A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2023 оны 4 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.40 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Ц.Нанзаддорж, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Батмөнх оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн УИХ-03/2740 дүгээр албан бичгээр өмнө ирүүлсэн тайлбартаа нэмж гаргах тайлбар байхгүй тул маргааныг өөрийн эзгүйд шийдвэрлэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн болно.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ... -д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Батмөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ...41.1.3, ... -д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.

Дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:" гээд 41.1.3 дахь заалтад "гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;" гэж заасан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ч тухайн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр дээрх заалтад заасан нь шүүхийн шийдвэр хэрэгжихэд саад учруулж байна. Өөрөөр хэлбэл, хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хэлэлцэхээр оруулахад төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтын дагуу "хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах" эрхтэй байхаар заасан буюу энэ эрхийнхээ хүрээнд тухайн шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой асуудлыг дурын төлөөлөгч хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж, үүний дагуу санал хураалт явуулж олонхын саналаар хэдэн ч удаа хойшлуулж болохоор нөхцөл үүсжээ.

Хэрэв иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн төлөөлөгчийг огцруулах асуудлыг хойшлуулсаар байвал шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж, шүүхийн шийдвэрийг давсан хүчин чадалтай шийдвэрийг Хурлын Төлөөлөгчид гаргах боломжтой байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж, шүүх эрх мэдэлд халдсан зохицуулалт болсон байна." гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь ... тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн." гэж тодорхойлсон. Хурлын төлөөлөгч нь тухайн тойргийн иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа элч тул түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох асуудал иргэдийн төлөөлүүлэх эрхтэй шууд холбогддогоороо онцлог юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. ..." гэж заасан. Үндсэн хуульд заасан энэхүү хугацаа албан ёсоор эхэлснийг тодорхойлох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хууль зүйн хувьд баталгаажуулах зорилгоор тухайн орон нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд болох Хурал нь тус хуулийн 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол баталдаг. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг ийнхүү баталгаажуулах нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт "Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно." гэж заасны дагуу Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн чадамжийг мөн илэрхийлдэг.

Иймд нэг талаас Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгааг хангах, нөгөө талаас иргэд, сонгогчдын төлөөлөл байх чадамж, тавигдах шаардлагыг хангуулах үүднээс хандаж, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлийг тодорхойлох шаардлагатай.

2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг нарийвчлан зааж, 41.1.3 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд Хурлаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа болохоос "шүүх эрх мэдэл"-д халдсан, шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэж байгаа хэрэг биш юм. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлдэг бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчөөгүй. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэхээр заасан нь тухайн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны хувьд хамаатай бөгөөд иргэдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх үргэлжлэх эсэх асуудлаас тусдаа ойлголт юм.

3.Хурлын үйл ажиллагаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох хууль дээдлэх зарчмын хүрээнд, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэсэн заалтын дагуу явагдана.

Иймд иргэн Д.Батмөнхийн мэдээлэлд дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөрчөөгүй байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд "гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан" бол дээрх үндэслэлд хамаарахаар мөн зүйлийн 41.1.3 дахь заалтад тусгаж, энэ тохиолдолд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна.

2.Дээрх үндэслэлээр төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхэд тус хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Хурлын төлөөлөгчид асуулт асууж хариулт авч, санал, дүгнэлт гарган санал хураалгаж болох бөгөөд уг асуудлыг ийнхүү хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон этгээдийн гэм буруугийн асуудлыг, тодруулбал аливаа шүүхийн шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан болохын хувьд эрх хасах ял буюу нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн тохиолдолд дээрх хуулийн заалтаас шалтгаалж уг шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд нэн даруй хэрэгжих боломжгүй болж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах үр дагаврыг үүсгэж болзошгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа, ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулах бөгөөд хуралдааны дэгийн хүрээнд тус хуралдааныг хойшлуулах, завсарлага авах боломжтой байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалт шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хөндөж байна.

4.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэсэн заалт нь бүх шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, бүх байгууллага, хуулийн этгээд заавал биелүүлэх агуулгыг илэрхийлж байна.

Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ... -д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.

2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт " ... 41.1.3, ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН

ГИШҮҮД Ш.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР

Ц.НАНЗАДДОРЖ

Д.ГАНГАБААТАР