хүсэлт өгснөөс хойш ажлын 5 өдөрт багтаан оршин суух үнэмлэх дахин олгоно.

Дөрөв.Оршин суух үнэмлэхийг хураах, хүчингүй болгох

4.1.Оршин суух үнэмлэх авсан гадаадын иргэн Монгол Улсын харьяат болсон тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 30 хоногийн дотор оршин суух үнэмлэхийг Газарт хураалгана.

4.2.Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн явах, эсхүл оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүйгээр гадаад улсад зорчих, оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн бол хамаарал бүхий этгээдийн хамт оршин суух үнэмлэхээ Газарт хураалгана. 

4.3ршин суух үнэмлэхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

4.3.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.4.1, 28.4.2, 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан үндэслэлээр;

4.3.2.оршин суух үнэмлэхийн хугацаа дууссан;

4.3.3.гадаадын иргэн нас барсан.

 

 4.4.Хураагдсан болон хүчингүй болгосон оршин суух үнэмлэхийг Газар бүртгэл хийж, устгана.

 Тав.Оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах

5.1.Гадаадын иргэн нь оршин суух үнэмлэхээ Газарт хураалгаснаас бусад тохиолдолд өөрөө хадгална.

5.2.Нас барсан гадаадын  иргэний хүчингүй болгосон оршин суух үнэмлэхийг гэр бүлийн гишүүнд хадгалуулахаар өгч болно.

5.3.Жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих цагаач гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хувийн хэрэгт хадгална.

5.4.Гадаадын иргэн нь энэ журмын 1.3-т заасан оршин суух үнэмлэхийн лавлагааг Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас хэвлэн авч болох бөгөөд лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглана.

5.5.Гадаадын иргэн нь энэ журмын 1.3-т заасан лавлагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасан оршин суух үнэмлэхийн оронд биедээ авч явж болно.

5.6.Оршин суух үнэмлэхийг бусдад шилжүүлж, барьцаалж болохгүй.

Зургаа.Зорчих үнэмлэх олгох

6.1.Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон зорчих үнэмлэхээр гадаад улсад зорчино.

6.2.3орчих үнэмлэхийг дараах тохиолдолд олгоно:

6.2.1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй хүн гадаад улсад зорчих бол;

6.2.2.гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан боловч өөр улсын харьяат болоогүй хүн гадаад улсад зорчих бол.

6.3.3орчих үнэмлэхэд Газрын дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

6.4.3орчих үнэмлэх авах хүсэлтийг Газарт гаргах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

6.4.1.өргөдөл;

6.4.2.оршин суух үнэмлэх;

6.4.3.тухайн иргэний сүүлийн 6 сард авахуулсан 3.5х4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг.

6.5.Газрын тухайн асуудал хариуцсан албан хаагч доор дурдсан зүйлийг нягтална:

6.5.1.энэ журмын 6.2.1-д заасан харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад оршин суух үнэмлэх, урьд нь харьяалагдаж байсан улсынхаа харьяатаас гарсныг гэрчлэх баримт;

6.5.2.хүүхдийн төрсний гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, овог нэр, төрсөн он, сар, өдөр зөв эсэх, өөрийнх нь гэрэл зураг мөн эсэх;

6.5.3.гадаад улсад зорчихыг түдгэлзүүлэх, хойшлуулах үндэслэл байгаа эсэх.

6.6.3орчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна. 

6.7.Газар нь хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан зорчих үнэмлэхийг олгоно.

Долоо.Зорчих үнэмлэхийг дахин олгох

7.1.3орчих үнэмлэхийн хугацаа дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл мэс ажилбар хийлгэснээс үнэмлэх эзэмшигчийн дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд дараах баримт бичгийг үндэслэн зорчих үнэмлэхийг дахин олгоно:

7.1.1.энэ журмын 6.2.1-д заасан харьяалалгүй хүний хувьд хүчинтэй оршин суух үнэмлэх;

7.1.2.хугацаа нь дууссан зорчих үнэмлэх;

7.1.3.тухайн иргэний сүүлийн 6 сард авахуулсан 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

 

7.1.4.зорчих үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн өргөдөл;

7.1.5.зорчих үнэмлэх үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай холбогдох баримт болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тодорхойлолт;

7.1.6.тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт.

7.2.Газар нь хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан зорчих үнэмлэхийг дахин олгоно.

Найм.Зорчих үнэмлэх олгохоос татгалзах

8.1.Харьяалалгүй хүний гадаадад зорчих эрхийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тохиолдолд түүнд зорчих үнэмлэх олгохоос татгалзах бөгөөд энэ тухай ажлын 5 өдөрт багтаан бичгээр хариу мэдэгдэнэ.

Ес.Зорчих үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах

9.1.3орчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсад буцаж ирэхгүй тохиолдолд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт  зорчих үнэмлэхээ хураалгана.

9.2.3орчих үнэмлэхийг бусдад шилжүүлж, барьцаалж болохгүй.

Арав.Зорчих үнэмлэхийг хүчингүй болгох

10.1.Дараах тохиолдолд зорчих үнэмлэхийг хүчингүй болгоно:

10.1.1.гэмтээсэн, засварласан;

10.1.2.бусдад шилжүүлсэн;

10.1.3.хуульд заасан бусад.

 

10.2.Хүчингүй болсон, гэмтсэн, хүчинтэй хугацаа нь дууссан, түүнчлэн энэ журмын 9.1-д заасны дагуу Дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн зорчих үнэмлэхийг Газар устгана.

10.3.Хүчин төгөлдөр бус, эсхүл зөрчил бүхий зорчих үнэмлэхтэй этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд тухайн үнэмлэхийг хураан авна.

Арван нэг.Бусад

11.1.Газар нь гадаадын иргэнд олгосон оршин суух болон зорчих үнэмлэхийн мэдээллийн нууцлалыг хангаж, гадаадын иргэнд олгосон оршин суух үнэмлэхийн нэгдсэн бүртгэл хөтөлнө.

11.2.Гадаадын иргэн оршин суух, зорчих үнэмлэхээ гэмт хэргийн хохирогч болсны улмаас хаясан, гээгдүүлсэн, алдсан, үрэгдүүлсэн талаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулахгүйгээр шинээр олгож болно.

11.3.Гадаадын иргэн оршин суух, зорчих үнэмлэхээ өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан  бол Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ.

 

 

 

---оОо---