- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 13 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 91
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т доор дурдсан агуулгатай дараах дэд заалт нэмсүгэй:
1/2.4.7 дахь дэд заалт:
"2.4.7.эрсдэлд суурилсан салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх замаар хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ашиглалт, үйлчилгээний тасралтгүй, хэвийн, найдвартай ажиллагааг хангуулах."
2/2.5.7 дахь дэд заалт:
"2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1.эрсдэлд суурилсан салбарын хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, тайлагнах, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх;
2.5.7.2.харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх;
2.5.7.3.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шалгалт хийх, холбогдох арга хэмжээг авах;
2.5.7.4.салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санал боловсруулах, холбогдох судалгаа хийж хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, давхардал хийдлийг арилгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, шүүхэд төлөөлөх;
2.5.7.5.харилцаа холбооны салбарын хяналтыг улсын хэмжээнд удирдаж, нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтаар хангах, сургаж мэргэшүүлэх."
3/3.3.7 дахь дэд заалт:
"3.3.7.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, тайлагнах, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт шалгалт хийх, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, шүүхэд төлөөлөх, харилцаа холбооны салбарын хяналтыг улсын хэмжээнд удирдаж, нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтаар хангах, сургаж мэргэшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсыг боловсруулан батлуулах, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийг сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг тухайд нь өгч, мэдээллээр хангахад чиглэнэ.
Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад хэрэглэгчид, иргэн, аж ахуйн нэгжүүд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод байна."
2."Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 1.1 дэх хэсгийн "дүгнэлт гаргах" гэсний дараа ", эрсдэлд суурилсан салбарын хяналтыг хэрэгжүүлэх" гэж, 1.3 дахь хэсгийн "-бусад хууль тогтоомж." гэсний өмнө "-Төрийн хяналт шалгалтын тухай хууль; -Зөрчлийн тухай хууль; -Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль; -Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль;" гэж, 1.5 дахь хэсгийн "стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх" гэсний дараа ", хяналт тавих" гэж, 2.1 дэх хэсгийн "Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь" гэсний дараа ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
