- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 3 дугаар
сарын 7-ны өдрийн 85 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмыг төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад чиглэл болгон мөрдөнө.
1.2.Энэ журмын зорилго нь Компанийн тухай хуульд заасан шаардлагыг хангах, төрийн өмчит компанийн засаглал, эрх ашгийн төлөө хараат бусаар ажиллах чадвартай иргэнийг төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгоход оршино.
1.3.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулахад хууль дээдлэх, ил тод, хараат бус, ашиг сонирхлоос ангид байх, шударга, эрх тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.
Хоёр.Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
2.1.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн (цаашид "хараат бус гишүүн" гэх)-ий сонгон шалгаруулалтыг Компанийн тухай хуулийн 81.2-т заасан Нэр дэвшүүлэх хороо хариуцан зохион байгуулна.
2.2.Төрийн өмчит компанийг шинээр үүсгэн байгуулах шийдвэр гарсан тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулж болно.
2.3.Энэ журмын 2.2-т заасан Ажлын хэсэг нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.4.Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг 5-аас доошгүй өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тухайн компанийн цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ.
2.5.Сонгон шалгаруулалтын зард хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулалтын үе шат, бүртгэх газар, хаяг, хугацаа болон бусад шаардлагатай мэдээллийг тусгана.
2.6.Хууль, компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ журмын 2.1, 2.2-т заасан этгээд сонгон шалгаруулалт зохион байгуулахтай холбогдуулан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.6.1.сонгон шалгаруулалт явуулах огноо, үргэлжлэх хугацааг тогтоох;
2.6.2.оролцогчид тавих нийтлэг болон тусгай шаардлагыг боловсруулан гаргах;
2.6.3.сонгон шалгаруулалтын зарыг бэлтгэх, олон нийтэд хүргэх;
2.6.4.сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг бүртгэл үйлдэн хүлээн авах;
2.6.5.бүртгүүлсэн оролцогчдын баримт бичгийг хянах, шаардлагатай тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцогчоос нэмэлт баримт шаардах;
2.6.6.сонгон шалгаруулалт явуулах үнэлгээний аргачлалыг тогтоох;
2.6.7.сонгон шалгаруулалтын дүнг нэгтгэж, эрх бүхий этгээдэд хүргүүлэх.
2.7.Сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хамтын зарчмаар буюу олонхын саналаар шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэнэ.
2.8.Сонгон шалгаруулалт зохион байгуулахтай холбоотой асуудлаар тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч болон холбогдох төрийн байгууллагаас туслалцаа, дэмжлэг авч болно.
Гурав.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд
тавих шаардлага
3.1.Хараат бус гишүүн нь Компанийн тухай хуульд заасан болон компанийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чиг үүргийг төрөөс хараат бусаар хэрэгжүүлэх үүрэгтэй.
3.2.Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
3.2.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
3.2.2.сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
3.2.3.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
3.2.4.тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
3.2.5.тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
3.2.6.тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гэж үзнэ);
3.2.7.нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
3.2.8.өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
3.2.9.тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
3.2.10.тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
3.3. Нэр дэвшүүлэх хороо тухайн компанийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, онцлог нөхцөл байдлыг харгалзан хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах мэргэжил, мэргэшил, боловсрол, ур чадвар, ажлын туршлагын талаарх тусгай шаардлагыг тодорхойлно.
Дөрөв.Нэр дэвшигчийн материал
хүлээн авах, бүртгэх
4.1.Нэр дэвшигчээс доор дурдсан материалыг тогтоосон хугацаанд хүлээн авч бүртгэнэ:
4.1.1.төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
4.1.2.боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
4.1.3.мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
4.1.4.иргэний үнэмлэхийн хуулбар;
4.1.5.ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
4.1.6.цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
4.1.7.урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;
4.1.8.өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
4.1.9.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
4.1.10.банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа
4.1.11.холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас.
Тав.Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа
5.1.Хууль, компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтыг дараах 3 үе шаттай зохион байгуулна:
5.1.1.материалын бүрдэл шалгах;
5.1.2.нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх;
5.1.3.ярилцлага.
5.2.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх замаар эхний хоёр шатны шалгаруулалт явагдана.
5.3.Материалын бүрдэл болон нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх үе шатанд хамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх нэр дэвшигчийг ярилцлагын шатанд оруулна.
5.4.Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг Нэр дэвшүүлэх хороо тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулна.
5.5.Сонгон шалгаруулалт явуулсан тухай хурлын тэмдэглэл, шийдвэрийг баталгаажуулж, төрийн өмчит компанийн удирдлагад хүргүүлснээр сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусгавар болно.
5.6.Хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах Нэр дэвшүүлэх хорооны бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалтын үе шат бүрд өгсөн нэр дэвшигчийн үнэлгээний оноог тухайн компанийн цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна.
5.7.Энэ журмын 5.4-т заасны дагуу нэр дэвшүүлсэн иргэнийг хараат бус гишүүнээр томилох асуудлыг хууль, компанийн дүрэмд зааснаар хэрэгжүүлнэ.
Зургаа.Бусад зүйл
6.1.Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд аливаа эрх бүхий байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
6.2.Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг тухайн төрийн өмчит компани хариуцна.
6.3.Сонгон шалгаруулалттай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Нэр дэвшүүлэх хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
----o0o----
Текст томруулах
A
A
A