A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК-ААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-аар гүйцэтгүүлсүгэй.

2."Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-аар гүйцэтгүүлэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг Компанийн тухай хуулийн дагуу авч хэрэгжүүлэхийг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгаж, Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д зөвлөсүгэй.

4.Энэ тогтоолыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР