A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн

                              23 тоот тогтоолын

хавсралт

 

ДОТООДЫН БОЛОН УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН

НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

НЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.           Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/-ноос дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ /цаашид "шуудангийн үйлчилгээ" гэх/ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.

1.2.           Дотоодын болон улс хоорондын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "үйлчлэгч" гэх/ нь Монгол Улсын олон улсын гэрээ, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм, журам энэхүү нөхцөл, шаардлага, шуудангийн үйлчилгээнд хамаарах Монгол Улсын үндэсний стандарт болон норматив баримт бичгийг мөрдөж ажиллана.

1.3.           Энэхүү нөхцөл, шаардлагад тусгаагүй бусад харилцааг холбогдох хууль, дүрэм, журам, гэрээгээр зохицуулна.

 

ХОЁР. ДОТООДЫН БОЛОН УЛС ХООРОНДЫН

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

 

2.1.           Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр авахад дараах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.1.1. Бизнес төлөвлөгөө боловсруулж, баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөнд доорх мэдээллийг тусгасан байна.

2.1.1.1.эрхлэх үйлчилгээний зах зээлийн талаарх мэдээлэл, зорилтот зах зээлд нэвтрэх, үйлчилгээг өргөжүүлэх бизнесийн загвар;

2.1.1.2.хөрөнгө оруулалтын тооцоолол; /шаардлагатай техник, тоног т өхөөрөмж, ашиглах технологи, тэдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо/

2.1.1.3.зах зээлд нэвтрэх үнийн бодлого, үйлчилгээний үнэ тарифын тооцоолол;

2.1.1.4.Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасан хугацаанд нийцүүлэн тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацаа, тээвэрлэлтийн болон шуудангийн технологи ажиллагааны шат дамжлагын зураглал;

2.1.1.5.шуудангийн хэрэглэгдэхүүн MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004 стандартын дагуу шуудангийн үйлчилгээнд ашиглах анхан шатны маягтууд /аппликэйшн, цахим бүртгэл/, шуудангийн тэмдгийн загвар;

2.1.1.6.шуудангийн үйлчилгээг зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөө;

2.1.1.7.ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон үйлчилгээний аюулгүй байдал  /шуудан илгээмжийн хадгалалт, хамгаалалт, ажлын байрны аюулгүй найдвартай байдал, камержуулалт, харуул хамгаалалт, галын, гамшгийн үеийн аюулгүй байдал/-ыг хангах төлөвлөгөө;

2.1.2.Шуудангийн болон харилцаа холбоо, цахим худалдааны салбарын мэргэжилтнээр хүний нөөцийг бүрдүүлсэн байх ба аль ажилтан нь мэдээлэл, холбооны мэргэшсэн инженер, эсхүл түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэгтэй байна.

2.2.Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр авахад энэхүү журмын 2.1-д зааснаас гадна дараах нөхцөлийг бүрдүүлсэн байна:

2.2.1.Хилийн чанадад эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран ажиллах албан ёсны харилцаа тогтоосон байна.

2.2.2.Улс хоорондын шуудангийн үйлчлэгч нь буухиа зэрэглэлийн үйлчилгээ эрхлэхдээ хилийн чанад дах буухиа шуудангийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдүүлсэн байна.

2.2.3.Улс хоорондын шуудангийн үйлчлэгч нь агуулах, ачаа хүлээн авч, ялган боловсруулах, солилцох солилцооны төв, ачаа бараа өргөх, зөөх хэрэгсэл, бүртгэл, хяналтын системтэй байна.

 

ГУРАВ. ҮЙЛЧЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

3.1.Үйлчлэгч нь шуудангийн аюулгүй байдлыг ханган, үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэнэ.

3.2.Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, хүргэх үйл ажиллагаанд Шуудангийн аюулгүй байдал MNS 5539:2019, Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 6776:2019 стандартыг мөрдөнө.

3.3.Шуудангийн ажлын байр MNS 5540:2005, Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажлын байранд тавих шаардлага MNS 5882:2008 стандартыг мөрдөнө.

3.4.Шуудангийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шуудангийн үйлчилгээг тасралтгүй явуулах техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.

3.5.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагад үйлчилгээний таних тэмдгээ бүртгүүлэн баталгаажуулж, хуулбарыг Зохицуулах хорооны Ажлын албанд ирүүлнэ.

3.6.Шуудангийн тухай хуулийн 19.2-т заасан шуудангийн үндсэн болон буухиа шуудангаар үйлчлэгч нь энэхүү нөхцөл, шаардлагын 3.5-т заасны дагуу баталгаажуулсан өөрийн таних тэмдэг бүхий илгээмжийн зориулалтын хайрцаг, сав, баглаа боодол, битүүмжлэлийн наалт болон бичиг захидал, боодлын дугтуйг ашиглана.

3.7.Шуудангийн аюулгүй байдлын MNS 5539:2019 стандартын шаардлагад нийцсэн, таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлтэй байх бөгөөд үйл ажиллагааны онцлогоос хамааран дэвшилтэт арга, техник технологийг ашиглаж болно.

3.8.Шуудангийн бусад үйлчлэгчтэй харилцан холболт хийх зааглах цэгийг тодорхойлж, илгээмжийг чөлөөтэй дамжих нөхцөлийг бүрдүүлж, харилцан холболтын тарифыг Зохицуулах хороогоор хянуулсан байна.

3.9.Гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг холбогдох байгууллагуудтай хамтран баталж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд төлөвлөгөөг Зохицуулах хорооны Ажлын албанд тухай бүр ирүүлнэ.

3.10.Шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналтын цахим системийг технологи ажиллагаандаа  нэвтрүүлж, хэвийн ажиллагааг хангана

3.11.Шуудангийн тухай хуулийн 7.1.6-д заасан дүрмийн дагуу шуудангийн технологийн баримт бичгийг хадгалах зааврыг мөрдөн, архивыг бүрдүүлнэ.

3.12.Шуудангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу гарах шуудангийн үйлчилгээний болон урамшууллын тарифыг Зохицуулах хороогоор хянуулж, баталж, мөрдөнө.

3.13.Хилийн чанад дах хамтран ажиллах байгууллага нэмэгдэх, мөн солигдох бүрт тухайн байгууллагатай хамтран ажиллах гэрээг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх. 

3.14.Санхүүгийн тайланд шуудангийн үйлчилгээний орлого, зардлыг бусад үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагааны орлого зардлаас тусад нь бүртгэнэ.

 

ДӨРӨВ. ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

4.1.Үйлчлэгч нь Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана.

4.2.Энэхүү нөхцөл, шаардлагын 2.1.1.4-т тогтоосон хугацаанд хүргэсэн илгээмжийн гардуулалтын чанар тухайн жилдээ 95 хувиас багагүй байна.

4.3.Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6775:2019 стандартыг мөрдөнө.

4.4.Үйлчилгээний талаарх дараах мэдээллийг эрх бүхий этгээдээр батлуулж, байгууллагын цахим хуудас болон үйлчилгээний байран дахь мэдээллийн самбарт нээлттэй байршуулна.

4.4.1.үйлчилгээний тариф;

4.4.2.шуудан хүргэх чиглэл, хуваарь болон илгээмж хүргэх хугацаа;

4.4.3.хаяг байршил, ажиллах цагийн хуваарь, холбоо барих мэдээлэл;

4.5.Үйлчлэгч нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хуульд нийцсэн дараах журамтай байх бөгөөд үйлчлүүлэгчид нээлттэй байлгана.

4.5.1.илгээмжийн лавлагаа хүлээн авах, хариу өгөх журам;

4.5.2.үйлчлүүлэгчийн гомдол маргааныг хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох журам;

4.6.Үйлчлэгч нь үйлчлүүлэгч илгээмжийн бүртгэлийн дугаараа ашиглан, илгээмжийн байршлаа хянах боломжийг бүрдүүлнэ.

4.7.Үйлчлэгч нь илгээгч, хүлээн авагч орны гаалийн болон татварын хууль тогтоомжийн талаарх шаардлагатай мэдээллээр үйлчлүүлэгчийг хангана.

4.8.Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний ажилтанд тавих шаардлага MNS 5881:2008 стандартыг мөрдөнө.

 

ТАВ. НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

 

5.1.Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд дараах байдлаар хяналт тавьж ажиллана:

5.1.1.төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх;

5.1.2.үйлчлэгчийн ирүүлсэн статистик болон бусад тайлан мэдээллийг хянах, шалгах;

5.1.3.иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу мэдээлэл гаргуулан авч, хяналт, шалгалтыг тухай бүр хийх;

5.1.4.үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэх.

 

 

---о0о---