- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 02 дугаар
сарын 08-ны өдрийн 58 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
Нэг.Журмын зорилго
1.1.Энэхүү журмын зорилго нь байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр.Байгаль орчны стратегийн үнэлгээ хийх
2.1.Байгаль орчны стратегийн үнэлгээ (цаашид "стратеги үнэлгээ" гэх)-г улсын болон бүс нутаг, салбар болон салбар дундын баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад буюу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 10.1.3-т заасан үе шатад тухайн асуудлыг хариуцсан эрх бүхий этгээд хийлгэнэ.
2.2.Байгаль орчны стратегийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:
2.2.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан баримт бичигт байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг тодорхойлж тусгах;
2.2.2.байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллөөс зайлсхийх, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх боломжит хувилбар болон хэрэгжүүлэхээс татгалзах хувилбарыг тодорхойлсон байх;
2.2.3.стратегийн үнэлгээний үе шат бүрд мэдээллийг хүртээмжтэй, ил тод байлгаж, олон нийтийн оролцоог хангах;
2.2.4.стратегийн үнэлгээний үр дүн, дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл, баримт, нотолгоонд тулгуурласан байх;
2.2.5.оролцогч талууд үнэлгээний үйл явцад хариуцлагатай байх;
2.2.6.ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бус байх.
2.3.Стратегийн үнэлгээ хийхийн өмнө үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд болон стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн баг нь нөлөөллийн хамрах хүрээ, нөлөөлөлд өртөх байгалийн нөөц, экосистем, нийгэм, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээний товч танилцуулга, байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төслийг боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төсөлд санал, чиглэл өгнө.
2.5.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн санал, чиглэлийг үндэслэн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч эрх бүхий этгээд стратегийн үнэлгээний ажлын удирдамжийг батална.
2.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.2-т заасны дагуу шинжээч, мэргэжилтнүүдийн баг стратегийн үнэлгээг хийнэ.
2.7.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд нь стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн багийг тухай бүр бүрдүүлнэ.
2.8.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд нь нээлттэй сонгон шалгаруулалтаар стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн багийг сонгон шалгаруулна. Мэргэжилтнүүдийн багт байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн мэргэжилтэн багтсан байна.
2.9.Хэрэв тухайн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт өөр тусгай мэргэжлийн этгээд зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зохион байгуулж байгаа төрийн захиргааны төв байгууллага нь ажлын даалгаварт тусгана.
2.10.Стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн баг нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, холбогдох судалгаа мэдээлэл дээр үндэслэн стратегийн үнэлгээний хамрах хүрээг тодорхойлж, байгалийн нөөц, экосистем, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх хүн амын эрүүл мэнд болон нийгмийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээг хийж, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлно.
2.11.Стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн баг нь батлагдсан удирдамжийн дагуу стратегийн үнэлгээг хийж тайлан дүгнэлт гаргана. Тайлан, дүгнэлт нь дараах мэдээллийг агуулна:
2.11.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн товч агуулга, түүний зорилго, зорилт, хэрэгжүүлэх гол арга хэмжээ;
2.11.2.нөлөөлөлд өртөх болон өртөж болзошгүй байгалийн нөөц, экосистемийн өнөөгийн төлөв байдал, хэтийн хандлага;
2.11.3.байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, түүний үр дагавар, хуримтлагдах сөрөг нөлөөлөл;
2.11.4.сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах боломжит хувилбар болон хэрэгжүүлэхээс татгалзах хувилбар, тэдгээрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн харьцуулалт;
2.11.5.эрсдэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ;
2.11.6.сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн тохиолдолд байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөлөл;
2.11.7.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хөгжлийн бодлого, байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт болон тухайн асуудлаарх төрийн бодлого, хөтөлбөртэй нийцэж байгаа эсэх;
2.11.8.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэрэгжүүлэх явцад стратегийн үнэлгээний дүгнэлт (зөвлөмж)-ийн хэрэгжилтийг хянах арга зам, үнэлэх шалгуур үзүүлэлт.
2.12.Стратегийн үнэлгээний тайлан, дүгнэлт болон түүний үр дүнг тусгасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг тухайн баримт бичгийг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.13.Энэ журмын 2.12-т заасан баримт бичгийг боловсруулах явцад болон тайлангийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмын дагуу олон нийтийн саналыг авч тусгасан байна.
2.14.Стратегийн үнэлгээний тайлан, түүний үр дүнг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт хэрхэн тусгасан тухай тайлан, дүгнэлтийн төслийг олон нийтээс авсан саналын хамт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан Мэргэжлийн зөвлөлөөр тухайн баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.
2.15.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн стратегийн үнэлгээний дүгнэлтийг тухайн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх Засгийн газрын хуралдаанд хамтатган танилцуулна.
2.16.Эрх бүхий этгээдээс баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт байгаль орчны стратегийн үнэлгээний дүгнэлтийг заавал хавсаргана.
2.17.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлагдсан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлж болно.
2.18.Засгийн газраас баталсан үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн хэсэгт стратегийн үнэлгээг хийх бөгөөд үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
2.19.Стратегийн үнэлгээ хийхтэй холбогдон гарах зардлыг бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд хариуцна.
2.20.Стратегийн үнэлгээтэй холбогдон гаргасан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Гурав.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх
3.1.Тодорхой бүс нутгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.
3.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагыг тухай бүр нээлттэй сонгон шалгаруулна.
3.3.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг байгаль орчин, эрүүл мэнд болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
3.4.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага нь батлагдсан ажлын даалгаврын дагуу үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан гаргах ба тайланд дараах мэдээллийг тусгана:
3.4.1.тухайн бүс нутгийн байгаль орчин, нийгмийн өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт;
3.4.2.тухайн бүс нутгийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлсэн болон үзүүлж байгаа эерэг ба сөрөг нөлөөллүүд, тэдгээрийн эрэмбэ, үр дагавар, нөлөөллийн тодорхойлолт;
3.4.3.хуримтлагдах нөлөөллийн эрчим, цар хүрээ (цаг хугацаа, орон зай), тархалт;
3.4.4.хуримтлагдах нөлөөллийн эх үүсвэрүүд, түүнийг хариуцах этгээд, тэдгээрийн нөлөөлөлд эзлэх хувь хэмжээ;
3.4.5.сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах, арилгах арга хэмжээ, зардлын тойм, тэдгээрийн хувилбарууд, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө;
3.4.6.хуримтлагдсан сөрөг нөлөөллөөс үүдэн бий болсон байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээ;
3.4.7.цаашид хуримтлагдсан нөлөөллийг хянах болон авах арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих шалгуур үзүүлэлтүүд;
3.4.8.нөлөөлөлд өртсөн бүс нутаг дахь олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүн;
3.4.9.дүгнэлт, зөвлөмж.
3.5.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.6.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх явцад болон тайлангийн төсөлд олон нийтийн оролцоог хангах тухай журмын дагуу олон нийтийн саналыг авч тусгасан байна.
3.7.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан Мэргэжлийн зөвлөл хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн дүгнэлт гаргаж, тухайн бүс нутагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.
3.8.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
3.9.Шаардлагатай тохиолдолд үнэлгээний ажилд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан гаргаж болох бөгөөд уг зардлыг үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хуримтлагдсан нөлөөллийн цар хүрээ, эзлэх хувь хэмжээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.
3.10.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
---о0o---
Текст томруулах
A
A
A