A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 02 дугаар

сарын 08-ны өдрийн 58 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН

ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

 

 

Нэг.Журмын зорилго

 

1.1.Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдсон шийдвэр гаргах, оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

Хоёр.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ

 

2.1.Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, түүнд тавигдах шаардлага:

 

      2.1.1.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь төслийн баримт бичиг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, төслийн нөлөөллийн бүсийн хүрээнд хийгдсэн баримт бичиг байна;

 

      2.1.2.байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, төслийн нөлөөллийн бүсийн хүрээнд өртөж болзошгүй байгаль орчны төлөв байдал (усан орчин, цаг уур, геологи, гидрогеологи, геоморфологи, уур амьсгалын нөхцөл, агаарын чанар, хөрс, ургамал, амьтан, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн төрөл зүйл зэрэг) мэдээллийг бүрэн тусгана;

 

      2.1.3.байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй хүн ам, иргэдийн суурьшил, аюулгүй байдал, түүх, соёл, соёлын өв, дурсгалт газруудын мэдээлэл, уламжлал, ёс заншил, ахуйн нөхцөл, орлого, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө, газар өмчлөл, эзэмшил, ашиглалт, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байдал, боловсруулж байгаа төслийн талаарх иргэд, олон нийтийн төсөөлөл, хэрэгцээ, хандлага, санал, хүсэлт зэрэг нөхцөл байдлын талаарх мэдээллийг бүрэн тодруулж тусгана;

 

      2.1.4.төслийн онцлогоос хамааран төлөвлөлт, техник технологийн шийдэл, төслийн байршил, нөлөөллийн цар хүрээг байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг харьцуулалтын хамтаар тусган боломжит хувилбаруудын саналыг байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланд тусгана;

 

      2.1.5.байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн ажилтан, судлаач, мэргэжлийн байгууллагын дэмжлэгийг авч болно;

 

      2.1.6.байгаль орчны төлөв байдлын үнэлгээг боловсруулахтай холбогдон гарах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

 

 

2.2.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, түүнд тавигдах шаардлага:

 

      2.2.1.төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т заасан баримт бичгээс гадна аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, газар ашиглах, эзэмших, ашигт малтмал хайх, ашиглах талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл тусгай зөвшөөрөл, түүний эрхийг шилжүүлсэн тухай баримтын хуулбарыг бүрдүүлэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймаг нийслэлийн байгаль орчны албанд хандан ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ;

 

      2.2.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад заасан аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын хариуцаж байгаа төслийг хэрэгжүүлснээр бий болох хүлээгдэж буй эерэг нөлөөлөл болон үүсэх сөрөг нөлөөллийг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний түвшинд тогтоох боломжгүй байдал үүссэн, нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

2.3.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд тавигдах шаардлага:

 

      2.3.1.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлага тавигдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан ашиг сонирхлын зөрчилгүй этгээдээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гүйцэтгүүлнэ;

 

      2.3.2.ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэр, парк, бүтээгдэхүүн хуваах, эрэл хийх төсөл хэрэгжүүлэгч, тэдгээрийг дагалдах болон бусад дэд бүтэц, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, усан хангамж, химийн хортой болон аюултай бодис, цацраг идэвхт бодис, аюултай хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, устгах, булах, боловсруулах зэрэг төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тухайн төслийн нөлөөллийн бүсийг тогтоон, байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус эерэг болон сөрөг нөлөөллийг үнэлж, зайлсхийх, бууруулах, арилгах, нэмэгдүүлэх арга хэмжээг тодорхойлсон судалгааны үр дүнг тусгасан байна;

 

      2.3.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны явцад тухайн төслийн нөлөөллийн бүсэд хуримтлагдах эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлж, үүсгэж буй эх үүсвэр, бусад төслүүдийн судалгааг хийж, нөлөөллийн шинж чанар, эрчим, үр дагаврыг тодорхойлсон байна;

 

      2.3.4.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний  явцад ашигласан судалгааны арга зүйн товч тайлбар, хээрийн бичиглэлийн хуудас, маягтууд, оролцогч талуудыг сонгоход ашигласан түүврийн аргачлал, судалгааны хэрэглэгдэхүүн (асуумжийн хуудас, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын удирдамж, шалгах хуудас гэх мэт), оролцогч талуудын оролцооны хэлбэрийг тодорхойлсон байдал (гол мэдээлэгч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага), олон нийтийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтад зориулан боловсруулсан төслийн тухай мэдээлэл, танилцуулах материал болон ямар хэлбэрээр олон нийтэд мэдээллийг хүргэсэн, оролцогчдын бүртгэлийн жагсаалт, иргэдийн гаргасан санал, хүсэлт, хэрэгцээ шаардлага, бүртгэл, мэдээлэл, үнэлгээний тайланд хэрхэн тусгасан тайлбар, фото баримт, видео бичлэгийг хавсаргана;

 

      2.3.5.анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэрт тулгуурласан тоон болон чанарын байгаль орчин, нийгмийн судалгааны үр дүн, загварчлал, тооцооллуудын эх хувийг үнэлгээ хийсэн эрх бүхий этгээд өөрийн мэдээллийн санд хадгалах бөгөөд эдгээр мэдээллүүдийг үнэлгээний тайлангийн хавсралтад тусгаж үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулна;

 

      2.3.6.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд уг тайланг боловсруулсан аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд (нийгэм, ус, хөрс, ургамал, амьтан, уур амьсгал, орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн), төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагыг заавал оролцуулна;

 

      2.3.7.Мэргэжлийн зөвлөлийн хурал товлогдсоноос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө үнэлгээний шинжээч хэлэлцүүлэх тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дүгнэлтийн хамт Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байна;

 

      2.3.8.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь тайланд тусгагдаагүй орхигдуулсан арга хэмжээг өөрийн зардлаар нөхөн хийж, уг арга хэмжээг Мэргэжлийн зөвлөлд танилцуулж, албажуулна;

 

      2.3.9.Хэрэгжиж байгаа төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл шинэчлэгдэх, өргөтгөл хийх (техник, технологийг шинэчлэх, түүхий эд, байгалийн нөөц баялгийг ашиглах хэмжээ, хүчин чадал, газрын байрлал өөрчлөх болон байгаль орчны аудитын зөвлөмжөөр нэмэлт тодотгол хийлгэх шаардлагатай гэж үзсэн зэрэг) болон тухайн төсөлтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн гол баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийнэ;

 

      2.3.10.Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхдээ тухайн төсөлд хийлгэсэн байгаль орчны хуваарьт аудитын зөвлөмж, тайланг ирүүлнэ;

 

      2.3.11.Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ.

 

2.4.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд тавигдах шаардлага:

 

      2.4.1.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тухайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бизнес төлөвлөгөөний хугацаатай уялдсан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэг бүрэлдэхүүн хэсэг байна;

 

      2.4.2.байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тухайн төслөөс байгаль орчин, нийгэмд үзүүлэх гол болон болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн тусгахаас гадна томоохон төслүүдийн үйл ажиллагаатай уялдуулж дараах зүйлийг нэмж тусгана:

 

             2.4.2.1.уул уурхайн төслийн хаалтын үед авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ, хамрах хүрээ;

 

             2.4.2.2.уул уурхайн төслийн үйл ажиллагаанд өртөгдөх биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ;

 

            2.4.2.3.нийгэм (нутгийн иргэдийн амьдралын чанар, хөдөлмөр эрхлэлт, аж ахуй, орлого, хөрөнгө, эрүүл, аюулгүй байдал, эрүүл мэнд, хууль тогтоомжид заасан хүний эрх, ашиг сонирхол, жендэр, соёл уламжлал гэх      мэт)-ийн сөрөг нөлөөллийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шилжүүлэн суурьшуулалт, нөхөн олговрын үйл ажиллагаа, соёлын өвийг хамгаалах, олон нийтийн оролцоо, төслийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, иргэдийн санал сонсох, төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа нэг гомдол хүлээн авч барагдуулах арга хэмжээ болон бусад төлөвлөлттэй уялдсан байдал; 

 

            2.4.2.4.байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц, байгаль орчны удирдлагын бүтэц, зохион байгуулалт;

 

            2.4.2.5.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг холбогдох төрийн байгууллага, олон нийтэд тайлагнах төлөвлөгөө.

 

      2.4.3.уул уурхайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд, биологийн олон янз байдалд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тусгах ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь дараах зарчмыг хангасан байна:

 

            2.4.3.1.дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нь тухайн нөлөөлөлд өртсөн газартай адил байгаль экологийн нөхцөлтэй байх; 

 

            2.4.3.2.дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардлын тооцоо нь үнэн бодит судалгаа, мэдээлэлд үндэслэсэн байх;

 

            2.4.3.3.дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх үүргээс зайлсхийх нөхцөл болохгүй байх;

 

            2.4.3.4.дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үр дүнг тайлагнах хэлбэр, хяналт тавих механизм зэргийг тодорхой тусгасан байх.

 

      2.4.4.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний улсын нэгдсэн бүртгэлийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн санд оруулна;

 

      2.4.5.Нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

 

            2.4.5.1.төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэр, нөлөөллийн бүсийг тодорхойлж, нөлөөллийн бүсэд хамрагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын байдал, төслийн бүтээн байгуулалтаас үүдэн газар чөлөөлөх, албадан нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох нөлөөлөл үүсэх эсэхийг хянан магадалсан байх;

 

            2.4.5.2.нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнээс боломжит бүхий л байдлаар зайлсхийхийг эрмэлзэх ба зайлшгүй нөхцөлд нүүлгэн суурьшуулалт хийгдэх шийдвэрийг тухайн төслийн нөлөөлөлд өртөх иргэд, өрх, аж ахуйн нэгжийн  оролцоотой шийдвэрлэнэ;

 

            2.4.5.3.нөхөн олговорт хамрагдсан өрх, иргэний нөхцөл байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэлтийн дунд болон дуусах үе шатанд хийх, холбогдох гомдол барагдуулах арга хэмжээний талаар нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөнд зайлшгүй тусгасан байна.

 

      2.4.6.нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

 

            2.4.6.1.нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, эрх ашиг, хөдөлмөр эрхлэлт, жендэр, амьжиргааны асуудалд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах, төслийн нийгмийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн зорилго, зорилт, үйл ажиллагаанд нийцүүлэн төлөвлөгөөг боловсруулж тусгасан байх;

 

            2.4.6.2.нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ тэдгээрийн хүрэх шалгуур үзүүлэлт, түвшин, хариуцах байгууллага, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, төсвийг тусгасан байх.

 

      2.4.7.соёлын өвийг хамгаалах төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

 

            2.4.7.1.түүх болон соёлын өв, дурсгалт газрууд (Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах) зэрэг аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой нөлөөлөлд өртөх эрсдэлтэй нь тогтоогдвол соёлын өвийг хамгаалах, мөн төслийн үйл ажиллагааны үед санамсаргүй олдвор олдох үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу боловсруулсан байх;

 

            2.4.7.2.төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх арга хэмжээг нарийн заасан байх.

 

      2.4.8.олон нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

 

            2.4.8.1.төслийн төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явцад оролцогч талуудын бүлгийн оролцоог хангах төлөвлөгөөг талуудын оролцоотой хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан боловсруулсан байх.

 

      2.4.9.гомдол барагдуулах арга хэмжээний төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

 

            2.4.9.1.төслийн гомдол барагдуулах арга хэмжээг төсөлтэй холбоотой байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдал, нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулна.

 

      2.4.10.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг төслийн бүх үе шатад хэрэгжүүлэх ба уг хөтөлбөрт дараах асуудлыг нарийвчлан тусгасан байна:

 

            2.4.10.1.нөлөөлөлд өртөж болзошгүй байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгмийн төлөв байдлын суурь мэдээлэл ба төсөл хэрэгжсэнээр түүнд гарч болзошгүй тоон ба чанарын өөрчлөлт;

 

            2.4.10.2.нөлөөллийг багасгах, арилгах, хоргүйжүүлэх, саармагжуулах нөхөн сэргээх арга хэмжээний үр дүнг хэмжих тоон ба чанарын үзүүлэлтүүд;

 

            2.4.10.3.төсөл хэрэгжүүлэгчийн дагаж мөрдөх Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон хэм хэмжээний үзүүлэлтүүд;

 

            2.4.10.4.хяналт-шинжилгээ хийх шаардлагатай байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдийн нөлөөллийг хэмжих хэмжигдэхүүн;

 

            2.4.10.5.сорьц авах, хэмжилт хийх, түүнд дүн шинжилгээ хийх арга, байршил, хугацаа, давтамж.

 

Гурав.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан

үнэлгээний шинжилгээ

 

3.1.Төсөл хэрэгжүүлэгч болон үнэлгээ хийсэн мэргэжлийн эрх бүхий байгууллагаас боловсруулж батлуулахаар ирүүлсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд ерөнхий шинжээчийн шийдвэрээр Мэргэжлийн зөвлөлийн 3 хүртэлх гишүүнээр хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болно.

 

3.2.Байгаль орчны ерөнхий үнэлгээнд хөндлөнгийн шинжээч ажиллуулахаар заасан тохиолдолд ерөнхий шинжээчийн шийдвэрээр хөндлөнгийн шинжээчийг томилох бөгөөд хөндлөнгийн шинжээч нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байсан, тухайн салбарт 10 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байна.

 

3.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжээч төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд хийсэн үнэлгээний шинжилгээний дүгнэлт, санал, бичиг баримтын бүрдлийн хуудасны хамт Мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.

 

3.4.Мэргэжлийн зөвлөл нь үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шийдвэрийн төсөл, үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

      3.4.1.зарим шаардлагатай засвар, нэмэлт тодруулгыг тусгаж үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах;

 

      3.4.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардал бодит бус, нэмэлт судалгаа, мэдээлэл шаардлагатай гэж үзсэн тохиолдолд батлахаас татгалзаж буцаах;

 

      3.4.3.төсөл нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд нэн халтай, нөхөх боломжгүй хохирол учруулна гэж үзсэн тохиолдолд төслийг хэрэгжүүлэхээс татгалзах.

 

3.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлагдсанаас хойш ажлын 14 хоногт багтаан төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.

 

Дөрөв.Байгаль орчны үнэлгээний

мэдээллийн сан

 

4.1.Үнэлгээний мэдээллийг нээлттэй болгох зорилгоор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн сан нь дараах мэдээллийг агуулна:

 

      4.1.1.үнэлгээний талаарх эрх зүйн баримт бичиг;

 

      4.1.2.төсөл хэрэгжүүлэгч байгууллагын талаарх товч мэдээлэл;

 

      4.1.3.төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангийн суурь мэдээлэл;

 

      4.1.4.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт;

 

      4.1.5.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн товч танилцуулга;

 

      4.1.6.жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, баталгааны тусгай дансны мэдээллүүд;

 

      4.1.7.төсөл хэрэгжих талбайн талаарх мэдээлэл;

 

      4.1.8.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын талаарх товч мэдээлэл;

 

      4.1.9.хянан магадалгаа хийгдсэн бол дүгнэлт, түүний мөрөөр авсан арга хэмжээ, түүний биелэлт;

 

      4.1.10.Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, хөндлөнгийн шинжээч ажилласан бол дүгнэлт;

 

      4.1.11.үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулсан тухай баримт бичиг;

 

      4.1.12.тухайн төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын санал.

 

4.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний эх тайланг хадгалах хугацааг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар зохицуулна.

 

Тав.Хянан магадалгаа

 

5.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд хянан магадалгаа хийх бөгөөд хянан магадалгаа хийх Aжлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилж, удирдамжийг батална.

 

5.2.Хянан магадалгааг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 11.2-т заасны дагуу мэргэжлийн хүмүүсийг оролцуулан хийх бөгөөд тэдгээрийг тухай бүр томилон ажиллуулна. Удирдамжид дараах асуудлыг тусгана:

 

      5.2.1.хянан магадалгаа хийх хугацаа;

 

      5.2.2.хянан магадалгаа хийх ажлын цар хүрээ;

 

      5.2.3.хянан магадалгааны аргачлал;

 

      5.2.4.хянан магадалгаа хийх багийн бүрэлдэхүүн;

 

      5.2.5.бусад асуудал.

 

5.3.Хянан магадалгааны дүгнэлтийг холбогдох талуудыг оролцуулсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж болно.

 

Зургаа.Мэргэжлийн зөвлөл

 

6.1.Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь байгалийн шинжлэх ухааны аль нэг салбарын  мэргэжилтэй, эрдмийн зэрэг, цолтой, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, их, дээд сургууль, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна. 

 

6.2.Байгаль орчны болон судалгаа шинжилгээний салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүнийг Мэргэжлийн зөвлөлд оруулж, бүрэлдэхүүн нь төр, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдэх бөгөөд зөвлөлийн гишүүн өөрийн салбарын эрх ашгийг төлөөлж ажиллахыг хориглоно.

 

6.3.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилгүй байх ба холбогдох хуулийн дагуу энэ асуудлаар мэдэгдэл гаргаж өгнө.

 

6.4.Мэргэжлийн зөвлөл нь сард 1-ээс доошгүй удаа танхим болон цахимаар хуралдах бөгөөд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

6.5.Мэргэжлийн зөвлөлийг ерөнхий шинжээч даргалах бөгөөд зөвлөл нь салбар хуралдаантай байж болно.

 

6.6.Мэргэжлийн зөвлөл тухайн төслийн болон үнэлгээний ажлын цар хүрээ, онцлогоос хамааран Мэргэжлийн зөвлөлийн хуралд холбогдох чиглэлийн мэргэжилтнийг татан оролцуулж болно.

 

6.7.Мэргэжлийн зөвлөл нь ирц бүрдээгүйгээс удаа дараа хуралдаж чадаагүй тохиолдолд гишүүдийн бүрэлдэхүүнийг солих саналыг ерөнхий шинжээч байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.

 

6.8.Мэргэжлийн зөвлөл тайлангаа улирал бүрийн эхний 7 хоногт байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Тайланд өнгөрсөн улиралд гаргасан дүгнэлт, төсөл, тусгай зөвшөөрлийн жагсаалт, гаргасан шийдвэрийн талаар товч тусгана.

 

6.9.Мэргэжлийн зөвлөл нь үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шийдвэрийн төсөл, үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаж дүгнэлт гаргана.

 

6.10.Мэргэжлийн зөвлөл дүгнэлтээ олонхын саналаар, бичгээр гаргана. Дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:

 

      6.10.1.үнэлгээний талаарх товч мэдээлэл;

 

      6.10.2.шинжээчийн дүгнэлт;

 

      6.10.3.зөвлөлийн дүгнэлт.

 

6.11.Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь гишүүдийн олонх дэмжсэнээр хүчин төгөлдөр болно. Эсрэг саналыг мөн дүгнэлтэд тусгана.

 

6.12.Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.6-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилогдсон ерөнхий шинжээч гарын үсэг зурж албажуулна.

 

6.13.Мэргэжлийн зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр зөвлөлийн хуралд жилд 3 удаа оролцоогүй тохиолдолд тухайн гишүүнийг хасах саналыг ерөнхий шинжээч байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.

 

6.14.Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

 

 

 

Долоо.Байгаль орчны үнэлгээнд оролцогч

талуудын эрх, үүрэг

 

7.1.Байгаль орчны үнэлгээнд төрийн байгууллага дараах бүрэн эрхтэй:

 

      7.1.1.орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд урьдчилан тооцоолоогүй сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох төрийн байгууллагууд нь төсөл хэрэгжүүлэгчээс нэн даруй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардах;

 

      7.1.2.төсөл хэрэгжүүлэгч энэхүү журмаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, сөрөг нөлөөллийг арилгах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд холбогдох төрийн байгууллага уг төслийн үйл ажиллагааг тухайн сөрөг нөлөөллийг арилгах хүртэл түр түдгэлзүүлэх;

 

      7.1.3.ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргасан эрх бүхий байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэх;

 

      7.1.4.орчны хяналт-шинжилгээгээр илэрсэн нөлөөллийг бууруулах нэмэлт арга хэмжээг тухайн жилийн менежментийн төлөвлөгөөнд тусгаагүй гэж үзвэл батлахаас татгалзаж, зохих засвар, өөрчлөлт хийхийг шаардах; 

 

      7.1.5.тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний явцын болон гүйцэтгэлийн хяналтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж, газар дээр нь ажиллаж хэмжилт хийх;

 

      7.1.6.төсөл хэрэгжүүлэгчийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Байгаль орчны албаар ахлуулж шаардлагатай тохиолдолд олон нийтийн төлөөллийг оролцуулах.

 

7.2.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд төсөл хэрэгжүүлэгч дараах бүрэн эрх эдэлнэ:

 

      7.2.1.төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулан батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг удирдлага болгон тухайн жилд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг боловсруулан, ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргасан эрх бүхий байгууллагаар батлуулна. Уг төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран боловсруулах;

 

      7.2.2.төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд дотоод хяналт тавих үүрэг бүхий оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсгийг байгуулах;

 

      7.2.3.төсөл хэрэгжүүлэгч нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн жилийн эцсийн тайланг төсөл хэрэгжиж буй аймаг, нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгуулж ажлын хэсгийн дүгнэлт гаргуулах;

 

      7.2.4.төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны албанд "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-д заасан хугацаанд хүргүүлэх;

 

      7.2.5.төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, холбогдох баталгааны хөрөнгийг байршуулалгүйгээр төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэхгүй байх.

 

7.3.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд эрх бүхий мэргэжлийн байгууллага дараах бүрэн эрх эдэлнэ:

 

      7.3.1.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн үр дүнгийн үнэн зөв эсэхийг бүрэн хариуцах;

 

      7.3.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгч компанитай ашиг сонирхлын зөрчилгүй байх;

 

      7.3.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн танилцуулга, жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, баталгааны тусгай дансны мэдээллүүд, төсөл хэрэгжүүлэгч болон зөвхөн төсөл хэрэгжих талбайн талаарх холбогдох мэдээллийг эрх бүхий аж ахуйн нэгж мэдээллийн санд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлагдсанаас хойш 1 сарын дотор оруулна.

 

Найм.Бусад

 

8.1.Өмнөх жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь хангалтгүй бол дараа жилийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болно.

 

8.2.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гаргасан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

8.3.Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой харилцааг Эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан "Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулах журам"-ын дагуу зохицуулна.

 

8.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, түдгэлзүүлэх, сунгах хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, бусад холбогдох хуулиар зохицуулна.

 

 

 

---о0o---